Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 394

 

            

 

 

 

 

 

 

                     

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,   

            Нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,     

            Улсын яллагч Д.Ууганцэцэг,     

            Хохирогч А.Ө, түүний өмгөөлөгч М.Энхжаргал, Б.Өлзийбаяр,

            Шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Б.Одбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ... Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2017 2601 0142 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ..., 26 настай, эрэгтэй, бага боловсролтой, токарьчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эцэг, эх, дүү нарын хамт ... тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 ,147 дугаар зүйлийн 147.2, 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 11 сарын хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Өршөөл үзүүлэх комиссын 801 дугаартай тогтоолоор эдлээгүй үлдсэн 2 жил 6 сар 26 хоногийн ялыг өршөөн сулласан,

2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 434 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ялаар шийтгүүлэн, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн  2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 78 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 9 сар 13 хоногийн ялыг хугацааны өмнө тэнсэн сулласан, Б овгийн С-н Б /РД:...

 

Үйлдсэн хэргийн талаар: 

            Шүүгдэгч С.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 01 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө ... 16 дугаар хороо, “...” баарны үүдэнд “Найз Ц-г зодлоо” гэх шалтгаанаар иргэн А.Өтэй маргалдан, улмаар түүний зүүн шанаа орчим гараараа цохиж, эрүүл мэндэд нь “зүүн чамархайнаас доош хөхлөг сэртэн дайрсан шугаман хугарал, баруун мөр, зүүн тохойд зулгаралт, баруун, зүүн чихний сонсгол бууралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг  шинжлэн судлав. Үүнд:      

            - гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-3/,

            - таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /хх-16-18/,

- хохирогч А.Ө мөрдөн байцаалтын шатанд өгсөн...Би яг хэзээ гэдгийг нь мэдэхгүй байна. Яармагт танилцсан бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй Төрөө гэж найзтайгаа дэлгүүр ороод явж байгаад таарсан. Тухайн өдөр нь 5 дахь өдөр байсан болохоор ойрд уулзаагүй явж шоудъя гэж ярилцаад бид 2 Яармагаас автобусаар яваад Хархорин захын автобусны буудал дээр бууж нэрийг нь мэдэхгүй автобусны буудлын ард талд байдаг нэг газар орсон. Тэнд 2-3 пиво уусан. Тэндээс гарсан шиг санагдаад байна. Түүнээс хойш би юу болсныг сайн мэдэхгүй байна. Миний дотор муухайраад, би цусаар бөөлжсөн. Мөн толгой аймаар хатгаж өвдөөд, явахаар ухаан алдаж унах гээд байгаа юм шиг болоод байсан. Тэгээд түргэн дуудаж эмч ирээд гэмтлийн эмнэлэг рүү намайг авч ирсэн. 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр бусдад зодуулснаас хойш 2-3 хоногийн дараанаас эхлэн юм сонсогдох нь бүдгэрч сонсгол мэдрэгдэхүйц буурч эхэлсэн... гэх мэдүүлэг /хх-20/,

            - хохирогч А.Ө шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн...2017 оны 01 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө би бааранд бүжиглэж байтал шүүгдэгчийн найз нь бүжгийн талбай дээр намайг түлхсэн бөгөөд үүнээс болж маргаан болсон. Удалгүй хамгаалагч нь тэр залууг аваад гарсан. Дараа нь намайг дагуулаад гарсан. Гадаа гараад би тэр залуутай юм яриад байж байтал нэг хүн шилээр чих рүү цохисон, камергүй газар байсан. Пивоны шилээр цохиулаад би газар унасан. Эргээд баар луу хувцсаа авах гээд ортол толгой эргээд байхаар нь найзыгаа дуудаад такси бариад гэр рүүгээ харьсан. Гэртээ очсон хойно толгой эргээд бөөлжөөд байсан. 2-3 хоногийн дараа цусаар бөөлжөөд эхлэхээр нь ээжид хэлээд эмнэлэгт үзүүлсэн гэв.

- гэрч Б.Э-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Өтэй Яармагийн худаг дээр таарч Ө надад 2-уулаа өнөөдөр жаахан баардъя гэхээр нь түүнтэй хамт Яармагаас автобусаар Хархорин захын хойд талын автобусны буудал дээр ирж буусан. Буудлын хойно байх бааранд 20 цагийн орчимд орсон...Талбай дээр гараад бүжиглэж байхад Ө мөрбек тамхиллаа гээд гарсан...Өийн гарснаас хойш 10-15 орчим минутын дараа уг баарны зөөгч бололтой залуу намайг бүжиглэж байхад ирээд танай найз чинь хэдэн залуучуудтай муудалцаад гадаа зодуулаад байна шүү дээ гэхээр нь гараад очсон чинь баарны үүдэнд доошоо тонгойж тохойгоороо өвдгөө тулаад аль билээ нэг гараараа чихээ дараад чих юм сонсохоо больчихлоо андаа гээд байсан...Намайг дуудсан залуу баарны үүдэнд зогсож байхаар нь манай найзыг хэн зодсон бэ, чи зодчихсон юм биш үү гэж би түүнээс асуухад зодсон залуус нь хойшоо явчихсан гэж надад хэлсэн...гэх мэдүүлэг /хх-22/,

- гэрч Б.М-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Х баарны үүдэнд ...бүтэн нэрийг нь мэдэхгүй найз Ц ганцаараа нилээн халаалттай /согтуу/ зогсож байсан. Би түүнтэй ... баар орохоор явсан...Ц-тэй хамт ... бааранд очиход Цгийн найз бүтэн нэрийг нь мэдэхгүй Б нэг залуутай 6 нийслэл пиво захиалчихсан сууж байсан...Бүжгийн талбайд бүжиглэж байсан чинь Ц нэг залуутай муудалцаж байх шиг байсан. Тэгээд бүжиглэж байгаад нэг харсан чинь Ц бүжгийн талбай дээр байхгүй байсан...Би баарнаас гарахад дээгүүрээ цээж нүцгэн залуу подволкоо гартаа барьчихсан зогсож байсан. Тэгтэл тэр цээж нүцгэн залуугийн найз нь юмуу нэг залуу баарнаас гарч ирээд юу болсон, яасан юм бэ, хэн зодсон юм бэ гэж байсан. Ц хажууд нь зогсож байснаа над руу зааж наадахтай чинь явж байсан залуучуудтай зодолдсон гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-23/,

- гэрч А.Э-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 11 цагийн орчимд гэрээсээ гарсан..намайг өглөө унтаж байхад Ө гараад явсан...манай эхнэр А Ө мөрбек согтуу ирвэл яах юм бэ гээд над руу ярьсан...удалгүй гэртээ очиход Ө унтаж байсан. Харахад ил харагдах шарх харагдаагүй. 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр эхнэр бид 2 гэрээс гарсан...гарахад толгой өвдөөд байна, мөн огиулаад байсан...2017 оны 01 дүгээр сарын 15-өдөр мөн эхнэр охинтойгоо гадагшаа гарсан ба Ө найз охинтойгоо гарч ирээгүй....найз охиныдоо байхдаа толгой өвдөөд байна гээд түргэн дуудсан байсан..тэгээд гэмтлийн эмнэлэгт хүргэгдэж гавал тархины тасагт хэвтсэн...гэх мэдүүлэг /хх-24/, 

- гэрч Э.Ц-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 01 дүгээр сарын 13-ны орой 00:30 цагийн орчимд бүжгийн талбай дээр манайхаар үйлчлүүлж байсан 2 залуу муудалцаж бие биенээ түлхэхэд нэг залуу нь шалан дээр унасан. Тэгэхээр нь түлхсэн залууг баарнаасаа авч гараад чамайг оруулахгүй, соёлтой үйлчлүүлж чадахгүй байна гэж хэлээд зогсож байтал нөгөө унасан залуу араас гараад ирсэн. Тэгтэл баарны үүдэнд тэр 2 бие биенийгээ харилцан нэг удаа нүүр толгой руугаа гараараа цохилцсон. Тэгтэл түлхэж унагасан залуутай хамт явсан залуу хажууд зогсож байгаад унасан залуугийн толгой руу нь гараараа зүүн чих орчим нь нэг удаа цохисон...Түлхэж унагаасан залуу эрүү орчимд нь цохисон. Нөгөө залуу нь бас түлхэж унагаасан залуугийн нүүр рүү нь цохисон. Энэ үед түлхэж унагаасан залуугийн найз нь ...хаалганы ойролцоо зогсож байгаад түлхүүлж унасан залуугийн зүүн талынх нь чих чамархай орчим нэг удаа цохисон. Тэгээд нөгөө залуу унасан...Тэр залуу цохиулж унаад босч ирээд зүүн гараараа чих орчмоо дараад “яаая яаая” гэж байсан...гэх мэдүүлэг /хх-27-29/,

- гэрч Ц.Ч-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Ө сонсголын бичлэгт дүгнэлт бичсэн...Сонсголын бичлэгээр сонсгол бууралтыг шинэ, хуучин гэж ялгах боломжгүй... сонсгол бууралтын шалтгааныг тодорхойлох боломжгүй. А.Ө баруун, зүүн чихний сонсгол бууралт зүүн чамархайнаас доош хөхлөг сэртэн дайрсан шугаман хугарал гэмтлээс үүссэн байх магадлалтай.. А.Ө мөрекийн сонсгол бууралт эдгэрэхгүй. Яагаад гэвэл чихний мэдрэлийн эсүүд гэмтсэн...гэх мэдүүлэг /хх-169/,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1803 дугаартай шинжээчийн:...

1. А.Ө биед зүүн чамархайнаас доош хөхлөг сэртэн дайрсан шугаман хугарал, баруун мөр, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь учрах үедээ амь биед аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна...гэх дүгнэлт /хх-35/,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 399 дугаартай шинжээчийн:...А.Ө баруун чихний сонсгол үлэмж хэмжээгээр /10-35 Дц балл/ бууралт, зүүн чихний сонсгол бүрэн /90-100 Дц балл/ бууралт тогтоогдлоо. Уг сонсгол бууралт нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд 30% нөлөөлөх тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.8.39.1, 4.8.39.3-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-36/,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн №681 дугаартай хэргийн материалаар хийсэн шинжээчийн:...

1. Шинжээч эмч Б.Д-н 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1803 дугаартай, нэмэлт шинжилгээ хийж гаргасан 399 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна.

2.3. А.Ө биед зүүн чамархайнаас доош хөхлөг сэртэн дайрсан шугаман хугарал, баруун мөр, зүүн тохойд зулгаралт, баруун чихний сонсгол үлэмж хэмжээгээр /10-30 Дц балл/ бууралт, зүүн чихний сонсгол бүрэн /90-100 Дц балл/ бууралт гэмтлүүд нь нийлээд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун чихний сонсгол үлэмж хэмжээгээр /10-30 Дц балл/ бууралт, зүүн чихний сонсгол бүрэн /90-100 Дц балл/ бууралт нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 30% алдагдуулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.8.39.1, 4.8.39.3-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун мөр, зүүн тохойн зулгаралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. 2017.01.13-ны өдрөөс өмнө А.Ө нь баруун, зүүн чихний архаг хууч өвчтэй байсан гэх эмнэлгийн бичиг баримт байхгүй байна.

5. А.Ө баруун чихний сонсгол үлэмж хэмжээгээр /10-30 Дц балл/ бууралт, зүүн чихний сонсгол бүрэн /90-100 Дц балл/ бууралт нь хөхлөг сэртэн дайрсан шугаман хугарал гэмтлээс болж үүссэн эсэхийг тогтоох боломжгүй...гэх дүгнэлт /хх-175-176/,

- шинжээч эмч Б.Д-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн...А.Ө биед учирсан гавал тархины гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Тухайлбал мохоо эд зүйлээр нэг удаа цохих, эсвэл атгасан /хүний/ гараар маш хүчтэй нэг удаа цохих үед үүсэх боломжтой. ...Баруун мөр, зүүн тохойд зулгаралт тогтоогдсон нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...Зүүн чамархайн хөхлөг сэртэн дайрсан шугаман хугарлаас болж чихний сонсгол буурах гэмтэл үүсэх боломжтой боловч А.Ө хувьд өвчний түүхээс харахад зүүн чихний хуучин архаг бууралттай байсан ба гэмтэл авснаас хойш сонсгол нь дахин нэмж буурах, эсвэл өөрийн архаг хууч өвчний явцад сонсгол буурсан эсэхийг нарийвчлан тогтоох ямар нэгэн боломжгүй. Зүүн чихний сонсгол бууралтын явцад баруун чихний сонсголд нөлөөлөх бүрэн боломжтой ба сонсгол бууралтын гэмтлийг хөхлөг сэртэн дайрсан шугаман хугаралтай холбоотой эсэхийг тогтоож чадахгүй. Энийг тогтоох боломжгүй байгаа учир гэмтэл авснаас хойш сонсгол буурсан гэдгийг баттай хэлэх боломжгүй юм. ...Дээрх гэмтлүүд нь зэрэг нэг цаг хугацаанд, нэг цохилтоос үүсэхгүй. Харин зулгаралт гэдэг нь аливаа мохоо зүйлд шүргэх, үрэх, нидрэх үед үүсдэг. ...Гэмтлийн эмчийн тавьсан онош нь тархины хүнд зэргийн няцрал гэсэн байх бөгөөд компьютерт томографийн шинжилгээг харахад хүнд зэргийн няцрал гэмтэл тогтоогдоогүй тул дүгнэлтэд тусгаагүй. ...Би байцаалтандаа сонсгол бууралтыг хэзээ үүссэнийг тогтоох боломжгүй гэдгийг хэлсэн байгаа. Сонсголын бичлэгээр сонсгол бууралт хэзээ үүссэнийг тогтоох боломжгүй, тухайн үеийн сонсголын түвшин тогтоогддог юм...гэх мэдүүлэг /хх-47-49, 171/,

- шинжээч эмч О.Б-н мөрдөн байцаалтын шатанд:...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасны дагуу нэг хүнд хэд хэдэн гэмтэл байх юм бол хамгийн хүнд гэмтлээр гэмтлийн зэрэг тогтооно гэж заасан байдаг учир дүгнэлтэнд гэмтлүүдийг нийлүүлээд гэмтлийн хүнд зэрэгт хамааруулсан. Харин дүгнэлтэнд тусгагдсан гэмтлүүдийг салгаж хэлэх юм бол хөхлөг сэртэн дайрсан шугаман хугарал нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Чихний сонсгол бууралт нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...Уг бичлэгт А.Ө тухайн үеийн сонсголын байдлыг харуулсан байсан. Уг сонсголын бичлэгээс урд өмнө сонсгол бууралт өвчтэй байсан эсэхийг мэдэх боломжгүй. ...А.Өчихний сонсгол бууралт гэмтлийн үүссэн шалтгааныг тогтоох боломжгүй байгаа учир эдгэрэлтийн талаар тайлбарлах боломжгүй...гэх мэдүүлэг /хх-170/,

- яллагдагчаар Д.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад нэг согтуу нөхөр намайг чи яагаад шүргээд байгаа юм бэ гээд намайг түлхсэн. Тэгэхээр нь би бас зөрүүлж нөгөө залууг түлхээд бид 2 маргалдаж эхэлсэн чинь баарны ажилтнууд бид 2-ыг гар гээд гаргасан. ...Тэгээд бид 2 баарнаас гарахад хохирогч залуу намайг элдэв янзаар хэл амаар доромжлоод байсан. Би ч бас доромжлоод бид 2 ойрхон зайтай маргалдаад байж байхад хажуунаас Б ирээд хохирогчийг толгой руу нь цохиод авсан. ...Хохирогч залуу Бт цохиулаад газар уначихаад босч ирээгүй. ...Тэгээд тэр хавьд байсан хүмүүс хохирогчийг босгосон юм шиг байна лээ. ...Би ямарч байсан хохирогч надтай маргалдаж байхад Б хажуугаас орж ирээд толгой руу нь цохихыг харсан. Дахиж цохисон эсэхийг мэдэхгүй байна...Би хохирогчтой зодолдсон ноцолдсон асуудал байхгүй...гэх мэдүүлэг /хх-76-80/,

- шүүгдэгч С.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ...орой 22 цагийн орчимд шиг санаж байна. Ц бид 2 гэрээс нь гарч яваад Хархорины хойно байх Х бааранд орж бид 2 нэг нэг Нийслэл пиво уусан. Тэгээд тэндээсээ ... баар руу очсон. ...Тэнд 6 шил нийслэл пиво захиалсан. ...Намайг бүжгийн талбай дээр бүжиглэж байхад зүс таних залуу надад Ц-г хүн дээрэлхээд байна гэж хэлэхээр нь би найзыгаа өмөөрч гарсан. Тэгэхэд тэр залуу Ц-тэй маргалдсан байдалтай зогсож байхаар нь зодчихсон юм. ...Би хохирогч ямар хүн байсныг ч одоо санахгүй байна. Ямарч байсан надад хэн нэг нь найз чинь хүнтэй муудалцаад байна гэж хэлэхээр нь би баарнаас гарсан. Тэгтэл баарны үүдэнд Ц нэг залуутай маргалдаад зогсож байсан. Тэгэхээр нь би найзыгаа өмөөрөөд түүнтэй маргалдаж түүний нүүр, толгой руу нь гараараа цохисон. Тэр ч намайг цохиж байсан. Хохирогчийг өөр хэн нэгэн хүн цохиж зодож байхыг би хараагүй юм. ...Би гараараа Өийн зүүн шанаа орчимд нь 2 удаа цохисон. ...Би Өтэй муудалцаад цохиход Ө намайг нүүр, хамар руу гараараа цохисон. Миний дагзыг маажсан. Миний хамраас цус гарсан. Зүүн нүдний доор шалбарсан байсан. ...Намайг гарч ирэхэд Ө Ц 2 маргалдаад зогсож байсан. Түүнээс биш Ц Өийг цохиж зодоогүй...гэх мэдүүлэг /хх-69-74/

- шүүгдэгч С.Бын хувийн байдалтай холбоотой баримтууд: - ял шалгах хуудас /хх-82/, - Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоол /хх83-88/, - Өршөөл үзүүлэх комиссын 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 801 дугаартай тогтоол /хх-89/, - суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт /хх-90/, - Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 434 дугаартай шийтгэх тогтоол /хх-90ар-95/,  Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 78 дугаартай “ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах тухай” захирамж /хх-95ар-97/ зэрэг болно.   

 

 Шүүгдэгч С.Б нь 2017оны 01 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, “...” баарны үүдэнд “Найз Ц-г зодлоо” гэх шалтгаанаар иргэн А.Өтэй маргалдан, улмаар түүний зүүн шанаа орчим гараараа цохиж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:     

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1803 дугаартай шинжээчийн: А.Ө биед зүүн чамархайнаас доош хөхлөг сэртэн дайрсан шугаман хугарал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь учрах үедээ амь биед аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна /хх-35/,

- А.Ө баруун чихний сонсгол үлэмж хэмжээгээр /10-35 Дц балл/ бууралт, зүүн чихний сонсгол бүрэн /90-100 Дц балл/ бууралт тогтоогдлоо. Уг сонсгол бууралт нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд 30% нөлөөлөх тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.8.39.1, 4.8.39.3-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-36, 175-176/,

- шинжээч эмч Б.Д, О.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-47-49, 171, 170/,   

- гэрч Э.Ц-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 01 дүгээр сарын 13-ны орой 00:30 цагийн орчимд бүжгийн талбай дээр манайхаар үйлчлүүлж байсан 2 залуу муудалцсан....хаалганы ойролцоо зогсож байгаад түлхүүлж унасан залуугийн зүүн талынх нь чих чамархай орчим нэг удаа цохисон. Тэгээд нөгөө залуу унасан...Тэр залуу цохиулж унаад босч ирээд зүүн гараараа чих орчмоо дараад “яаая яаая” гэж байсан...гэх мэдүүлэг /хх-27-29/,

- гэрч Б.Э-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн :...гараад очсон чинь Ө баарны үүдэнд доошоо тонгойж тохойгоороо өвдгөө тулаад аль билээ нэг гараараа чихээ дараад чих юм сонсохоо больчихлоо андаа гээд байсан...гэх мэдүүлэг /хх-22/,  

- яллагдагчаар Д.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...бид 2 ойрхон зайтай маргалдаж байхад хажуунаас Б ирээд хохирогчийг толгой руу нь цохиод авсан. Дахиж цохисон эсэхийг мэдэхгүй байна...Би хохирогчтой зодолдсон ноцолдсон асуудал байхгүй...гэх мэдүүлэг /хх-76-80/,  

- шүүгдэгч С.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...би найзыгаа өмөөрөөд түүнтэй маргалдаж түүний нүүр, толгой руу нь гараараа цохисон. Тэр ч намайг цохиж байсан...Би гараараа Өийн зүүн шанаа орчимд нь 2 удаа цохисон. Намайг гарч ирэхэд Ө Ц 2 маргалдаад зогсож байсан. Түүнээс биш Ц Өийг цохиж зодоогүй...гэх мэдүүлэг /хх-69-74/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч С.Быг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.   

Шүүгдэгч уг гэмт хэргийг үйлдэхдээ хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзэх үндэслэл, баримт тогтоогдоогүй, шүүгдэгч урьд ял шийтгүүлж байсан хэдий ч 2015 оны Эрүүгийн хуулийн дагуу анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.  

Хохирогч А.Ө нь 25.700.000 төгрөг нэхэмжилсэн /х-131/ байх 2.026.449 төгрөгийн хохирол нь нотлох баримтын шаардлага хангасанд тооцогдсон ба шүүгдэгч уг баримт бүхий хохирлыг төлөхөө илэрхийлсэн, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулав.  

Шүүгдэгч С.Б нь 2017 оны 01 дүгээр сарын 20-ны /х-53/ өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 26-ны /х-208/ өдрийг хүртэл 187 хоног цагдан хоригдсон, хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй.        

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:    

 

1. Шүүгдэгч С.Б-ыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ыг 3  жил хорих ялаар шийтгэсүгэй.  

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Бт оногдуулсан 3 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Бын цагдан хоригдсон 187 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

5. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч С.Б-с 2.026.449 төгрөг гаргуулж, хохирогч А.Ө олгож, уг хохирлыг 1 /нэг/ жилийн хугацаанд төлөхийг шүүгдэгчид үүрэг болгосугай.    

            6. Хохирогч А.Ө гэмт хэргийн улмаас учирсан гэх бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг болон уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч С.Б-ыг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тооцсугай.      

8. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            9. Прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

            10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч С.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ГАНБААТАР