Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 403

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ганбаатар даргалж,

           нарийн бичгийн дарга Х.Дашням,

           улсын яллагч Х.Анхцэцэг,

шүүгдэгч Л.М, түүний өмгөөлөгч Б.Мөнхзаяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.овогт Э.М холбогдох 1708007860078 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программ хангамжийн инженер мэргэжилтэй, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст холбоо мэдээллийн  инженер ажилтай, ам бүл 4, ... тоотод оршин суух, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Б. овогт Э.М, /РД:...

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Э.М нь 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр ... 19 дүгээр хороо, 8в байрны 4 дүгээр орцонд Ц.О-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:   

Шүүгдэгч Э.М нь 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр ...19 дүгээр хороо, 8в байрны 4 дүгээр орцонд Ц.О-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: 

- хохирогч Ц.О-т мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн орой 22 цагийн орчим дэлгүүрээс гэр лүү явж байсан чинь...байрын орцны цахилгаан шатны булангийн хэсэгт намайг оруулж байгаад М хамар луу хэд хэдэн удаа цохисон. Би хамар өвдөөд байсан болохоор би хамраа дараад уйлаад суусан...М-д ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй ...гэх мэдүүлэг /хх-34/,

- гэрч Б.А-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...19 цагийн орчим орцонд хүн орилох шиг болохоор нь гараад харсан чинь М яах гэж эхнэр айлгаад байгаа юм бэ? гээд загнаад байсан... О. нүүр лүү нь гараараа нэг удаа цохисон, би очоод тэднийг салгасан. Тэгээд О. хамраас цус гарсан байсан... гэх мэдүүлэг  /хх-35/,

- гэрч Э.У-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...М ах эхнэрээ өмөөрөөд л түүнийг зодсон байх түүнээс биш хүнтэй муудалцаад байхаар хүн биш ээ...гэх мэдүүлэг/хх-38/,

- гэрч Н.А-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Ц.О манай охидуудыг байнга тааралдах болгондоо элдвээр хэлдэг тийм болохоор хүргэн М-н арга нь барагдаад нэг цохисон юм байна лээ...гэх мэдүүлэг /хх-74/,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №7483 дугаартай:...Ц.О. биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, зүүн нүдний зовхи, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх болмжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-43/

- шүүгдэгч Э.Мгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр байх өдөр 16 цагийн орчим байх эхнэр Э.Ц над руу утсаар яриад уйлаад намайг гадаа явж байтал /О/ Ц.О хэл амаар доромжлоод зүгээр явуулахгүй байна чи ирээд уулзаарай гэж хэлсэн. Би орой 21 цагийн орчим ажлаа тараад гэртээ ирээд эхнэрээсээ юу болсон талаар асуусан чинь манай эхнэрийг янхан, хулгайч гэх мэтээр гадаа гудамжинд доромжилсон, мөн түлхэж унагасан гэж хэлсэн. Би дэлгүүр лүү гараад явж байгаад О-тай тааралдаад хоёулаа уулзая гэж хэлээд орц руу оруулаад юу болсон талаар асуусан чинь би яагаа ч үгүй гээд байсан. Би түүнийг нэг удаа хамар руу гараараа цохиод тонгойхоор нь нуруу руу нь тохойгоороо нэг тохойлдсон. Тэгсэн О. хамраас цус гараад муухай орилоод уйлаад байсан. Тэгсэн хажуугаас А биднийг салгасан өөр зүйл болоогүй...гэх мэдүүлэг /хх-28-29/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Иймд Э.М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.   

Хэрэгт хохирогч нь гомдол, саналгүй болохоо мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан, эвлэрсэн тухай мэдүүлсэн, мөн шүүх хуралдаанд “хохирогч, шүүгдэгч нарын эвлэрлийн гэрээ” баримт судлагдсан байх тул хохирогч, шүүгдэгч нарыг сайн дураар эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй.  

Шүүгдэгч нь урьд ял шийтгэлгүй буюу анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

2002 оны Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчтой сайн дураар эвлэрсэн, учруулсан хохирлоо бүрэн төлсөн тохиолдолд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй тул шүүгдэгч Э.М-н 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр үйлдсэн гэмт хэрэгт 2015 оны Эүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэхгүй байх тул 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх боломжгүй гэж үзэв.   

Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн, хураагдсан эд зүйлгүй болно.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:        

 

1. Шүүгдэгч Э.М холбогдох 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Э.М бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

3. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч Э.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар хүлээлгэх эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.   

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй,  тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.   

5. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.    

6. Прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

            7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Э.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ГАНБААТАР