Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2022/ДШМ/12

 

                                                                                                          

Г.Ж*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн  шүүх хуралдаанд

Прокурор М.Сайнзаяа

Шүүгдэгч Г.Ж******* /онлайн/

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.А******* /онлайн/

Нарийн бичгийн дарга Т.Батсайхан нар оролцов.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 29 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн давж заалдсан гомдлоор шүүгдэгч Г.Ж*******д холбогдох 2015003000240 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Монгол Улсын иргэн, Боржигон овогт Г******* Ж*******, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд 1977 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, Улаанбаатар хот С дүүрэг, ** дүгээр хороо, М хорооллын *-** тоотод оршин суух бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, 45 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, технологич мэргэжилтэй, ам бүл 5, гурван хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй,

Г.Ж******* нь 2020 оны 7 дугаар сараас 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд Булган аймгийн Бүрэгхангай сумын 2 дугаар багийн нутаг “Нарлаг” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр 1300 м2 буюу 0.13 га талбайд ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэгт холбогджээ.

 Булган аймгийн прокурорын газраас Г.Ж*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Боржигон овогт Г******* Ж*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ж*******т хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа, эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, уг албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуульд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Г.Ж*******т сануулж,

Энэ хэрэгт шүүгдэгч Г.Ж******* нь цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ж*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Ж*******аас байгаль экологид учруулсан нийт хохирол 19.893.439 /арван есөн сая найман зуун ерэн гурван мянга дөрвөн зуун гучин ес/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэгт заасныг журамлан прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 4/08 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 90.000.000 /ерэн сая/ төгрөгийн үнэлгээ бүхий **-** УН улсын дугаартай Robex LC-7 загварын тээврийн хэрэгсэл, 70.000.000 /далан сая/ төгрөгийн үнэлгээ бүхий **-** УНА улсын дугаартай Sinotruk Howo загварын тээврийн хэрэгсэл зэргийг тус тус өмчлөгч Г.Ж*******т үлдээж, үнийг шүүгдэгч Г.Ж*******аас гаргуулж улсын орлого болгуулж, хохирлыг нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Хэрэгт хураагдаж ирсэн **-** УН улсын дугаартай шар өнгийн экскаваторын компьютер нэг ширхгийг хэрэгцээний дагуу өмчлөгч, Г.Ж*******т буцаан олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Ж*******аас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 3.000.000 /гурван сая/ төгрөгийг гаргуулж Булган аймаг дахь цагдаагийн газрын төрийн сан дахь 100040012001 тоот дансанд олгож, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Ж******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчим нь энэхүү хэсгээр зөрчилдсөн гэж үзэж байна. Учир нь Г.Ж******* миний бие эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...гэмт хэрэг үйлдсэн хүний ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна... гэж заасан гэтэл шийтгэх тогтоолд заасан **-** УН улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Т.Дэчиндоржийн өмчлөлийн хөрөнгө гэдгийг шүүхээс тогтоосоор байтал гэмт хэрэг үйлдсэн хүний ногдох хөрөнгөөс гэсэнтэй зөрчилөж байна гэж үзэж байна. Мөн энэхүү эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэсэн нь мөн тухайн гэмт хэрэгт ашигласан тээврийн хэрэгслийг зөвхөн тухайн этгээдийн өмчлөлд байхыг заасан гэж ойлгохоор байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7-ийн ... 160,000,000 төгрөгийг шүүгдэгч Г.Ж*******аас гаргуулж хохирлыг нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Хууль хэрэглээний хувьд алдаатай гэж үзэж байна . ...гэмт хэрэг үйлдсэн хүнд шийтгэл оногдуулах ёстой боловч Т.Дэчиндоржийн өмчлөлийн хөрөнгө гэдгийг мэдсээр байж хамт шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Тухайн хөрөнгийн хохирлыг дундын эд хөрөнгө гэж үзээд хохирлын 50 хувиар тооцож хохирлыг гаргуулж өгнө үү. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7-ийн ...160,000,000 төгрөгийг шүүгдэгч Г.Ж*******аас гаргуулж хохирлыг нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Сайнзаяа дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Ж*******д холбогдох хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянан үзэв.

  Шүүгдэгч Г.Ж******* нь 2020 оны 7 дугаар сараас 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд Булган аймгийн Бүрэгхангай сумын 2 дугаар багийн нутаг “Нарлаг” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр 1300 м2 буюу 0.13 га талбайд ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан болох нь:

 -мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ж*******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгүүд, иргэний нэхэмжлэгч Б.Нямдорж, Б.М, гэрч Т.Б, Г.Б, Б.Эрдэнэдалай нарын мэдүүлгүүд, Байгаль орчны үнэлгээ, зөвлөх үйлчилгээний “Лэндс” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээнд нөхөн төлбөр тооцох тухай гоелоги уул уурхайн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Шүүгдэгч Ш.Ж******* нь Булган аймгийн Бүрэгхангай сумын 2 дугаар багийн нутаг “Нарлаг” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр 1300 м2 буюу 0.13 га талбайд ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль орчинд 19,893,439 төгрөгийн хохирол учирсан нь шүүгдэгчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь тогтоогдож байх ба анхан шатны шүүх түүний гэм буруутай үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах олборлох гэмт хэргийн шинжийг агуулсан гэж дүгнэж хуульд заасан эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Хэргийн бүх ажиллагааг хянавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээр хэрэг хянан хэлэлцэх явцад шүүгдэгч болон хэргийн бусад оролцогч нарын эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 Шүүгдэгч Г.Ж******* нь “...Г.Ж******* миний бие эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн хүний ногдох хөрөнгөөс гэсэнтэй зөрчилөж байна гэж үзэж байна. ..7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ашигласан тээврийн хэрэгслийг зөвхөн тухайн этгээдийн өмчлөлд байхыг заасан гэж ойлгохоор байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэлийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус заажээ.

Анхан шатны шүүхээс гэр бүлийн дундын эд хөрөнгийн өв залгамжлалын асуудал шийдвэрлэгдээгүй байх тул шүүгдэгч Г.Ж*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Robex LC-7 загварын экскаватор, Sinotruk Howo загварын тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгох боломжгүй гэсэн үндэслэлээр  прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 4/08 дугаартай тогтоолоор битүүмжлэгдсэн 90.000.000 төгрөгийн  үнэлгээ бүхий **-** УН улсын дугаартай Robex LC-7 загварын тээврийн хэрэгсэл, 70.000.000 төгрөгийн  үнэлгээ бүхий **-** УНА улсын дугаартай Sinotruk загварын тээврийн хэрэгсэл зэргийг тус тус өмчлөгч Г.Ж*******т үлдээж, үнийг шүүгдэгч Г.Ж*******аас гаргуулж улсын орлого болгуулахаар шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар Иргэний хуулинд заасан өв нээгдэх хугацаа дууссан байх ба компанийн эд хөрөнгө хууль ёсны өв залгамжлагчид хуулинд зааснаар шилжсэн байна.

Иймд хууль бусаар ашигт малтмалын  олборлолт явуулахдаа ашиглаж байсан компанийн өмч хөрөнгө болох дээрх техникүүдийг хурааж улсын орлого  болгох  нь зүйтэй байна гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолын 7 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэгт заасныг журамлан прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 4/08 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 90.000.000 /ерэн сая/ төгрөгийн үнэлгээ бүхий **-** УН улсын дугаартай Robex LC-7 загварын тээврийн хэрэгсэл, 70.000.000 /далан сая/ төгрөгийн үнэлгээ бүхий **-** УНА улсын дугаартай Sinotruk Howo загварын тээврийн хэрэгсэл зэргийг тус тус өмчлөгч Г.Ж*******т үлдээж, үнийг шүүгдэгч Г.Ж*******аас гаргуулж улсын орлого болгуулж, хохирлыг нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэснийг

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, дахь хэсэгт заасныг журамлан прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 4/08 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 90.000.000 /ерэн сая/ төгрөгийн үнэлгээ бүхий **-** УН улсын дугаартай Robex LC-7 загварын тээврийн хэрэгсэл, 70.000.000 /далан сая/ төгрөгийн үнэлгээ бүхий **-** УНА улсын дугаартай Sinotruk Howo загварын тээврийн хэрэгсэл зэргийг тус тус улсын орлого болгож, хохирлыг нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Г.Ж*******ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

          

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.ХҮРЭЛБААТАР

                                         ШҮҮГЧ                                      С.ЦЭЦЭГМАА

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ё.БЯМБАЦЭРЭН