Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 413

 

                             

 

 

 

 

 

 

 

                                                                                           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Нарийн бичгийн даргаар Г.Урангуа,

Улсын яллагч: М.Амарзаяа,

Шүүгдэгч Ө.Ө түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Cонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтанд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ө  Ө холбогдох 1708004770041 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.        

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 14-ний өдөр, Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-3, Сүхбаатар дүүргийн ... тоотод оршин суух бүртгэлтэй, эмээ, нагац эгчийн хамт ... тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй,

     - урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 11 жил хорих ял шийтгэгдсэн, Б овогт Ө. Ө /РД:...

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ө.Өнь 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... тоотод оршин суух иргэн Н.М эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн орж 32 инчийн Монел маркийн зурагт, орчин цагийн хөөрөг, даалим савхин эрэгтэй куртик, Сони маркийн зургийн аппарат зэрэг эд зүйл хулгайлан 1.160.000 төгрөгийн  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                          

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг  шинжлэн судлав. Үүнд:        

- гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан:... ... тоотод оршин суух хаягтай РД::::, Н.М-с гаргасан  2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 11:00-18:00 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн ... тоотод байрлах манай байшингийн вакум цонхоор хулгай орж эд зүйл алдагдсан...гэх тэмдэглэл /хх-2/,

- хэргийн газрын үзлэг хийсэн:... хэрэг болсон гэх газар нь ...23 дугаар хороо ... ... тус сууцны баруун талын 1х1 метрийн хэмжээтэй цагаан өнгийн вакум цонхны зүүн талын 1х0.4 метрийн хэмжээтэй салхивч дотогш онгойсон байдалтай, цоожлогч түгжээ төмөр муруйсан, эвдрэл гэмтэлтэй...даалинтай хөөрөг байсан гэх газрыг №2, зурагт байсан гэх газрыг №1 гэж, зургийн апрат байсан гэх газрыг №3 гэж дугаарлан ..., салхивны гадна доод сууринаас 1ш гарын мөр, нийт 6ш гарын мөр илрүүлж бэхжүүлэн авч..., үзлэгийн дуусгав...гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-6/

- хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-17-18/

- мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх19-20/,

- “Арвин” барьцаалан зээлдүүлэх газрын бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-21-24/

- хохирогч Н.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...18:00 цагийн үед гэртээ ирээд хашааны хаалга онгойлгоод ороход манай байшингийн баруун талын вакум цонх онгорхой байсан...том өрөөнд байсан 32 инчийн Монел маркийн ЛСД зурагт, орон дээр байсан хөөрөг адагдсан байсан,...sony маркийн зургийн аппарат, үүдний өлгүүр дээр байсан миний савхин куртик бас байхгүй байсан...гэх мэдүүлэг /хх-25-27/

...32 инчийн “Монел” маркын ЛСД зурагтаа 2017 оны 7 дугаар сард 380.000 төгрөгөөр авч байсан, одоо 250.000 төгрөг, дунд гарын шинэ цагийн хаш хөөргөө 600. 000 төгрөгөөр худалдан авч байсан одоо энэ үнэлгээгээрээ, гадуурх зүү ороож монгол бичгээр бичсэн ногоон өнгийн торгон 4 талдаа хээтэй даалимбыг 400.000 төгрөгөөр үнэлнэ, ...мөн өөрийн өмсдөг байсан хар өнгийн савхин куртикыг 2016 оны 9 сард 150.000 худалдан авсан, одоо 100.000 төгрөгөөр үнэлнэ, сони маркийн зургийн аппаратаа 2012 онд 500.000 төгрөгөөр худалдан авч байсан одоо 300.000 төгрөгөөр тус тус үнэлнэ...гэх мэдүүлэг /хх-30-31/

- эд зүйлийн үнэлгээ – 1.160.000 төгрөг /хх-158-159/

- Гэрч С.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би 2000 оноос хойш Сонгинохайрхан дүүргийн ... тоотод хамт амьдарч байна. 2017 оны 7 дугаар сарын 11-нд гэртээ ганцаараа байхад 11 цагийн орчимд хаалга нүдээд байхаар нь гэрээс гараагүй юм. Учир нь манай гэрт  ирэх  хүнгүй байсан юм. Удалгүй хашаан доторх байшингийн гаднах хаалга онгойх чимээ  гарахаар нь босоод хартал үл таних 20-23 насны 170 см орчим насны өор царайтай  нэг залуу зогсож байхаар нь юун хүн бэ гэж асуухад, би хөдөөнөөс ирсэн юм аа айл хйагаад явж байна, Балдан ахынх мөнүү гэхээр нь биш гэж хэлтэл гараад явсан. Би араас нь чи яаж хашаанд орж ирсэн юм бэ гэхэд даваад ороод ирлээ гэхээр нь юм бодолгүй өнгөрсөн юм. 2017 оны 7 дугаар сарын 14-нд мөн л гэртээ ганцаараа байхад байшингийн гаднах хаалга дахин дугарахаар нь орноосоо босоод хаалгаруу очих гэтэл хаалганы хажуутал нь онгорхой байсан тэгээд цонхоор урд нь хүн асууж байсан залуу уг уг цонхоор биеийнхээ тал хэсгийг оруулцан орж ирж байснаа намайг хараад зугтаасан. Үүнээс хойш дахин ирээгүй. Харин өнөөдөр хажуу айлд хулгай орсон байна. 20-23 орчим насны 170 см өндөртэй, туранхай бие хаатай, женсэн өмд, саарал малгайтай цамцтай байсан ба бор царайтай нүүрэн дээрээ нөсөө толботой, богино тачир үстэй байсан. Уг залуу хажуу хөрш айлд орсон байж магадгүй. Гартаа болон биедээ эд зүйл бариагүй байсан. Би араас нь гарж хараагүй, хашааны завсраар хүмүүс болон машин харагдаагүй, манай гэрийн ойр орчим ер нь тайван урд гудмаар машин тэрэг явахгүй мухар гудам...гэх мэдүүлэг /хх-34-35/

- гэрч О.Э   мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би 21 дүгээр хорооллын Шөнийн захын урд талд байрлах Цэлмэг төвийн 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Арвин” барьцаалан зээлдүүлэх газрыг ажиллуулдаг. 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс хойш яг хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна.Ө гэх залуу хар өнгийн 32 инчийн Монел маркын лед зурагт барьчихсан орж ирээд авах уу? гэхээр нь дэлгэц нь зурагдчихсан байхаар нь авахгүй гээд явуулсан. Тэр өдөр шал согтуу орж ирсэн. Уг залуу тэрнээс хойш манай ломбарданд дахиж орж ирээгүй... гэх мэдүүлэг /хх-42-43/

- шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн  №3947 дугаартай:... Шинжилгээнд ирүүлсэн 1 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Шижилгээнд ирүүлсэн 5 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд тэнцсэн 1 ширхэг гарын мөр нь санд Ө овогтой Ө  нэрээр 5 удаа бүртгэгдсэн этгээдийн баруун гарын дунд хуруугаар үүсгэгдсэн мөр байна...гэх дүгнэлт /хх-46-51/

- шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн  №4379 дугаартай:...Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр илрүүлж бэхжүүлсэн 2 ширхэг гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Харин №1, 2, 4, 5 дугаартай дөрвөн ширхэг гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд тэнцсэн №4 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь нэгдсэн санд MN003320004416, MN005210004453, MN0000ШШГ00142, MN000210003815, MN000210006542, MN000210018696  гэсэн бүртгэлийн дугааруудаар бүртгэгдсэн Ө овогтой Ө-н  баруун гарын дунд хурууны хээтэй тохирно...гэх дүгнэлт /хх-55-64/

- шүүгдэгч Ө.Ө мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 12-13 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 1 дүгээр хорооллын арын дэнж дээр байдаг Б гэж хамаатны ахындаа очих гээд гудамжаар алхаад явж байсан юм. Тэгсэн чинь миний гэдэс өвдөөд байхаар нь гудамжинд ямар бие засалтай гэж бодоод нэг айлын хашааны хаалгаар ороод жорлонд нь орж бие зассан. Тэгээд бие засаж дуусчихаад жорлонгоос гараад тухайн айлын хашаанд байсан байшин луу харсан чинь хүн байхгүй бололтой байсан. Тэгэхээр нь дөхөж хүн байгаа эсэхийг нь баттай мэдэх гээд хаалгыг нь тогшсон. Хүн гарч ирэхгүй байхаар нь хүн байхгүй юм байна гэж бодоод вакум цонхыг нь гараараа түлхэж ороод том өрөөнд нь байсан 32 инчийн маркийг нь сайн санахгүй байна, хар өнгийн лсд зурагт, хажуу талын жижиг төмөр савны хаалгыг онгойлгоод юу байгааг нь харсан чинь даалимбатай хөөрөг, саарал өнгийн зургийн аппарат байхаар нь аваад орсон цонхоороо гарах гэхэд өлгүүрт хар өнгийн эрэгтэй хүний савхин куртик байхаар нь авч гарсан. Тэгээд уг айлаас гараад замаас такси бариад 21 дүгээр хорооллын “Шөнийн захын урд байдаг “Цэлмэг” нэртэй ломбарданд очиж зурагтыг нь өөрийнхөө бичиг баримтаар 120.000 төгрөгөөр тавьсан бөгөөд нөгөө таксигаараа шууд Нарантуул зах руу хүргүүлсэн. Ингээд Нарантуул зах дээр очоод таксины мөнгөний оронд зургийн аппаратаа өгсөн. Тэгээд таксинаасаа буугаад Нарантуул захын хуучин эдлэл авдаг цэг дээр очоод нэг эгчид хөөргөө даалимбатай нь цуг 50.000 төгрөгөнд зарсан. Цаашаа явж байгаад савхин куртикыг нь явуулын хүнд 20.000 төгрөгөнд зарсан. Хулгай хийж олсон мөнгөөрөө тэр өдөр ууж идээд дуусгасан. Тэр өдөр би бага зэргийн халамцуу байсан. Тэр айл эзэнгүй байхаар нь хулгай хийж мөнгө ольё гэж бодоод хулгай хийсэн юм. Би эмээ Г.О /80 гаран насны хөгшин байгаа/ мөн нагац эгч Г-н Д /92 оных/ нарын хамт амьдардаг юм. Өөр хамаатан садан гээд хүн байхгүй. Эхнэр хүүхэд байхгүй...гэх мэдүүлэг /хх-74/....би батлан даалтанд гарсаны маргааш нь буюу 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 21 дүгээр хороололд хуучин хэрэг хамуудтайгаа архи уугаад архины хордлогонд ороод 4 хоног гэртээ хэвтсэн. Тэгээд мөрдөн байцаалтанд ирж чадаагүй юм. Архи ууж хордлогонд орсоны дараа саяхан танилцсан Б гэж эмэгтэйн гэрт нь байсан. Эмээ Г-н О, утасгүй, эгч Н-н Д одоогоор ажилгүй, утас нь 99815047. Ээж Ц болохоор Ихнаранд байдаг. Саяхан нүүж очсон хаягыг нь мэдэхгүй байна, ээж маань өөр хүнтэй суугаад тусдаа амьдарч байгаа болохоор би тэднийхээр бараг очоод байдаггүй юм. Утас нь 99860280. Би 1994 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн. Эхээс хоёулаа, доороо нэг эрэгтэй дүүтэй. Дүүг маань М гэдэг. М одоо 7 настай, дүү маань ээж дээр байдаг. Би бага насаа буюу 1-10 нас хүртлээ 1 дүгээр хороололд эмээ өвөө ээж дүү нарынхаа хамт амьдарч байгаад манайх байраа зараад 27 дугаар хороо, хилийн цэргийн 49-29 тоотод нүүж очсон. 2001 онд ...83 дугаар сургуульд 1-5 дугаар анги хүртлээ сурсан бөгөөд 6-9 дүгээр анги төгстлөө 21 дүгээр хорооллын 62 дугаар сургуулийг 2010 онд дүүргэж бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн. Сургуулиа төгсөөд Сонгинохайрхан дүүрэгт найзуудтайгаа нийлж хулгай хийгээд 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхээр эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.4, 261.1, 163.2 дахь хэсэгт тус тус зааснаар 11 жил хорих ялаар шийтгүүлж  2017 оны 7 дугаар сарын 7-ны өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан. Шоронгоос суллагдаж гарч ирээд мөн дахиж хулгай хийгээд холбогдон шалгагдаж байна. Гагнуурчин мэргэжлийг би Дарьтийн хориход ял эдэлж байх хугацаандаа эзэмшсэн. Би хойд аав Энхболдтой таарамж муутай байдаг болохоор ээж дээрээ очдоггүй юмаа, эмээ дээрээ өссөн...гэх мэдүүлэг /хх-75-76/

- гэрч Г.Цгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Миний хүү 1994 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотын 2 дугаар төрхөд төрсөн. Эхээс хоёулаа. Эцэг ондоотой нэг дүүтэй. Сургууль төгсөөд болж бүтэхгүй хүүхдүүдтэй нийлж, PC их тоглож, 2013 онд хулгайн хэрэгт холбогдоод 2017 оны 7 дугаар сарын 7-ны өдөр шоронгоос суллагдсан. Шоронгоос суллагдаж ирээд над дээр 7 хоноод хамаг бичиг баримтаа аваад “хүү нь тусдаа амьдарлаа” гээд яваад өгсөн. Ө түргэн огцом ууртай, зөөлөн уяхан сэтгэлтэй, өрөвч, үг дуу цөөтөй, хүнд уруу татагдах талтай, хүнд итгэмтгий, хүний үгээр байдаг. Би Ө-г урьд өмнө нь цагдаагийн байгууллага дээр шалгагдаж байхад нь батлан даалтанд зөндөө авч байсан. Даанч батлан даалтанд авахаар алга болчихдог, намайг ч зовоогоод цагдаа нарыг ч араасаа явуулаад хэцүү байдаг ...гэх мэдүүлэг /хх-44/

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоол /хх-108-131/, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 21-ний өдрйн 241 дугаартай магадлал /хх-137-155/, Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 153 дугаартай ял эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээнээс чөлөөлөх тухай шүүгчийн захирамж /хх-171-172/

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-106/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Ө.Өнь 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр ... 23 дугаар хороо Хангайн 5-1 тоотод оршин суух иргэн Н.М эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн орж 32 инчийн Монел маркийн зурагт, орчин цагийн хөөрөг, даалим савхин эрэгтэй куртик, Сони маркийн зургийн аппарат зэрэг эд зүйл хулгайлан 1.160.000 төгрөгийн  хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:....                                                                          

- хохирогч Н.М өгсөн:...тухайн өдрийн 18:00 цагийн үед гэртээ ирээд хашааны хаалга онгойлгоод ороход манай байшингийн баруун талын вакум цонх онгорхой байсан...том өрөөнд байсан 32 инчийн Монел маркийн ЛСД зурагт, орон дээр байсан хөөрөг адагдсан байсан,...sony маркийн зургийн аппарат, үүдний өлгүүр дээр байсан миний савхин куртик бас байхгүй байсан...гэх мэдүүлэг /хх-25-27/

- эд зүйлийн үнэлгээний баримт /хх-158-159/

- гэрч О.Э   мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс хойш яг хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна.Ө гэх залуу хар өнгийн 32 инчийн Монел маркын лед зурагт барьчихсан орж ирээд авах уу ? гэхээр нь дэлгэц нь зурагдчихсан байхаар нь авахгүй гээд явуулсан... гэх мэдүүлэг /хх-42-43/

- шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн  №4379 дугаартай:...Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр илрүүлж бэхжүүлсэн 2 ширхэг гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Харин №1, 2, 4, 5 дугаартай дөрвөн ширхэг гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд тэнцсэн №4 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь нэгдсэн санд MN003320004416, MN005210004453, MN0000ШШГ00142, MN000210003815, MN000210006542, MN000210018696  гэсэн бүртгэлийн дугааруудаар бүртгэгдсэн Ө  овогтой Ө-н  баруун гарын дунд хурууны хээтэй тохирно...гэх дүгнэлт /хх-55-64/

- шүүгдэгч Ө.Ө  мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 12-13 цагийн үед ...нутаг дэвсгэрт 1 дүгээр хорооллын арын дэнж дээр байдаг Б гэж хамаатны ахындаа очих гээд гудамжаар алхаад явж байсан. Тухайн айлын хашаанд байсан байшин луу харсан чинь хүн байхгүй бололтой байсан. Вакум цонхыг нь гараараа түлхэж ороод том өрөөнд нь байсан 32 инчийн маркийг нь сайн санахгүй байна, хар өнгийн лсд зурагт, хажуу талын жижиг төмөр савны хаалгыг онгойлгоод юу байгааг нь харсан чинь даалимбатай хөөрөг, саарал өнгийн зургийн аппарат байхаар нь аваад орсон цонхоороо гарах гэхэд өлгүүрт хар өнгийн эрэгтэй хүний савхин куртик байхаар нь авч гарсан...гэх мэдүүлэг /хх-74/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ө.Ө  хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

Хохирогч Н.М гэмт хэргийн улмаас үнэлгээчний үнэлгээгээр нийт 1.160.000 /хх-158-159/ төгрөгийн хохирол учруулснаас шүүгдэгч нь төлж барагдуулаагүй байна. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан ял оногдуулав.

            Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.   

            Шүүгдэгч Ө.Ө-г 2017 оны 8 дугаар сарын 17-ны /хх-69/ өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 18-ны /хх-81-82/ өдрийг хүртэл 1 хоног, 2017 оны 9 дүгээр сарын 4-ний /хх-87/ өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 47 хоног нийт 48 хоног цагдан хоригдсон байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:  

 

            1. Шүүгдэгч Ө.Ө  хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ө.Ө  2 жил хорих ялаар шийтгэсүгэй.    

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүний эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.   

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ө.Ө  цагдан хоригдсон 48 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хохирогч Н.М учирсан хохирлын 1.160.000 төгрөгийг 6 сарын хугацаанд төлж барагдуулахыг шүүгдэгч Ө.Ө үүрэг болгосугай.         

            6. Уг хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдсугай.    

            7. Шүүгдэгч Ө.Ө  цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тооцсугай.     

            8. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

            9. Прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

            10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Ө.Ө  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

           

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.ГАНБААТАР