Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2024/02001

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 15

101/ШШ2024/02001

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Монгол Улс, *** тоот хаягт байрлах ******* /рд:*******/-ийн гаргасан,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, *** тоот хаягт байрлах ******* /рд:*******/-нд холбогдох 24,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гэрч *******, нарийн бичгийн дарга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

 

Манай компани 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч *******-тай *** давхарын дотоод заслын ажлыг хийж гүйцэтгэхээр барилгын заслын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Ингээд бид тус хотхоны 2 орцны шатны маршийг бүхэлд нь, 1-8 давхарын нийт 20 орчим айлын орон сууцны дотоод заслын ажил /үүнд:хар замаскан тэгшилгээ, цагаан замаск /зүлгүүртэй/, эмульс, шатны марш, гал тогооны плита зэрэг ажил/-уудыг хийж гүйцэтгэсэн бөгөөд нийт 30,000,000,00 гаруй төгрөгийн хөлс бүхий ажлуудыг хийсэн.

Хариуцагч нь гэрээ байгуулсан өдрөөс хойш ажлын хөлсөнд цувуулж 10,000,000.00 төгрөгийг өгсөн ба гэрээний хугацаа нь 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл байсан боловч хариуцагч талаас хамааралтайгаар ажил удааширч байсан. Тэгээд хариуцагч нь хотхоныг халаалтаар хангах үүргээ биелүүлээгүйн улмаас тухайн орчин нөхцөлд ажил гүйцэтгэхэд хүндрэлтэй буюу цаашид ажлыг гүйцэтгэх боломжгүй байсан тул 2019 оны 10 дугаар сарын сүүлээр хариуцагчтай харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээг цуцлаад хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээлгэн өгсөн юм.

Талууд ажил хүлээлгэн өгөх үед хийж гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл хөлсийг 24,000,000.00 төгрөгөөр тооцож, хариуцагч нь удахгүй төлөхөөр тохиролцсон. Гэвч хариуцагч тал ажлыг хүлээн авсан цагаас хойш өнөөдрийг хүртэл үлдэгдэл ажлын хөлсийг төлөөгүй, нэхэмжлэгч нь хариуцагчтай утсаар ярих болон ажлын байранд очиж уулзах зэргээр ажлын хөлсөө байнга шаардахад ........удахгүй орж ирэхийг хүлээж байна....... гэх зэргээр шалтаг тоочиж өнөөдрийг хүртэл төлөхгүй байгаа тул аргагүйн эрхэнд шүүхэд хандаж байна.

Хамгийн сүүлд нэхэмжлэгч нь хамт ажил гүйцэтгэсэн иргэн *******ы хамт 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хариуцагч компанийн хувьцаа эзэмшигч тай уулзаж ажлын хөлсийг төлж барагдуулах талаар бичгээр гэрээ байгуулсан ба үлдэгдэл ажлын хөлс 24,000,000.00 төгрөг болохыг талууд хүлээн зөвшөөрч баталгаажуулсан.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д Захиалагч нь гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүрэгтэй. гэж тус тус заасан. Гэтэл хариуцагч ******* нь хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, ажил хүлээлгэн өгсөн өдрөөс хойш өнөөдрийг хүртэл үлдэгдэл ажлын хөлсийг төлж барагдуулахгүй байгаа тул барилгын дотоод заслын ажил гүйцэтгэсний үлдэгдэл төлбөр 24,000,000.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тус шүүхэд өгсөн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч *******-тай барилгын заслын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 08 дугаар 20-ны өдрийн хооронд ажил гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцсон юм.

Гэтэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ 2018 оны 10 дугаар сарын тохиролцсоны үндсэн дээр гэрээг цуцлан хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээлгэн гэсэн байгаа ч хэрэгт 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр *******-нд гүйцэтгэлийн тайлангаа бичгээр гаргаж өгсөн. Энэхүү ажлын гүйцэтгэлээр гэрээгээр тохирсон ажлыг бүрэн хийж гүйцэтгээгүй бөгөөд нийт 39,995,000.00 төгрөгийн ажлыг хийсэн болохоо илэрхийлсэн.

Харин гүйцэтгүүлэгч ******* нь захирал ын Хаан банк ХК дахь тоот данснаас *******-ийн хувьцаа эзэмшигч болон гүйцэтгэх захирал *******ийн тус дахь дансанд ажлын хөлсийг дараах байдлаар шилжүүлэн төлж байсан.

Огноо

Гүйлгээний утга

Мөнгөн дүн

1

2019.08.02

mogul zasal

500,000

2

2019.08.22

МОГУЛ ЗАСАЛ МАГСАР

10,000,000

3

2019.08.24

moguul batdorj

7,000,000

4

2019.10.24

МОГУЛ БАТДОРЖ АЖЛЫН ХӨЛС ЗАСАЛ

10,000,000

 

 

 

27,500,000

 

Тодруулбал, нэхэмжлэгчээс хариуцагчид түүний хийж гүйцэтгэсэн нийт 39,995,000.00 төгрөгийн ажлын гүйцэтгэлээс 27,500,000.00 төгрөгийг төлсөн тул одоо үлдэгдэл төлбөр 12,495,000.00 төгрөг болно. Бид хэргийн 12 дугаар талд авагдсан хэлцлийг бол хүлээн зөвшөөрөхгүй. Өөрөөр хэлбэл, хоёр хуулийн этгээдийн маргаан байхад үүнийг иргэн н.Батдорж нь иргэн н.Магсаржаваас мөнгө нэхэмжилж байгаа тухай баримт гэж үзэхээр байна.

Нэхэмжлэлд дурдсан 24,000,000.00 төгрөг чухам яаж гарч ирсэн бэ гэдгийг тодруулах ёстой, хариуцагч нь 58,000,000.00 гаруй төгрөгийн ажил хийсэн гэж үзээд байна, гэхдээ авсан гэх 39,000,000.00 төгрөг дээр 27,000,000.00 төгрөгийг нэмэх юм бол 67,000,000.00 төгрөг болж зөрүүтэй тоо гараад байна. Иймд, хариуцагч нь нэхэмжлэгчид 12,495,000.00 төгрөг төлөх үүрэгтэй гэв.

Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:

1.    Улсын тэмдэгтийн хураамжид 278,000.00 төгрөг төлсөн баримт,

2.    *******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон дүрмийн хуулбар,

3.    Барилгын заслын ажил гүйцэтгэх гэрээ түүний хавсралтууд,

4.    Хоорондын хэлцэл,

5.    Шүүхэд төлөөлөх итгэмжлэл,

6.    Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн захирамж,

7.    Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр,

8.    Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт,

9.    Орхон аймгийн Цагдаагийн газрын албан тоот,

10. Бичлэгийн бичвэрүүд,

 

Хариуцагчийн өгсөн нотлох баримт:

 

1.    *******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон дүрмийн хуулбар,

2.    Шүүхэд төлөөлөх итгэмжлэл,

3.    хотхоны 2-р орцны ажлын гүйцэтгэлийн баримт,

4.    ын хаан банкин дахь дансны хуулга,

 

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт:

 

1.    Үзлэгийн тэмдэглэл,

2.    Гэрчийн мэдүүлэг,

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.            Нэхэмжлэгч *******-иас хариуцагч *******-нд холбогдуулан 24,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Шүүх, хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч ******* нь 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч *******-тай барилгын заслын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь хариуцагч компанийн захиалгаар Улаанбаатар хотын *** дугаар давхарын заслын ажлыг 125,253,470.00 төгрөг, мөн *** давхарын заслын ажлыг 1,603,580.00 төгрөг, нийт 126,857,050.00 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон байна /х.х-ийн 5-11 хуудас/.

 

2.            Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж, 343.3-т Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж тус тус заажээ.

 

Тайлбарлавал, нэхэмжлэгч ******* нь хариуцагч хариуцагч *******-ийн өгсөн захиалгыг үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд барилгын ажлын заслыг хийж гүйцэтгэн ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч болох хариуцагч нь төлбөрийг төлөх үүрэг хүлээнэ.

 

Энэ талаар Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1-д Ажил гүйцэтгэгч нь дараахь үүрэг хүлээнэ гээд 350.1.1-д гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх гэж, 351 дүгээр зүйлийн 351.1-д Захиалагч дараахь үүрэг хүлээнэ гээд 351.1.1-д гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх гэж тодорхой заасан байдаг.

3.            Гэтэл нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-ийг гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөхөөс үндэслэлгүй татгалзсан гэсэн бол, хариуцагч нь нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын тайланг үндэслэн нийт 39,995,000.00 төгрөгөөс 27,500,000.00 төгрөгийг төлсөн учир одоо үлдэгдэл 12,495,000.00 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэсэн.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч ******* нь 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч *******-нд 2 дугаар орцны заслын ажлын гүйцэтгэлийн тайлан өгсөн ба түүнд дурдсанаар нийт 39,995,000.00 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн гэжээ /х.х-ийн 49 хуудас/.

 

Ингээд хариуцагч ******* нь тухайн ажлын тайланг үндэслэн нэхэмжлэгч *******-нд 27,500,000.00 төгрөгийг төлсөн гэсэн тайлбарыг талуудын хэн аль нь үгүйсгээгүй. Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зааснаар зохигчид 27,500,000.00 төгрөгийг төлөөгүй эсэх талаар маргаагүй гэж үзнэ.

4.            Гэвч талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хавсралтад зааснаар нэхэмжлэгч буюу ажил гүйцэтгэгч нь хариуцагчийн захиалгаар *** давхарын заслын ажлыг хийж гүйцэтгэх үүрэг хүлээсэн бол, харин 2 дугаар орцны заслын ажлыг хийж гүйцэтгэх талаар тухайлан тохироогүй боловч зохигчид хожим энэ талаар тохирч, улмаар нэхэмжлэгч нь тухайн ажлыг хийж гүйцэтгэсэн ажээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч *******-ийн гүйцэтгэх захирал ******* болон хариуцагч *******-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нар 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 24,000,000.00 төгрөгийг төлөх талаар төлбөр барагдуулах агуулгатай хэлцэл байгуулсан байна /х.х-ийн 5-7, 16, 34-36 хуудас/.

 

5.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдох бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно гэж заасныг үндэслэн шүүх хуралдаанд гэрчээр оролцсон *******ы мэдүүлгээс үзвэл зохигчид 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс хойш буюу 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр тухайн төлбөр барагдуулах гэрээ байгуулсан байна.

 

Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-д Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино гэж заасан. Өөрөөр хэлбэл, зохигчид ийнхүү төлбөр барагдуулах тухай гэрээ байгуулсан нь нэхэмжлэгч нь хариуцагчаас 24,000,000.00 төгрөгийн авлагатай гэдгийг хүлээн зөвшөөрсөн болохыг илэрхийлж байх тул тэдгээрийн хооронд ийм хэмжээний үүрэг үүссэн байсан гэж үзнэ.

 

6.            Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан төлбөр барагдуулах гэрээг *******-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь компанийг төлөөлж байгуулаагүй гэж маргасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-т Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана гэж заажээ. Өөрөөр хэлбэл, нотлох үүргийн хуваарилалтын хувьд зохигчид өөрт ашигтай тайлбараа баримтаар нотлох ёстой бөгөөд хариуцагч ******* нь хавтаст хэргийн 16 дахь талд авагдсан төлбөр барагдуулах гэрээг хувь этгээдүүдийн хооронд үүссэн өглөг-авлага байсан гэсэн тайлбараа нотлох баримтыг өгөөгүй.

 

7.            Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж, 198 дугаар зүйлийн 198.1-д Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж тус тус заасны дагуу 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан төлбөр барагдуулах гэрээг тайлбарлавал хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******-нд 24,000,000.00 төгрөгийг төлнө гэсэн утгатай байна.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус зааснаар гэрээний талууд үүргийг хугацаандаа заавал гүйцэтгэх үүрэг хүлээх ба хэрэв гүйцэтгээгүй тохиолдолд нөгөө талдаа учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээдэг.

 

Иймд, нэгэнт хариуцагч ******* нь төлбөр барагдуулах гэрээнд заасан 24,000,000.00 төгрөгийг нэхэмжлэгч *******-нд төлөөгүй байх тул нэхэмжлэгчийн зүгээс тухайн төлбөрийг хариуцагчаас шаардах нь зүйтэй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.            Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг үндэслэн хариуцагч *******-иас 24,000,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-нд олгосугай.

 

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278,000.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 278,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ