Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2022/ДШМ/04

 

 

 

 

 

 

П.Б-од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Т.Энхмаа, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Сувд-Эрдэнэ,

Хохирогч Ц.Ц-ын өмгөөлөгч А.Мөнхтулга,

Шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч Б.Түвшинтөгс,

Нарийн бичгийн дарга З.Анхбаяр нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/324 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч Б.Түвшинтөгс нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч П.Бод холбогдох 2034002900271 дугаартай 1 хавтас бүхий эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,

Шүүгдэгч П.Б нь Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг “Сөгнөгөр” гэх газарт 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Ц.Ц-тай архидан согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан Ц.Ц-ыг зодож эрүүл мэндэд нь зүүн талын 7,8,10 дугаар хавирга, бүсэлхийн 1,2,3 дугаар нугалмын баруун зүүн хөндлөн сэртэнгийн далд хугарал, 2 талын дагзны арын хэсгийн болон зүүн чамархайн хэсгийн хатуу хальсан доорх /субдурал/ цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Төв аймгийн Прокурорын газраас П.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/324 дүгээр шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч  Б-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Быг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бод оногдуулсан 1 000 000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Боос 5 586 195 /таван сая таван зуун наян зургаан мянга нэг зуун ерэн тав/ төгрөг гаргуулж Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 28 дугаар хороо 3 дугаар хэсгийн 4143 тоотод оршин суух Ц-т олгож,

Эрүүгийн 2034002900271 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдан шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч Б.Түвшинтөгс нар гаргасан давж заалдах гомдолдоо: “...1. Анхан шатны шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл П.Б-ын зүйл анги Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боловч гэм буруу дээрээ маргасан хэмээн хэрэглэхээс татгалзсан нь хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн явдал юм.

2. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхдээ хуульд заасан нотлох баримт үнэлэх зохицуулалтыг баримтлаагүй. Өөрөөр хэлбэл хохирогч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад тухайн үед болсон процесс болоод үйл баримтыг санахгүй байгаа талаараа хэлсэн ба түүний бичгээр өгсөн мэдүүлэг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт амаар гаргасан тайлбар хоорондоо зөрчилтэй боловч анхан шатны шүүх зөрүүтэй тайлбар мэдүүлгийг шийтгэх тогтоолын үндэслэл болгосон.

3. Хавтас хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг бүгд хоорондоо зөрүүтэй гэтэл анхан шатны шүүх хохирогч гэх этгээдийн эхнэр болоод түүний хамаарал бүхий этгээдүүдийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн атлаа бусад гэрчүүдийн мэдүүлэгт дүгнэлт өгөөгүй орхигдуулсан.

4. Хохиролтой холбоотой гэх баримтад шүүх ямар нэгэн үнэлэлт, дүгнэлт өгөхгүйгээр шууд бүхэлд нь хангасан нь үндэслэлгүй. Тодруулбал уг баримт дотор уг үйл явдалтай холбоогүй өчнөөн баримт байгаа боловч анхаарч үзээгүй.

Иймд дээрх үндэслэлүүдээр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 221 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/324 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Сувд-Эрдэнэ гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол нь шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн гээд байгаа юм уу эсвэл шүүгдэгчийг гэм буруугүй гээд байгаа юм уу ойлгомжгүй байна. Шүүгдэгч нь учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, гэм буруу дээрээ маргадаг тул анхан шатны шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглээгүй нь үндэслэлтэй. Хохирогч Ц.Ц нь шүүгдэгч П.Бод зодуулсан үйл баримтын талаар тогтвортой мэдүүлдэг. Шүүгч хэрэгт авагдсан нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлсэн. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэж хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдагдсан 4 үндэслэл нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах, хүчингүй болгох үндэслэл болохгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч А.Мөнхтулга гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна. Үнэхээр Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглээгүй нь буруу гээд байгаа юм бол хохирлын асуудлаар завсарлага аваад төлөх боломж байсан. Гэтэл хохирлоо төлөөгүй, төлөхөө илэрхийлээгүй. Хохирогч анхнаасаа П.Бод зодуулсан гэж тогтвортой мэдүүлэг өгдөг. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн яриад байгаа шиг үхэрт мөргүүлээгүй. Хохирогчийн мэдүүлэг нь шинжээчийн дүгнэлт бусад нотлох баримтуудаар тогтоогдсон. Хажуу талын байранд байсан 3 гэрчийг заавал сонссон байх ёстой юм шиг өмгөөлөгч нь яриад байх юм. Гэтэл тэр гэрч нар зодоон болохыг сонсоогүй л гэж мэдүүлсэн байдаг. Хэрвээ хохирлын баримтууд нь шаардлага хангахгүй гэж үзэж байгаан бол яагаад анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг дээр эдгээр баримтуудыг судлах хүсэлт гаргаж судлуулаагүй юм бэ. Шүүх хохирол, хор уршгийн хэр хэмжээг зөв тогтоосон гэж үзэж байна. Давж заалдах шатны хуралдаанд хохирлоо төлчихөөд Өршөөл үзүүлэх тухай хууль буруу хэрэглэсэн талаар мэтгэлцэх болов уу гэтэл тэгсэнгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Түвшинтөгс гаргасан саналдаа: Гомдлын агуулгыг дэмжиж байна. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх боломжгүй гэж хууль буруу тайлбарлан хэрэглэсэн. Нотлох баримтаар гэм буруугийн асуудлыг тогтоох ёстой. Хохирогч эргэлзээтэй мэдүүлэг өгөөд байхад хохирогчийн мэдүүлгээр тогтоогдлоо гээд дүгнээд байдаг. Хохирлын талаар асуухад хохирогч мэдүүлж чаддаггүй. Тэгэхлээр нь шүүгч ард сууж байсан хэргийн бус оролцогчдоос асууж тодруулсан. Иймд шүүгдэгч П.Бын гэм буруутай нь тогтоогдохгүй байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч П.Б гаргасан тайлбартаа: Бид хоёр архи уусан байсан. Гадаа үхэрт мөргүүлээд орж ирээд ширээ мөргөөд унасан. Бид хоёрт зодоон хийх ямар ч шаардлага байхгүй. Хохирогчийн эхнэр бид хоёр төрсөн ах дүүсийн хүүхдүүд байгаа юм. Гэрч Уртнасан ямар нэгэн зодоон цохион болохыг сонсоогүй гэж мэдүүлдэг. Надад энэ хүнийг зодох ямар ч шаардлага байхгүй. Хэргийг маань хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч П.Бод холбогдох эрүүгийн 2034002900271 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч Б.Түвшинтөгс нарын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Шүүгдэгч П.Бод холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон байна.

 

Шүүгдэгч П.Б нь хохирогч Ц.Цыг зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болгосон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд мөрдөгч, прокурор, шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14, 16.15 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлсэн шүүгдэгч П.Бод холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

            Шүүгдэгч П.Б нь Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг "Сөгнөгөр" гэх газар 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Ц.Цтай архидан согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан Ц.Цыг зодож эрүүл мэндэд нь "зүүн талын 7, 8, 10-р хавирга, бүсэлхийн 1, 2, 3-р нугалмын баруун, зүүн хөндлөн сэртэнгийн далд хугарал, 2 талын дагзны арын хэсгийн болон зүүн чамархайн хэсгийн хатуу хальсан доорх /субдурал/ цус хуралт" бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

            Хохирогч Ц.Цын мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн: “2020 оны 3-р сарын 19-ны өдөр хадам ах Б хөдөө Сөгнөгөр явах гэж байна гэхээр нь гэрт хийх юмгүй хэвтэж байхаар хамт агаарт гарья гээд ирсэн. Тэгээд Б ахын дүүгийнх нь мал дээр ирж хоёулаа хамт байсан. Тэгээд шинэ малжих гээд гэр бүлээрээ хүмүүс ирсэн. Тэднийд архи ууж байгаад орой болоод хажуу өрөөнд орж унтахаар болсон. Тэр үед би нэлээн халамцуу хүргэнээ магтаад л байсан юм шиг байгаа юм. Б ах хоёулаа гэртээ очиж унтъя гээд дагуулж гараад өрөөндөө оруулж хаалга хааж байгаад чи яасан том хүргэнтэй юм гээд түлхэж унагаад өшиглөөд зодсон. Би Буянаа ахаа болиоч ээ гээд л намайг зодоод байсан. Би нүүрээ хоёр гараараа хаагаад л бөөр, бөгс, гэдэс рүү өшиглөөд байсан. Нэг сэрээд харсан Буянаа ах орон дээр унтаж байсан. Би хаалга онгойлгож нөгөө шинэ ирсэн малчингийнд орж орон дээр унтсан. Маргааш нь өглөө намайг нөгөө айлд хэвтэж байхад орж ирээд авсан бөгөөд гэртээ оруулж ахыгаа уучлаарай гээд  гарч яваад архи авчраад би дахиад хувааж уусан. Тэгээд хотоос дүү нь манай эхнэрийг авчирч намайг орой нь хот руу авч явсан. Тэгээд ирэх замдаа үхэрт мөргүүлсэн гэж эхнэр Цэцэгмаад хэлсэн юм шиг байна лээ. Би хамаатан садан улс гээд хэл амаар яах вэ гэж бодсон. Миний сэртэн яс, 3 хавирга хугарсан байна лээ. Би гомдолтой байна. Намайг яагаад зодох болсон талаар гайхаад л байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Бид хоёр хоёулхнаа байсан. Шинээр ирсэн малчин мэдэхгүй байна дуу чимээ гараагүй, сонсоогүй гээд л байна лээ. Би охидууд даа л хэлсэн. Бид хоёр нэлээн уусан. Шинээр ирсэн малчин архи уугаагүй. Фермер рүү урьд өдөр нь нэг удаа орсон, тэрнээс хойш фермер лүү нь ороогүй. Би үхэрт мөргүүлээгүй. Урьд өдөр нь үхэр дайрч үүднийх нь баганыг нь эвдэж нэг үхэр хашаа давж гарсан түүнийг л хэлсэн. Хэлээрэй гээд байсан. Юунаас болж намайг зодох болсныг нь би мэдэхгүй. Хүргэнээ магтаад тэгээд л танай хүргэн яасан их том юм гээд цохиод байсныг нь санаж байна. Тэрнээс өөр намайг зодох, хэрэлдэх, маргалдах шалтгаан байхгүй. Хохирлоо барагдуулж авмаар байна." гэх мэдүүлэг /хх 4-6/, 

 

           "П.Б нь манай эхнэрийн авга ах байгаа юм. Тухайн үед П.Бтой Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт отгон дүүгийнх нь малыг харж байх хугацаанд бид хоёр архи согтууруулах ундаа уусан. Б гэрийн хаалгыг цоожилж байгаад намайг гар, хөлөөрөө цохиж зодож эрүүл мэндэд хохирол учруулсан.” гэх мэдүүлэг /хх 7/,

 

            Гэрч П.Отгонхишигийн өгсөн: “2020 оны 3-р сарын 23 өглөө 11  цагийн үед шинэ малчин Уртнасангийн эхнэр нь залгаж "Сүүгээ сүүний машинд өгсөн гэх мэдээг өгөнгөө энэ хоёр ахын нэгнийх нь нүд хавдчихсан согтуу байна." гэхээр нь "Хоорондоо зодолдсон юм уу" гэж асуухад "Тийм зүйл мэдэгдээгүй." гэхээр нь хотоос Б ахын эхнэр, охин, хүүг аваад Сөгнөгөрт ирсэн. Ирэхэд хоёулаа согтуу унтаж байсан. Тэгээд Ц ахыг аваад хот руу Буянаа ахыг машинтай нь хүүтэй нь үлдээсэн. Тэгээд 7 буудал дээр Ц ахын охин тосож авсан. Би замдаа та үнэнийг нь хэлээрэй гэсэн чинь "Ах нь 3 хоног болоод л эдгэчихнэ. Эмнэлэгт үзүүлэхгүй." гэхээр нь юу ярьж байгаа юм гээд Гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. Хүзүү духны яс хуучин цөмрөлттэй хамрын яс хуучин хугаралтай тархи нь доргисон, 3 хавирга зөрүүгүй хугаралттай, шинэ сэртэн яс хугарсан байна гэж шинжилгээг эмч нь уншиж өгсөн. Эмч хэлэхдээ энэ гэмтэл нь хэвтэж эмчлүүлэх заалт даралт өндөр настай хүн болохоор 3-5 хоног хэвтүүлье гэж хэлсэн. Эхэндээ би согтуу унасан гээд дараа нь үхэрт мөргүүлсэн гээд байсан. ” гэх мэдүүлэг /хх 10-11/,

 

            Гэрч Д.Цэцэгмаагийн өгсөн: “Манай нөхөр Ц.Ц нь 2020 оны 3-р сарын 19-ний өдөр П.Бын хамт Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөрт байх хамаатны дүү Отгонхишигийн малыг хэд хоног харахаар хотоос хамт явсан. Тэгээд 3-р сарын 23-нд миний гар утас руу дүү Отгонхишиг залгаад Цогоо ахыг Буянаа ах зодсон байна та хурдан хүрээд ир хамт явж авчиръя гэж хэлсэн. Отгонхишиг рүү малчин нь залгаж хэлсэн байсан. Тэгээд хотоос дүү Отгонхишиг Б ахын хүү, охин хоёртой нь ирээд нөхөр Цтай уулзахад жоохон архи уучихсан намайг бушуухан эндээс аваад яв гээд байсан. Б ах нэлээн согтуу хүү нь машиныг нь барьж Батсүмбэрт ирсэн. Нөхөр Цын хоёр нүд нь хөхөрсөн цээжиндээ хөхөрч няцарсан байсан. Тэгээд хэн ийм болгосон юм гэсэн чинь би 3 хоноод зүгээр болчихно амбаар дээрээс архи авах гэж байгаад уначихсан гэж хэлээрэй гээд байхаар нь бас хамаатан садан улс тэгж хэлэх юм байх л гэж бодсон.” гэх мэдүүлэг /хх 12-13/,

 

              Гэрч Б.Одонтунгалагийн өгсөн: “2020 оны 3-р сарын 23-ны өдөр авга эгч Отгонхишиг, дүү Ганзориг, Цогоо ахын эхнэр Цэцэгмаа нар Батсүмбэр явна гээд манайд ирсэн. Очиход аав Б, Цогоо ах хоёр согтуу унтаж байсан. Цогоо ахын 2 нүд нь хөхөрч хавдсан байсан. Эгч Отгонхишиг та хоёр хоорондоо зодолдсон юм уу гэж асуухад аав согтуу би юу гэж зодох вэ дээ гээд Цогоо ах болохоор би гэртээ хариад 2, 3 хоноод зүгээр болчихно гээд байсан. ...амьсгалахдаа Цогоо ах ёолоод байсан.” гэх мэдүүлэг /хх 14/,

 

            Гэрч Б.Ганзоригийн өгсөн: “2020 оны 3-р сарын 23-ны өглөө Отгонхишиг эгч залгаад нөгөө хоёр хөдөө согтуу байх шиг байна. Манай малчин залгаж байна. Хамт яваад аваад ирье гэж хэлсэн. Өдөр намайг гэрээс Отгонхишиг эгч ирж аваад замаараа Цогоо ахын эхнэр Цэцэгмаа мөн эгч Одонтунгалаг нарыг авч Батсүмбэр лүү явсан. Ирэхэд аав Б, Цогоо ах хоёр согтуу унтаж байх шиг байсан. Цогоо ахын хоёр нүд нь хөхөрч хавдсан байсан. Эгч Отгонхишиг хоорондоо зодолдсон юм уу гэж асуухад согтуу би юу гэж хүн зодох вэ дээ гээд Цогоо ах би гэртээ хариад 2-3 хоноод зүгээр болчихно гээд л байсан.” гэх мэдүүлэг /хх 15/,

 

              Гэрч Ж.Уртнасангийн өгсөн: "2020 оны 3 дугаар сарын 22-ны орой Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөр багт айлын мал маллахаар шөнө нүүж ирээд эд зүйлээ байшинд оруулсан. Тэр үед залгаа байшинд малыг нь харж байгаа гээд өндөр, нам хоёр хөгшин ах байсан. Орой гэрээ оруулж дуусчхаад байж байтал нөгөө 2 ах дуудаад танилцъя гээд нэг шил төмөр савтай архи тавьчихсан хоёулаа уугаад сууж байсан. Тэр үед намхан биетэй ахын нүүр царай нь зүв зүгээр байсан. Надад хийгээд өгөхөөр нь би уудаггүй гээд ёслоод орж амрахаар гарсан. Тэгээд нүүдэлдээ ядраад нам унтсан. Шөнө 4 цаг өнгөрч гэгээ орчихсон байхад хаалга нүдээд онгойлгосон чинь нөгөө намхан биетэй ахын нүд нь хөхөрчихсөн байдгаараа чичирчихсэн байхаар нь гэртээ оруулж орон дээр амраасан. Юу болоо вэ гэхэд юу ч дуугарахгүй унтаад өгсөн. Өглөө нөгөө өндөр ах нь орж ирээд гэртээ унтахгүй яасан юм гээд аваад гарсан. Манай эхнэр малын эзэн дүү рүү ярьж ийм болсон байна шүү гэж хэлсэн. Тэгээд үдээс хойш ах, дүү нар нь ирээд аваад явсан. Шөнө зодолдсон талаар мэдэхгүй. Уг нь чимээ гарвал мэдэгдэх л ёстой. Дүү нь зодолдоогүй гэж хэлээрэй гэсэн." гэх мэдүүлэг /хх 67/,     

 

              Гэрч Э.Сүнжидмаагийн өгсөн: "Би эдгээр хүмүүсийг танихгүй. Юу болсон талаар бид мэдэхгүй. Өглөө 5 цагийн орчим Ц манай гэрт зодуулчихсан орж ирж байсан. Та хэнд зодуулсан юм бэ гэхэд Буянаа намайг зодчихлоо ах нь жоохон унтаад гаръя гээд согтуу их даарсан манайд унтаж байгаад 07 цагийн орчим манай гэрээс явсан."  /хх 172-173/, 

 

            Шинжээч Б.Ганзоригийн өгсөн: “Би 2020 оны 3-р сарын 28-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор 2020 оны 4-р сарын 01-ний өдөр Ц.Цын гэрт үзлэг хийж дүгнэлт гаргасан. Тухайн үед зүүн 7, 8, 10 дугаар хавирга бүсэлхийн 1, 2, 3 дугаар нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал, дагз, чамархайн хэсгийн хатуу хальс доорх цусан хураа, нүүр, хоёр чих, хүзүү, хоёр тохой, шуу,  нуруу, бүсэлхий, ташаа, баруун шагай, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хоёр нүдний салстад цус харвалт, зүүн шуунд зулгарал гэмтлүүд тогтоогдсон ба дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Мохоо зүйл гэдэг нь ир үзүүртэй зүйлээс бусад бүх зүйл хамаарах бөгөөд үүнд: гар, хөл, мод, чулуу зэрэг эд зүйлс орно. Ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр зүсэгдсэн, хатгагдсан, цавчигдсан зэрэг шинж чанартай гэмтлүүд үүсдэг бол мохоо зүйлийн үйлчлэлээр няцрал, зулгарал, цус хуралт зэрэг гэмтлүүд үүсдэг.” гэх мэдүүлэг /хх 69-70/, 

 

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн №4140 дугаартай шинжээчийн: “1.Ц.Цын биед зүүн 7, 8, 10-р хавирга, бүсэлхийн 1, 2, 3-р нугалмын баруун зүүн хөндлөн сэртэнгийн далд хугарал, 2 талын дагзны арын хэсгийн болон зүүн чамархай хэсгийн субдурал цус хуралт, нүүр, 2 чих, хүзүү, 2 тохой, шуу, нуруу, бүсэлхий, ташаа, баруун шагайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, 2 нүдний салстад цус харвалт, зүүн шуунд зулгарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх  гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.” гэх /хх 19-22/,

 

           Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн №47 дугаартай шинжээчийн: “1.Ц.Цын биед үүссэн зүүн 7, 8, 10 хавирга, бүсэлхийн 1, 2, 3-р нугалмын баруун, зүүн хөндлөн сэртэнгийн далд хугарал, 2 талын дагзны арын хэсгийн болон зүүн чамархай хэсгийн хатуу хальсан доорх /субдурал/ цус хуралт гэмтэл нь тус бүрдээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Нүүр, 2 чих, 2 тохой, шуу, нуруу, бүсэлхий, ташаа, баруун шагайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, 2 нүдний салстад цус харвалт, зүүн шуунд зулгаралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх /хх 149-150/ дүгнэлтүүд,

 

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 158-164/, амбулаториор эмчлүүлэгчдийн карт /хх 57-59/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон анхан шатны шүүх П.Быг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв болжээ.

 

Харин шүүгдэгч П.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан үндсэн ялыг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар өршөөн хэлтрүүлэх байтал анхан шатны шүүх уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт "Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т тус тус зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно.", 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан "Энэ хуулийн 4.1 дүгээр зүйлд заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-т заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна." гэсэн шаардлагыг хангаагүй тул түүнд холбогдох хэргийг өршөөн хэлтрүүлэх боломжгүй гэж дүгнэсэн нь Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн байна.

 

Учир нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар ялтны шүүхээс оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэхэд түүнийг заавал гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байхыг уг хуульд шаардаагүй. Мөн уг хуулийн 12 дугаар зүйлд заасан “Хууль хэрэглэх журам”-д шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний дараа Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэхээр зохицуулсан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байх шаардлагыг Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх шалгуур болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна. Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 14-т “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж заасан үндсэн эрх, эрх чөлөөгөө эдэлж гэм буруугийн асуудлаар марган хохирлоо нөхөн төлөөгүй, нөхөн төлөхөө илэрхийлээгүй нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтын шүүгдэгч П.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэснийг өөрчилж түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар өршөөн хэлтрүүлж, торгох ялтай холбоотой шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дүгээр заалтуудыг хүчингүй болгон хасаж өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч Б.Түвшинтөгс нар нь “шийтгэх тогтоолыг хүчингүй болгон шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Хохирогч Ц.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед 2 удаа өгсөн мэдүүлэгтээ /хх-н 004-005, 007х/ Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөр гэх газар байх үед түүнийг шүүгдэгч П.Б нь гэрт оруулан хаалгыг цоожилж байгаад зодож эрүүл мэндэд нь хохирол учруулсан талаар мэдүүлсэн байна. Мөн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд П.Бод зодуулсан, болсон үйл явдлыг санаж байгаа талаар мэдүүлсэн мэдүүлгүүд нь хоорондоо ямар нэгэн зөрчилгүй, шүүх хохирогчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар 2-т заасны дагуу тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр үнэлж, шийтгэх тогтоолын үндэслэл болгосныг буруутгах үндэслэлгүй байна. 

 

  Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт талуудын хүсэлтээр хавтаст хэргээс хохирогч Ц.Цын өгсөн мэдүүлэг /хх 7/, гэрч П.Отгонхишигийн өгсөн мэдүүлэг /хх 10-11/, гэрч Д.Цэцэгмаагийн өгсөн мэдүүлэг /хх 12-13/, гэрч Б.Одонтунгалагийн өгсөн мэдүүлэг /хх 14/, гэрч Б.Ганзоригийн өгсөн мэдүүлэг /хх 15/, гэрч Ж.Уртнасангийн өгсөн мэдүүлэг /хх 154-155/, гэрч Ж.Батмөнхийн өгсөн: "Б, Ц нарыг хоорондоо зодолдсон талаар огт мэдэхгүй." гэх мэдүүлэг /хх 166-169/, гэрч Э.Сүнжидмаагийн өгсөн мэдүүлэг /хх 172-173/, шинжээч Б.Ганзоригийн өгсөн мэдүүлэг /хх 69-70/, шүүгдэгч П.Бын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх 8-9, 16-17, 32-33/ зэрэг нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлсэн талаар тусгасан байх тул шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдолдоо шүүх хохирогч гэх этгээдийн эхнэр болоод түүний хамаарал бүхий этгээдүүдийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн атлаа бусад гэрчүүдийн мэдүүлэгт дүгнэлт өгөөгүй орхигдуулсан гэсэн нь үндэслэлгүй байна.

 

  Хавтаст хэргийн 46-49 дүгээр хуудсанд авагдсан хохирлын баримтууд нь шүүгдэгч П.Бын хохирогч Ц.Цын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтууд байх тул анхан шатны шүүх хохирлыг бүхэлд нь гаргуулахаар хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

            Хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар шүүгдэгч П.Б нь хохирогч Ц.Цын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдсон, шүүгдэгч П.Бод холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байна.

 

            Шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч Б.Түвшинтөгс нарын тайлбарлаж байгаа “хохирогч үхэрт мөргүүлсний улмаас биед нь гэмтэл учирсан, гэрт орж ирээд ширээ мөргөж унасан” гэдэг үйл баримт тогтоогдоогүй, энэ талаарх нотлох баримтууд хэрэгт авагдаагүй байна.

 

            Иймд шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч Б.Түвшинтөгс нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/324 дүгээр шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2 дугаар заалтын “2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Быг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэснийг “2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Ш овогт П-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндсэн ялаас өршөөн хэлтрүүлсүгэй.” гэж өөрчлөн,

- 3, 4 дүгээр заалтыг бүхэлд нь хүчингүй болгон шийтгэх тогтоолын тогтоох хэсгээс хасаж,

- тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээн, 1-8 хүртэлх дугаарлалтыг 1-6 гэж дугаарлан, шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч Б.Түвшинтөгс нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.МӨНХДАВАА

 

 

    ШҮҮГЧИД                                                      Т.ЭНХМАА

 

 

                                                                           Р.МӨНХ-ЭРДЭНЭ