Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2024/02238

 

 

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2024/0

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: ....хаягтай, рд:...., .......... нэхэмжлэлтэй,

хариуцагч: ............ тоот хаягтай, рд:...., ....-д холбогдох,

11 750 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч....,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .... нар оролцож

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Сувд хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан түрээсийн төлбөрийн үлдэгдэл 11 750 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ....... нь 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд далан нягтруулах доргилт индүүг түрээсэлсэн. Нэг өдрийн түрээс 350,000 төгрөгөөр тохиролцсон ба манайх нийт 96 хоног 33,600,000 төгрөг болсон. Үүнээс хариуцагч талаас 15,850,000 төгрөгийг бэлнээр, 6,000,000 төгрөгт автомашин авсан байсан. Үлдсэн 11,750,000 төгрөгийг ....-аас шаардаж байгаа. Тооцоо нийлье гэж удаа дараа шаардаж байсан боловч тооцоо нийлээгүй өдийг хүртэл ирсэн. Хариуцагчаас гаргаж өгч байгаа ажил хийсэн хоногууд нь манай ажил хийсэн хоногтой зөрдөг. Баримт шаардахаар гаргаж өгдөггүй. Манай операторууд ажилласан өдрөө надад хэлдэг байсан. Тийм учраас хариуцагч ....-аас төлөөгүй үлдсэн 11,750,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.... гэв.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Талуудын хооронд 2019 оны 6 дугаар сарын 23-ны өдөр техникийн түрээсийн гэрээ байгуулагдсан гэдэг дээр манайхаас маргах зүйл байхгүй. Өдрийн 350,000 төгрөгөөр тохиролцсон нь үнэн. Манай тооцоогоор нэхэмжлэгч тал 73 хоног ажиллаж, нийт 25,550,000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн. Үүнээс манайхаас 15,850,000 төгрөгийг бэлнээр, 6,000,000 төгрөгт автомашин тооцож өгсөн. Үлдсэн 3,700,000 төгрөгийг манайх хүлээн зөвшөөрч байгаа. Нэхэмжлэгчид автомашин өгөөд эвлэрэх гэсэн боловч зөвшөөрөөгүй. Нэхэмжлэгч 96 хоног ажилласан гэдэг боловч амарсан өдрүүдээ оролцуулаад тооцсон байна. Манайхаас байгаа баримтаа шүүхэд гаргаж өгсөн. Нэхэмжлэгч техникүүдээ оператор цалинжуулж ажиллуулдаг байсан. Магадгүй тэдгээр хүмүүс нь ажилласан гэж цалингаа авахын тулд ажилласан гэж хэлж байж ч болно. Цаг агаарын нөхцөл байдал болон техник эвдэрснээс болоод ажиллахгүй амардаг өдрүүд ч байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 3,700,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа тул үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

4. Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

Нэхэмжлэл /хэргийн 1 дүгээр тал/

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2 дугаар тал/

Иргэний үнэмлэх /хэргийн 3 дугаар тал/

2019.06.23-ны өдрийн Техникийн түрээслэх гэрээ /хэргийн 4-5 дугаар тал/

2021.06.18-ны өдрийн .... УНГ замын индүүдэгч техник хүлээлцсэн баримт /хэргийн 6 дугаар тал/

Тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хэргийн 10 дугаар тал/ баримтууд,

 

5. Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

Итгэмжлэл /хэргийн 18 дугаар тал/

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 19 дүгээр тал/

Хариу тайлбар /хэргийн 20 дугаар тал/

Тооцоо нийлсэн акт баримт /хэргийн 21 дүгээр тал/ баримтууд,

 

6. Шүүхээс бүрдүүлсэн

Түрээсийн техник, тоног төхөөрөмжийн хуудас /хэргийн 37-43 дугаар тал/

Майл хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 50-54 дүгээр тал/

.... 2019 оны санхүүгийн тайлан /хэргийн 68-78 дугаар тал/ баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзнэ.

2. Нэхэмжлэгч ...түрээсийн гэрээний төлбөрийн үлдэгдэл 11 750 000 төгрөг гаргуулах тухай... нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...техник ажлын талбайд ажилласан хугацааг дутуу тооцож төлбөрийг дутуу шилжүүлсэн... гэж тайлбарласныг,

хариуцагч эс зөвшөөрч ...нэхэмжлэлийн шаардлага нотлогдож байгаа хэмжээгээр буюу 3700 000 төгрөгийг төлнө үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй... гэж маргаж байна.

3. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

2019 оны 06 сарын 23-ны өдөр нэхэмжлэгч.... өөрийн өмчлөлийн .... УНГ дугаартай замын индүүдэгч техник тээврийн хэрэгсэл хөрөнгийг хариуцагч ....-д 2019.06.23-ны өдрөөс 2019.07.10-ны өдөр хүртэл хугацаатай түрээсэлж, түрээсийн төлбөрт хариуцагч гэрээнд заасан үнэ буюу нэг өдрийн 350 000 төгрөг төлөхөөр харилцан тохирч 2019 оны 06 сарын 23-ны өдөр Техник түрээслэх гэрээг бичгээр байгуулсан байна. /хэргийн 4-5 дугаар тал/

 

4. Энэ нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.3 дахь хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болно.

 

Дээрх гэрээ нь зохигчдын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан байх тул  нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хийгдсэн гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Хэлцэл байгуулагдсан, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.

 

5. Түрээсийн гэрээний дагуу түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

6. Нэхэмжлэгч хариуцагчийн эзэмшил ашиглалтад гэрээнд заасан замын индүүдэгч техник тээврийн хэрэгсэл хөрөнгийг шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн нь зохигч талуудын тайлбар баримтаар тогтоогдож байна.

 

7. Түрээсийн гэрээний зүйл буюу замын индүүдэгч хөрөнгийг хариуцагч 2019 оны 06 сарын 24-ны өдрөөс 2019 оны 11 сарын 04-ний өдөр хүртэл хугацаанд ашигласан, хариуцагч түрээсийн төлбөрт 6000 000 төгрөгт тооцож тээврийн хэрэгсэл, дансаар 15 850 000 төгрөг нийт 21 850 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч эдгээр үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

8. Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний 2.4-т түрээсийн техникийн төлбөрийг талбай дээр ажилласан нэг өдрийн төлбөр 350 000 төгрөг байхаар харилцан тохиролцов, 2.5-т түрээслүүлэгч нь техник хэрэгслийн ажилласан өдрийг тухай бүрт нь талбайн инженерт тэмдэглүүлж баталгаажуулна гэж тохиролцжээ.

 

9. Нэхэмжлэгчийн ...талбай дээр техник ажилласан хугацаа 96 хоног гэж тооцож төлбөрийн үлдэгдэл 11 750 000 төгрөг нэхэмжилснийг..., хариуцагч эс зөвшөөрч ...талбай дээр ажилласан хугацаа 73 хоног төлбөрийн үлдэгдэл 3700 000 төгрөг төлнө... гэж маргаж байгаа.

 

10. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байгаа тохиолдолд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тайлбараа нотлох үүрэгтэй.

 

11. Нэхэмжлэгч дээрх үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчийн шаардлага үндэслэл тайлбар хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн түрээсийн техник, тоног төхөөрөмжийн хуудас,....ийн майл хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.5-д заасан тохиролцоо, хариуцагчийн тайлбар баримтаар үгүйсгэгдэж байна.

 

Тодруулбал нэхэмжлэгч техник хэрэгслийн ажилласан өдрийг тухай бүрт нь талбайн инженерт тэмдэглүүлж баталгаажуулах гэрээний үүргээ биелүүлээгүй энэ талаар баримт үйлдээгүй, хариуцагчийн тайлбар татгалзал түүний шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн түрээсийн техник тоног төхөөрөмжийн хуудас, нэхэмжлэгчийн майл хаягт хариуцагчаас 2022.03.15-ны өдөр илгээсэн ажилласан хоног, тооцоо нийлсэн акт баримтаар 2019.06 сард-6 хоног, 2019.7 сард-10 хоног, 2019.08 сар-9 хоног, 2019.9 сард-27 хоног, 2019.10 сард-18 хоног, 2019.11 сард-3 хоног нийт 73 хоног түрээсийн техник ажлын талбайд ажилласан болох нь тогтоогдож байна.

 

12. Иймд дээрх баримтуудыг үндэслэн шүүх нэхэмжлэлийн шаардлага нотлогдож байгаа, хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр буюу талуудын хооронд байгуулсан гэрээний 2.4-т заасан түрээсийн техникийн ажлын талбайд ажилласан хугацааг 73 хоногоор тооцож, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээсийн төлбөрт нийт 25 550 000 төгрөг төлөхөөс нэхэмжлэгчид төлсөн 21 850 000 хасаж үлдэх 3700 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 202950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 74 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч ....-аас түрээсийн гэрээний төлбөрийн үлдэгдэл 3700 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч....д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8 050 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 202950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 74 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ