| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2023/07704/И |
| Дугаар | 101/ШШ2024/01897 |
| Огноо | 2024-04-09 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 101/ШШ2024/01897
| 2024 04 09 | 101/ШШ2024/01897 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** тоот хаягт байрлх ******* /рд:*******/-ийн гаргасан,
Хариуцагч: Улаанбаатар хот, *** тоот хаягт оршин суух ******* овогт *******ын ******* /рд:*******/-д холбогдох 9,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч Б.*******, гэрч , , нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Б.******* нь манай компанийн өмчлөлийн *** давхарын *** м.кв талбайтай 5 өрөө үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг салоныг түрээслүүлэх зарын дагуу ирж тоног төхөөрөмж, тохижилтын хамт 1 /нэг/ жил түрээслэхээр тохирсон. Талууд түрээсийн төлбөрийг 1 /нэг/ сарын 5,000,000.00 төгрөгийг сарын бүрийн 02-ны өдөр төлж байхаар гэрээ байгуулж, хариуцагч нь салоныг хүлээж авсан.
Гэрээнд зааснаар барьцаа хөрөнгө болох 5,000,000.00 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр шилжүүлэх ёстой байсан боловч хариуцагч тал 1,500,000.00 төгрөг шилжүүлээд 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр эхний сарын түрээсийн төлбөртэй хамт нийлүүлээд шилжүүлье гэсэн боловч тухайн өдөр болоход дөнгөж ажиллаж эхэлж байгаа учир хүнгүй байна, удахгүй шилжүүлнэ гэж шалтаг хэлсээр 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 1,000,000.00 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 800,000.00 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 700,000.00 төгрөгийг тус тус шилжүүлсэн.
Түрээслэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байсан учир хариуцагч талд гэрээг цуцлаж, салоныг хүлээлгэж өгөх талаар мэдэгдэж, улмаар 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр салоныг хүлээлгэн өгч үлдэгдэл түрээсийн төлбөр болох 6,000,000.00 төгрөг, хамгийн сүүлийн төлөлт хийсэн өдөр буюу 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх гэрээний төлбөрийг хугацаанд нь төлөөгүйн улмаас үүссэн алданги болох 9,270,000.00 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т ...анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зааснаар 3,000,000.00 төгрөг болгож, нийт 9,000,000.00 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна.
Бид хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, түрээсийн үйл ажиллагааны орлого сайн байх эсэхийг манай компани хүлээхүй, хэрэгт авагдсан баримтаар 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр салоныг хүлээлгэн өгсөн бөгөөд 4,500,000.00 төгрөгийг бус, харин 4,000,000.00 төгрөг төлсөн. Сая ярьсан 500,000.00 төгрөг бол орон сууц түрээслэх гэрээний төлбөр бөгөөд талууд түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би, 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр *** давхарын *** м.кв талбайтай 5 өрөө үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар тухайн салоныг бүрэн тавилга, тоног төхөөрөмж, бараа материалын хамт түрээслэхээр гэрээг байгуулсан. Ингээд түрээсийн гэрээний дүнг сарын 5.000.000.00 төгрөг гэж тохироод сар бүрийн 02-ны өдөр шилжүүлэхээр болсон.
Барьцаа хөрөнгө болох 5.000.000.00 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр шилжүүлэхээр тохиролцсон ч тухайн өдөр шилжүүлэх боломжгүй байсан тул энэ талаар түрээслүүлэгчид мэдэгдэж, харилцан тохиролцсоноор эхний ээлжинд 1.500.000.00 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд үүнээс хойш 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 1.000.000.00 төгрөг, 2023 оны 01 сарын 06-ны 800,000.00 төгрөг, 15-ны өдөр 700,000.00 төгрөг, мөн 500,000.00 төгрөгийг тус тус шилжүүлсэн нь үнэн болно.
Миний бие тус салоныг гэрээнд заасан чиглэлээр ажиллуулж байсан ба үсчин, гоо сайхан нь 12 дугаар сард ашиг, орлого сайтай байдаг. Гэвч тус газар нь миний төлөвлөж байсан хэмжээнд ашиг, орлого олохгүй байсан учир цаашид улам л дордох магадлалтай гэж үзэж гэрээний 3.2-т зааснаар 12 дугаар сарын дундуур гэрээг цуцлах тухай түрээслүүлэгчид мэдэгдсэн. Гэтэл түрээслүүлэгч тал надаас ийм хурдан яагаад гэрээгээ цуцлахаар болсон бэ гэж асуухад нь салон үйлчлүүлэгч муутай байна, цаашид ашиг, орлого улам муудахаар байна, эсхүл гэрээний төлбөрийг буулгаж болох уу гэхэд энэ компанийн зүгээс тийм боломжгүй ээ, тэгвэл гэрээгээ цуцална гэсэн харилцан яриа үүссэн.
Би, үүний дараа 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр тус газрыг ажиллуулахаа зогсоож, улмаар салоныг хүлээлгэн өгөөд, энэ тухай акт үйлдэх гэтэл түрээслүүлэгч нь утсаа авахгүй, эсхүл өнөөдөр боломжгүй, завгүй гэсээр өдөр хоног хойшилсоор 2023 оны 01 дүгээр сарын дундуур хүлээлгэж өгсөн. Нэхэмжлэгчийн гэрээг дуусгавар болгосон хугацааг үйлдсэн актаар 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр боловч тухайн актыг үйлдэж гарын үсэг зурах үед ямар нэгэн он, сар, өдөр байгаагүй, үүнийг нэхэмжлэгч нь нэг сарын түрээсийн төлбөрийг бүтэн авахын тулд хожим бичсэн гэж үзэж байна.
Миний хувьд Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.4, түрээсийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т тус тус зааснаар түрээслүүлэгчид 1 /нэг/ сарын өмнө гэрээг цуцлах тухай мэдэгдэж, гэрээг цуцлахаар харилцан тохиролцсон байтал салоныг хүлээн авахгүй байсан үйлдэл нь түрээслүүлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болсон гэж үзэж байгаа тул 9.000.000.00 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна гэв.
Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:
Нэхэмжлэгчийн өгсөн баримт,
1. Улсын тэмдэгтийн хураамжид 159,000.00 төгрөг төлсөн баримт,
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх итгэмжлэл,
3. Улсын бүртгэлийн гэрчилгээ,
4. Түрээсийн гэрээ,
5. Иргэний үнэмлэхийн хуулбар,
6. Блүүм хөрөнгийн бүртгэл,
7. Г.Энхмэндийн дансны хуулга.
Хариуцагчийн өгсөн баримт,
1. Хариу тайлбар,
2. Итгэмжлэл.
Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт:
1. Гэрчийн мэдүүлэг.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч *******-иас хариуцагч Б.*******т холбогдуулан 9,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг нь гүйцэтгүүлэхийг хүсчээ. Гэвч шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хариуцагч Б.*******тэй түрээсийн гэрээ байгуулж, *** тоот хаягт байрлах *** м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг түрээслэхээр харилцан тохиролцсон байна /х.х-ийн 6-9 хуудас/.
Тодруулбал, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, энэхүү гэрээний 1 дүгээр зүйлийн 1.8, 3 дугаар зүйлийн 3.1, мөн 4 дүгээр зүйлийн 4.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч нь тус үл хөдлөх хөрөнгийг хариуцагчид аж ахуйн буюу үсчин-гоо сайхны үйл ажиллагаа эрхлэн явуулахад нь зориулан 1 /нэг/ жилийн хугацаатай түрээслүүлэх, хариуцагч түрээсийн төлбөрт 1 /нэг/ сарын 5,000,000.00 төгрөг төлөх үүрэг хүлээжээ.
2. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 318.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж, 318.4-т Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заажээ.
Тайлбарлавал, хуульд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийн төрлөөс үл хамаарч түрээсийн гэрээг заавал бичгээр байгуулах ёстой бөгөөд энэ нь тус хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаар хүчин төгөлдөр болох учиртай.
Гэхдээ үл хөдлөх эд хөрөнгө түрээслэхтэй холбоотой талуудын хүсэл зоригийн илэрхийллийг зөвхөн бичгийн хэлбэрт тусгаж, тэдгээр хүмүүс гарын үсэг зурсан тохиолдолд гэрээг хүчин төгөлдөр болсон гэж үзэхгүй бөгөөд зайлшгүй улсын бүртгэлд бүртгүүлэхийг хуулиар шаардсан байна. Энэ талаар уг хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж заасан.
3. Гэтэл зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар талууд 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй байна. Зүй нь, энэ тохиолдолд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн эрхийг түрээслэгч, түрээслүүлэгчийн аль нэг талын гаргасан мэдүүлгийг үндэслэн энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан журмын дагуу бүртгэнэ гэж зааснаар тухайн гэрээг бүртгүүлэх ёстой байжээ.
Нэгэнт зохигчид түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т зааснаар тухайн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй. Тодруулбал, энэ хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна гээд 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, .................. гэж зааснаар талууд түрээсийг гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн тул анхнаасаа хүчин төгөлдөр бус юм.
Иймд, зохигчдын хооронд тус хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж зааснаар хүчин төгөлдөр түрээсийн гэрээний эрх, үүрэг үүсээгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний дагуу түрээсийн төлбөрт 6,000,000.00 төгрөгийг нэхэмжлэх эрх байхгүй.
4. Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан анз нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга болохын хувьд үндсэн үүрэгтэй салшгүй холбоотой байдаг. Өөрөөр хэлбэл, тус хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д Өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ гэж зааснаар алдангийг түрээсийн гэрээнээс салгаж авч үзэж болохгүй юм.
Тйимээс талууд хэдийгээр түрээсийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д алдангийн талаар тохиролцсон хэдий ч тухайн гэрээ нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй гэдэг үндэслэлээр хүчин төгөлдөр бус тул нэхэмжлэгчид хариуцагчаас алданги 3,000,000.00 төгрөгийг шаардах эрх бие дааж үүсэхгүй.
5. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно гэж, мөн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж тус тус заажээ. Тайлбарлавал, талуудын байгуулсан түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус тул тэдгээрт гэрээний дагуу авсан болон өгсөн зүйлийг үлдээх хууль зүйн үндэслэл байхгүй болдог учир тухайн зүйлийг харилцан буцаах үүрэг үүсдэг байна.
Энэ талаар тус хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй гээд 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж, 493 дугаар зүйлийн 493.1-д Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна гэж тус тус тодорхой зохицуулсан.
Үүнээс үзвэл нэхэмжлэгч ******* болон хариуцагч Б.******* нарын байгуулсан түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бусаас шалтгаалан зохигчид уг гэрээний дагуу бие, биедээ хөрөнгө шилжүүлсэн, мөн аль нэг тал шилжүүлсэн хөрөнгийг эзэмшиж ашигласан, тодорхой зардал гаргасан бол түүнийг буцаан шаардах эрхийг хуулиар олгосон ба харин тийнхүү авсан, өгсөн зүйлийг харилцан буцаахад аль нэг тал үндэслэлгүйгээр хөрөнгөжиж үлдэх ёсгүй буюу түрээсийн зүйлийн эзэмшил, ашиглалтыг буцаах боломжгүй юм.
6. Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримт, гэрчийн мэдүүлгээр хариуцагч Б.******* нь тухайн үл хөдлөх хөрөнгийг 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд ашиглаж, нэхэмжлэгч *******-нд 4,500,000.00 төгрөгийг төлсөн байна /х.х-ийн 11-15 хуудас/.
Тодруулбал, хариуцагч нь тус үл хөдлөх хөрөнгөд үсчин-гоо сайхны үйл ажиллагаа эрхлэн явуулах гэсэн боловч орлого муу байсан учир 2022 оны 12 дугаар сар дугаар сараас эхлэн түрээслэхээ больсон гэсэн боловч энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн эсэх нь тодорхойгүй, харин тэрээр 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр үл хөдлөх хөрөнгийг хүлээлгэн өгсөн гэж гарын үсэг зурсан байна.
Харин хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа түрээсийн зүйлийг 2023 оны 01 дүгээр сарын дундуур хүлээлгэн өгсөн, тийнхүү хүлээлгэн өгөх акт үйлдэх үед 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гэсэн он, сар, өдөр байгаагүй гэсэн боловч тэрхүү тайлбараар баримтаар нотлоогүй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-т Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана гэж заажээ. Өөрөөр хэлбэл, нотлох үүргийн хуваарилалтын хувьд зохигчид өөрт ашигтай тайлбараа баримтаар нотлох ёстой бөгөөд хариуцагч Б.******* нь хавтаст хэсгийн 11 дэх талд авагдсан түрээсийн зүйлийг 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээлгэн өгсөн тухай баримтыг няцаасан нотлох баримт өгөөгүй.
Иймд, хариуцагч нь үл хөдлөх хөрөнгийг 2 /хоёр/ сарын хугацаанд ашигласан байх тул энэхүү эзэмшлийг буцаах боломжгүйг үндэслэн ашигласан хугацааны эзэмшлийн төлбөрийг түрээсийн төлбөр 5,000,000.00 төгрөгөөр тооцож нийт 10,000,000.00 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 4,500,000.00 төгрөгийг хасаад хариуцагчаас 5,500,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг үндэслэн хариуцагч Б.*******ээс 5,500,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,500,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 159,000.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 102,950.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ