Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 369

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ганбаатар даргалж,

           нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

           улсын яллагч Х.Анхцэцэг,  

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

... прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.Б холбогдох 2017 2601 0436 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Мандах суманд 1992 оны 8 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, ам бүл-4, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б. овогт Б. Б, РД:...

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр ... 13 дугаар хороо, “...” зочид буудлын урд явган хүний зам дээр Б.М-тай маргалдаж толгойн тус газар нь замын боржураар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлахад:   

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр ... 13 дугаар хороо, “...” зочид буудлын урд явган хүний зам дээр Б.М маргалдаж толгойн тус газар нь замын боржураар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- хохирогч Б.М-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 13 цагийн үед Яармагийн гүүрний хажууд голын эрэг дээр Д, Ч, Б, Ч, З, Ж нарын хамт очоод голын эрэг дээр 0.75 граммын 2 шил архи уусан ба гол дээр очихын өмнө бас Ч, З бид 3 архи уучихсан байсан. Тэгээд орой 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо “...” зочид буудлын урд ирээд нэг санахад би Б маргалдаж байгаад салаад явган хүний зам руу явж байхад миний толгойны ар луу нэг юм цохих шиг болоод би ухаан алдаж унасан байсан...Би Бээс одоо эмчилгээнд зарцуулсан 150.000 төгрөг нэхэмжилж байна. Урд нь 50.000 төгрөгийг Бээс бэлнээр авсан...гэх мэдүүлэг /хх-5/,

- гэрч Ж.Угийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017. оны 7 дугаар сарын 26-ны өдөр зүс таних М, М, Ч Д- нарын хамт Туул голын эрэг дээр архи уусан. 22 цагийн үед “...” зочид буудлын орчим очиж архи уусан...М. нөхөртэйгөө хамт бие заслаа гээд явсан...М. намайг хэл амаар дормжлоод, агсам согтуу тавиад согтуурхаад, чи надад мөнгө, төгрөг олж өг гээд атмандаад байсан чинь Б. хажуунаас орж ирээд намайг өмөөрөөд Б маргасан. Тэр 2-ын хэрүүл улам ширүүссэн. Тэр 2 бие биенийгээ хэд хэдэн удаа өшиглөж харагдсан...тэгээд би өөр тийшээ анхаарал сарниж байгаад эргээд хартал М газар уначихсан, Д-гэх залуу М-н толгойг өвөр дээрээ тавьчихсан байсан...гэх мэдүүлэг /хх-21-22/

- гэрч Д.Ч-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 18 цагийн үед Яармагийн гүүрний хажууд голын зах дээр эхнэр Б-г, найз М, Д, А, Н, О,  гэх найзуудын хамт 0.75 граммын 2 шил архи уугаад 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо “...” зочид буудлын урд бүгдээрээ ирээд 4, 5 шил архи уугаад байж байсан ба нэг харахад эхнэр Б, М. 2 маргалдаж байгаа харагдсан ба Б, М-н цээжнийх нь хэсэг рүү гараараа нэг удаа түлхэж байсан ба би нэг их тоогоогүй. Тамхи авах гээд Саппарогийн автобусны буудлын түц рүү ганцаараа яваад тамхиа аваад эргээд ирэхэд М  газар унасан хэвтэж байсан ба яасан гэж асуухад эхнэр Б чинь цохиод унагачихсан гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-6/,

- гэрч Б.М-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:..Б  танай эгчийг боржураар толгой руу цохиод унагаачихлаа гэж хэлсэн...би 103-т дуудлага өгөөд байж байтал удалгүй цагдаа нар ирсэн...гэх мэдүүлэг /хх-19/,

- гэрч А.М-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн::...2017 оны 7 дугаар сарын 26-ны орой 23 цагийн үед Саппорогийн баруун талд байдаг 7 дугаар байрны орцны үүдэн дээр сууж байсан. Тэгсэн чинь түцний хажууд хүмүүс бужигналдаад байхаар нь яваад очсон чинь миний зүс таньдаг М түцний хажуу талын явган хүний зам дээр ухаан алдчихсан хэвтэж байсан. Тэнд байсан хүмүүсээс хэн нэг нь Б боржураар цохиод унагаачихсан гээд байсан...гэх мэдүүлэг /хх-23/,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 9755 дугаартай шинжээчийн:...Б.М  биед тархи доргилт, баруун зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...гэх мэдүүлэг /хх-28/

- шинжээч эмч Ч.Э-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...баруун зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх гэмтэл нь 1 удаагийн хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр, харин баруун бугалганд цус хуралт гэмтэл нь мөн адил 1 удаагийн хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн учир нийлээд 2 удаагийн үйлдлээр гэмтэл нь учирсан байна. Тэгээд 2 удаагийн үйлдлээр гэж дүгнэлтэнд тусгасан...гэх мэдүүлэг /хх-31/  

- хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-34-37/

- мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-38-40/

- шүүгдэгч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...архи ууж байхад М дагуулж ирсэн У гэж охинтойгоо маргалдаад байсан ба Угоо “чи надад мөнгө олж өг” гээд дайрч давшлаад байхаар нь би дундуур нь орж салгах гэхэд “чамд хамаагүй, чи илүү, энэ хүн надад мөнгө олж өгөх ёстой гээд байхаар нь миний уур хүрч тэвчээр алдаад М  зүүн шанаан тус газар нь гараараа цохитол М  явган хүний замын боржуран дээр толгойгоороо уначихсан. М газар унаад ухаан алдчихсан...би айсандаа цагдаа руу дуудлага өгсөн. 103-н эмч ирээд гайгүй байна, авч явах шаардлага алга байна гэсэн. М эмчилгээний мөнгө бэлнээр 50.000 төгрөг хүлээлгэж өгсөн...гэх мэдүүлэг /хх-10-11/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

 

Иймд Б.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч Б.Бийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, баримт тогтоогдсонгүй.

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Б.М нийт 150.000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч 50.000 төгрөг төлсөн, үлдэгдлийг төлөхөө илэрхийлсэн болно.   

Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй.   

Шүүгдэгч нь урьд ял шийтгэлгүй /хх-47/, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг. /хх-11/, эрхэлсэн тодорхой ажилгүй байна.

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.     

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний ар гэрийн амьдрал болон хувийн бусад байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.   

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                                

 

ТОГТООХ нь:        

 

            1. Шүүгдэгч Б.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бийг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчид учирсан хохирол болох 100.000 төгрөгийг 3 сарын хугацаанд төлөхийг шүүгдэгчид даалгаж, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.    

5. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.   

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.      

            7. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд уг шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.      

            8.  Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ГАНБААТАР