| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2023/06587/И |
| Дугаар | 101/ШШ2024/01984 |
| Огноо | 2024-04-12 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 101/ШШ2024/01984
| 2024 04 12 | 101/ШШ2024/01984 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** тоот хаягт оршин суух ******* овогт *******гийн ******* /рд:*******/-ийн гаргасан,
Хариуцагч: Улаанбаатар хот, *** тоот хаягт оршин суух ******* овогт *******гийн ******* /рд:*******/-т холбогдох 17,106,435.00 төгрөг гаргуулах, орон сууцнаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хот, *** тоот хаягт байрлах *** м.кв орон сууцыг хариуцагч Э.*******д 2 жилийн хугацаатайгаар сарын 2,000,000 төгрөгөөр хөлслүүлэх гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр хариуцагч нь төлбөрийг улирлаар нь урьдчилж буюу улирал бүрийн 05-ны дотор төлөх, мөн орон сууцны ашиглалттай холбоотой бүхий л зардлыг төлөх үүрэг хүлээсэн.
Гэвч хариуцагч нь гэрээний эхний улирлын төлбөр төлөгдсөнөөс хойш дараа, дараагийн төлбөрийг нэг ч удаа хугацаандаа төлөөгүй, нэхэмжлэгчийн шахалт шаардлагаар төлбөрийг төлдөг ч хугацааг хоцроож байснаас 2023 оны 05 дугаар сард 2023 оны 6, 7 дугаар сарын төлбөр, 2023 оны 08 дугаар сард 8, 9, 10 дугаар сарын төлбөрт нийт 10,000,000 төгрөг төлөөгүй ба 2022 оны 07 дугаар сараас 2023 оны 08 дугаар сарыг дуусталх СӨХ /цэвэрлэгээ, үйлчилгээ, харуул хамгаалалт үйл ажиллагааны зардал/ төлбөр нийт 1,110,725 төгрөг, контор нийт 995,710.00 төгрөг төлөөгүй байна.
Хариуцагчид орон сууц хөлсөлсний төлбөр болон ашиглалтын зардлыг төлж барагдуулахыг удаа дараа мэдэгдсэн хэдий ч шалтаг хэлж хойшлуулсаар ирсэн, гэрт нь очиход хаалгаа тайлж өгөхгүй, утас нь холбогдохгүй байсан тул гэрээгээ цуцалж, орон сууцыг чөлөөлөх тухай мэдэгдлийг 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр шуудангаар хүргүүлсэн.
Талуудын хооронд байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээний 3.6-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх-өөр заасан. Хариуцагч нь урьд өмнөх болон 2023 оны 05 дугаар сараас хойш хуваарьт төлбөрөө огт төлөөгүй тул хугацаа хэтрүүлсний алдангийг хариуцагчийн төлбөр төлсөн огноог үндэслэн тооцож нийт хугацаа хэтрүүлсний алдангид 15,950,000 төгрөг нэхэмжлэх эрхтэй боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг үндэслэн багасгаж 5,000,000.00 төгрөгийг нэхэмжилсэн.
Гэвч нэхэмжлэгч нь хариуцагчаас орон сууц хөлсөлсний 2023 оны 6, 7, 8, 9, 10 дугаар сарын төлбөр нийт 10,000,000 төгрөг, ашиглалтын зардал 2,106,435 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 5,000,000 төгрөг, нийт 17,106,435 төгрөгийг нэхэмжилснээс гадна мөн орон сууцнаас чөлөөлүүлэх шаардлага гаргасан. Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх явцад тухайн нэхэмжлэлээс орон сууцны төлбөрт 10,000,000.00 төгрөг, ашиглалтын зардалд 1,500,000.00 төгрөгийг төлсөн боловч алдангиас ямар нэгэн төлбөр төлөөгүй.
Нэхэмжлэгч талаас 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагчийн төлөөгүй үлдсэн алданги 5,000,000.00 төгрөг дээр дутуу ашиглалтын зардал 606,435.00 төгрөг, мөн 2023 оны 12 дугаар сар, 2024 оны 1 дүгээр сарын түрээсийн төлбөр тус бүр 2,000,00.00 төгрөг, нийт 4,000,000 төгрөгийг нэмсэн ба нийлүүлээд 9,785,680.00 төгрөг болсон. Гэтэл үүнийг хариуцагч нь хүлээн зөвшөөрөхгүй явж байгаад 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр орон сууыг хүлээлгэж өгсөн. Иймд, нэхэмжлэгч нь орон сууц хөлслөх гэрээний төлбөрт төлөөгүй үлдсэн 4,000,000.00 төгрөгөөс хариуцагчийн өгсөн дэнчин 2,000,000 төгрөгийг суутгаад үлдэх 2,000,000 төгрөг, алданги 5,000,000.00 төгрөгөөс татгалзаад 785,680.00 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ 6, 7, 8, 9, 10 дугаар сарын түрээсийн төлбөр болон СӨХ-ны 2 сая орчим төгрөгийг төлөхийг шаардсан байсан бол миний бие дээр дурдсан саруудын түрээсийн төлбөрийг бүрэн төлсөн бөгөөд СӨХ-нд 1,500,000.00 төгрөгийг бас тушаасан. Мөн орон сууцыг суллаж өгөхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын хувьд би гэр бүлийн хамт орон сууцыг суллах боломжгүйгээ мэдэгдэж байна. Учир нь, одоогоор манайх 2 сартай нялх хүүхэдтэй, бусад хүүхдийн хичээл сургууль, ажил төрөл, автозогсоолын түрээс гээд бүгд энэхүү орон сууцтай холбогдоотой.
Бид нар уг орон сууцанд 3-4 жил орчим амьдрах гэж тооцож амьдралын бүх асуудлаа төвлөрүүлсэн учир суллах боломжгүй. Цаашид цаг хугацаандаа төлбөрийг төлж байх тул асуудал үүсгэхгүй гэжээ.
Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:
1. Улсын тэмдэгтийн хураамжид 395,500.00 төгрөг төлсөн баримт,
2. Шүүхэд төлөөлөх итгэмжлэл,
3. Орон сууц хөлслөх гэрээ,
4. Итгэмжлэл,
5. Алдангийн тооцооллын хүснэгт,
6. СӨХ-ны төлбөрийн мэдээллийн баримт,
7. Нэхэмжлэх,
8. Төлбөрийн баримт,
9. -ийн харилцагчийн гүйлгээний баримт,
10. Төлбөр төлөлтийн түүхийн баримт,
11. С.Бат-Очирын Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга,
12. Шүүхэд төлөөлөх итгэмжлэл,
13. Төлбөрийн нэхэмжлэх,
14. Эвлэрэх санал гаргах тухай баримт,
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.*******гаас хариуцагч Э.*******д холбогдуулан орон сууцнаас албадан чөлөөлүүлэх, орон сууц хөлслөх гэрээний төлбөр 14,000,000.00 төгрөг, алданги 5,000,000.00 төгрөг, орон сууцны ашиглалтын зардал 2,285,680.00 төгрөгийг тус тус нэхэмжилсэн ба нэхэмжлэлийн шаардлагаасаа орон сууцнаас чөлөөлүүлэх, алданги 5,000,000.00 төгрөг, түрээсийн төлбөр 2,000,000.00 төгрөгөөс тус тус татгалзаж байна.
Тодруулбал, хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчид орон сууцыг хүлээлгэн өгч, урьд өмнө дэнчин гэж өгсөн 2,000,000.00 төгрөгийг төлбөртөө суутгуулж нийт 12,000,000.00 төгрөгийг төлсөн ба мөн ашиглалтын зардлаас 1,500,000.00 төгрөгийг төлсөн гэсэн.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Д.******* нь 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хариуцагч Э.*******тэй орон сууц хөлслөх гэрээ байгуулж *** тоот хаягт байрлах м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сарын 2,000,000.00 төгрөгөөр хөлслөхөөр тохиролцсон байна /х.х-ийн 6-9 хуудас/.
Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ. Тодруулбал, хариуцагч нь тухайн орон сууцыг аж ахуйн болон дүрэмд заасан үйл ажиллагаа явуулах зорилгоор ашиглах бус, харин амьдран суухаар өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан байна.
Ингээд зохигчдын тайлбараар нэхэмжлэгч нь орон сууцыг 2021 оны 02 дугаар сарын 01-ны өдөр хариуцагчид хүлээлгэн өгсөн үйл талаар маргаагүй ба хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээний хугацаа дууссан гэсэн үндэслэлээр орон сууцны эзэмшлийг 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгчид буцаан өгчээ.
3. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, орон сууц хөлслөх гэрээгээр үүрэг хүлээсэн зохигчид үүргийг тогтоосон газар, хугацаандаа гүйцэтгэх ёстой бөгөөд хэрэв тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үл биелүүлсэн тохиолдолд тэдгээрийг үүргээ зөрчсөнд тооцно.
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Э.*******д холбогдуулан орон сууцнаас албадан чөлөөлүүлэх, орон сууц хөлслөх гэрээний 2023 оны 6, 7, 8, 9, 10, 11, 12 сарын төлбөрт 14,000,000.00 төгрөг, мөн төлбөрийг тогтоосон хугацаанд гүйцэтгээгүй гэсэн үндэслэлээр алданги 5,000,000.00 төгрөг, орон сууцны ашиглалтын зардалд 2,285,680.00 төгрөгийг тус тус нэхэмжилсэн.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Э.******* нь нэхэмжлэгч Д.*******д 10,000,000.00 төгрөгийг урьд өмнө дэнчин гэж өгсөн 2,000,000.00 төгрөгийн хамт нийт 12,000,000.00 төгрөг төлсөн талаар зохигчид маргаагүйгээс гадна нэхэмжлэгчид орон сууцны эзэмшлийг хүлээлгэн өгч, ашиглалтын зардлаас 1,500,000.00 төгрөгийг төлсөн байна.
Энэ тохиолдолд Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.1-д Гэрээнд оролцогч нэг тал нь гэрээ байгуулсны нотолгоо болгон нөгөө талдаа төлбөл зохих төлбөрт оролцуулан урьдчилан өгсөн мөнгийг дэнчин гэнэ гэж зааснаар хариуцагчийн нэхэмжлэгчид дэнчингийн зориулалтаар өгсөн 2,000,000.00 төгрөгийг орон сууц хөлслөх гэрээний төлбөрт оруулж тооцно.
Талуудын байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар орон сууц хөлслөгч буюу хариуцагч Э.******* нь орон сууцыг ашиглахтай холбоотой зардлыг төлөх үүрэг хүлээсэн бөгөөд тэрээр нэхэмжлэгчийн нэхэмжилсэн орон сууцны ашиглалтын зардал 2,285,680.00 төгрөгөөс 1,500,000.00 төгрөг төлсөн талаар зохигчид маргаагүй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зааснаар хариуцагчийг орон сууцыг хүлээлгэн өгсөн болон орон сууц хөлслөх гэрээний хөлс, зардалд нийт 13,500,000.00 төгрөгийг төлсөн гэж үзнэ.
Ингээд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа алданги 5,000,000.00 төгрөг, орон сууц хөлслөх гэрээний төлбөр 2,000,000.00 төгрөг, нийт 7,000,000.00 төгрөгөөс татгалзсан тул хариуцагчийн төлбөл зохих төлбөр нь орон сууцны ашиглалтын зардлаас дутуу төлсөн 785,680.00 төгрөг байх тул үүнийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасныг үндэслэн хариуцагч Э.*******эс 785,680.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 395,500.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 23,406.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ