Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 396

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ганбаатар даргалж,

           нарийн бичгийн дарга Х.Дашням,

           улсын яллагч Р.Энхтуяа,

шүүгдэгч М.У, түүний өмгөөлөгч И.Цэрэндулам нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М.У холбогдох 1708006010052 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1983 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ..., 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ... 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ноосны үйлдвэрт ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, ...тоотод амьдардаг,

- урьд нь ... шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 24-ний  өдрийн 207 дугаар  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаатай баривчлах ялаар шийтгүүлж байсан, Б овогтой М. У, РД:...

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч М.У нь 2017 оны 7 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 01 цагийн орчим ... 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...”-д иргэн Д.М-н нүүрэн тус газар цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хуралдаанаар нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч М.У нь 2017 оны 7 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 01 цагийн орчим ... 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...”-д иргэн Д.М-н нүүрэн тус газар цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- хохирогч Л.М байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 7 дугаар сарын 16-ны шөнө зүс таних Н гэдэг хүн ...гоор үйлчлүүлж байгаад гарахдаа намайг цохичихоод гараад явсан, маргааш нь би Н-н ... дугаар луу залгаад чи намайг цохисон байна ш дээ тээ гэсэн чинь чи чаддаг юм бол ажил дээр хүрээд ир чамайг алчихъя гэж заналхийлсэн тул цагдаад гомдол гаргаж байна. Өчигдөр шөнө караокед би эхнэр М-н хамт байсан. Би орой үдэш ажилладаг хүн хэзээ ч юу ч болох юм билээ айж байна...нэг жилийн өмнөөс Н-тай гэр бүлийн найз болж байсан. Бидний дунд урьд өмнө нь ямар нэгэн маргаан болж байгаагүй, баруун талын хөмсөг 2 газар язарсан. Н намайг яагаад цохисныг тогтоолгох хүсэлтэй байна. Гэм хорын хохиролд 200.000 төгрөг авсан...гэх мэдүүлэг /хх-6-7/,

- гэрч Ц.Д-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...би нөхрийн хамт гэртээ архи уусан, нөхөр У бараг тал шил архийг нь ганцаараа уусан, тэгээд бид 2 гадагшаа гарахаар ярилцаад таньдаг М-н караокед очье гээд тойргийн орчим байдаг ...д очоод бид 2 дундаа 1 шил архи аваад сууцгаасан, архиа хувааж уугаад сууж байхад гаднаас манай найз Д орж ирж таарсан...дахиж 1 шил архи аваад бид 3 уусан. У их согтсон, тэгээд сууж байтал У гэнэт юу ч дугарахгүй босоод баарны текны  цаад талд байсан М-г нэг удаа нүүрэн тус газарт цохиод авсан..тэгээд гадагшаа гараад яваад өгсөн...гэх мэдүүлэг /хх-12-13/,

- гэрч Э.М-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...би нөхрийн хамт текны ард зогсож байтал У ширээн дээрээсээ босч ирээд манай нөхрийг нүдний шилтэй хавсраад баруун нүд рүү нь гараараа нэг удаа цохичихоод гараад зугтаасан, араас гарахад сураггүй алга болсон байсан, маргааш өглөө нь манай нөхөр бид 2 гар утас руу залгахад У ална тална гэж заналхийлсэн. Тэгээд дараа нь эхнэр Д нь ирж биднийг цагдаад битгий өгөөч гэж гуйсан. Уг ирж уулзаагүй болохоор цагдаад өргөдлөө өгсөн...гэх мэдүүлэг /хх-14-15/,

- шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн №9123 дугаартай шинжээчийн::...Л.М баруун хөмсгөнд шарх, баруун дээд зовхинд зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-21/

- шүүгдэгч М.У-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 21 цагийн орчим би тойрог дээр байдаг караоке бааранд эхнэр Д-н хамтаар ороод архи уусан...архиа ууж байхад Д гаднаас орж ирээд бид 3 хамт архи уусан...түүнээс хойш юу болсон талаар санахгүй байна...Мөнхзориг миний утас руу залгаад чи яагаад намайг цохисон юм бэ гэхээр нь би итгээгүй тоглож байна гэж бодсон...М  руу хөгшөөн уучлаарай би архи уугаад тасарсан байна юу ч санахгүй байна, ямар нэг буруу зөрүү санасан асуудал байхгүй шүү гэж хэлсэн...М-т дансаар эхлээд 70.000 төгрөг, дараа нь бэлнээр 130.000 төгрөг төлсөн...гэх мэдүүлэг /хх-28-29/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч М.Уг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.     

   Хохирогч Л.Мнь хохиролд 200.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч төлсөн /хх-7/ байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нь ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулав.

Торгох ял оногдуулахад 1 нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар 1000 төгрөгтэй тэнцүүлсэн, мөн оногдуулсан торгох ялыг төлж барагдуулах хугацааг шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан тогтоов.

Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн, хураагдсан эд зүйлгүй болно.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:   

 

1. Шүүгдэгч М.Уг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч М.Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Уд оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй,  тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  

 

5. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

 

            6. Прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч М.Уд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ГАНБААТАР