| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2022/04773/И |
| Дугаар | 101/ШШ2024/01753 |
| Огноо | 2024-04-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 101/ШШ2024/01753
| 2024 04 02 | 101/ШШ2024/01753 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** тоот хаягт оршин суух ******* овогт *******ийн ******* /рд:*******/-ийн гаргасан,
Хариуцагч: Улаанбаатар хот, *** тоот хаягт оршин суух ******* овогт *******гийн ******* /рд:*******/-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 98,790,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, өмгөөлөгч , хариуцагч Б.*******, өмгөөлөгч , нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:
Миний бие хариуцагч Б.*******той 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр харилцан тохиролцож 37,000,000.00 төгрөгийг хариуцагчид зээлүүлсэн. Бид нар зээлийн гэрээ байгуулахдаа сарын хүүг 3 хувь буюу 1,110,000.00 төгрөгөөр тохирч зээлийн хүүнд хариуцагчийн өмчлөлд байсан *** тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг түрээслэхээр тохиролцсон.
Ийнхүү бид зээлийн гэрээг нотариатаар гэрчлүүлсэн бөгөөд тухайн үед хариуцагч нь Улаанбаатар хотод байхгүй байсан хэдий ч түүнтэй утсаар яриад зээлийг миний дүү ын Худалдаа хөгжлийн банкны данснаас хариуцагчийн эхнэр гийн Хаан банкны дансанд шилжүүлсэн бөгөөд энэ тухай зээлийн гэрээнд тодорхой тусгасан. Гэтэл 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр миний хариуцагчтай тохиролцсон зээлийн хүүнд нь түрээслэн сууж байсан орон сууцыг гэж хүн худалдан авсан гэж ирээд надтай түрээсийн гэрээ хийж суувал суу эсхүл яг одоо байрьг минь суллаж өг гэсэн шаардлага тавьсан. Би, түүнд ямар учиртай энэ байрыг түрээсэлдэг талаар тайлбарласан боловч одоо өмнөх түрээслэгч чинь би биш, тийм учраас Б.*******тойгоо л учраа ол, өнөөдрөөс миний өмч болсон тул надтай л гэрээ хийнэ, түрээсийн мөнгөө надад төлнө гэсэн.
Ингээд миний бие тай 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 3 сарын хугацаатай түрээсийн гэрээ байгуулж тухайн орон сууцанд амьдарсан. Энэ үед хариуцагч Б.*******той ярих гэсэн боловч утсаа авдаггүй, авахаараа ах нь мөнгийг нь өгнө, миний дүү асуудалгүй ахынх нь бизнесийн мөнгө ороод ирэхээр шууд төлнө, одоохондоо наад хүнийхээ түрээсийн төлбөрийг төлөөд сууж бай удахгүй гэсээр өнөөдрийг хүрээд байна. Зээлийн гэрээний хугацаа дуусч би мөнгөө нэхсэн боловч мөн л адил тайлбар хэлж бултаж зугтсаар өдийг хүрээд байгаа ба энэ хугацаанд би орох орон, байрлах байргүй, байх газаргүй, хамаатан садан, найз нөхдийнхөөрөө гуйж заримдаа буудалд хүртэл хонож өнжин явж байна.
Гэтэл би, хариуцагчид итгэж өөрийн байгаа бүх хөрөнгөө итгээд өгч байхад өнөөдрийн байдлаар нэг төгрөг ч буцаан төлөөгүй миний нөхцөл байдлыг тоох ч үгүй байгаад нь гомдолтой байна. Тийм учраас талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний нөхцөлийн дагуу дараах байдлаар үндсэн зээл, зээлийн хүү, алдангийг нэхэмжилж байна.
| № | Агуулга | Хугацаа, хувь | Хэмжээ ₮ | Хугацаа хэтэрсэн хоног | Төлбөр ₮ |
| 1 | Үндсэн зээл | 365 хоног | 37,000,000 |
| 37,000,000 |
| 2 | Зээлийн хүү | 3 хувь | 1,110,000 | 39 сар | 43,290,000 |
| 3 | Алданги | 0,5 хувь | 185,000 | 1,188 хоногоос ИХ232.4 | 18,500,000 |
| Нийт дүн | 98,790,000 | ||||
Зээлийн хүүг тооцохдоо 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүртэл тооцон 39 сарын хугацааг гаргасан. Алдангийн хэмжээг тооцохдоо 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн 2022 оны 06 дугаар сарын 8-ны өдөр хүртэл буюу нийт 1,188 хоног үүнээс Иргэний хуулийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох үндсэн зээлийн 50 хувиас давсан тул 50 хувиар тооцсон. Нэхэмжлэгчийн зүгээс 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг нэхэмжилсэн гаргасан боловч хариуцагч нь оршин суух хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргасан.
Ингээд Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс хариуцагч Б.*******ийг олж тогтоосон. Иймд, талуудын хооронд 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн 37,000,000 төгрөг, зээлийн хүүнд 43,290,000 төгрөг, алдангид 18,500,000 төгрөг нийт 98,790,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн.
Би, анх тухайн орон сууцыг бусдад түрээслүүлэн гэдгийг зар мэдээнээс олж уншаад хариуцагч Б.*******той уулзах гээд гэрт нь очиход эхнэр, хүүхдүүдийн хамт байсан бөгөөд орон сууцыг түрээслэхээр тохиролцсон. Үүний дараа гэрээ байгуулах өдөр тэрээр Улаанбаатар хотод байгаагүй, харин эхнэр нь байсан бөгөөд бид хоёр харилцан тохиролцож, гэрээг нотариатаар гэрчлүүлсэн, энэ талаар хариуцагч нь мэдэж байсан гэв.
Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:
Миний бие надад холбогдуулан гаргасан Б.*******ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Би, нэхэмжпэлд дурьдаад байгаа шиг нэхэмжлэгчтэй харилцан тохирч зээл авсан зүйл огтоос байхүгүй, харин намайг 2018 онд хөдөө ажлаар 6 сарын хугацаанд байх хооронд нэхэмжлэгч нь манай эхнэр нь ах ад мөнгөний хэрэг болсон хэмээн миний нэрээр хуурамчаар зээлийн гэрээг үйлдэж, миний өмнөөс гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэн байсан.
Тухайн үед миний хотод эрхэлж байсан ажил уналтад орж, хөдөө ажил хийж байснаас гадна эхнэртэйтээ таарамжгүй харилцаатай байсан учир бид хоёр тусдаа амьдарч байсан, үүнийг нэхэмжлэгч нь мэдэж байсан. Намайг 2018 оны 09 сард Улаанбаатар хотод ирэхэд орон гэрч үгүй болсон байсан бөгөөд хөдөөнөөс ирээд тухайн асуудлыг мэдсэн. Улмаар орон сууцны зээлийн төлбөрөө төлж чадахгүйд хүрч, дээрх орон сууцыг бусдад зарсан бөгөөд тэр үед нэхэмжпэгч Б.******* нь надтай холбогдож мөнгө нэхэж байсан.
Нэхэмжпэгч Б.******* нь тухайн зээлийн гэрээ байгуулахад намайг байгаагүй болохыг мэдэхийн дээдээр мэдэж байж ийм хуурамч зээлийн гэрээг үндэслэн надаас мөнгө гаргуулах нэхэмжлэл гаргаж буйг хүлээн зөвшөөрөхгуй болно. Миний бие зээлийн гэрээ байгуулаагүй, зээлийг авч ашиглаагүй, харин манай эхнэр эхнэр нь ах ад мөнгөний хэрэг болсон хэмээн миний нэрээр хуурамчаар зээлийн гэрээг үйлдэж мөнгийг хүлээн авсан байсан.
Би, тухайн мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй, хожим эхнэртэйгээ эвлэрээд одоо хамт амьдарч байгаа учир 37,000,000.00 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Хууль зүйн талаасаа талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас дээрх гэрээний дагуу мөнгө шаардах эрхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2 удаагийн шинжээчийн дүгнэлтээр зээлийн гэрээн дэх зээлдэгчийн гарын үсгийн хэв загвар хариуцагчийн гарын үсэгтэй тохирохгүй байна гэсэн дүгнэлт гарсан.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг хөдөө орон нутагт ажиллаж байгааг мэдсээр байж түүний нэрээр гэрээ байгуулсан, мөн өөрийнхөө биш хүний данснаас хариуцагчийн биш, өөр хүний данс руу мөнгө шилжүүлсэн байх тул хариуцагч нь зээлийг хүлээн авсан гэж үзэхгүй. Мөн нэхэмжлэгч нь анхнаасаа хэнд мөнгө зээлдүүлж байгаагаа мэдсээр байж одоо хариуцагчийг Б.******* гэж маргаж байгаа нь үндэслэлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зээл авсан хүнийг хамтран хариуцагчаар оролцуулж болох байсан.
Гэвч хариуцагч Б.******* нь түүний эхнэр гийн авсан энэ зээлээс ахдаа талыг нь өгсөн гэж тайлбарлаж байгааг үндэслэн 37,000,000.00 төгрөгийг төлөх тайлбар гаргаж байгаа учир үүнийг зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх боломжгүй гэв.
Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:
1. Улсын тэмдэгтийн хураамжид 651,900.00 төгрөг төлсөн баримт,
2. Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн баримт,
3. Зээлийн гэрээ,
4. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ,
5. Орон сууц хөлслөх гэрээ,
6. Байр хүлээлгэх, хүлээлцэх акт,
7. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2020/00503 тоот шийдвэр,
8. Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн албан тоот,
Хариуцагчаас өгсөн нотлох баримт:
1. Хариу тайлбар,
Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт:
1. Шинжээчийн дүгнэлт,
2. Үзлэг хийсэн баримт
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.*******ээс хариуцагч Б.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 98,790,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг нь гүйцэтгүүлэхийг хүсчээ. Гэвч шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Б.******* нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хариуцагч Б.*******той зээлийн гэрээ байгуулж 37,000,000.00 төгрөгийг сарын 1,110,000.00 төгрөгийн хүүтэй 1 /нэг/ жилийн хугацаатай зээлэхээр харилцан тохиролцсон гэсэн /х.х-ийн 5 хуудас/.
Тодруулбал, хариуцагч Б.******* нь *** тоот хаягт байрлах м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг өмчилдөг бөгөөд нэхэмжлэгч Б.*******ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тэрээр хариуцагч нь тухайн орон сууцыг хөлслүүлэх зар тавьсны дагуу сарын 1,110,000.00 төгрөгөөр хөлслөхөөр тохирч, улмаар талууд орон сууц хөлслөх гэрээний хөлсийг зээлийн гэрээний хүүгээр харилцан тооцох нөхцөлтэй гэрээ байгуулсан гэсэн.
2. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасан.
Тайлбарлавал, энэ хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүсэнээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлсэнээр гэрээ байгуулагдсанд тооцно гэж заасны дагуу тус хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.
3. Мөн Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар орон сууц хөлслүүлэгч тал гэрээний зүйлийг эзэмшлийг хөлслөгчид шилжүүлэх, хөлслөгч нь төлбөрийг төлөх үүрэг хүлээнэ.
Гэтэл зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Б.******* нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгч Б.*******тэй зээлийн гэрээ байгуулаагүй байна. Тодруулбал, хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргааны зүйл болох зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй гэж маргасан бөгөөд Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн тоот дүгнэлт, мөн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн тоот дүгнэлтэд зээлийн гэрээ дэх зээлдэгчийн гарын үсгийг хариуцагч Б.*******ийн гарын үсгийн хэв загвартай тохирохгүй байна гэжээ /х.х-ийн 39-49, 99-110 хуудас/.
4. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж заасан. Тайлбарлавал, зээлийн гэрээ нь тус хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж зааснаар хэлцэл болохын хувьд зээлдэгч этгээдийн хүсэл зориг гадаад буюу нөгөө талдаа илэрхийлэгдэж, бичгийн хэлбэрт тусгагдсан байж хуульд заасан хэлбэрийн шаардлагад нийцнэ.
Энэ талаар мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж тодорхой зохицуулсан байна. Гэтэл хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч Б.*******т зээлийн гэрээ байгуулах санал гаргаагүй, нэхэмжлэгчийн гэрээ байгуулах саналыг хүлээн аваагүй, бичгээр байгуулсан гэх зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй байх тул зохигчдын хооронд бичгийн хэлбэрээр зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэх боломжгүй байна.
5. Талуудын байгуулсан гэх зээлийн гэрээний 1 дүгээр зүйлд нэхэмжлэгч Б.*******ийн дүү ын Худалдаа хөгжлийн банк ХК дахь тоот данснаас хариуцагч Б.*******ийн эхнэр гийн Хаан банк ХК дахь тоот дансанд 37,000,000.00 төгрөгийг шилжүүлнэ гэж тохиролцсон бөгөөд зохигчид дээрх мөнгийг нэхэмжлэгчийн дүү нь хариуцагчийн эхнэрийн дансанд шилжүүлсэн үйл баримтын талаар маргаагүй /х.х-ийн 4 хуудас/.
Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1-д Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно гэж, мөн 211 дүгээр зүйлийн 211.1-д Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл, талууд зээлийн гэрээг ийнхүү бичгээр байгуулаагүй боловч зээлдүүлэгч Б.******* нь зээлийн гэрээний зүйл болох 37,000,000.00 төгрөгийг бусад этгээдээр буюу дүү ын дансаар дамжуулан хариуцагч Б.*******ийн зөвшөөрлөөр түүний эхнэр гийн дансанд шилжүүлсэн тохиолдолд бодит үйлдлээр зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэж болно.
6. Энэ талаар дээр дурдсан хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-д Дараахь үндэслэлээр гэрээг байгуулсанд тооцно гээд 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэж зохицуулжээ. Гэтэл хэдийгээр нэхэмжлэгч нь өөрийн дүүгээр дамжуулан хариуцагчийн эхнэрийн данс руу 37,000,000.00 төгрөгийг шилжүүлсэн боловч хариуцагч нь анхнаасаа энэхүү харилцааг мэдээгүй буюу түүний зөвшөөрлөөр хийгдээгүй байна.
Өөрөөр хэлбэл, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.*******той бус, харин түүний эхнэр гэх тай тохиролцож, тухайн зээлийн гэрээг байгуулсан, тийнхүү байгуулахдаа хариуцагчтай түүний зөвшөөрлөөр 37,000,000.00 төгрөгийг эхнэрийн данс руу шилжүүлэх талаар тохиролцоогүй, харин эхнэр гийн хүсэл зоригийн дагуу түүний дансанд мөнгийг шилжүүлсэн байх тул хариуцагчийг эрх бүхий этгээдээр дамжуулан 37,000,000.00 төгрөгийг хүлээн авсан гэж үзэх боломжгүй байна.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүх үзлэг хийх байдлаар үйл баримтыг тогтоож болно. Гэтэл зохигчдын харилцан бичсэн зурваст үзлэг хийсэн боловч тэдгээрийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж шууд дүгнэж болох нөхцөл байдал тогтоогдсонгүй. Тодруулбал, хариуцагч Б.******* нь урьд өмнө өөрийнхөн өмч байсан орон сууцыг худалдан авсан этгээдээс нэхэмжлэгч Б.*******т хөлслүүлсэн, гэрээний төлбөрийг төлөхтэй холбоотойгоор харилцан бичсэн зурвас бөгөөд тухайн зурвасаар хариуцагч нь нэхэмжлэгчээс 37,000,000.00 төгрөгийг зээлсэн гэх үйл баримттай шууд холбоотой гэж үзэхэд учир дутагдалтай байна.
Иймд, нэхэмжлэгч Б.******* болон хариуцагч Б.******* нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас үндсэн зээл 37,000,000.00 төгрөг, зээлийн хүү 43,290,000.00 төгрөг, алданги 18,500,000.00 төгрөгийг тус тус шаардах эрхгүй.
8. Гэтэл хариуцагч Б.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч 37,000,000.00 төгрөгийн талыг эхнэр нь авсан тул нэхэмжлэгч Б.*******ийн нэхэмжлэлийн шаардлагаас зөвхөн уг 37,000,000.00 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн. Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д Эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болох бөгөөд энэ тохиолдолд энэ хуулийн 123.8-д заасан журам нэгэн адил үйлчилнэ гэж заасан.
Хэдийгээр шүүх энэ хэргийн хувьд нэхэмжлэгч Б.******* болон нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэх талаарх хэрэг маргааныг тухайлан хянан шийдвэрлээгүй боловч хариуцагч нь өөрийн эхнэрийн авсан гэх 37,000,000.00 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас 37,000,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 61,790,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасныг үндэслэн хариуцагч Б.*******оос 37,000,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 61,790,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 651,900.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 342,950.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ