| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Чагдаагийн Хосбаяр |
| Хэргийн индекс | 176/2018/0044/Э |
| Дугаар | 75 |
| Огноо | 2019-02-20 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Ц.Насанбат |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 75
Т.З, Б.Б нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбат, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Жаргалсайхан, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 58 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 38 дугаар магадлалтай, Т.З, Б.Б нарт холбогдох 201719000056 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч М.Жаргалсайханы гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.
1.Монгол Улсын иргэн, 1978 онд төрсөн, 41 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 59 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 80,000 төгрөгөөр торгох ял,
Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 124А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 6 жил хорих ял,
Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял,
Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 123А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 3 сар хорих ял шийтгүүлж байсан, Б толгой овогт Т-ны З,
2.Монгол Улсын иргэн, 1986 онд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 108 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 10 сар хорих ял шийтгүүлж байсан, Х овогт Б-ийн Б нар нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хулгайлж үлэмж хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Т.З, Б.Б нарыг бүлэглэж, бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрийг эд хөрөнгө хураахгүйгээр 4 жил хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт журамлахаар өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шүүгдэгч Т.З, өмгөөлөгч М.Жаргалсайхан нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч М.Жаргалсайхан гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэт яллах талыг баримтлан зөвхөн Т.З-ын мэдүүлэгт тулгуурлан гэмт хэрэг хийгээгүй хүнийг яллаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2-т “гэмт хэргийг хэн үйлдсэн”, 1.4-д “эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулсан ялыг хүндрүүлэх хөнгөрүүлэх нөхцөл байдал”, нотолбол зохих асуудлыг заасаар байтал уг асуудлыг нэг бүрчлэн тогтоогоогүй. Тухайлбал уг хэрэгт авагдсан бүх гэрчүүдийн мэдүүлэгт Б.Б нь уг адууг хулгайлсан, худалдсан талаар нэг ч мэдүүлэг байхгүй, зөвхөн Т.З нь махны ченж нар болон бусад адууг худалдан авсан гэрчүүдтэй уулзаж адууг зарж борлуулан мөнгийг нь хүлээн авсан байдаг. Хэргийг прокуророос гэмт хэргийн шинжгүй гэж тогтоол гаргаж хэрэгсэхгүй болгож байсан. Уг хэрэг нь 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гарсан боловч Б.Б-ын анх тайлбар өгсөн өдөр нь 01 дүгээр сарын 15-ны өдөр байдаг. Энэхүү хэргийг анх хохирогч тал олж тогтоож Т.З, Б.Б нарыг бүлэглэн үйлдсэн мэтээр хүчээр мэдүүлэг өгүүлсэн. Учир нь гэрч Л.Н “...Г гэдэг хүн орж ирээд би чамд хэлээ биз дээ, чи яаж байгаа юм гээд Т.З-ыг чирээд аваад гарсан” гэж мэдүүлсэн. Мөн Б.Б-ын биед гэмтэл тогтоогдсон байдаг. Уг гэмтлийн зэргийг хэний гомдлоор тогтоосныг тодруулаагүй нь эргэлзээ бүхий байдал үүсгэсэн. Б.Б нь оюуны хөнгөн хомсдолтой хөдөлмөрийн чадвар алдалт 60 хувьтай байдаг. Уг байдлыг далимдуулан хохирогч болон Т.З нар нь гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн мэтээр мэдүүлэг өгдөг. Шийтгэх тогтоол болон магадлалд Т.З, Б.Б нар нь уг гэмт хэргийг бүлэглэн үйлдэх гэмт хэргийн шинжийг агуулсан гэж дүгнэж байгаа нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг тусгах байсан боловч тусгаагүй. Б.Б-ын үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байтал шүүхээс бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна” гэж заасныг хэрэглээгүй. Шүүхээс бүлэглэн үйлдсэн гэж үзэж байгаа бол хууль зүйн үндэслэлдээ махны ченж нар болох Б, Ц, У нарыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, хохирогчийн гомдлоор хэргийг дахин шалгаж, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байхад зөвхөн Т.З, Б.Б нарыг холбогдуулан шийдвэрлэсэн. Үнэхээр шүүхээс бүлэглэсэн гэж үзвэл дээрх яллагдагчаар шалгагдаж байсан 3 иргэнийг хамтад нь шийдвэрлэх ёстой байсан. Өмгөөлөгчийн зүгээс шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж байна. Иймд хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах, хэрэв буцаах үндэслэлгүй гэж үзвэл хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Мөн хуралдаанд прокурор Ц.Насанбат гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдээгүй гэж мэдүүлдэг, гэм буруугаа хүлээхгүй байгаа нь уг хэрэг нотлогдоогүй гэсэн үг биш юм. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нарын үйлдэл нотлогдсон гэж үзэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүд нь хууль зүйн үндэслэл бүхий гарсан тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч М.Жаргалсайханы гаргасан гомдлыг үндэслэн Т.З, Б.Б нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Шүүгдэгч Т.З, Б.Б нар нь бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Төв аймгийн Угтаалцайдам сумын Асгат 2 дугаар багийн нутагт бэлчиж байсан П.Г-ын өмчлөлийн 11 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлж 22,300,000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.З, Б.Б нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн тэднийг бүлэглэн бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2002 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж хуульчилсан бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ял нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан ялаас хүндэрсэн гэсэн үндэслэлээр шүүгдэгч нарт холбогдох гэмт хэргийг гэмт хэрэг үйлдэгдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.
Харин анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Т.З, Б.Б нарт ял оногдуулж, улмаар иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ гэмт хэрэгт хамтран оролцогч тус бүрийн үйлдэл, оролцооны хүрээ, хүртсэн хувь хэмжээг харгалзан ялыг ялгамжтай оногдуулж чадаагүй байна.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, өөрийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйд нийцсэн ял шийтгүүлэх нь шударга ёсны зарчмын үндсэн агуулга юм.
Мөрдөн шалгах ажиллагаагаар цугларч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хулгайн малыг бэлчээрээс тууж, хашаанд хашилцаж оруулсан шүүгдэгч Б.Б-д уг хэргийг зохион байгуулж, зарж борлуулсан ашгийнхаа ихэнхийг авсан хамтран оролцогчид оногдуулсан хорих ялаас бага ял оногдуулвал зохино.
Иймд хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 4 жил хорих ялыг 2 жил болгон хөнгөрүүлж, гэм хорын төлбөрт 7,300,000 төгрөг гаргуулах, шүүгдэгч Т.З-аас 15,000,000 төгрөг гаргуулахаар өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч М.Жаргалсайханы гаргасан ял хөнгөрүүлэх тухай гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 58 дугаар шийтгэх тогтоол, мөн аймгийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 38 дугаар магадлалд:
“2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Б.Б-д эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй”,
“Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-аас 7,300,000 төгрөг, шүүгдэгч Т.З-аас 15,000,000 төгрөг гаргуулж хохирогч П.Г-д олгосугай” гэсэн нэмэлт, өөрчлөлт оруулсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН