Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 410

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

           нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

           улсын яллагч Ц.Мөнхжаргал,

шүүгдэгч Ж.А түүний өмгөөлөгч Э.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ж-н А-т холбогдох 1703000010029 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эцэг, эх, дүү нарынхаа хамт ...тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ж. А, РД:...,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ж.Ань 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 23 цаг 22 минутын орчим ... 12 дугаар хороо ... төвийн хойд замд Тоёото марк-2 маркийн ... УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 2.3-д заасан “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а.хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон...харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын... гэрлүүд асахгүй болсон... бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч М.Б-г дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:   

- зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд:.. хэргийн газар очиход асфальтан, шулуун тэгш, нойтон, явган хүний зохицуулдаггүй гарцтай, суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, зорчих хэсэг гэрэлтүүлэгтэй, эсрэг хөдөлгөөнтэй, 4 эгнээгээр зорчдог, явган хүний замтай, хашлагатай хайсгүй байв. Анх хүн дээгүүр гарсан гэх цэгийг жолоочоор заалган А үсгээр, цогцосны толгой хойд зүг рүү харсан байсан учир толгойн тус газар Б цэг тавьж хэмжилтийг хийв.../хх-10-12/, 

- цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-18-22/,

- жолоочийн согтуурал шалгасан магадлагаа /1хх-х-17/

- бичлэгт үзлэг хийсэн:...бичлэг рүү ороход баруун дээд буланд 2017 оны 7 дугаар сарын 02-ны 00:00:00, зүүн доод буланд CAM 1 гэсэн бичвэр байв, бичлэг урьд бичлэгт байх зураглал гарах бөгөөд бичлэгийн 00:12:40 секундэд ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чигт явган хүний гарцаар эрэгтэй хүн маш удаанаар гарцаар алхаж гарч байгаад зүүнээс баруун тийш явах чиглэлийн 2 дугаар эгнээнд 00:12:40 секундэд өөрөө унахад эхлээд түүнийг хар бараан өнгийн суудлын автомашин араас нь цагаан өнгийн суудлын автомашин тойрч гарахад бичлэгийн 00:13:21 секундэд цайвар өнгийн зүүн талын крыло нь хар өнгөтэй суудлын автомашин хурд сааруулагчийг гараад хэвтэж байсан хүнийг зүүн урд, хойд дугуйгаараа дайрч гараад явав...гэх тэмдэглэл /хх-36/

- хохирогч С.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би талийгаачийн нагац эгч. Талийгаач Төв аймаг, Зуун мод 2 дугаар хороо, 6-16 тоотод ээж С.М, төрсөн дүү М.Б нарын хамт амьдарч байсан, мөн талийгаач багаасаа төрөлхийн хэл, чих муутай мөн сэтгэц жоохон өөрчлөлттэй хүн байсан. Би талийгаачийн группын мөнгийн банкнаас авч ар гэрт нь хэрэгцээтэй зүйлс авч өгдөг байсан, мөн ээж нь өндөр настай, төрсөн дүү М.Б нь дуу муутай хүний хэлснийг заримыг ойлгохооргүй хэцүү хүмүүс байдаг. Би нар талийгаачийг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр нас барсанг мэдээд буяны ажлыг хийж дуусгасан. Гомдолтой байна, осол гаргасан жолоочтой уулзмаар байна, нас барсан буян зардлыг бүрдүүлж байгаа, шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгнө, гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-38-39/,

- гэрч О.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 7 дугаар сарын 01-ний орой 23 цагийн үед найзуудаараа ...д байх айлд очих гээд явж байсан. Тухайн үед би А-н машины урд суудал дээр суугаад Модны 2-оос хөдөлсөн, өөр машинтай найзууд маань явахаар болсон. Гэхдээ А бид 2 түрүүлээд явсан, замдаа ... нутаг ... төвийн харалдаа явж байтал машин овос хийсэн, удалгүй А машинаа зогсоосон...тэгээд би яагаад буусан бол гээд толиндоо хартал хүн хэвтэж байсан, буцаж А ирээд түргэн дуудаарай гэж хэлсэн, түргэний машин ирэхгүй байхаар нь А замаар явж байсан 103 машиныг зогсоогоод эмчтэй уулзсан, эмч тэр хүнийг үзээд нас барсан байна гэсэн, тэгээд байж байтал цагдаа нар ирж хэргийн газарт үзлэг хийсэн...гэх мэдүүлэг /хх-60/

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1317 дугаартай:...талийгаачийн цогцост зүүн уушигны няцрал, урагдал, цээжний хөндий дэх хурц цус алдалт /баруун талд 800 мл, зүүн талд 1000 мл/, элэгний баруун болон зүүн дэлбэнгийн урагдал, 2 бөөрний өөхөн эдэд цус хуралт, зүрхний уг хэсэгт улаан хүрэн өнгийн цэгчилсэн цус харвалт, баруун 1, 2, 3, 4, 5, 6 дугаар хавирга суганы урд шугамаар, зүүн 1, 2, 3, 4, 5, 6 дугаар хавирга суганы урд шугамаар, баруун 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12-р хавирга, нурууны хажуугийн шугамаар, зүүн талын 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12-р хавирга нурууны хажуугийн шугамаарх шууд хугаралууд, сээрний 8 дугаар нугалам, бүсэлхийн 1 дүгээр нугаламын шахагдсан хугарал, хацар, хамрын нуруу, эрүү, бугалга, тохой, цээж, өвдгөнд Згаралт зэрэг гэмтлүүд учирчээ. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд буюу автомашинд /биеийн баруунаас зүүн тийш/ дайрагдах үед үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Талийгаач нь элэгний хатуурал өвчтэй байх ба энэ нь үхэлд нөлөөлөөгүй байна. Талийгаач нь дээрх оношинд дурдсан гэмтлийн улмаас нар баржээ. Талийгаачийн нас барсан хугацааг шүүх эмнэлгийн анхны үзлэгээр тогтооно. Талийгаачийн цус ABO системээр O I бүлгийн харъяалалтай байна. Талийгаачийн цусанд 5.0 примил спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-77/,

- техникийн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 28-ны №349 дугаартай :...... УБМ улсын дугаартай Т.Марк-2 маркийн автомашин жолоодон явсан Ж.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2. жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 2.3 жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. а. хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтанд заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...гэх дүгнэлт /хх-99-100/,

- Авто тээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 055208 дугаартай:...... УБМ улсын дугаартай автомашин нь техникийн бүрэн бүтэн байдал стандартын шаардлага хангахгүй байна. Уг автомашины урд буфер зүүн тал нь доороос дээшээ чигтэй урагдаж ханзарсан, зүүн талын дохионы гэрэл байхгүй, урд салхины шил зүүн талдаа цацарч бага зэрэг хагарсан, зүүн талын подвоор асахгүй, улсын дугаарын гэрэл асахгүй, тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд зогсоолын тоормос зогсоогүй, зүүн талын толь хагарсан, зүүн талын кролан нь өнгө зөрсөн, рулийн гидросистем эвдэрсэн мөн баруун талын 2 дугаар тэнхлэгийн дугуйн тоормосны хүч сул зогсохгүй эвдрэл гэмтэлтэй байна. Уг автомашины зүүн талын подвоор асахгүй, улсын дугаарын гэрэл асахгүй зогсоолын тоормос зогсохгүй, зүүн талын кролан нь өнгө нь зөрсөн эвдрэл гэмтэл нь осолд шууд нөлөөлөхгүй. Урд буфер зүүн тал нь доороос дээшээ чигтэй урагдаж эвдэрсэн, зүүн талын дохионы гэрэл байхгүй, урд салхины шил зүүн талдаа цацарч хагарсан, зүүн талын толь хагарсан эвдрэл гэмтэл нь ослын өмнө болон ослын үед үүссэн эсэхийг тодорхойлох боломжгүй. Уг автомашины 2 дугаар тэнхлэгийн дугуйн тоормосны хүч сул зогсоогүй эвдрэл нь уг зам тээврийн осолд тоормосны зам уртсах байдлаар нөлөөлнө. Урд гэрлийн тусгалын эрчмийн хүч нь сул байгаа нь уг осолд үзэгдэх орчин хязгаарлагдах байдлаар нөлөөлөх магадлалтай. Рулийн гидросистем эвдэрсэн гэмтэл нь руль хатуурч хурдтай явах үед жолоодлогод шууд нөлөөлнө. Уг тээврийн хэрэгсэл нь тоормосны систем нь шингэн дамжуулагатай буюу ABS системтэй. Уг тээврийн хэрэгслийн тоормосны систем нь стандартын шаардлага хангахгүй байна. Тоормосны систем нь ашиглалтын явцад үүссэн гэмтэлтэй бөгөөд хэрхэн, хэзээ яаж эвдэрснийг нарийн тодорхойлох боломжгүй. Уг автомашины гадна гэрэлтүүлэг нь зүүн талын дохионы гэрэл байхгүй, зүүн талын подвоор асахгүй, улсын дугаарын гэрэл асахгүй, их гэрэл нь асаж байгаа боловч стандартын шаардлага хангахгүй байна...гэх дүгнэлт /хх-87-94/ 

- шинжээч эмч Б.Г-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр ... УБМ дугаартай Т.Марк-2 маркийн автомашиныг оношилгооны тоног төхөөрөмжөөр оруулж, шинжээч Б.З, Г.Б нарын хамт шинжээчийн дүгнэлтийг санал нэгтэй гаргасан. Уг автомашиныг тоног төхөөрөмжөөр оруулахад урд гэрлийн баруун, зүүн талдаа их гэрлийн тусгал 0 люкс байх бөгөөд стандарт нь 10000 люкс байх ёстой, мөн уг автомашины хол ойрын гэрлийг багаж дээр шалгахад компьютерт мэдээлэл нь зөвхөн холынхоороо л гарч ирдэг, гэхдээ бол ойрын гэрэл нь 0 люкс байсан. Мөн тэр автомашины хол, ойрын гэрлүүд асаж байгаа боловч гэрлийн тусгалын хүч сул буюу 0 люкс зааж байсан, энэ үзэгдэх орчинг муу тусгаж, жолоочийн харах байдалд муугаар нөлөөлнө...гэх мэдүүлэг /хх-63/,

- гэрчээр   мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би 2017 оны 7 дугаар сарын 01-ний шөнө 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн нутаг “...” төвийн харалдаа зүүнээс баруун тийшээ 2 дугаар эгнээгээр 20-30 км/цагийн хурдтай явсан, тэр зам дээр ойрхон хурд сааруулагч дээгүүр гараад дөнгөж явж байсан. Гэнэт л тар няр гээд чимээ машины зүүн урд талд чимээ гарсан, надад бол юу мөргөсөн талаар анзаарагдаагүй, машинаа зогсоогоод буугаад, толиндоо хартал газарт хүн хэвтэж байхаар нь бууж ирээд, тэр хүнийг биеийн байдал үзэхэд хөдөлгөөн байхгүй гэхдээ нүд нь нээлттэй байсан...тэгээд өөрийн утаснаас 102, 103 залгаж ослын талаар мэдэгдсэн. Тэр үед нэг 103 явж таарахаар нь зогсоогоод, жолоочид хандаж хэлэхэд “бид нар дуудлагатай явж байна завгүй байна гэж эмч нь хэлсэн” тэрний дараа мөн удаагүй 103 машин явж таараад зогсоогоод тусламж гуйхад эмч эрэгтэй бууж ирээд тэр хүний биеийн байдлыг үзээд нас барсан байна гэсэн, тэгээд байж байтал цагдаа нар ирсэн...гэх мэдүүлэг /хх-62, 105-106/

- Иргэний үнэмлэхний хуулбар /хх-123/, Оршин суугаа хорооны тодорхойлолт /хх-110/, Сурагчийн хувийн хэрэг /хх-111-117, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-125/ зэрэг болно.  

 

 Шүүгдэгч Ж. А нь 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 23 цаг 22 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо ... төвийн хойд замд Тоёото марк-2 маркийн ... УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3. а/, 9.2 дахь заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч М.Б-г дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:  

- гэрч О.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 7 дугаар сарын 01-ний орой 23 цагийн үед найзуудаараа Төв аймгийн Баянчандмань суманд байх айлд очих гээд явж байсан. Сонгинохайрхан дүүргийн нутаг “...” төвийн харалдаа явж байтал машин овос хийсэн, удалгүй А машинаа зогсоосон...тэгээд би яагаад буусан бол гээд толиндоо хартал хүн хэвтэж байсан...гэх мэдүүлэг /хх-60/

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1317 дугаартай: талийгаачид учирсан дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд буюу автомашинд /биеийн баруунаас зүүн тийш/ дайрагдах үед үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна...гэх дүгнэлт /хх-77/,  

- Авто тээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 055208 дугаартай:...... УБМ улсын дугаартай автомашин нь техникийн бүрэн бүтэн байдал стандартын шаардлага хангахгүй байна. Уг автомашины гадна гэрэлтүүлэг нь зүүн талын дохионы гэрэл байхгүй, зүүн талын подвоор асахгүй, улсын дугаарын гэрэл асахгүй, их гэрэл нь асаж байгаа боловч стандартын шаардлага хангахгүй байна...гэх дүгнэлт /хх-87-94/,

- 25 УБМ улсын дугаартай Т.Марк-2 маркийн автомашин жолоодон явсан Ж.А нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 2.3 а/-д заасан заалтуудыг зөрчсөн тухай замын цагдаагийн албаны шинжээчийн дүгнэлт /х-99-100/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Ж.А жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай  хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь нас хохирсоон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, зэрэг хувийн байдалтай.  

Хохирол төлбөрийн тухайд: 

Шүүгдэгч Ж.Ань хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О хохиролд 5.000.000 төгрөг /хх-131-132/ төлж барагдуулсан, хохирогч нь цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүйгээ гэдгээ бичгээр илэрхийлсэн /хх-132/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.  

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нь ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.

Мөн уг хэрэг үйлдэгдэхэд амь хохирогч замын хөдөлгөөний дүрмийн 3.9. б/, г/ заалтыг зөрчсөн нь /х-99-100/ нөлөөлсөн болохыг тэмдэглэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чА, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрх хасч, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.  

Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй,  иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг “Сиди”-г хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж, хуванцар саванд хадгалсан 3 ширхэг үсийг устгуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь: 

 

1. Шүүгдэгч Ж.А жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь нас хохирсоон гэмт хэрэгт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ж.Атээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгчид оршин суух газар, ажлаа өөрчилвөл хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.       

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан эрх хасах ялын хугацааг түүнд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.         

5. Шүүгдэгч Ж.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            6. Уг тогтоол хүчин төгөлдөр болмогц тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хуванцар саванд хадгалсан 3 ширхэг үсийг устгаж, 2 ширхэг “Сиди”-г хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээсүгэй.

            7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            8. Прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

            9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Ж.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ГАНБААТАР