Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 372

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ганбаатар даргалж,

           нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

           улсын яллагч Х.Анхцэцэг,

            хохирогч Б.Э, түүний өмгөөлөгч Г.Бат-Отгон,

шүүгдэгч Ж.Х, түүний өмгөөлөгч Г.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гончиг овогт Ж. Х-д холбогдох 1708001540033 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Цээл суманд 1986 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банк санхүүч мэргэжилтэй, хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг, ...тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, Г  овогт Ж. Х, /РД:...

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ж.Х нь 2017 оны 7 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө ... 19 дүгээр хороо 87 дугаар байрны гадна Б.Э зодож бие мах бодид нь тархи доргилт, дээд уруулд шарх, үүдэн дээд 2 шүдний булгаралт, нэг шүдний сулрал, буйланд цус хуралт, зүүн чихний гэдэс, баруун чамархайн цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын гаргасан хүсэлтийн дагуу дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судаллаа. Үүнд: 

            - хохирогч Б.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 23 цагийн үед би тамхи татах цэг баарны гадаа гарсан чинь Х манай байрны С гэх хүнтэй 0.75 граммын чингис архи ууж байсан. Тэгээд би өөрөө очоод бид 3 хамт уусан. Тэгээд тэр архиа хувааж дуусгачихаад Х бид 2 G бааранд хүний 2, 2 пиво уучихаад гараад гэрлүүгээ ирж яваад байрны гадаа ирээд ямар нэгэн шалтгаангүйгээр намайг цохиж үүдэн 2 шүд унагааж, уруул язарсан. Тухайн үед би цагдаа дуудсан боловч ирээгүй. Хгийн эхнэр гарч ирээд аваад орсон. би 13 оёо тавиулсан...гэх мэдүүлэг /хх-4-5/

            ...2017 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 03 цагийн үед баарнаас гарч ирсэн. Тухайн үед Х бид 2 согтсон байсан ба гэхдээ ухаан санаагаа хянах чадвартай байсан. Баарнаас гараад яву байтал үл таних 2 залуу намайг хэл амаар өдөж эхэлсэн. Тэр 2 залууг танихгүй мэдэхгүй. Тэгтэл 1 залуу нь намайг шууд өргөөд аваад шидсэн. Намайг дороо хийгээд баахан нүдсэн. Х ирж намайг тэдгээр залуучуудаас салгаж авсан. Намайг зодсон үл таних залууг би нэг удаа нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохисон. Х бид 2 танихгүй 2 залуугаас салаад холдоод ... 19 дүгээр хороо 87А байрны гадна ирсэн. Би Хд хандаж чи намайг зодуулах гэж дагуулж явсан юм уу гэх мэтээр маргалдаж байтал Х-н эхнэр орцноос орилоод гараад ирсэн. Тэгээд зэрэгцээд алхаж явж байтал Х миний нүүрэн тус газар гараараа 1 удаа цохисон. Би газар унасан. Намайг газар унасан байхад дээрээс гараараа олон удаа цохисон. Хд цохиулснаас болж үүдэн 2 шүд, уруул язарсан. Миний бие үл таних залуугийн учруулсан гэмтэлд ямар нэгэн гомдол санал байхгүй. Х-н учруулсан гэмтэл бэртэлд гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-22-23/

            ...тархи доргилт, дээд урууланд шарх, үүдэн дээд 2 шүдний булгаралт, нэг шүдний сулрал, буйланд цус хуралт гэмтлүүдийг Х гараараа миний нүүрэн тус газар цохихдоо надад учруулсан. Би Хд цохиулаад газар унасан. Газар унахдаа зүүн чихний гэдсэнд учирсан гэмтэл шарх авсан. Баруун чамархайд учирсан гэмтэл шархыг Х намайг газар унасан байхад цохиход авсан гэж бодож байна. Гэхдээ сайн санахгүй байна. Цохиулснаас болж хэсэг хугацаанд манарсан. Баруун мөр, зүүн тохой, шуун, нуруу, баруун өвдөгт зулгаралт цээжинд цус хуралт гэмтлүүдийг үл таних залуучууд учруулсан. Миний дэлгүүрийн үүдэнд гадна маргалдаж муудалцаж байхад учруулсан. Үл таних залуугийн нэг нь намайг өргөөд аваад шидсэн. Намайг нааш цааш нь чирээд байсан. Тэгэх үед үүссэн гэж бодож байна...гэх мэдүүлэг /хх-24-25/

            Мөн хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...2017 оны 7 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө би тамхи татах гээд гэрээсээ гарсан. Тэгээд харуулын өрөөнд С ах шүүгдэгч нар сууж байхаар нь ороход архи ууж байсан. Надад нэг архи хийж өгөхөөр нь уучихаад байж байтал шүүгдэгч нэг шил архи гаднаас авчирсан. Удалгүй С ах яваад бид хоёр архиа хувааж уучихаад “Ж” бааранд орж тус бүр 2 пиво авч уусан.Тэгээд шөнө 3 цаг өнгөрч байхад баарнаас гараад явж байтал үл таних 2 залуу таараад нэг нь намайг аваад шидчихсан. Үүнээс болж би шүүгдэгчид чи намайг архи уулгачихаад дээр нь бас зодуулах гэж авч гарсан юм уу гэж хэлээд маргасан. Гэрийн үүдэнд ирэхэд шүүгдэгчийн эхнэр нь орилоод гараад ирсэн. Гэтэл шүүгдэгч намайг түлхээд цохисон, эхнэртээ хүн зодож байна гэж харуулах гэсэн байх. Өглөө нь би гэмтэл орж уруулдаа 13 оёдол тавиулсан. Шүүгдэгчтэй уулзъя, ойлголцъё гэж бодоод хаалгыг нь цохиход хаалгаа тайлаагүй. Тэгээд би цагдаад өргөдөл гаргасан. Би тухайн үед уур хүрсэн байсан тул машины шилийг нь хагалсан, миний буруу, шилний 145.000 төгрөгийг би төлнө, хохиролд 576.000 төгрөг авсан нь үнэн. Би шүдний эмчид байнга очиж байгаа, миний буйлны дотор тал эдгээгүй байна, эдгэсний дараа шүд суулгана гэж хэлсэн. Шүүгдэгчийн сонгосон эмнэлэг дээр очиход 2 залуу эмч байсан, шууд шүд хийнэ гэсэн учир надад таалагдаагүй. Би өөрийн сонгосон эмнэлэгтээ шүд хийлгэнэ, уг эмнэлэгт 2 шүд суулгахад нийт 4.000.000 төгрөг, шүдэнд нөхөж яс тавихад 500.000 төгрөг болно гэсэн. Үүнээс гадна шүүгдэгчийн цохисноос болж миний толгой өвддөг болсон, бариачид бариулахад хэрэглэсэн түлшний зардалд 210.000 төгрөг, нийт 4.710.000 төгрөг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

            - камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-16/

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8592 дугаартай:...Б.Э биед тархи доргилт, дээд уруулд шарх, үүдэн дээд 2 шүдний булгаралт, нэг шүдний сулрал, буйланд цус хуралт, зүүн чихний гэдэс, баруун чамархай, баруун мөр, зүүн тохой, шуун, нуруу, баруун өвдөгт зулгаралт, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тэл гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-10/

- шинжээч Б.Г-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Б.Э биед учирсан тархи доргилт дангаараа хөнгөн зэрэгт, дээд уруулд шарх дангаараа хөнгөн зэрэгт, үүдэн дээд 2 шүдний булгаралт дангаараа хөнгөн зэрэгт, нэг шүдний сулрал дангаараа хөнгөн зэрэгт тус тус хамаарна. Буйланд цус хуралт нь дээрхи гэмтлүүдийн хамтаар хөнгөн зэрэгт хамаарна. Хатуу мохоо зүйлийн 1 удаагийн болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зүүн чихний гэдэс, баруун чамархайн, баруун мөр, зүүн тохой шуу, нуруун, баруун өвдөгт зулгаралт цээжинд цус хуралт гэмтлүүд нь хамтдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх мэдүүлэг /хх-31/

...тархи доргилт нь шүд рүү цохиход үүсэх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тархи доргилт нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун мөр, шуунд цохиход тархи доргилт үүсэх магадлал бага...гэх мэдүүлэг /хх-35-36/

- гэрч Б.Ц-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Манай нөхөр хэл амаар өдөөд байхаар нь тэсэхгүй .Э нүүрэн тус газар нь гараараа миний харснаар 2-3 удаа цохисон. Мөн Эыг унасан байхад нь дээрээс нь 2 удаа хөлөөрөө өшиглөсөн. Өөрөөр цохиж зодоогүй. Тэгтэл .Э хамар амнаас нь цус гарсан. Эыг Х цохисны дараа энийг хараа шүд уначихлаа гээд надад 2 ширхэг шүд унасныг харуулсан. Э нь манай нөхрийг гараараа бие рүү нь цохиод байсан. ...манай нөхөрт учирсан бэртэл байгаагүй...гэх мэдүүлэг /хх-25/

- томографийн оношилгоо /хх-44/

- дансны хуулга /хх-57-72/

- ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-42/

- шүүгдэгч Ж.Хын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр өөрийн 87 дугаар байрны харуулын өрөөнд архи ууж байгаад 22 цагийн орчим .Э таарсан. Тэндээ нэг шил архи хувааж уучихаад 23 цагийн орчим миний захын хажууд байх Ж төвд байрлалтай бааранд .Э хамт орсон. Э бид 2 бааранд байхдаа хоорондоо хэрүүл маргаан үүсгээгүй хэвийн зүгээр байсан. Бааранд бид 2 нэг хүний 2, 2 шил пиво уусан. Өмнө нь бид 2 нэг шил 0.75 гр-ын алтан чингис архийг хуваан уусан байсан. Баарнаас гарахад би нилээн согтолттой байсан. Э ч гэсэн согтуу байсан. Би ухаан санаагаа хянах чадвартай байсан. Эыг ухаан санаагаа хянах чадвартай байсан эсэхийг мэдэхгүй байна. Баарнаас 2017 оны 7 дугаар сарын 02-ны шөнийн 01 цаг билүү 02 цагийн үед Э надаас түрүүлээд гарсан. Би араас нь гарсан. Тэгтэл баарнаас гарсны дараа Э гадаа үл таних залуучуудтай маргалдаад зогсож байна. Ямар учраас маргалдсаныг нь мэдэхгүй. Э үл таних 26 орчим насны залуутай зодолдоод байсан. Ямар учраас зодолдож байгааг мэдэхгүй. Би Эыг бусадтай зодолдоод байхаар нь болиулж салгасан. Эыг салгатал бусдад уурласан уураа надад гаргаж намайг түлхсэн. Би гэхдээ согтуу байсан учир сайн санахгүй байна. Хальт дутуу дулимаг санаж байна. над руу дайраад түлхээд байхаар нь баруун гараараа .Э нүүрэн тус газар нь 2 удаа цохисон. Өөрөөр цохиж зодоогүй. Намайг цохисны дараа .Э үүдэн 2 шүд унаж уруул нь сэтэрч цус гарсан. Э намайг цохиж зодож чадаагүй арагш нь түлхсэн....гэх мэдүүлэг /хх-39-40/,

Мөн шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:... Мэдүүлэг өгнө. 2017 оны 7 дугаар сарын 01-ний шөнө ажлаа тараад байрны доод талын харуул С ахтай хамт нэг шил архи уугаад сууж байтал Э орж ирэхээр нь би нутгийн ах орж ирлээ гээд машинд байсан нэг шил архиа оруулж ирээд хувааж уусан. С ах явчихсан тул уг архийг Э бид хоёр хувааж уусан. Дараа нь Э бид хоёр 21 дүгээр хорооллын нутаг дэвсгэрт байрлах бааранд орсон. Баарнаас гараад иртэл Э баарны гадаа 1 залуутай зодолдож байсан. Би тэднийг салгаад явсан. Уг зодуулсан залуу нь Миний захын хажууд байрны өмнө ухаан алдаад унасан байхад нь Э дахиад зодоод байсныг би салгаж болиулсан, тэгээд цааш явж байтал чи намайг хүнтэй зодолдож байхад өмөөрсөнгүй гээд уурласан, тэгээд намайг түлхэж дайраад байхаар нь би нэг удаа цохисон, дараа нь дахиад нэг удаа цохиход шүд нь хугарсан. Маргааш өглөө нь гараад ирэхэд Э миний машины шилэнд, миний суудлын харалдаа газар овтерка зоогоод явсан байсан. Би энэ талаар гомдол гаргаагүй. Бид нэг байранд байдаг учир мэндтэй явдаг. Хэрэв .Э зодсон хүн үхсэн бол өдийд ингээд сууж байхгүй байсан. Би Эд эхлээд 120.000 төгрөг, дараа нь 200.000 төгрөг, 70.000 төгрөг, 50.000 төгрөг тус тус өгсөн, бас 33.000 төгрөгөөр 2 удаа хиймэл шүд хийлгэсэн, 15.000 төгрөг, 45.000 төгрөгөөр 2 сорвины тос авч өгсөн. Би машины шилээ 130.000 төгрөгөөр авч 15.000 төгрөгөөр солиулсан. Би модны 2-т байрлах Солонгос-Монголын хамтарсан шүдний эмнэлэг дээр .Э хамт очиж үзүүлж дурандуулсан. Эмч үзээд 1 шүдний имплант 2.000.000 төгрөг, 2 шүдний имплант нийт 4.000.000 төгрөг болно, гэхдээ хямдруулаад 3.600.000 төгрөгөөр хийгээд өгье гэсэн. Гэтэл маргааш өглөө нь 10 цагт цаг авчихаад ирээгүй, чиний сонгосон эмнэлэг таалагдахгүй байна гэсэн...гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэрэг болно.

 

 Шүүгдэгч Ж.Х нь 2017 оны 7 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 87 дугаар байрны гадна Б.Эзодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- хохирогч Б.Эмөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Х бид 2 G бааранд хүний 2, 2 пиво уучихаад гараад гэр лүүгээ ирж яваад байрны гадаа ирээд ямар нэгэн шалтгаангүйгээр намайг цохиж үүдэн 2 шүд унагааж, уруул язарсан...гэх мэдүүлэг /хх-4-5, 22-23/

            - шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8592 дугаартай дүгнэлт:...Б.Эбиед тархи доргилт, дээд уруулд шарх, үүдэн дээд 2 шүдний булгаралт, нэг шүдний сулрал, буйланд цус хуралт гэмтэл тогтоогдсон, эдгээр нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-10/,

- шинжээч Б.Г-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Б.Эбиед учирсан тархи доргилт дангаараа хөнгөн зэрэгт, дээд уруулд шарх дангаараа хөнгөн зэрэгт, үүдэн дээд 2 шүдний булгаралт дангаараа хөнгөн зэрэгт, нэг шүдний сулрал дангаараа хөнгөн зэрэгт тус тус хамаарна. гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх мэдүүлэг /хх-31/

- гэрч Б.Ц-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Манай нөхөр хэл амаар өдөөд байхаар нь тэсэхгүй .Э нүүрэн тус газар нь гараараа миний харснаар 2-3 удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-25/

- шүүгдэгч Ж.Хын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...баарнаас гарсны дараа Э үл таних 26 орчим насны залуутай зодолдоод байсан...би салгатал Э бусдад уурласан уураа надад гаргаж намайг түлхсэн. Би гараараа .Э нүүрэн тус газар нь 2 удаа цохисон. Намайг цохисны дараа .Э үүдэн 2 шүд унаж уруул нь сэтэрч цус гарсан...гэх мэдүүлэг /хх-39-40/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна. 

 

Иймд Ж.Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

Хохирогч Б.Э баримтаар 373.000 /хх-46-49/ төгрөг нэхэмжилсэн байх ба шүүгдэгч нь 566.000 төгрөг төлсөн /хх-50/ байна.

Хохирогч Б.Энь цаашид шүд хийлгэх зардалд 4.561.000 төгрөг нэхэмжилсэн /хх-45/ байх ба энэ нь “бодитой зардал”-д шууд хамаарахгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдах нь зүйтэй.  

Хохирогч Б.Энь шүүгдэгч Ж.Хын машины урд шилийг хагалсан гэх тул хохирлын төлбөр тооцоог харилцан тооцох боломжтойг тэмдэглэв.  

Гэмт хэрэг үйлдэгдэх үед хохирогч, шүүгдэгч нар бага бус хэмжээгээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хохирогч бусадтай зүй бусаар харьцан маргалдсан зэрэг нь гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болсон байна.        

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нь ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.    

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.  

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD-г хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж.Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Хыг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            4. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD-г хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.  

 

5. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

            6. Прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.  

 

            7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Ж.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ГАНБААТАР