Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 128/2017/0225/з |
Дугаар | 221/MA2017/0571 |
Огноо | 2017-08-10 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 221/MA2017/0571
2017 оны 08 сарын 10 өдөр | Дугаар 221/МА2017/0571 | Улаанбаатар хот |
“Масс инвест” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Цэрэнжаргал нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2017/0456 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Масс инвест” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2017/0456 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 31 дүгээр зүйлийн 31.1, 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Масс инвест” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Ашигт малтмалын хайгуулын 13616Х тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөр дуусгавар болсныг бүртгэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн бүртгэлийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, 13616Х тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авахгүй байгаа нь хууль бус болохыг тогтоон, хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэхийг болон хугацаандаа төлсөн 7 дахь жилийн ээлжит төлбөрийг хавсралтад бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: ““Масс инвест” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2017/0456 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.
Анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Манай компани нь ашигт малтмалын хайгуулын 13616Х дугаартай тусгай зөвшөөрлийг анх 2008 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр авсан ба 2011 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Геологи уул уурхай, Кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр дуусгавар болгосныг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 73 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 115 дугаар магадлал зэргийг үндэслэн Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн хэлтсийн даргын 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 486 дугаар шийдвэрээр сэргээснийг Ашигт малтмалын хайгуулын 13616Х дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 1 дүгээр хавсралтад 005-СЕ хөдөлгөөн болгон тэмдэглэсэн.
Тусгай зөвшөөрлийн хавсралтад түүнд орсон өөрчлөлт хөдөлгөөн бүрийг дугаарын дагуу ба 006-ЕЕ дугаарт “Бүртгэв: Тусгай зөвшөөрлийн хугацаа 2015 оны 07 дугаар сарын 23 хүртэл сунгав. ГУУКХ-ийн даргын даргын 737 тоот шийдвэр”,
007-FE дугаарт “бүртгэв: Тусгай зөвшөөрлийн 4 дэх жилийн төлбөрийг төлөв. Хугацаа 2012.04.29-2013.04.29 хүртэл”, Хугацаа 2014.04.29-2015.04.29 хүртэл”,
009-FE дугаарт “бүртгэв: Тусгай зөвшөөрлийн 6 дахь жилийн төлбөрийг төлөв. Хугацаа 2015.04.29-2016.04.29 хүртэл” гэж тэмдэглэсэн.
Ийнхүү тэмдэглэснээс үзвэл тусгай зөвшөөрлийн хугацаа 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр дуусахаар байтал хариуцагчаас тусгай зөвшөөрлийн хугацааг 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөр дуусна гэж үзэж 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөр дуусгавар болгож бүртгэсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасантай нийцэхгүй байна.
Гэтэл анхан шатны шүүхээс “...“Масс инвест” XXК нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн хугацаанд төрийн захиргааны байгууллага буюу Кадастрын хэлтэст ирүүлээгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрлийн хугацаа 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр дуусгавар болсныг Ашигт малтмалын Кадастрын бүртгэлийн системд бүртгэснийг буруутгах үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Дээр дурдсанчлан тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд “...дуусах хугацааг 2016 оны 04 дүгээр сарын 29” гэж бичигдсэн тул бид уг хугацаагаар тооцон хүсэлтээ гаргасан байтал шүүхээс “Нэхэмжлэгч “Масс инвест” XXК 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахыг хүссэн өргөдлийг гаргасан байх боловч нэгэнт 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр тусгай зөвшөөрлийн хугацаа дуусч, 8 дугаар сарын 04-ний өдрөөр дуусгавар болсон нь бүртгэгдсэн хойно ийнхүү хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй, өргөдлийг хүлээн аваагүй хариуцагч байгууллагын буруутай, хууль бус үйл ажиллагаа байхгүй тул хугацаа сунгах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг даалгах үндэслэлгүй” гэж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.
Захиргааны байгууллага нь иргэн, аж ахуй нэгж байгууллагын хүсэлт, гомдол, өргөдлийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэх нь Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-д заасны дагуу хуулиар хүлээсэн үүрэг юм.
Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар өргөдөл, гомдлыг 30 хоногийн дотор шийдвэрлэх ёстой боловч манай компанийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан өргөдлийг шийдвэрлэх боломжтой гэж хүлээлгэсээр 51 хоногийн дараа Ашигт малтмал, газрын тосны газрын дарга 2017-01-26-ны өдрийн 54 тоот албан бичгээр “танай асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна” гэсэн хариу өгсөн нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.
Гэтэл анхан шатны шүүхээс үүнийг огт харгалзан үзэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Түүнчлэн манай компаниас тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсныг мэдээд яагаад 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр дуусгавар болсон талаар асуухад Кадастрын хэлтсийн компьютерийн мэргэжилтэн Э.Амартүвшин нь “...энэ нь манай алдаа байна. Бид засаж өгнө” гэж хэлсэн тул энэ асуудал зохицуулагдах байх гэж итгэсээр “Демон инженеринг” ХХК-тай хийсэн ажил гүйцэтгэх гэрээгээр хайгуулын ажилд 39 сая төгрөг, “SGS-IMME Mongolia” ХХК-д шинжилгээний төлбөр 3 сая 524 мянган төгрөг нийт 42 сая 524 мянган төгрөгийн зардал гарган ажилласаар өдийг хүрсэн байдлыг шүүхээс огт харгалзаж үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2017/0456 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулалгүй, түүнчлэн хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулалгүйгээр хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангагдсангүй.
1. “Масс инвест” ХХК-ийн нэхэмжлэлийн нэг шаардлага нь ашигт малтмалын хайгуулын 13616Х тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөр дуусгавар болгосныг бүртгэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн бүртгэлийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулахыг хүссэн. Гэтэл хавтаст хэрэгт энэ талаарх маргаан бүхий акт авагдаагүй байна.
Ашигт малтмалын тухай хуульд зааснаар хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг дуусгавар болгох тохиолдолд тэдгээрийг цуцалдагтай нэгэн адил тусгайлан шийдвэр гаргахаар зохицуулаагүй, тийм ч учраас тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэл хүргүүлэх үүргийг хариуцагчид хүлээлгээгүй байдаг.
Шүүхээс нэхэмжлэл хангагдах эсэхээс үл хамааран нэхэмжлэлийн шаардлага бүрийг тодруулах шаардлагатай, тэр тусмаа тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон талаарх кадастрын бүртгэлийн системд хийгддэг бүртгэл захиргааны акт мөн эсэхэд ч дүгнэлт өгөх нь зүйтэй.
2. Тусгай зөвшөөрлийн төлбөрийг гэрчилгээний хавсралтад тэмдэглэхдээ 2013.04.29-2014.04.29 хүртэлх хугацааныхыг алгасаж бүртгэсэнтэй холбогдуулан яагаад ийм алдаа гарах болсон талаар гэрчийн мэдүүлгийг бүрэн гүйцэд аваагүй, хэдийгээр Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 737 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацааг 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгасан ч, алдаатай хийгдсэн төлбөр төлөлтийн тэмдэглэгээ нь 6 дахь жилийн буюу 2015.04.29-2016.04.29 хүртэлх хугацааны төлбөр төлөгдсөн мэтээр тусгагдсан байна.
Ээлжит жилийн төлбөрийг урьдчилан төлөх нь тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах харилцаанаас өөр ойлголт болох талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй боловч төлбөрийн хамаарах болон тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацааг дээрх байдлаар өөр өөрөөр гэрчилгээний хавсралтад тэмдэглэгдсэн нь хэний буруутай үйлдлээс болсон, энэ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд хэрхэн хамаарах талаар дүгнэлт өгөх шаардлагатай байна.
Иймд давж заалдах шатны шүүхийн дээрх нөхцөл байдлыг тодруулан шалгаж, гүйцээн дүгнэх боломжгүй байх тул дээрх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2017/0456 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР