Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
Хэргийн индекс | 141/2024/00074/И |
Дугаар | 141/ШШ2024/00086 |
Огноо | 2024-05-28 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 141/ШШ2024/00086
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж
Нарийн бичгийн даргаар Б.Батбаяр оролцуулан тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар хаягтай Х овогт Н.М ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон тайлбар, хүсэлтдээ: “...Миний бие 1987, 1988, 1989 онуудад эх П.******* хамт Завхан аймгийн Баянхайрхан сумын Батнөхөрлөл нэгдлийн Асгат бригадад мал маллан амьдарч байгаад 1990 онд өрх тусгаарласан. Тухайн жилүүдэд ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэр Асгат бригадын дарга Ч.Шуурай дээр байж байгаад үрэгдэж алга болсон. Завхан аймгийн Архиваас холбогдох материал шүүлгэхэд архивын лавлагаа гаргаж миний нэр дээр ирүүлсэн. Эдгээр жилүүдэд ажиллаж байсан байдлаа тогтоолгосон тохиолдолд миний тэтгэвэр авах эрх үүсэх юм. Иймд намайг Завхан аймгийн Баянхайрхан сумын Батнөхөрлөл нэгдэлд малчнаар 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү. Миний бие шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа тул намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулж хэргийг шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг явуулах талаар шүүхэд хүсэлт ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч ...нь эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, түүнийг оролцуулахгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Нэхэмжлэгч ******* нь Завхан аймгийн Баянхайрхан сумын Батнөхөрлөл нэгдэлд малчнаар 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан болох нь:
Завхан аймгийн Архивын тасгийн 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/265 дугаартай “...Завхан аймгийн Баянхайрхан сумын Батнөхөрлөл нэгдлийн Асгат бригадад мал маллаж байсан *******д хөдөлмөрийн хөлсийг он тус бүрийн 70 дугаар дансанд тусгагдсанаар жагсаавал гээд 1987 онд 972,79 төгрөг 2-10 сар, 1988 онд 2365,99 төгрөг 1-12 сар, 1989 онд 2754,08 төгрөг 1-12 сар, 1990 онд 2686,91 төгрөг 1-12 сар, 1991 онд 2107,62 төгрөг 1-12 сар...” гэсэн лавлагаа,
Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...******* ******* эмэгтэй, 1970 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, Асгат бригадад малчин ажилтай, Баянхайрхан сумын Асгат бригадад оршин суудаг,...” гэсэн БНМАУ-ын хүн амын регистрийн дугаар олгосон ХААТР-1 маягтын хуулбар,
Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...******* ******* эмэгтэй, 1970 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, малчин ажилтай, 1987 оны 04 дугаар сарын 30-нд бүртгэсэн...” гэж тэмдэглээд түүний зургийг наасан хаягийн хуудасны 7 дугаар маягтын хуулбар,
Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...Нөхөр Д.Ц, эхнэр ******* *******, Батнөхөрлөл нэгдэлд малчин ажилтай, 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэрлэсэн, 1991 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр бүртгэсэн...” гэж тэмдэглэсэн гэрлэснийг бүртгэх анкетын хуулбар,
Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...М.О 1987 оны 05 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, эх ******* Асгат бригадад малчин ажилтай...” гэж тэмдэглэсэн төрөгсдийг бүртгэх анкетын хуулбар,
гэрч С.С “...Би *******тэй хамт 1987 онд 8 дугаар анги төгссөн. 1987 онд 08 дугаар анги төгсөөд ******* нь Завхан аймгийн Баянхайрхан сумын Батнөхөрлөл нэгдлийн Асгат бригадад малчнаар ээж ******* хамт хонь маллаж байсан. Тухайн үед би 1987 оноос 1989 он хүртэл 10-р ангиа төгсөөд ирэхэд малчнаар ажиллаж байсан. Тухайн үед бид нар нэг нутагт ажиллаж амьдарч байсан учраас *******г 1987 оноос эхлэн 1989 оныг дуустал ээжийнхээ хамтаар малчнаар ажиллаж байсан талаар нь мэддэг юм. *******гийнх зундаа Могойн эхэнд өвөлдөө Хасгаагийн дунд өтөг гэх газар мал маллан амьдардаг айл байсан...” гэсэн мэдүүлэг,
гэрч Н.Ц “...Би *******тэй хамт 1987 оноос 1989 оныг хүртэл Завхан аймгийн Баянхайрхан сумын Батнөхөрлөл нэгдлийн Асгат бригадад малчнаар ажиллаж байсан. Тэр үед ******* нь ******* хамт хонь маллаж байсан. Тухайн үед би 1987 оноос 1988 он хүртэл нэгдлийн малчнаар ажиллаж байгаад хувиараа мал маллах болсон. Тухайн үед бид нар нэг нутагт ажиллаж амьдарч байсан учраас *******г 1987 оноос 1989 оныг дуустал малчнаар ажиллаж байсан талаар нь мэддэг юм. *******гийнх зундаа могойн эхэнд, өвөлдөө Хасгаагийн дунд өтөг гэх газар мал маллаж амьдардаг айл байсан...” гэсэн агуулга бүхий мэдүүлгээр тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Гэрчүүдэд хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлэг авсан, тэдгээрийн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан мэдээлэлтэй тохирч байх тул шүүх гэрчүүдийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн болно.
Иймд нэхэмжлэгч *******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х овогт Н.М Завхан аймгийн Баянхайрхан сумын Батнөхөрлөл нэгдэлд малчнаар 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.М улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ