| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 152/2024/00259/и |
| Дугаар | 152/ШШ2024/00227 |
| Огноо | 2024-05-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 152/ШШ2024/00227
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,
Нэхэмжлэгч: УАПГ,
Хариуцагч: Б.Жд холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч УАПГын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багийн иргэн Б.Ж нь Ажлын байрыг дэмжих хөтөлбөрт хамрагдаж, 5,000,000 төгрөгийг хүүгүйгээр, 36 сарын хугацаанд 100 хувь эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулан авсан байна. Гэвч Б.Ж нь гэрээний хугацаанд 4,000,000 төгрөгийн эргэн төлөлт хийж, 1,000,000 төгрөгийг төлөхгүйгээр, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөний улмаас Увс аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 1,000,000 төгрөгийн хохирол учирсан байна. Увс аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас прокурорт гаргасан хүсэлтэд “..иргэн Б.Ж нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс төрийн байгууллага хохирч байгаа тул төрийг хохиролгүй болгож нэхэмжлэл гаргаж өгнө үү” гэжээ. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.18 зүйл, Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.3 дахь заалт, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журмын 1.3 дахь хэсэгт заасны дагуу аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар нь Сангийн орлогыг төвлөрүүлэх, уг сангаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулан санхүүжүүлэх, гүйцэтгэлийг тайлагнах үүрэг бүхий улсын төсвөөс санхүүждэг төрийн захиргааны байгууллага юм. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгож буй санхүүгийн дэмжлэг нь ажлын байрыг бий болгох, хадгалах, бичил болон гарааны бизнесийг эхлүүлэх, эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг өргөжүүлэх, сэргээхэд чиглэсэн барьцаагүй, хүүгүй, санхүүгийн дэмжлэгийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр олгодог бөгөөд тухайн санхүүгийн дэмжлэгт хамрагдсан иргэн нь тухайн санхүүгийн дэмжлэгийг эргэн төлөх үүрэг хүлээдэг бөгөөд гэрээнд заасан хугацаанд эргэн төлөлтөө төлөөгүй нь бусад иргэдэд зээл олгож дэмжлэг үзүүлэх боломжийг хязгаарлаж байгаа тул төрийн болон нийтийн ашиг сонирхол зөрчиж байгаа үйлдэл гэж дүгнэхээр байна. Иргэн Б.Ж нь ажлын байрыг дэмжих эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээний хугацаа 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр дуусгавар болсон ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна. Иймд иргэн Б.Ж нь талуудын байгуулсан ажлын байрыг дэмжих эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээнд заасан эргэн төлөлт хийх хуваарийн дагуу эргэн төлөлтийг бүрэн хийгээгүй буюу 1,000,000 төгрөг төлөөгүй байх тул гэрээний 1.3, 3.5 дахь хэсэгт зааснаар 1,000,000 төгрөг гаргуулж, Увс аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 100150037010 тоот дансанд олгуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно” мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 “бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд мэдүүлэх эрх нь хуулиар олгогдсон этгээдээс гаргасан нэхэмжлэл нь иргэний хэрэг үүсгэх үндэслэл болно” гэсэн зохицуулалтын дагуу прокурор нь нийтийн ашиг сонирхлыг хамгаалах нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарах бөгөөд мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэж заасны дагуу төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож нэхэмжлэл гаргах нь хууль тогтоомжийн шаардлагад нийцнэ. Иргэн Б.Ж нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, гэрээний төлбөрийг бүрэн төлөлгүй, бусад иргэдэд зээл олгож, дэмжлэг үзүүлэх боломжийг хязгаарлаж, төрийн болон нийтийн аль алиных нь ашиг сонирхолд хохирол учруулсан гэж үзэхээр байх тул хохирол гаргуулахаар прокурорын нэхэмжлэл гаргаж байна. Иргэн Б.Ж нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул 1,000,000 төгрөгийг гаргуулж Увс аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 100150037010 тоот дансанд оруулж өгнө үү. Прокурорын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4 дэх хэсгүүдэд заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б.Ж шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие нь Прокорурорын газраас гаргасан нэхэмжлэл 1,000,000 төгрөгийг 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр төлж барагдуулав. Иймд энэ хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч УАПГ итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Хариуцагч Б.Ж нь ажлын байрыг дэмжих хөтөлбөрт хамрагдаж авсан зээлийн үлдэгдэл болох 1,000,000 төгрөгийг төлж барагдуулсан байна. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч УАПГ нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Жд холбогдох, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч УАПГ итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, хариуцагч Б.Ж нар нь хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан, нотлох баримтын хамт 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд ирүүлжээ. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, тус хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
3. Нэхэмжлэгч УАПГ нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад заасан үндэслэлээр шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж, нэхэмжлэлийн үнийн дүн болох 1,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 28,550 төгрөгийн тал хувь 14,275 төгрөгийг хариуцагч Б.Жгаас гаргуулж, Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Ж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухайй хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Жгаас улсын тэмдэгтийн хураамж 14,275 төгрөг гаргуулж, Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Я.УРНАА