Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2022/ДШМ/01

 

 

 

 

 

 

 

Э.Ч-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор С.Сүрэнхорол

            Хохирогч Б.Э

            Хохирогчийн өмгөөлөгч Ч.Даваасүрэн /цахим сүлжээгээр/

            Нарийн бичгийн дарга З.Анхбаяр нарыг оролцуулан,

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/394 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Э-ийн өмгөөлөгч Ч.Даваасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Э.Чт холбогдох эрүүгийн 2134000000281 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 

 

Э.Ч нь Төв аймгийн Зуунмод сумын .. дугаар баг ... тоот хашааны гадаа 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 22 цагийн үед иргэн Б.Эг өөрийн эхнэр О.О-тэй хардаж, улмаар нүүр, толгой хэсэг рүү нь цохиж зодсоны улмаас хамар ясны зөрүүтэй хугарал, зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, хамар, зүүн нүдний доод зовхи, хацар, чихний дэлбэн, хүзүүнд цус хуралт, хамар, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн Прокурорын газраас Э.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Э-ны Чыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Шүүгдэгч Э.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Ч нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Ч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, хохирогч Б.Э нь эрүүл мэнддээ учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогч Б.Э-ийн өмгөөлөгч Ч.Даваасүрэн гаргасан давж заалдах гомдолдоо: Э.Ч нь хохирогч Б.Э-ийн биед хамар ясны зөрүүтэй хугарал, зүүн чихний хэнгэрэг хальсны цоорол, хамар, зүүн нүдний доод зовхи, хацар, чихний дэлбэн, хүзүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт зэрэг олон тооны шарх гэмтлүүдийг тус тус учруулан, хохирогч Б.Э-ийн хамар ясны бяцарсан хугарал засуулах мэс заслын хагалгаанд орсон эмчилгээний зардлаас нэг ч төгрөгийн хохирол төлөөгүй байхад анхан шатны шүүх үндэслэлгүйгээр хэргийг хөнгөрүүлж, доод хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн нь хэтэрхий нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн.

 

Хохирогч хохирлын баримтаа аваад мөрдөгч дээр очтол хэргийг прокурорт шилжүүлсэн гэдэг, прокурорт өгөх гэтэл авахгүй шүүхэд өг “...овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ гэдэг шиг чи айлын эхнэртэй уулзаагүй бол ийм асуудал болохгүй байсан юм...” гэж загнаад хохирлын баримтыг нь аваагүй байдаг.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1-8-д заасан мөрдөн байцаалт дууссан бол хавтаст хэргээс өөрт хамааралтай хэсэгтэй танилцах, нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлт гаргах, энэ зүйлийн 1.9-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйл “Хавтаст хэргийн материал танилцуулах”, энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөгч мөрдөн шалгах ажиллагааг дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл яллагдагч, хохирогч, бусад оролцогч, өмгөөлөгчид хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдэнэ, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагаа дууссаныг мэдэгдсэний дараа яллагдагч, хохирогч, бусад оролцогч, өмгөөлөгчид хавтаст хэргийн материалыг танилцуулж тэмдэглэл үйлдэнэ, 3 дахь хэсэгт заасан хэргийн материалтай энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан оролцогч, мөрдөгчөөс тогтоосон хугацаанд танилцах ба мөрдөгч хэргийн материалтай танилцах боломж нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн заалтыг тус тус зөрчсөн.

 

Анхан шатны шүүх хохирогч болон түүний өмгөөлөгчийг байлцуулахгүйгээр шүүх хурлаа хуралдсан. Хохирогчийн өмгөөлөгч 2021 оны 10 дугаар сарын 27-ны 11:00 цагт Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шүүгдэгчийн өмгөөлөгчөөр шүүн таслах ажиллагаанд оролцож, уг хурал 11:00-13:30 хүртэл үргэлжилсэн. Энэ байдлаа Т.Батжаргал шүүгчийн туслахад хэлж хүсэлтээ явуулах гэж 2021 оны 10 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд утасдаж, мессеж бичсэн боловч хариу өгөхгүй, холбогдох боломжгүй байсан. Арга буюу ерөнхий шүүгчийн туслах руу утасдаж хэлсэн. Тэр даруй тухайн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Самбуу одоо Улаанбаатар хотоос гараагүй бол дараагийн бүрэлдэхүүнтэй хурлыг нь оруулчихъя, оройтох л байх гэсэн. Тэгээд яваад Төв аймгийн хаалга өнгөрөөд уруудаад явж байтал хурал болоод дууссан гэсэн мессеж ирүүлсэн.

 

Иймд хохирогчийн Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийг ноцтой зөрчсөн байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, хийгдвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэд хийлгүүлж хэргийг эцэслэн шийдвэрлүүлж өгнө үү. Шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүйг анхаарч үзнэ үү гэжээ.

 

Хохирогч Б.Э-ийн өмгөөлөгч Ч.Даваасүрэн /цахим сүлжээгээр/ тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Мөрдөн байцаалтын шатанд мөрдөгч болон прокурор хохирогч болон түүний өмгөөлөгч намайг хэргийн материалтай танилцуулаагүй, хохиролтой холбоотой баримтыг хүлээн авалгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчин хохирогчийн эрх ашгийг хангаагүй. Б.Энх-Амгалангийн биед буюу хамарт нь учирсан гэмтэл ясны хугарал бус бяцралт байгаа. Анхан шатны шүүх үндэслэлгүйгээр шүүгдэгчийн эрх ашгийг хамгаалаад оногдуулах ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү гэв.

 

Хохирогч Б.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нийт 3 төрлийн хагалгаа хийлгэсэн бөгөөд хамрын ясны бяцралт гэмтэл учирсан байгаа. Хамраа бүрэн гүйцэд эдгэсний дараа дараагийн шатны хагалгаанд орох боломжтой болно гэсэн. Нийт 10 гаран сая төгрөгийн эмчилгээ хийлгэсэн, эмчилгээний зардлыг нөхөн гаргуулж өгнө үү, гомдолтой байна гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор С.Сүрэнхорол тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хохирогчид хэргийн материал танилцуулсан, тухайн хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдсэний дараа хохирогч Б.Энх-Амгалан хохиролтой холбоотой нотлох баримт гаргаж өгсөн учир шүүхэд уг баримтуудаа гаргаж өгөх талаар хэлсэн. Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд хохирогчийн эрх, үүргийг зөрчсөн асуудал байхгүй, шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд хуульд заасан ял оногдуулан, хохирлыг цаашид жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээн шийдвэрлэсэн тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх дүгнэлтийг гаргаж байна гэв.

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдан анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаануудаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзвэл Э.Ч нь 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 22 цагийн үед Төв аймгийн Зуунмод сумын .. дугаар баг ... тоот хашааны гадаа Б.Э-г өөрийн эхнэр О.О-эй хардаж, улмаар түүний нүүр, толгой хэсэг рүү нь цохиж хамар ясны зөрүүтэй хугарал, зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, хамар, зүүн нүдний доод зовхи, хацар, чихний дэлбэн, хүзүүнд цус хуралт, хамар, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх хэргийн үйл баримт нь мөрдөн байцаалтын шатанд Б.Э-ийн хохирогчоор мэдүүлсэн “...О.О-ийг гэрийнх нь үүдэнд авчирч ирээд машиндаа юм яриад сууж байтал О.О-ийн нөхөр Ч гэнэт хүрч ирээд хойд суудалд сууж байсан О.Оюунтүлхүүрийг буулгаж загнаад намайг машинаас гаргаж ирээд баруун гараараа миний нүүр рүү 10 орчим удаа цохиод, хамар руу 2-3 удаа өшиглөөд намайг машин руу цамцны захаар боосон..., ...О.О голоор орж намайг салгаад эмнэлэг рүү аваад явж байхад нөхөр нь араас ирээд О.Оюунтүлхүүрийг аваад явсан...” гэх[1],

 

О.О-ийн гэрчээр мэдүүлсэн “...22 цагийн орчим бид хоёр гэрийн гадаа ирээд машинд нь юм яриад сууж байтал манай нөхөр ирээд Б.Э-г зодчихсон..., ...хэдэн удаа цохсоныг мэдэхгүй байна..., ...гараараа нүүр рүү нь цохисон, хамраас нь цус гарсан тэгээд би дундуур нь орж салгасан..." гэх[2] мэдүүлгүүд,

 

Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 256 тоот “...Б.Э-ийн биед хамар ясны зөрүүтэй хугарал, зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, хамар, зүүн нүдний доод зовхи, хацар, чихний дэлбэн, хүзүүнд цус хуралт, хамар, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо..., ...дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна..., ...эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх[3],

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй хийсэн 641 дугаар “...Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 256 дугаар шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна, Б.Э-ийн хамар ясны зөрүүтэй хугарал гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэн байх боломжтой шинэ гэмтэл байна, Б.Э-ийн биед үүссэн хамар ясны зөрүүтэй хугарал, зүүн чихний хэнгэрэг хальсны цоорол, хамар, зүүн нүдний доод зовхи, хацар, чихний дэлбэн, хүзүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтлүүд тогтоогдсон байх ба эдгээр гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хамар ясны хугарал, зүүн чихний хэнгэрэг хальсны цоорол нь тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Бусад гэмтлүүд нь хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэнийг шинжээч эмч нарийвчлан тогтоох боломжгүй. Хамар яс хэр гүн хугарсныг компьютер томографын шинжилгээгээр тогтоогоогүй байна. Хамар ясны хугарлын үед өвөрмөц шинж илрэхгүй, харин тухайн хэсэгт эмзэглэлтэй болох, хамраас цус гарах, орчны эдэд няцрал, цус хуралт, зулгаралт, шарх үүсэх шинж тэмдэг илэрч болно. Эдгээр шинж тэмдэг нь гэмтэл авсан даруйд илэрнэ..." гэх[4] шинжээчийн дүгнэлтүүд болон Э.Чын мөрдөн байцаалт болон анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн өөрийн үйлдсэн гэмт хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Мөрдөн байцаалтын шатанд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, дээр дурдагдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

 

Прокуророос Э.Чын үйлдсэн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн Эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан хэргийн зүйлчлэлийг зөв тогтоожээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудад тулгуурлан прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцсэн, шүүгдэгч Э.Чт прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийн хүрээнд, хуульд заасан төрөл хэмжээний ял оногдуулан шийдвэрлэсэн түүний үйлдсэн гэмт хэргийн бодит байдал, нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, учруулсан хохирол хор уршигийн шинж чанар, хувийн байдал зэрэгт тохирсон байна.

 

Хохирогч Б.Э-ийн өмгөөлөгч Ч.Даваасүрэн “...мөрдөн байцаалт болон прокурорын шатанд хохирогч, хохирогчийн өмгөөлөгчид хэргийн материал танилцуулаагүй, анхан шатны шүүх шүүгдэгчид оногдуулах ялыг үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн өөрчилж торгох ялыг доод хэмжээгээр нь тогтоон оногдуулсан, хохирогч болон түүний өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй нь Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийг ноцтой зөрчсөн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан.

 

Хавтаст хэргийн 7 дугаар талд авагдсан “Хохирогчоос дахин мэдүүлэг авсан тэмдэглэл”-д хохирогч Б.Э “...өмгөөлөгч Ч.Даваасүрэн ковид-19 өвчний ойрын хавьтал болсон..., ...хохирол ойролцоогоор 10 орчим сая төгрөг гарсан..., ...баримтаа шүүхийн шатанд гаргаж өгнө...” хэмээн мэдүүлсэн байдаг ба мөрдөгч мөн өдрөө түүнд хавтаст хэргийн материалыг танилцуулан баримт үйлдэн гарын үсэг зуруулж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналаа прокурорт[5] гаргасан байх тул мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 зүйлийг зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.

 

Хэдийгээр хэргийн материалд талуудад шүүх хуралдааны тов мэдэгдсэн талаар баримт авагдаагүй хэдий ч давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Б.Э-ийн гаргасан “...шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч би Увс аймагт ажилтай явж байсан тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй гэдгээ хэлсэн...” гэх болон түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэнгийн “...надад хуралдааны товыг 3-4 хоногийн өмнө мэдэгдсэн...” гэх тайлбаруудаас үзвэл анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчин хохирогчийн хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан гэх үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Мөн өмгөөлөгч Ч.Даваасүрэн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаан давхацсан тул энэ байдлаа шүүгчийн туслахад мессежээр, ерөнхий шүүгчийн туслахад утсаар мэдэгдсэн гэж давж заалдах гомдол гаргасан хэдий ч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг хэрэглэн тусгай ангид заасан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт хэрэглэвэл зохих тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгогдсон онцгой эрх байдаг.

 

Шүүх, шүүгчид дээрх хуулиудаар эрх олгосон хэм хэмжээг хэрэглэн хууль тогтоогчоос тогтоосон хэм хэмжээний хүрээнд хэргийн болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэн оногдуулсан төрөл, хэмжээний ялыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэж үзэх үндэслэл болохгүй.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийн хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, хохирогч Б.Э нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээн шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэн буруутгах хууль зүйн боломжгүй юм.

 

Иймд хохирогчийн өмгөөлөгч Ч.Даваасүрэнгийн гаргасан давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/394 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.Э-ийн өмгөөлөгч Ч.Даваасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                       ШҮҮГЧИД                                             Т.ЭНХМАА

 

                                                                                     М.МӨНХДАВАА

 

[1] хх-ийн 6-р тал

[2] хх-ийн 9-р тал

[3] хх-ийн 13-р тал

[4] хх-ийн 20-23-р тал

[5] хх-ийн 7, 43-р тал