| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Магнайбаярын Мөнхдаваа |
| Хэргийн индекс | 1834003120356 |
| Дугаар | 2022/ДШМ/03 |
| Огноо | 2022-01-05 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Мөнхтулга |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 2022/ДШМ/03
Д.Т, Ц.Э нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Б.Мөнхтулга
Шүүгдэгч Д.Т
Шүүгдэгч Д.Тгийн өмгөөлөгч А.Мөнхтулга, М.Мэндсүрэн
Цагаатгагдсан этгээд Ц.Эы өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ
/цахим сүлжээгээр/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Пгийн өмгөөлөгч
Х.Даваахүү /цахим сүлжээгээр/,
Нарийн бичгийн дарга З.Анхбаяр нарыг оролцуулан
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/397 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.П, шүүгдэгч Д.Т нарын гаргасан давж заалдах гомдлоор Д.Т, Ц:Э нарт холбогдох эрүүгийн 1834003120356 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн,
Монгол Улсын иргэн,
Д.Т нь Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Улаанбаатар хотоос Дундговь аймаг явах чиглэлийн төв асфальтан замын 65 дахь километрийн шонгийн орчим 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ... УНЕ улсын дугаартай Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5.1 “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 7.6. “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтуудыг зөрчиж, замын хөдөлгөөнийг харалгүйгээр зам дээр зорчин явсан Тоёота Ланд круйзер-100 загварын ... УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Э нь приус-20 загварын тээврийн хэрэгслийг мөргөхгүйн тулд замын баруун гар талын хөвөөн хэсэг рүү явж замын хажуу руу онхолдож, автомашинд зорчиж явсан Х.Э нас барж, Ц.Эы эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт,
Ц.Э нь Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Улаанбаатар хотоос Дундговь аймаг явах чиглэлийн төв асфальтан замын 65 дахь километрийн шонгийн орчим 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Тоёота Ланд круйзер загварын .... УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.3-д заасан “Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэснийг зөрчиж, зүүн гар тийш бүтэн эргэх үйлдэл хийсэн Д.Тгийн жолоодон явсан ... УНЕ улсын дугаартай Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгслийг мөргөхгүйн тулд замын баруун гар талын хөвөөн хэсэг рүү явж замын хажуу руу онхолдож, автомашинд зорчиж явсан Х.Э-ын амь насыг хохироосон гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Төв аймгийн Прокурорын газраас Д.Т, Ц.Э нарт тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Төв аймгийн Прокурорын газраас 1834003120356 дугаартай эрүүгийн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Өндөрнөр овгийн Цогдоржийн Эд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж,
Шүүгдэгч Шарайд овгийн Дамдинсүрэнгийн Тг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирч, хүний биед хүнд гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Шүүгдэгч Д.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил хасаж, 3 жил хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Д.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил хорих ялаас, 2 /хоёр/ жилийг хасаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялаас үлдэх 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн 1834003120356 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг СD-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргах, бичиг баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д.Т, цагаатгагдсан Ц.Э нар энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, хохирогч С.Эрдэнэбилэг, иргэний нэхэмжлэгч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, тэднээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдан ирсэн иргэний баримт бичиг болох шүүгдэгч Д.Тгийн жолоочийн үнэмлэхийг зохих байгууллагад хүргүүлэхийг, цагаатгагдсан этгээд Ц.Эы жолоочийн үнэмлэхийг түүнд буцаан олгохыг тус тус дурдаж,
Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд цагаатгагдсан этгээд Ц.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д заасныг тус тус баримтлан шүүгдэгч Д.Тгээс нийт 32.510.319 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Пд оршуулгын зардал болон бусад зардалд 15.053.319 төгрөгийг, цагаатгагдсан этгээд Ц.Эд эд хөрөнгөд буюу тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 17.457.000 төгрөгийг тус тус олгож,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Пгийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 3.020.000 төгрөг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг, мөн цагаатгагдсан этгээд Ц.Э нь эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал болох 6.000.000 төгрөгийн баримтаа, мөн цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа тус тус бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Пгийн орон сууцны зээлтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг тус тус дурдаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Тд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг 1 жилийн хорих ялыг эдэлж дууссан үеэс хугацааг тоолж шийдвэрлэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.П гаргасан давж заалдах гомдолдоо: 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр гарсан зам тээврийн осолд Д.Т буруутайгаас гадна тухайн үед жолоо барьж явсан Ц.Э буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан үйл баримтаар нотлогдон тогтоогдсоор байтал шүүхээс Ц.Эыг хэрэгсэхгүй болгож, цагаатгасанд гомдолтой байна.
Автомашин жолоодож явсан Ц.Э нь хурд хэтрүүлсэн, зогсоох арга хэмжээ аваагүй болохыг үйл баримтаар тогтоосон. Ц.Э нь мөрдөн шалгах ажиллагааны явцад удаа дараа хүндрэл учруулж байсан. Тухайлбал Архангай аймаг руу эмчилгээнд явсан гэх боловч Гашуун сухайт боомтод автомашин жолоодож байсан зэрэг нь жолоо барих эрхээ хязгаарлуулсан түүний хувьд ямар хууль дүрэм журам үйлчилж байгааг ойлгохгүй байна. Түүнчлэн түүний хамтран амьдрагч гэх Төгсбаяр нь Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн газарт хэрэг бүртгэгчээр ажилладаг зэрэг нь уул хэргийг үнэн зөвөөр шийдэхэд эргэлзээ төрүүлж байгааг дурдахыг хүсэж байна.
Шүүхээс түүнтэй хамаарал бүхий С.Эрдэнэбилэг, М.Болдбаасан нарын мэдүүлэгт үндэслэн шийдвэр гаргасныг эсэргүүцэж гомдол гаргаж байна. Хэрэв Ц.Э нь дээр дурдсан арга хэмжээг авсан бол миний хань Х.Эын амь хохирохгүй байх бүрэн боломжтой байсан. Ийнхүү Ц.Э нь 100 хувь буруутай байтал хэргээс цагаатгаад зогсохгүй тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 14.457.000 төгрөг нэхэмжилж, түүнийг шүүх хүлээн авсан нь үнэхээр ёс зүйгүй шийдэл гэж үзэж байна. Хүний амь наснаас илүү үнэтэй зүйл байх ёсгүй.
Д.Т нь гэм буруугаа хүлээж уучлал хүссэн бөгөөд шүүхийн тогтоолын дагуу нэхэмжилсэн 15.053.319 төгрөгийн хохирлыг түүний дүү Д.Анар бүрэн төлж барагдуулсан болно. Иймд Д.Тд ял оногдуулсан шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Д.Т гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие эрүүгийн хэргийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан 1 жилийн хорих ял оногдуулсаныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул давж заалдах гомдол гаргаж байна.
Миний бие нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хохирол болох 15.053.319 төгрөгийг С.Пд бүрэн барагдуулсан тул миний үйлдсэн хэргийнхээ үнэн зөвийг хүлээж байгааг харгалзаж биеэр эдлэх ялыг өөр төрлийн ялаар шийдэж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Д.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирлоо бүрэн барагдуулсан тул хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэв.
Шүүгдэгч Д.Тгийн өмгөөлөгч А.Мөнхтулга тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Д.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирлоо нөхөн төлсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн хангаж байгаа. Харин түүний хувьд Ц.Эрдэнсайханыг гэм буруутай гэж маргадаг ба тэрээр хамгаалах бүс хэрэглээгүй байгаа. Шүүх ч шийтгэх тогтоолдоо Ц.Эыг буруутай талаар гарсан шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэж чадаагүй. Тухайн хэрэгт хөрөнгийн үнэлгээ хийсэн компаний тусгай зөвшөөрөл авагдаагүй байхад Д.Тгээс 15 сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон. Иймд хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү гэв.
Шүүгдэгч Д.Тгийн өмгөөлөгч А.Мэндсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Ц.Э гэм буруутай гэдэг нь тогтоогдсон байхад анхан шатны шүүх цагаатгасан. Д.Тд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.
Цагаатгагдсан этгээд Ц.Эы өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх хэрэгт авагдсан баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, түүний хамгаалах бүс хэрэглээгүй үйлдэл нь ослын шалтгаан мөн үү үгүй юу гэдэгт дүгнэлт хийсэн. Мөн Ц.Э өөрөө ч амь насаа алдаж болохоор гэмтэл авсан. Замын хөдөлгөөний дүрэмд хамгаалах бүс хэрэглэх нь зорчигчийн өөрийнх нь эрх, үүрэг хэмээн заасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Пгийн өмгөөлөгч Х.Даваахүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Мөнхтулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүх Ц.Эы талаар буруу дүгнэлт хийсэн байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. Шүүгдэгч Д.Тгийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийг хэрэглэн оногдуулах ялыг хөнгөрүүлэх боломжтой гэх дүгнэлтийг гаргаж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан.
Хуульд заасан дээрх эрхийн хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж үзэхэд анхан шатны шүүх Д.Т, Ц.Э нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн дараах нөхцөл байдлууд тогтоогдлоо.
Шүүхийн шийдвэр хэлбэр бүтцийн хувьд Монгол Улсын нэрийн өмнөөс гаргах шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байхаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан.
Гэтэл анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж Ц.Эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатган, Д.Тг гэм буруутайд тооцон хорих ял оногдуулан эцэслэн шийдвэрлэхдээ Монгол Улсын нэрийн өмнөөс "Шүүгчийн захирамж“ гаргасан нь хэрэг хянан шийдвэрлэж ажиллагааны журмыг ноцтой зөрчжээ.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай этгээдэд оногдуулах тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасахаар буюу дээд, доод хэмжээг нарийвчлан зааж хууль тогтоогч хуульчилсан байхад анхан шатны шүүх шүүгдэгч Д.Тгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.
Эдгээр нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарч байгаа болно.
Иймд Д.Т, Ц.Э нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/397 дугаар “Шүүгчийн захирамж”-ийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул шүүгдэгч Д.Т, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.П нарын гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт өгч хэлэлцээгүй болохыг болон шүүгдэгч Д.Тгийн хувийн байдлыг харгалзан үзэж түүнд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсэн зэргийг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр
зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/397 дугаар шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, Д.Т, Ц.Э нарт холбогдох эрүүгийн 1834003120356 дугаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, цагаатгагдсан этгээд Ц.Эд урьд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧИД Р.МӨНХ-ЭРДЭНЭ
М.МӨНХДАВАА