Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 02067

 

Г.Д-гийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Г.Даваадорж, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2019/02050 дугаар шийдвэртэй, Г.Д-гийн нэхэмжлэлтэй, нөхөн олговорт 40 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд, төрийг төлөөлж Сүхбаатар дүүргийн хяналтын прокурор Т.Жавхлантөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Миний аав Дамдин овогтой Гомбожав нь Хэнтий аймгийн Баян сумын харьяат бөгөөд 1938 оны 3 дугаар сарын 10-ны өдөр баривчлагдаж Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаар хурлын тогтоолоор хөрөнгөө хураалгаж 10 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Аавын хэргийг хянан хэлэлцээд тусгай комиссын 1940 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор улс төрийн хэрэгт холбогдолгүй болгон сулласан. Аавыг баривчлагдах үед миний бие 5 настай, ээж болон эгч Г.Долгорын хамт орон гэр, мал, эд хөрөнгөгүй үлдэж маш их зовсон. Аавыг Улаанбаатарт хорьсон тул ээж нөхрөө эргэхээр хотод ирээд сэтгэл санааны дарамтанд орж бие нь муудаж 1939 онд нас барсан. Аав 1940 онд цагаатгагдаж суллагдаад Хэнтий аймгийн Дадал суманд амьдарч байгаад 1963 онд нас барсан.

Нэхэмжлэлд хавсаргасан Үндэсний төв архивын 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 03-2/1954 дугаарын лавлагаанд бичэгдсэн Гомбожавын Долгор нь миний төрсөн эгч, түүний хүү н.Цолмон нь бага насандаа их өвдөж зовоодог байсан тул нэрийг нь н.Бат-Очир болгон сольж аавын нэрээр овоглон Гомбожавын Бат-Очир болсон. Эгч мөн овгоо сольж ээжээр овоглож Долсонгийн Долгор болсон бөгөөд 2003 онд нас барсан. Г.Бат-Очир нь Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Тахилтын 1 дүгээр гудамж 15б тоотод амьдарч байгаа ба намайг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн үр хүүхдэд олгох нөхөн олговрын 40 000 000 төгрөгийг авахад татгалзахгүй зөвшөөрч байна гэсэн.

Аавыг хилс хэрэгт баривчлагдахад сэтгэл санаа бие сэтгэлээр зовсноос гадна эд материалын хувьд хохирсон. Бидний амьдарч байсан дүнзэн байшин, 60 хонь, 70-аад үхэр, 20-иод адуу, 4 унагатай гүү, алтан бөгж 2, алтан ээмэг 1, өвсний машин 1, том тармуур 1, хурган дотортой дээл 2, орны бүтээлэг, мөнгөн хэт хутга 1, буу 1 гэх зэрэг зүйлийг хураан авч байсан гэж аав Гомбожав, эгч Д.Долгор нар ярьдаг байсан. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн дагуу нөхөн олговрын нэхэмжлэлээ бүрдүүлж 2018 оны 5 дугаар сард Цагаатгалын комисст өгсөн. 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн “Зууны мэдээ” сонинд нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтын 77 дугаарт Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Гомбожавын Дариймаад нөхөн олговрын 40 000 000 төгрөг гэж гарсан. Иймд Гомбожавын төрсөн охин миний биед олгогдох нөхөн олговорт 40  000 000 төгрөгийг олгож өгнө үү. гэв.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын хяналтын Прокурор Г.Цогтгэрэлээс: Данзангийн Гомбожав нь Хэнтий аймгийн Баян сумын 2 дугаар харъяат, улс төрийн хэрэгт 1938 оны 03 дугаар сарын 10-ны өдөр баривчлагдан Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаар хурлын тогтоолоор 10 жилийн хорих ялаар шийтгэгдэж байсныг Дотоод явдлын яамны Тусгай комиссын 1940 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 11 дүгээр хурлын тогтоолоор 72-ын 3-ыг баримтлан хэрэгт холбогдолгүй болгон сулласан болох нь Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 05/3647 тоот лавлагаагаар нотлогдож байна.

Дээр дурдсан шийдвэрийг үндэслэн Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын даргын 1997 оны 06 дугаар сарын 25-ны өдөр цагаатгагдсан иргэний үнэмлэхийг олгосон нь нотлогдсон. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2. Улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхэд 40 000 000 төгрөг гэж заасан байна. Г.Д- нь Данзангийн Гомбожавын төрсөн охин болох нь Үндэсний төв архивын 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 03-2/1954 дугаартай лавлагаа, цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссийн гаргасан Зууны мэдээ сонины жагсаалт зэргээр нотлогдож байх тул Гомбожавын Дариймаа нь нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч Г.Д- нь “Зууны мэдээ сонин”-д нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн болохоо зарлуулсан боловч уг сонинд зарласнаас 30 хоногийн дотор цагаатгагдагч Данзангийн Гомбожавын нөхөх олговрыг нэхэмжлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан өөр нэхэмжлэгч байхгүй байна. Иймд хэлмэгдэн цагаатгагдсан Данзангийн Гомбожав нь улс төрийн хилс хэрэгт баривчлагдан мөрдөгдөж, улмаар 10 жилийн хорих ялаар шийтгүүлж хэлмэгдэж байсан тул түүний нөхөх олговорт Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т зааснаар төрсөн хүүхдийн хувьд 40 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Д-гийн нөхөх олговорт 40 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч Г.Д-гийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь, Данзангийн Гомбожав нь Хэнтий аймгийн Баян сумын 2 дугаар багийн харъят ба улс төрийн хэрэгг 1938 оны 03 дугаар сарын 10-ны өдөр улс төрийн хэрэгт баривчлагдан Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаар хурлын тогтоолоор 10 жилийн хорих ялаар шийтгэгдэж байсан байх ба хэргийг хянаад Дотоод явдлын яамны тусгай комиссын 1940 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 11 дүгээр хурлын тогтоолоор холбогдолгүй болгон сулласан нь Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 05\3647 тоот лавлагаагаар нотлогдож байна. Дээрх шийдвэрийг үндэслэн Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын даргын 1977 оны 6 дугаар сарын 25-ны өдөр цагаатгагдсан иргэний үнэмлэх олгосон байдаг.

Улмаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн дагуу нөхөн олговорын нэхэмжлэлээ бүрдүүлж 2018 оны 5 дугаар сард Цагаатгалын комисст өгсөн. Зууны мэдээ сонины 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн нөхөн олговорын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтын 77 дугаарт Г.Д-д 40 000 000 төгрөгийн нөхөн олговор олгох тухай заасан. Гэтэл шүүх Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дах хэсэгт заасныг баримтлан орон сууцаа хураалгасан нь нотлогдохгүй байх тул нөхөн олговор олгох үндэслэлгүй гэж хэргийн үйл баримтад хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т заасны дагуу 40 000 000 төгрөгний нөхөн олговор авах эрхтэй. Нийслэлийн Архивын газрын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 04\491 тоот албан бичгээр нэхэмжлэгч нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдийг цагаатгах ажлын шугамаар орон сууц олгосон тухай мэдээлэл байхгүй талаарх нотлох баримт ирүүлсэн байхад шүүхээс хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн төрийг төлөөлж хэрэгт гуравдагч этгээдээр оролцсон прокурор нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн агуулга бүхий тайлбарыг өгсөн байхад шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

Г.Д- нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн хүүхдэд олгох нөхөх олговор 40 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдаанд төрийг төлөөлөн оролцсон прокуророос Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-д заасны дагуу нэхэмжлэгчид 40 000 000 төгрөгийг олгох үндэслэлтэй гэх дүгнэлт гаргажээ. /хх1-2,27/

 

Анхан шатны шүүх Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ, Гомбожавын Дариймаа нь Данзангийн Гомбожав агсны төрсөн хүүхэд боловч хэлмэгдэгч, түүний эхнэр гэр орон сууцаа хураалгасан нь архивын лавлагаа болон бичмэл баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэжээ.

 

Шүүх шийдвэрийн үндэслэлээ болгосон 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 05/3647 тоот лавлагаанд /хх7/ архивын орлогч дарга Б.Сүхбаатар гэх гарын үсгийн загвар байх боловч тухайн байгууллагын тамга, тэмдгээр баталгаажаагүй байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4.Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна гэсэн шаардлагыг хангаагүй байхад энэ талаар тодруулах, лавлах, хуулийн шаардлага хангуулах зэрэг шаардлагатай ажиллагааг хийгээгүйг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхээр байна.

 

Мөн хэрэгт уг лавлагаанд хавсаргагдсан байж болох бүртгэлийн 520 дугаартай Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын тэмдэг дарагдсан, Уйгаржин монгол бичгээр бичигдсэн баримт байгааг кирилл үсэгт хөрвүүлээгүй буюу түүний утга агуулга тодорхой бус байна. /хх8/ Шүүх уг нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасны дагуу шинжлэн судалж, үнэлэлт, дүгнэлт хийгээгүй. Тухайн баримт нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэх нь тодорхойгүй байна. Хэрэв шүүх уг баримтыг хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу нотлох баримтаас хасах эрхийг эдлэх бөгөөд уг эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэх ч үндэслэл тогтоогдсонгүй.

 

Дээрхээс гадна, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г.Д-д орон сууц олгож байсан эсэх талаарх лавлагааг Нийслэлийн архивын газраас гаргуулах ажиллагааг хийсэн /хх25,28/ атлаа Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий үйл баримт буюу хэлмэгдэгч Данзангийн Гомбожав болон түүний эхнэр хэлмэгдүүлэлтийн улмаас гэр, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан орон сууцаа хураалгасан эсэхийг эрх бүхий байгууллагаас тодруулах ажиллагааг хийгээгүй байна. Энэ тохиолдолд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчид нөхөх олговорт 40 000 000 төгрөг олгох үндэслэлгүй гэж шууд дүгнэх боломжгүй юм.

 

Иймд давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт эрх зүйн дүгнэлт өгөх,  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                   167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2019/02050 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч Г.Д- нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалын хувийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

                                        ШҮҮГЧИД                                Г.ДАВААДОРЖ

 

                                                                                         Т.ТУЯА