| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2023/04179/И |
| Дугаар | 101/ШШ2024/01986 |
| Огноо | 2024-04-15 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 101/ШШ2024/01986
| 2024 оны 04 сарын 15 өдөр | Дугаар 101/ШШ2024/01986 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** тоот хаягт байрлах ******* /рд:*******/-ийн гаргасан,
Хариуцагч: Улаанбаатар хот, *** байрлах ******* /рд:*******/-нд холбогдох нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай компани хариуцагч *******-ийн импортоор оруулж ирдэг бүтээгдэхүүн болох ******* чипсний маркетинг сурталчилгааны ажлыг хийж гүйцэтгэхээр 2021 оны 08 дугаар сард хамтран ажиллах 3 сарын хугацаатай гэрээ байгуулсан. Гэрээний нийт үнийн дүн 22,000,000.00 төгрөг бөгөөд бид урьдчилгаа төлбөр болох 14,910,000.00 төгрөгийг 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 16:06 цагт хүлээн авсан.
Талууд гэрээ байгуулснаас хойш ******* Chips Mongolia нэртэй Facebook хуудсыг хөгжүүлэх төлөвлөгөөг *******-ийн удирдлага захиралд танилцуулж зөвшөөрсний үндсэн дээр маркетингийн идэвхижүүлэлтийн ажлыг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлүүлээд 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хөгжүүлэлтийн ажил хэвийн үргэлжилж байсан хэдий энэ үеэс эхлэн үл ойлголцол гарч эхэлсэн.
Тодруулж хэлбэл, уг бүтээгдэхүүнийг хариуцдаг борлуулалтын ажилтан нь бидний танилцуулж зөвшөөрсөн маркетингийн төлөвлөгөөг буруу шааж, хэтэрхий задгай байна гэж гомдоллосон. Бид анх төлөвлөгөөг захиралд танилцуулаад зөвшөөрсний дагуу ажиллаж байна гэсэн тайлбар өгсөн ба хожим талууд уулзаад төлөвлөгөөг өөрчлөөд шинэ төлөвлөгөө танилцуулж ажиллахаар болсон. Ингээд тухайн тлөвлөгөөг танилцуулж батлуулаад 2022 оны 03 дугаар сарын 11-ий өдрөөс дахин ажиллаад 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр бүх ажлыг хийж дуусгасан.
Шинэ төлөвлөгөөг удаагаад байсан шалтгаан бол ******* Chip-ний Монгол дахь нөөц нь бүрэн дууссан, дараагийнх нь цар тахалтай холбоотойгоор ирэх хугацаа нь хойшилсонтой холбоотой. Гэтэл хариуцагч нь энэхүү учир шалтгаанаа бидэнд хэлсэн бол ойлгох байсан хэдий ч шалтгаанаа хэлэхгүй санаатайгаар манай компани ажлаа хийж чадахгүй байгаагаар хандаж байсан юм. Бид хийсэн ажлын тайланг очиж танилцуулж, ажил хүлээлцэх акт үйлдэн төлбөрийн үлдэгдлээ нэхэмжилсэн боловч хариуцагч нь одоог хүртэл төлбөрийг төлөөгүй. Үүний дараа албан бичиг илгээсэн боловч гэрээт ажлыг хугацаандаа хийгээгүй, удаасан, сэтгэл ханамжгүй байна гэж хариу өгсөн.
Намайг хариуцагч компаний захирал той очиж уулзан асуудлыг шийдэх ямар арга байна гэж асуухад дахин нэг 3D видео реклам хийж өгөөд төлбөрөө аваарай гэхэд нь бид зөвшөөрч тухайн ажлыг нь гүйцэтгэж 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээлгэн өгсөн. Манай компани гэрээт ажлын төлбөрийн үлдэгдэл 7,090,000.00 төгрөгийг авахын тулд 6,000,000.00 төгрөгийн үнэлгээ бүхий 3D видео реклам хийж өгөөд төлбөрийн нэхэмжлэхээ илгээсэн боловч мөн адил татгалзсан.
Иймд, хариуцагчаас гэрээт ажлын төлбөрийн үлдэгдэл 7,090,000.00 төгрөг, алданги 4,254,000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү. Жич: хамтран ажиллах гэрээг манай компаниас 2 хувь үйлдэээд *******-иар батлуулахаар өгсөн боловч буцааж өгөөгүй, энэ талаар асуухаар манайд байхгүй гэж худал ярьдаг, хариуцагч компани анхнаасаа хууран мэхлэх, хуулийг завхруулах зорилготой байсан нь харагдаж байна гэв.
Хариуцагчаас тус шүүхэд өгсөн хариу тайлбартаа:
Манай компанийн зүгээс өөрийн импортоор оруулж ирдэг /Солонгос улсын төрөл бүрийн хоол амтлагч/ болон ******* / төмсний чипс/ зэрэг бүтээгдэхүүнийг зах зээлд таниулах зорилгоор нэхэмжлэгч *******-нд хандаж зохих үнийн саналаар видео реклам хийлгэсэн. Гэвч уг ******* чипсийг үйлдвэрлэгч болох In компани нь зар сурталчилгааны зураг болон видеотой танилцаж олон нийтэд сурталчлан таниулахад хэт задгай, нүцгэн зураг, дүрс бичлэг агуулсан байгаа тул манай компанийн нэр хүнд болоод Польш Улсын зар сурталчилгааны хуулийн заалтад үл нийцсэн байна гэж хүлээн зөвшөөрөөгүй болно.
Бид, нэхэмжлэгч *******-ийн хийсэн зар сурталчилгааны зураг болон дүрс бичлэгийн талаар тухай бүрд тус компанид үйлдвэрлэгч компаниас хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул танай зар сурталчилгааг өөрчлөх шаардлагатай байна гэсэн саналыг тавьсан. Мөн талууд бичгээр ямар нэгэн гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:
1. Улсын тэмдэгтийн хураамжид 196,454.00 төгрөг төлсөн баримт,
2. ******* Chips-Facebook хуудас хөгжүүлэлтийн ажлын жагсаалт,
3. *******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хувь,
Хариуцагчийн өгсөн нотлох баримт:
1. *******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хувь, дүрэм,
2. Шүүхэд төлөөлөх итгэмжлэл,
3. Хариу тайлбар,
4. Видео контентын зураг
Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт:
1. Үзлэг хийсэн тэмдэглэл,
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч *******-иас хариуцагч *******-нд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний хөлс 7,090,000.00 төгрөг, алданги 4,254,000.00 төгрөг, нийт 11,344,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Гэвч шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлээс зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбараар нэхэмжлэгч ******* нь 2021 оны 06 дугаар сард хариуцагч *******-тай харилцан тохиролцож, тус компанийн гадаад улсаас импортлон худалдан борлуулдаг Чио нэртэй чипс /цаашид бүтээгдэхүүн/-ийг олон нийтэд таниулан сурталчлах зорилгоор зураг болон видео хэлбэртэй зар сурталчилгаа хийж гүйцэтгэхээр болжээ.
2. Ингээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үзлэг хийсэн баримтаар хариуцагч *******-ийн цахим хуудаст Чио нэртэй бүтээгдэхүүнийг сурталчилсан зураг болон видео хэлбэртэй зар сурталчилгаанууд байршсан байна /х.х-ийн 38-51, 57, 58, 63-67 хуудас/.
Зар сурталчилгааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зар сурталчилгаа гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас бараа, ажил, үйлчилгээ, төсөл, үйл ажиллагаа /цаашид бүтээгдэхүүн гэх/-ны зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх, боломжит хэрэглэгчийн анхаарлыг татах зорилгоор олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад хэлбэрээр түгээсэн мэдээллийг хэлнэ гэж, 3.1.2-т зар сурталчилгаа захиалагч гэж өөрийгээ, эсхүл бүтээгдэхүүнээ сурталчлахаар зар сурталчилгаа хийлгэж буй этгээдийг хэлнэ гэж, 3.1.3-т зар сурталчилгаа бүтээгч гэж захиалагчаас өгсөн захиалгын дагуу зар сурталчилгааг нийтэд түгээхээр бэлтгэсэн этгээдийг хэлнэ гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл, аливаа этгээд өөрийн үйлдвэрлэдэг болон худалддаг бараа, ажил үйлчилгээ, аль эсхүл иргэн, хуулийн этгээд, аж ахуйн үйлчилгээний нэр, үйл ажиллагаагаа бусдад таниулах, хэрэглэгч нарын анхаарал, сонирхлыг татах зорилгоор олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр холбогдох мэдээллийг түгээхээр бусдаар, эсхүл өөрөө зар сурталчилгаа хийж түгээж болно.
3. Захиалагч нь зар сурталчилгааг бусад этгээдээр хийж гүйцэтгүүлэх бол тэрхүү гүйцэтгэгчийн үйл ажиллагааны үр дүнд бий болсон зар сурталчилгаа нь захиалагчийн мэдэл буюу түүний өмч болдог тул энэ утгаараа зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.
Иргэний хуулийн Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж, 343.3-д Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж тус тус заасан.
Тодруулбал, ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгчийн үйл ажиллагааны үр дүнд шинээр бий болсон зүйлийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэн хүлээлгэн өгснөөр гүйцэтгэгчид хэлэлцэн тохирсон хөлсийг захиалагчаас шаардах эрх үүсэх ба тухайн гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолгүй байх учиртай.
4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус компани хариуцагчид видео хэлбэртэй 5 төрөл, мөн зураг хэлбэртэй 35 төрлийн зар сурталчилгаа хийж өгсөн, ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүн нийт 20,000,000.00 төгрөгөөс 14,910,00.00 төгрөгийг төлсөн боловч үлдэх 7,090,000.00 төгрөгийг төлөөгүй гэж маргасан.
Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1-д Ажил гүйцэтгэгч нь дараахь үүрэг хүлээнэ гээд 350.1.1-д гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх гэж, 351 дүгээр зүйлийн 351.1-д Захиалагч дараахь үүрэг хүлээнэ гээд 351.1.1-д гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх гэж заасан. Өөрөөр хэлбэл, захиалагч нь ажил гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авсан тохиолдолд хөлсийг төлөх үүрэг хүлээнэ.
Гэтэл хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******-ийн хийж гүйцэтгэсэн зар сурталчилгааг доголдолтой буюу Чио бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч компанийн бодлогод нийцэхгүй байсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзсан.
5. Иргэний хуулийн 349.1-д Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана....................... гэж заажээ.
Гэтэл хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******-нд уг компанийн хийж гүйцэтгэсэн ажил доголдолтой байсан эсэх талаар гомдлын шаардлага гаргаж байсан эсэх нь тодорхойгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-т Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана гэж зааснаар нотлох үүргийн хуваарилалтын хувьд зохигчид өөрт ашигтай тайлбараа баримтаар нотлох ёстой.
6. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус зааснаар гэрээний талууд үүргийг хугацаандаа заавал гүйцэтгэх үүрэг хүлээх ба хэрэв гүйцэтгээгүй тохиолдолд нөгөө талдаа учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээдэг.
Иймд, нэгэнт хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******-ийн хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авсан тул дутуу төлсөн ажлын хөлс 7,090,000.00 төгрөгийг төлөх үүрэг хүлээнэ.
7. Харин Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж, 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж тус тус заасан.
Тайлбарлавал, зохигчид ажил гүйцэтгэх гэрээг заавал бичгээр байгуулах шаардлагагүй бөгөөд хэрэв анзын талаар тохиролцох бол бичгээр байгуулах учиртай ба энэхүү тохиролцоо нь тус хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаар хүчин төгөлдөр болно.
Гэтэл зохигчид ажил гүйцэтгэх гэрээ байгуулахаар тохиролцсон боловч аль нэг тал үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол анз төлөх талаар бичгээр тухайлан тохиролцоогүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги 4,254,000.00 төгрөгийг шаардах эрхгүй. Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас 7,090,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,254,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг үндэслэн хариуцагч *******-иас 7,090,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,254,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 196,454.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 128,390.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР