| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 152/2024/00238/и |
| Дугаар | 152/ШШ2024/00217 |
| Огноо | 2024-05-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 152/ШШ2024/00217
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,
Нэхэмжлэгч: “ХХБ” ХК-ийн,
Хариуцагч: Э.М-д холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт үндсэн зээл 6,635,727.57 төгрөг, зээлийн хүү 2,488,353.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 345,800.10 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг, нийт 9,481,881.01 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “ХХБ” ХК-ийн гүйцэтгэх захирлын орлогч Ц.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Э.М нь Худалдаа, хөгжлийн банктай 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 2021/000375/0076 дугаар “Цалингийн зээлийн гэрээ”-г байгуулан 7,000,000 төгрөгийг сарын 1,7 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар зээлэн авсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт заасныг үндэслэн банкны зүгээс шүүхийн журмаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа болно. Зээлдэгч нь 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар дараах зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд: үндсэн зээл 6,635,727.57 төгрөг, зээлийн үндсэн хүү 2,488,353.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 345,800.10 төгрөг, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал 12,000.00 төгрөг болно. Талуудын хооронд байгуулагдсан 2021/000375/0076 тоот “Цалингийн зээлийн гэрээ”-ний дагуу хариуцагчаас зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардалд нийт 9,481,881.01 төгрөгийг гаргуулж, “ХХБ” ХК-д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч “ХХБ” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О шүүхэд гаргасан хүсэлтдээ: “ХХБны нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Мд холбогдох иргэний хэрэг тус шүүхэд хянагдаж байгаа. Шүүхийн ажиллагааны явцад Э.М нь нэхэмжлэлийн шаардлага болох 9,481,881.01 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “ХХБ” ХК-ийн итгэмжлэгдсээн төлөөлөгч Г.О нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг бичгээр үйлдэн, гарын үсэг зурж баталгаажуулан 2024 оны 5 дугаар сарын 21-нna өдөр шүүхэд ирүүлжээ.
3. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч, хэргийг хэрэгсэхгүй болгов.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “ХХБ” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166,660.09 төгрөгийн тал хувь болох 83,330.045 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд хэвээр үлдээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 83,330.045 төгрөг, хариуцагч Э.Мгаас 83,330.045 төгрөг тус тус гаргуулж Хэрэглээний лизинг ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.М холбогдох, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 799,843.67 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч ХХБ” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Одгэрэл нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “ХХБ” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166,660.09 төгрөгийн тал хувь болох 83,330.045 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд хэвээр үлдээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 83,330.045 төгрөг, хариуцагч Э.Мгаас 83,330.045 төгрөг тус тус гаргуулж “ХХБ” ХК-д олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Я.УРНАА