Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2022/ДШМ/02

 

 

 

 

 

Б.Б, Г.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор Б.Мөнхтулга,

            Иргэний нэхэмжлэгч Б.Наранцэцэг /цахим сүлжээгээр/

                        Шүүгдэгч /Г.Б/-ийн өмгөөлөгч П.Ганбаатар,

            Нарийн бичгийн дарга З.Анхбаяр нарыг оролцуулан,

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/403 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Бын өмгөөлөгч П.Ганбаатарын гаргасан давж заалдах гомдлоор Б.Б, Г.Б нарт холбогдох эрүүгийн 2134000000228 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,

 

Монгол Улсын иргэн,

 

Б.Б, Г.Б нар нь бүлэглэн, машин механизм ашиглаж Төв аймгийн Аргалант сумын 2 дугаар багийн нутаг “Гулзгай ам” гэх газраас 2021 оны 06 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө иргэн Б.Т-ын өмчлөлийн 7 тооны үхрийг буюу олон тооны малыг хулгайлж 6.000.000 төгрөгийн,

 

2021 оны 06 дугаар сарын 10-ны орчим Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн нутагт бэлчээрт байсан иргэн Д.Д-ийн өмчлөлийн 1 тооны үхрийг хулгайлж 1.133.300 төгрөгийн,

 

2021 оны 6 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн нутгаас иргэн Ч.У-ын 4 тооны үхрийг буюу олон тооны малыг хулгайлж 8.083.400 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн Прокурорын газраас Б.Б, Г.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Баргад овогт Баатарын Б, Доорой овогт Гүүрэгжавын Б нарыг бүлэглэн, машин механизм ашиглан бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Бг 3 жил, шүүгдэгч Г.Быг 2 жил хорих ялаар тус тус шийтгэж, уг ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 3 жил хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээр зорчихоор тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Баас 3.000 000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ч.Цэрэнбатад олгож,

 

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бусдын эзэмшлийн ... УБӨ улсын дугаартай Kia.Bongo маркийн тээврийн хэрэгслийн үнэ 1.920.000 төгрөг, .... ТӨВ улсын дугаартай Mitsubishi.Colt маркийн тээврийн хэрэгслийн үнэ 1.922.800 төгрөг, нийт 3.842.800 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Б.Бгоос 1.921.400 төгрөг, шүүгдэгч Г.Баас 1.921.400 төгрөг тус тус гаргуулж улсын төсөвт оруулж, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэн Б.Наранцэцэгийн эзэмшлийн ...ТӨВ улсын дугаартай Mitsubishi.Colt маркийн тээврийн хэрэгсэл, иргэн Ж.Батчулууны эзэмшлийн .... УБӨ улсын дугаартай Kia.Bongo маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,  тээврийн хэрэгслүүдийг эзэмшигч нарт буцаан олгож,

 

Шүүгдэгч Б.Бд 400.000 төгрөгийн, шүүгдэгч Г.Бт 500.000 төгрөгийн барьцаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Аймгийн Прокурорын газрын Төрийн сангийн 100140006350 дугаартай данснаас барьцааг барьцаа гаргагчийн дансанд шилжүүлж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бын цагдан хоригдсон 2 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцож,

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгч Б.Б нь 2 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн Г.Бын өмгөөлөгч П.Ганбаатар гаргасан давж заалдах гомдолдоо: Г.Б нь 2021 оны 06 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө, мөн 10-наас 11-нд шилжих шөнө бусдын олон тооны малыг бусадтай бүлэглэн хулгайлж, бусдад нийт 12.216.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байдаг. Миний үйлчлүүлэгчийн холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарч байх боловч гэмт хэрэгт оролцсон оролцоо, хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөл, хувийн байдал, ар гэрийн байдлыг анхан шатны шүүх огт харгалзаж үзэлгүй эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэн.

 

Хэргийн материалаас үзэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд харагдсаар байтал анхан шатны шүүх тогтоолдоо хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдлууд огт тогтоогдсонгүй гэж дүгнэсэн байна. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байх ба харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд байдаггүй.

 

Түүнчлэн шүүгдэгч Г.Б нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, зүйлчлэл, хэргийн бүрдэл дээр анхнаасаа огт маргадаггүй ба мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүн таслах ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад бэрхшээл огт учруулаагүй болох нь хэргээс харагддаг. Анхан шатны шүүх шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учирсан өөрт оногдох хохирол болох бүгд 6.108.500 төгрөгөөс 3.108.500 төгрөгийг бүрэн төлж барагдуулж, үлдэх 3.000.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Ч.Ц-д бүрэн төлөхөө  илэрхийлж нотариатаар эвлэрлийн гэрээ байгуулан бичгээр шүүхэд хүсэлт гарган өгснийг хүлээж авахгүй шийдсэнд гомдолтой байна. Энэ асуудалд хохирогч, иргэний нэхэмжлэгч нар болон бусад оролцогчид огт маргаагүй байсан ба яллах тал болох улсын яллагч хүртэл Өршөөлийн хуулийг хэрэглэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгөхийг хүссээр байтал шүүгч миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулан Эрүүгийн хууль болон Өршөөлийн тухай хуулийг буруу ойлгон хэрэглэж, элдэв баримт шаардсан билээ.

 

Дээрх хуулиудад гэм буруу зүйлчлэлээ хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн эсхүл төлөхөө илэрхийлсэн байвал хорих ялыг өршөөлд заавал хамруулахаар заасан байна. Гэтэл анхан шатны шүүх үнээний сүү зардаг хүүхдээс баримт шаардаж байгаа нь ямар ч амьдралгүй асуудал юм. Шүүх энэ мэт анх удаа гэмт хэрэгт холбогдсон, ид ажиллаж хөдөлмөрлөх насны залуусыг анхны алдаан дээр нь хорих анги руу явуулаад байвал эдгээр хүмүүсийн нийгэмд эзлэх байр суурь, гаргасан алдаагаа дахин давтахгүй ухамсарлах үйл явц, хүмүүжил, ар гэрийн нөхцөл байдал, түүнээс үүдэн гарах олон сөрөг үр дагаврууд үүсч болзошгүй харагдаж байна.

 

Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдаж, 07 дугаар сарын 06-ны өдрөөс үйлчилсэн “Өршөөл үзүүлэх тухай хууль”ийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг 2 жилийн зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Г.Бын өмгөөлөгч П.Ганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүх миний үйлчлүүлэгчийн гэмт хэрэгт оролцсон болон ар гэр, хувийн байдлуудыг нь харгалзан үзэлгүйгээр оногдуулсан хорих ялаа биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу ойлгон тайлбарлан хэрэглэсэн тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Г.Бт оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон иргэний нэхэмжлэгч Б.Наранцацрал гаргасан тайлбартаа: Машинаа нэхэмжилж байна гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Мөнхтулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө шүүгдэгч Г.Б нь 3.000.000 төгрөгийн хохирол төлсөн баримтаа ирүүлсэн байна. Иймд түүнд Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэж, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжтой гэв.

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Г.Бын өмгөөлөгч П.Ганбаатарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзлээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдэн, шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзвэл;

 

Б.Б, Г.Б нар нь бүлэглэн машин механизм ашиглаж Төв аймгийн Аргалант сумын 2 дугаар багийн нутаг “Гулзгай ам” гэх газраас 2021 оны 06 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө иргэн Б.Т-ын өмчлөлийн 7 тооны үхрийг буюу олон тооны малыг хулгайлж 6.000.000 төгрөгийн,

 

2021 оны 06 дугаар сарын 10-ны орчим Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн нутагт бэлчээрт байсан иргэн Д.Д-ийн өмчлөлийн 1 тооны үхрийг хулгайлж 1.133.300 төгрөгийн,

 

2021 оны 06 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн нутгаас иргэн Ч.У-ын 4 тооны үхрийг буюу олон тооны малыг хулгайлж 8.083.400 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх хэргийн үйл баримт нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Д-ийн мэдүүлсэн “...2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс эхлээд манай хөх бор зүсмийн буруу талын чих үзүүрээсээ ухам имтэй шүдлэн эр үхэр алга болчихсон хайгаад олдохгүй байсан. Тэгтэл цагдаа нар үхэр олдсон талаар мэдэгдсэн би бичлэгийг үзэхэд зүсээрээ яг таарч байсан...” гэх[1],

 

Ч.У-ын “...2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр зөв талын цавь цагаан, хойд хоёр хөл нь туурайныхаа дээгүүр бага зэрэг цагаантай хүрэн халтар тугаллах гэж байгаа дөнжин үнээ, хар алаг гунжин үнээ, хүрэн зүсмийн буруу талын чих 2 талаасаа ухам имтэй гэдэс 4 хөл, цагаан зоон дээрээ жижиг зураасан цагаан эвэргүй цагаан халзан нүүртэй эр бяруу, хүрэн цоохор зүсмийн цагаан гэдэстэй, буруу талын гуя ташаа хэсгээрээ цагаантай, сүүл нь дундаа цагаантай охин бяруу зэрэг нийт 4 толгой үхрээ алдаад олохгүй байсан, ингээд цагдаа нар үхрийг минь зүсээр нь олж өглөө...” гэх[2],

 

Б.Т-ын “...би Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг “Ар дулаан” гэх газраас 2021 оны 06 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө 7 тооны үхрээ бэлчээрээс алдсан..., ...улаан хязаалан гуна, хар тарлан эр бяруу, шар тарлан гунж, хоёр ягаан гунж, нэг хар хүрэн гунж нийт 7 тооны үхэр байхгүй байсан. Би тухайн үед ойр хавьдаа хайгаад олоогүй. Тэгээд Цагдаагийн байгууллагад хандсан...” гэх[3]

 

            Гэрч М.Т-ийн “...үдээс хойш манай хүн үхэртээ явж ирээд манай үхэр дотроос 7 тооны үхэр байхгүй байна гэхээр бид хоёр ойр орчмоороо айлын үхэрт нийлээд явсан байж магадгүй гээд хайсан чинь байхгүй байсан. Тэгээд хайгаад олохгүй болохоор нь Цагдаагийн байгууллагад хандсан...” гэх[4],

 

            Гэрч Ч.А-ын “...2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр зүс таних залуу Наранхүүгийн дүү байна та бяруу авч байгаа юм уу. Нэг бяруу, тугал байна гэхээр нь үнэ тохирвол авна гэж хэлсэн. Тэгтэл маргааш өдөр нь өөрөө ирж уулзаад хүрэн алаг зүсмийн хүзүүндээ цоожтой охин тугал авчирч үзүүлээд 350.000 төгрөгөөр авахаар тохиролцоод үлдээгээд явсан. Надад Наранхүүгийн дансыг мессежээр явуулсан би тооцоогоо хийгээгүй байгаа. Одоо тугал нь манай үхэртэй байгаа." гэх[5],

 

            Гэрч Б.Г-ийн “...Манай ах Д.Гансүх 2021 оны 06 дугаар сарын 11-нд миний гар утас руу залгаад 7 үхэр ирээд аваад маллаад өг гэсэн. Тэгээд би дүүгийн хамт Д.Гансүх ахаас очиж авсан..., ...Төв аймгийн Аргалант сумандаа авчраад маллаж байхад 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хэсгийн төлөөлөгч ирээд наад үхрээ харж байгаарай хүн амьтанд өгч болохгүй шүү гэж хэлээд явсан. Би 2 хар зүсмийн бяруу, 2 шар халзан охин бяруу, 1 сартай улаан шүдлэн, 1 бөөр алаг хар эр бяруу, 1 хүрэн халтар охин бяруу нийт 7 тооны бярууг хойд айлын Портер маркийн машиныг гуйж аваад би өөрөө жолоодон очиж ачиж ирсэн...” гэх[6],

 

            Гэрч Д.Г-ийн “...2021 оны 6 дугаар сарын 10-ны өглөө 11 цагийн орчим үл таних залуу манай үйлдвэрийн гадаа ирээд ямар малын мах авч байна гэсэн. Тэгэхээр нь би гарал үүслийн бичиг байгаа бол авна гэхэд  14 цагийн үед 7 үхэр үйлдвэрийн хашааны гадаа ирчихлээ гээд дуудсан..., ...би 2 хар зүсмийн охин бяруу, 2 шар халзан охин бяруу, 1 сартай улаан шүдлэн, 1 бөөр алаг хар эр бяруу, 1 хүрэн халтар охин бяруу нийт 7 тооны бярууг худалдаж авсан..." гэх[7],

           

            Гэрч Ч.Ц-тын “...Манай найз Д.Гансүх энд хэдэн үхэр ирсэн байна. Чи үнэ тохироод аваач гэсэн. Тэгээд 7 үхрийг танихгүй 2 залуугаас 3.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд тэр хоёр залуугаар хашаанд оруулаад бид нар ярилцаад жинд хүрэхгүй үхрүүд байна, мал болгож авъя гэж ярилцаад найздаа үлдээгээд явсан..., ...би 2 хар зүсмийн охин бяруу, 2 шар халзан охин бяруу, 1 сартай улаан шүдлэн, 1 бөөр алаг хар эр бяруу, 1 хүрэн халтар охин бяруу нийт 7 тооны бярууг худалдаж авсан...” гэх[8],

 

            Иргэний нэхэмжлэгч Б.Н-ийн “...нөхөр Б.Бгийн сим картыг гар утсандаа хийгээд асаагаад үзтэл данс руу нь 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр адуу гэсэн утгатай 1.250.000 төгрөг орлого орсон тэр өдөртөө эргээд мөнгө нь гарсан байсан..., ...түүнээс хойш 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр миний дансанд миний цалин буусан 300.000 төгрөг байна гэхээр нь би итгээд чи тэгвэл үрчихнэ миний дансанд хий гэж хэлэхэд би Энхээгээс авах 1.100.000 төгрөгөө авсан хамт хийлээ гэж хэлээд хийсэн. Түүний дараа 2021 оны 06 дугаар сарын 12-ны өглөө гэртээ үүрээр 05 цагт ирээд надад миний цалин гээд 400.000 төгрөг өгөөд тусад нь 100.000 төгрөг би урьд шөнө халтуур хийж олсон гэхээр нь би итгээд өөрийнхөө дансанд хийсэн...” гэх[9],

 

            Гэрч Ц.Т-лын “...Б.Б гэх залуу 2020 оны зун манай Бөхөгийн голд ирж нутаглаж байгаад явсан. Тэр үеэс хойш таньдаг болсон..., ...2021 оны 5 дугаар сарын сүүлээр билүү гэж бодож байна. Б.Б надаас зөв гуяндаа гурвалжин чойндон тамгатай хээр морь 400.000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх[10],

 

            Гэрч Ж.Б-ны “...Б.Б танихгүй залуутай ирээд морио өгчих манай үхэр гүйчихлээ тууж ирэх гэсэн юм гээд манай гадаа байсан хээр морийг эмээлтэй нь авч, хамт явсан залуудаа унуулаад маргааш өдөр нь Б.Б өөрөө авчирч өгсөн..., ...намайг унтаж байхад татаж босгоод машин асаалгаад намайг хажуудаа суулгаад өөрийнхөө машиныг манай гадаа орхиод миний машиныг жолоодоод шөнө Хүйтний хонхорхой орчмоор яваад нэг газарт очиход өмнө явсан залуу нь үхэр туугаад явж байсан. Тэгтэл тэр үхрээс 4 үхэр ачаад Эмээлт рүү явж байтал 1 үхэр нь тэвшин дээрээс унаад чирэгдээд үхчихсэн. Тэгээд 3 үхрийг Эмээлт рүү оруулж зарсан надад мөнгө өгөөгүй...” гэх[11],

 

Гэрч Ж.О-ын “...2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр манай гэрт 17 цагийн орчим ирээд малын бичиг авах гэсэн юм гэхээр нь мал эмнэлгийн цахим гэрчилгээнд нэрээр нь хайлт хийхэд тус бүртгэлд малтай гээд гараад ирэхээр нь хэдэн малын бичиг авах талаар асуухад 3 үхрийн бичиг гэхээр нь үхрийн чинь зураг хаана байгаа юм гэхэд хажуу талын махны үйлдвэрт тушаах гээд ирчихсэн байгаа. Очоод зургийг нь явуулъя яаралтай кодоо аваад ир гээд байна гэхээр нь би 3 үхрийн гарал үүслийн бичгийг санд үүсгэж өгөөд кодыг нь цаасан дээр бичиж өгөөд явуулсан. Яваад над руу зургаа явуулаагүй алга болсон..., ...надад 3 үхэр зарах гэж байгаа гэж хэлхээр нь би 3 үхрийн гарал үүслийн бичгийн эрх санд үүсгэж өгсөн...” гэх[12] мэдүүлгүүд, хөрөнгийн үнэлгээний “Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн гаргасан үнэлгээний тайлангууд болон Б.Б, Г.Б нар нь өөрсдийн үйлдсэн гэмт хэргийн талаар мөрдөн байцаалт болон анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, дээр дурдагдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

 

Прокуророос Б.Б, Г.Бын үйлдсэн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т тус тус зааснаар зүйлчлэн Эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан хэргийн зүйлчлэлийг зөв тогтоожээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх болон бусад бичгийн нотлох баримтуудад тулгуурлан прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэж шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т тус тус заасан төрөл хэмжээний хүрээнд шүүгдэгч Б.Бд 3 жил, Г.Бт 2 жил хорих ял тус тус оногдуулсан нь тэдний үйлдсэн гэмт хэргийн бодит байдал, нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэрэгт тохирсон байна.

 

Монгол Улсын Их Хурлаас Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдуулан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр “Өршөөл үзүүлэх тухай” хуулийг[13] баталж, уг хуулийг 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдөхөөр хуульчилсан.

 

Уг хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээг тогтоосон 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасан “...2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн... этгээдэд хамаарна...” гэх хүрээнд шүүгдэгч Б.Б, Г.Б нарын үйлдсэн гэмт хэрэг хамаарч байгаа ба анхан шатны шүүх тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 3 жил хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, хязгаарлах бүсийг тогтоон шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Харин шүүгдэгч Г.Бын талаар “...эрхэлсэн тодорхой ажилгүй, орлого олдоггүй, өөрт ногдох хөрөнгөгүй талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн бөгөөд иргэний нэхэмжлэгч Ч.Цэрэнбатын 3.000.000 төгрөгийн хохирлыг төлөхөө илэрхийлж байгуулсан эвлэрлийн гэрээндээ хэрхэн ямар орлого, хөрөнгөөр төлөхөө нотлоогүй...” гэх үндэслэлгүй дүгнэлт хийж 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай хууль”-д үл хамааруулан, түүнд оногдуулсан 2 жил хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь буруу байна.

 

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан хохирол төлөхөө илэрхийлсэн нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасны дагуу шалган үнэлж чадаагүй, энэ талаар дурдсан шүүгдэгч Г.Бын өмгөөлөгч П.Ганбаатарын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул хүлээн авч хангах нь зүйтэй байна. 

 

Мөн мөрдөн байцаалтын шатанд Б.Б нь 2 хоног цагдан хоригдсон байхад түүний уг хоригдсон хугацааг цаашид ял эдлэх хугацаанд оруулан тооцолгүйгээр “...хоригдсон болохыг дурдав...” хэмээн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан шийдвэрлэсэн нь буруу болжээ.   

 

Иймд шийтгэх тогтоолын холбогдох заалтуудад зохих өөрчлөлтүүдийг оруулан шүүгдэгч Г.Бт оногдуулсан 2 жил хорих ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг үндэслэн зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих, шүүгдэгч Б.Бгийн цагдан хоригдсон 2 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Шийтгэх тогтоолын “Тодорхойлох нь” хэсэгт хийгдсэн “...олон тооны мал гэж хорин дөрвөн бог, найман бодоос дээш малыг ойлгоно...” гэх дүгнэлт нь хууль тогтоогчоос тайлбарласан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан олон тооны малыг “...найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно...” гэх тайлбараас илт зөрүүтэй болсон буюу буруу тайлбарлан хэрэглэсэн,

 

Шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 3 жил хорих ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг хэрэглэн зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солихдоо “...зорчих эрхийг хязгаарлах ялын нэг өдрийг хорих ялын нэг хоногоор тооцохыг дурдав...” гэсэн нь ойлгомжгүй буюу цаашид хэрхэх гэж байгаа талаар тодорхой, ойлгомжтой дүгнэж чадаагүй байгаа зэргийг тэмдэглэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн болно.

 

Б.Б, Г.Б нарыг 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2021/ШЗ/1077 дугаар шүүгчийн захирамжаар тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон гэж буруу бичин техникийн шинжтэй алдаа гарган шүүхэд шилжүүлсэн байгааг болон шүүгдэгч Г.Б нь иргэний нэхэмжлэгч Ч.Цэрэнбатад 3.000.000 төгрөгийг нөхөн төлсөн байгаа зэргийг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/403 дугаар шийтгэх тогтоолын 4 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай...” гэснийг  

 

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 3 жил, шүүгдэгч Г.Бт оногдуулсан 2 жил хорих ялыг тус тус мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай...” гэж,

 

5 дахь заалтад “...Шүүгдэгч Б.Бд 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээр зорчихоор тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглосугай...” гэснийг

 

“...Шүүгдэгч Б.Бд 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч Г.Бт 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хугацаанд хяналт тавихыг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж, шүүгдэгч Б.Бгийн зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Нийслэлийн Хан-Уул дүүргийн, шүүгдэгч Г.Бын зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрээр зорчихоор тус тус тогтоосугай...” гэж,

 

6 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй...” гэснийг

 

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Г.Б нар нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй...” гэж,

 

7 дахь заалтад “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-аас 3.000.000 /гурван сая/ төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 11-р хороолол ... хороо ... тоотод оршин суух Сүлдэнбуу Чийбаатарын Ц-д олгосугай...” гэснийг

 

“...Шүүгдэгч Г.Б нь иргэний нэхэмжлэгч Ч.Ц-д 3.000.000 төгрөгийг төлсөн болохыг дурдсугай...” гэж,

 

11 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заанаар шүүгдэгч Г.Б-ын цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай...” гэснийг

 

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заанаар шүүгдэгч Б.Б, Г.Бын нарын тус бүр цагдан хоригдсон 2 хоногийг тэдний эдлэх ялд тус тус оруулан тооцсугай...” гэж,

 

12 дахь заалтад “...Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг CD хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгч Б.Б нь 2 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай...” гэснийг

 

“...Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай...” гэж,

 

14 дэх заалтад “...Шийтгэх  тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Г.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай...” гэснийг

 

“...Шийтгэх  тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Г.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй...” гэж тус тус өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээн, шүүгдэгч Г.Бын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдож буй шүүгдэгч Г.Быг сулласугай.

 

3. Шүүгдэгч Г.Б нь 2021 оны 10 дугаар сарын 29-нөөс 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл нийт 67 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялд оруулан тооцсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ,

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

                   ШҮҮГЧИД                                               Т.ЭНХМАА

 

 

                                                                                    М.МӨНХДАВАА

 

[1] 1хх-ийн 23-р тал

[2] 1-ххийн 62-р тал

[3] 1хх-ийн 105-106-р тал

[4] 1хх-ийн 108-р тал

[5] 1хх-ийн 28-р тал

[6] 1хх-ийн 110-р тал

[7] 1хх-ийн 112-р тал

[8] 1хх-ийн 114-р тал

[9] 1хх-ийн 121-122-р тал

[10] 1хх-ийн 123-р тал

[11] 1хх-ийн 124-125-р тал

[12] 1хх-ийн 127-р тал

[13] Төрийн мэдээлэл 2021 он №26 /1176/