Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2142

 

“Х” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2019/02900 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “Х” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн хариуцагч О.Н , Ж.Б нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 4 219 488 төгрөг гаргуулаx тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г , Б.П, хариуцагч Ж.Б-ийн өмгөөлөгч Ш.Ч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Эшүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г , Б.П нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Монгол шуудан банк болон “Х” ХХК-ийн хооронд 2010 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 01 тоот гэрээ байгуулагдаж, Монгол шуудан банкны актив, пассив, хөрөнгө, тэдгээрийг шаардах эрх шилжүүлэх тухай гэрээгээр Монгол шуудан банкны зарим шаардах эрхийг “Х” ХХК-д шилжүүлсэн. Үүний дараагаар Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн “Х” ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авах тухай А-153 дугаар тушаалаар “Х” ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авч банкны эрх хүлээн авагчийг томилсон. Банкны эрх хүлээн авагч нь Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт зааснаар “Х” XXK-ны эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрхийг банкны эрх хүлээн авагчид шилжсэн. Иймд банкинд учирсан хохирлыг барагдуулах арга хэмжээ авч, Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна. Монгол шуудан банктай Ж.Б, О.Н  нар нь 2008 оны 6 дугаар сарын 20-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ, фидуцийн гэрээ байгуулж 2 500 000 төгрөгийг сарын 2.2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн. Барьцааны гэрээгээр 5 ханатай гэр, 5 ширхэг хивс, фидуцийн гэрээгээр Хьюндай Грейс маркийн автомашиныг барьцаалсан. Зээлдэгч нар үндсэн зээлд 50 000 төгрөг төлж, бусад зээлээ төлөөгүй гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, гэрээний хугацаа дууссан. Банкны зүгээс зээлийг төлүүлэх талаар удаа дараа шаардлага тавьж, хугацаа өгсөн боловч өнөөдрийг хүртэл санаатайгаар зайлсхийж, банкийг илт хохироож байна. Ж.Б , О.Н  нар нь 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 2 450 000 төгрөг, зээлийн хүүний үлдэгдэл 1 714 778.53 төгрөг, авлагын үлдэгдэл 54 710 төгрөг, нийт үлдэгдэл 4 219 488.53 төгрөгийн төлбөртэй байна. Иймд зээлдэгч нараас гаргуулахаар шаардаж байна гэжээ.

 

Хариуцагч О.Н  шүүхэд гаргасан тайлбартаа:

“Х” ХХК-аас 2008 оны 6 дугаар сард зээл авсан. Зээлийг авахдаа Ж.Б 41-43 дугаартай микро барьцаалж байсан. 2008 онд миний бие төрөөд хүүхдээ асарч байсан. Ж.Б зээл төлнө гэж авч байсан. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

О.Н  зээл авахаар хөөцөлдөж байсныг би зөвшөөрөөгүй. 2008 онд банкнаас зээл авсныг мэдсэн. Сүүлд банкны ажилтан над дээр ирээд зээлийн гэрээнд гарын үсэг зур гэхээр нь зураагүй. 2018 оны 6 дугаар сард Монгол банкнаас намайг зээлтэй байна гэхээр нь банкны ажилтантай очиж уулзсан. Би зээл авах гэхээр өмнө нь зээлтэй байна гэдэг. О.Н тай энэ талаар ярихаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан, надад хамаагүй, би төлөхгүй гэдэг. Би аваагүй учраас төлөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар О.Н , Ж.Б нараас 4 219 488 /дөрвөн сая хоёр зуун арван есөн мянга дөрвөн зуун наян найм/ төгрөг гаргуулахыг хүссэн “Х” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Э давж заалдах гомдолдоо:

… Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийг гардаж авснаас хойш хариу тайлбар гаргах хуулийн хугацаа дууссан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй. Мөн хариуцагч уг үүргээ биелүүлээгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцохоор тус хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт заасан байна. Гэтэл хариуцагч Ж.Б , О.Н  нар нь хуульд заасан хугацаанд хариу тайлбарыг гаргаагүй. Харин Ж.Б-ийн өмнөөс түүний өмгөөлөгч шүүхэд хариу тайлбарыг бичсэн. Өмгөөлөгч нь хууль зүйн туслалцаа үзүүлэх эрхтэй этгээд бөгөөд үйлчлүүлэгчийн өмнөөс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан эсэхийг шийдэж хариу тайлбар бичих эрхгүй этгээд юм. Гэтэл шүүхээс дээрх өмгөөлөгчийн хууль зөрчсөн үйлдлийг хайхралгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт заасан үндэслэл бүрдсэн байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь хуулийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан гэж үзэх үндэслэлгүй. Хариуцагчийн шинжээч томилуулах хүсэлтийг хангахгүй орхисон нь хэргийг бодитой шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Хариуцагч Ж.Б нь шүүхэд мэдүүлэхдээ “Би уг зээлийг авч ашиглаагүй, зээлийн гэрээн дэх гарын үсэг Л.Н-ийнх гэсэн тайлбар өгсөн бөгөөд уг гарын үсэгт шинжээч томилуулах хүсэлтийг шүүхэд гаргасан. Тус хүсэлтийг Банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дэмжсэн. Гэтэл шүүгч уг хүсэлтийг хангахгүй орхисон нь нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Гэвч шүүхээс дээрх хүсэлтийг хангахгүй шийдвэрлэсэн нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явагдсан гэж үзэх үндэслэл бүрдэхгүй байна.

Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан тухайд:

“Х” ХХК нь хэвийн үйл ажиллагаатай байх үед банкны системийн нийт хадгаламж эзэмшигчдийн 15.9 хувийг эзлэх системийн нөлөө бүхий банк байсан тул хадгаламж эзэмшигчид, харилцагчдын мөнгөн хөрөнгөд учрах эрсдэлээс сэргийлэх зорилгоор Монгол банкнаас Хадгаламжийн Даатгалын Корпорациар дамжуулан Хадгаламж банкны актив, пассив хөрөнгийн зөрүүг (Хадгаламж банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн дутагдсан мөнгө) нөхөхөд зориулж 119.9 тэрбум төгрөгийг олгосон бөгөөд энэ хэмжээгээр төрд хохирол, зардал учирсан. Банкны эрх хүлээн авагчаас “Х” ХХК-ийн чанаргүй зээл, авлагыг төлүүлсэн хөрөнгөөр төрд хохирол, зардлыг нөхөн төлүүлэх, түүн дээр нэмж “Х” ХХК-аас татварын байгууллагад төлөх буюу ард иргэдэд зарцуулагдах ёстой 530 600 000 төгрөгийн татварын өрийг төлөх үйл ажиллагааг гүйцэтгэж байгаа бөгөөд энэ нь төрд учирсан хохирлын дүнд нэмэгдэх юм. Түүнчлэн хариуцагч Ж.Б , О.Н  нарт зээлийг төлөх талаар удаа дараа шаардлагыг тавьж, утсаар ярьж, биечлэн уулзаж, зээлийн өр төлбөрийг төлөх боломжит хугацааг тогтоон өгч байсан ба тухай бүрт зээлдэгч нар зээлийг төлөхөөр хүлээн зөвшөөрч байсан. Иймд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд дээрх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч “Х” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч О.Н , Ж.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4 219 488 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, “... хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх үндэслэлээр татгалзал гаргажээ.

 

            О.Н , Ж.Б нар нь Монгол шуудан банкны Өвөрхангай аймгийн Богд сум дахь 53 дугаар тооцооны төвөөс 2008 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээгээр 2 500 000 төгрөгийг сарын 2.2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлж, үүргийн гүйцэтгэлийн барьцаанд 5 ханатай гэр, 5 ширхэг хивс барьцаалсан талаарх бичгийн баримт хэрэгт авагдсан, талуудад Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсчээ. /хх18-20/

 

            Зээлийн гэрээний хугацаа нь 2009 оны 6 дугаар сарын 20-ны өдөр дууссан ба зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх зээлдүүлэгчид мөн өдрөөс үүссэн боловч үүрэг гүйцэтгэгчээс гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж байсан баримт хэрэгт авагдаагүй байна.

 

            Иймд шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх гурван жилийн хугацаа өнгөрсөн гэж, уг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.

 

Нэхэмжлэгч нь 2010 онд шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх татгалзсан гэж тайлбарладаг боловч энэ талаарх баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу гаргаагүй байна.

 

Өмгөөлөгч Ш.Ч ийн хариуцагч Ж.Б тэй байгуулсан 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-ний 2.1-т өмгөөлөгч нь эрх зүйн туслалцаа үзүүлэх үүргээ гүйцэтгэхдээ хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцож холбогдох хүмүүстэй уулзах, бичиг баримттай болон хавтаст хэрэгтэй танилцах, нотлох баримт цуглуулах, шүүх болон бусад байгууллагад төлөөлөн оролцох, хүсэлт, өргөдөл, гомдол гаргах хохирсон болон хууль ёсны эрх ашгийг хамгаалах, бичиг баримт боловсруулах, хувилж олшруулах асуудлыг өмгөөлөгч хариуцах ба зардлыг үйлчлүүлэгч хариуцна гэж заасан байна. Иймд өмгөөлөгч нь хууль зүйн туслалцаа үзүүлэх эрх бүхий этгээд байхад үйлчлүүлэгчийн өмнөөс зөвшөөрсөн, татгалзсан хариу тайлбар өгөх эрхгүй этгээд байхад шүүх түүний тайлбарыг хүлээн авч шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн       167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2019/02900 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ИЧИНХОРЛОО

 

                                          ШҮҮГЧИД                                     Ч.ЦЭНД

 

А.ОТГОНЦЭЦЭГ