Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2022/ДШМ/11

 

                                                                                                          

Л.Б*******, Э.Б******* нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн  шүүх хуралдаанд

Прокурор М.Сайнзаяа

Шүүгдэгч Л.Б*******, Э.Б*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг

Нарийн бичгийн дарга Т.Батсайхан нар оролцов.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Б*******ийн давж заалдсан гомдлоор шүүгдэгч Л.Б*******, Э.Б******* нарт холбогдох 2115000000298 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

   Монгол Улсын иргэн, Хар нүд овогт Л*******гийн Б*******, Сэлэнгэ аймгийн Түшиг суманд 1983 оны 3 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, О аймаг, Б сумын У гол багийн Б-ын **-** тоотод оршин суух бүртгэлтэй, “...............” төрийн өмчит хувьцаат компанид жолооч ажилтай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, 38 настай, эрэгтэй, урьд

-Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 355 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан,

Монгол Улсын иргэн, Сартуул овогт Э*******ын Б*******, Булган аймгийн Булган суманд 1977 оны 8 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, О аймаг, Б сумын И багийн О-ын **-** тоотод оршин суух бүртгэлтэй, ............. төрийн өмчит хувьцаат компанид механизмч ажилтай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, 44 настай, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй,

Л.Б*******. Э.Б******* нар нь бүлэглэж 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг Ар булаг гэх газарт зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн нойтон мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр **-** УНП улсын дугаартай Toyota Pruis-20 загварын, **-** УНЧ улсын дугаартай Kia Optima загварын тээврийн хэрэгслээр Орхон аймаг руу тус тус тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

 Булган аймгийн прокурорын газраас Л.Б*******, Э.Б******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Хар нүд овогт Л*******гийн Б*******, Сартуул овогт Э*******ын Б******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Л.Б*******, Э.Б******* нарыг тус тус 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дах заалтад заасныг баримтлан шүүгдэгч Л.Б*******, Э.Б******* нарт зан үйлээ засах; оршин суугаа газар, ажлаа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуульд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Л.Б*******, Э.Б******* нарт сануулж,

Энэ хэрэгт шүүгдэгч Л.Б*******, Э.Б******* нар нь цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б*******, Э.Б******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.Б*******аас байгаль экологид учруулсан хохирол 768.054 /долоон зуун жаран найман мянга тавин дөрөв/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөрдөгчийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 6.877.050 төгрөгийн үнэлгээ бүхий **-** УНП улсын дугаартай Toyota Pruis-20 загварын тээврийн хэрэгсэл, 4.544.088 төгрөгийн үнэлгээ бүхий **-** УНЧ улсын дугаартай Kia Optima загварын тээврийн хэрэгсэл, 30 /гуч/ ширхэг шинэс төрлийн хуурай, нойтон модыг тус тус хурааж үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 45.000 /дөчин таван мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн улаан өнгийн цахилгааг хөрөөг хурааж улсын орлого болгож,

Шүүгдэгч Л.Б*******, Э.Б******* нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, иргэний нэхэмжлэгч санал гомдолгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.Б******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

**-** УНП дугаартай Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгсэл иргэн Ж.Гын өмчлөлийн өмч байхад Л.Б******* миний өмч мэт дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3, 4-т заалтыг баримтлан тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн хуулийн 7.5- р зүйлийн 4-т ...тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд... гэж заасан. Энэхүү хэрэгт Л.Б******* миний өмчлөлд байгаа гэх баримт хангалттай нотлогдоогүй байхад өмчлөгч мэт үзэж тээврийн хэрэгслийг хураасан нь хууль зөрчсөн. Л.Б******* би өөрийн эзэмшилд байгааг зөвшөөрсөн бөгөөд Ж.Г өмчлөх эрхээ шилжүүлэхээ зөвшөөрөхгүй байгаа учраас өдий хүртэл өмчлөгч болоогүй байгаа. Ж.Гаас энэ талаар огт асуугаагүй атлаа намайг өмчлөгч гэж үзсэн нь үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн 7.5-р зүйлийн 3-т хохиролыг төлөх зорилгоор болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулах зорилгоор хөрөнгийг хураан авахаар заасан ба тухайн хэрэгт төлөх хохирол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал надад байхгүй байгааг шүүх анхаарч хэргийг шийдвэрлээгүй. Иймд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.01.19-ний өдрийн 27 тоот шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 7 дахь заалтын .. **-** УНП дугаартай Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгсэл хурааж улсын орлого болгосугай гэх хэсгийг хүчингүй болгож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Шүүгдэгч Л.Б*******ийн өмгөөлөгч Ч.Эрдэнэнчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Тээврийн хэрэгслийн өмчлөгч биш байхад тухайн тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгож байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлтээр 6.877.050 төгрөгөөр үнэлсэн байдаг. Тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Б******* биш учраас шинжээчийн дүгнэлтийн дагуу улсын орлогод тушаахад татгалзах зүйл байхгүй. Улсын орлогод тээврийн хэрэгслийг хураахгүйгээр үнэлгээний дагуу үнийн дүнг шүүгдэгчээс гаргуулж өөрчлөлт оруулж өгнө үү.

...Тогтоох хэсгийн 7 дахь заалтын .. **-** УНП дугаартай Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгсэл хурааж улсын орлого болгосугай гэх хэсгийг хүчингүй болгож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Шүүгдэгч Э.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Учруулсан хохирлоо төлнө. Надад  ямар нэгэн гомдол санал байхгүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Сайнзаяа дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдэж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч Л.Б*******ийн гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Б*******, Э.Б******* нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянан үзэв.

   Шүүгдэгч Л.Б*******, Э.Б******* нар нь бүлэглэж 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг Ар булаг гэх газарт зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн нойтон мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр **-** УНП улсын дугаартай Toyota Pruis-20 загварын, **-** УНЧ улсын дугаартай “Kia Optima” загварын тээврийн хэрэгслээр Орхон аймаг руу тус тус тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Ш.М, гэрч Ц.Б нарын мэдүүлгүүд, шүүгдэгч Л.Б*******, Э.Б******* нарын мэдүүлгүүд, Булган аймгийн Булган сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаар дүгнэлт, Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн хохирлын үнэлгээ тооцсон 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн дүгнэлт, “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №21/522, 521 дугаартай дүгнэлтүүд болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч  Л.Б*******, Э.Б******* нарын гэм бурууг хянан хэлэлцэхдээ хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой бүхий л нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянан үзэж хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч нарын дээрх үйлдлийг Эрүүгийн хуульд заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн шинжийг агуулсан талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Байгалийн баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон, эсхүл байгаль орчны чадавхын тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлэн байгаль орчныг бохирдуулсан, доройтуулсан, гэмтээсэн, байгалийн нөөц баялгийг хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүйг байгаль орчинд учруулсан хохиролд тооцно.

Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид шүүгдэгч Л.Б******* 342,068 төгрөг,  шүүгдэгч Э.Б******* нь 256,018 төгрөгний шууд хохирол тус тус учирсан нь тогтоогдсоноос гадна Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 11 дэх заалт буюу дээр дурдсан үйлдэл, эс үйлдэхүйг хийсэн иргэнийг “байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлөгч” байхаар хуульчилсан тул мөн хуулийн 57 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б*******, Э.Б******* нар нь байгалийн баялагт учруулсан шууд хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй юм.

Дээрх заалтыг үндэслэн анхан шатны шүүх Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д заасанчлан ойн санд учирсан хохирлыг ойн экологи - эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу шүүгдэгч Э.Б*******аас 768,054 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Харин шүүгдэгч Л.Б******* нь 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр байгаль экологид учруулсан хохирол 392,068 төгрөгийг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д заасанчлан ойн санд учирсан хохирлыг ойн экологи - эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний хохирол болох 1,176,204 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд төлж барагдуулсан байна.

Түүнээс гадна шүүгдэгч Л.Б*******, Э.Б******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлсөн, төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгч нарын хувийн байдал болон бусад нөхцөл байдлуудыг харгалзан тэдгээрт хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Хэргийн бүх ажиллагааг хянавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Л.Б******* нь ...**-** УНП дугаартай Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгсэл иргэн Ж.Гын өмчлөлийн өмч байхад Л.Б******* миний өмч мэт дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3, 4-т заалтыг баримтлан тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх байх тул 41-78 УНП дугаартай Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгсэл хурааж улсын орлого болгосугай гэх хэсгийг хүчингүй болгож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

Хавтас хэргийн 126 дугаар талд авагдсан **-** УНП улсын дугаартай,  Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Ж.Г гэсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар хэрэгт авагдсан байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэж шүүгдэгч Л.Б*******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан **-** УНП улсын дугаартай,  Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгчийн өмчлөлийнх биш харин Ж.Гын өмчлөлийн  машин байх тул мөрдөгчийн тогтоолоор 2021 оны 11 дүгээр сарын 24-ний битүүмжлэгдсэн тээврийн хэрэгслийг эзэмшигч Л.Б*******д олгож, шүүгдэгч Л.Б*******ээс үнийг буюу 6.877.050 төгрөгийг гаргуулж /”Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 21/522 дугаартай дүгнэлт/ улсын орлого болгож, хохирлыг нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхээр шүүхийн шийдвэрт  өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

  Иймд шүүгдэгч Л.Б*******ийн давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

         1.Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолыг тогтоох хэсгийн 7 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөрдөгчийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 6.877.050 төгрөгийн үнэлгээ бүхий **-*** УНП улсын дугаартай Toyota Pruis-20 загварын тээврийн хэрэгсэл, 4.544.088 төгрөгийн үнэлгээ бүхий **-** УНЧ улсын дугаартай Kia Optima загварын тээврийн хэрэгсэл, 30 /гуч/ ширхэг шинэс төрлийн хуурай, нойтон модыг тус тус хурааж үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэснийг,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөрдөгчийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 6.877.050 төгрөгийн үнэлгээ бүхий **-** УНП улсын дугаартай Toyota Pruis-20 загварын тээврийн хэрэгслийг эзэмшигч Л.Б*******д үлдээж, үнийг буюу 6,877,050 төг рөгийг шүүгдэгч Л.Б*******ээс гаргуулж, 4.544.088 төгрөгийн үнэлгээ бүхий **-** УНЧ улсын дугаартай Kia Optima загварын тээврийн хэрэгсэл, 30 /гуч/ ширхэг шинэс төрлийн хуурай, нойтон модыг тус тус хурааж үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыгы хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Л.Б*******ийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                         

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.ХҮРЭЛБААТАР

                                        ШҮҮГЧ                                       С.ЦЭЦЭГМАА

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ё.БЯМБАЦЭРЭН