Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 416

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

           нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

           улсын яллагч Ж.Энхжаргал,

            шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

   Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Б Б холбогдох 1703000010051 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн байцаалт: 

Монгол улсын иргэн, 1983 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл-4, эхнэр хүүхдүүдийн хамт, ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ч овогт Б. Б, /РД:... 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Н.Б нь 2017 оны 7 дугаар сарын 28-ны 12 цаг 10 минутын үед ... 01 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Толгойтын замд Toyota Sprinter маркын ... УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтын 7: Хэвтээ  тэмдэглэл: 24. Замын хөдөлгөөнд тодорхой горим, журам тогтоох зорилгоор зорчих хэсэг буюу түүний хашлага дээр хийсэн шугам, сум, бичлэг зэрэг хэвтээ тэмдэглэлд хамаарна. Хэвтээ тэмдэглэлийг дангаар нь буюу тэмдэг, гэрлэн дохиотой хослуулан хэрэглэнэ. 7.1 “хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, мөн замын аюул бүхий хэсэгт эгнээний хилийг заах, түүнчлэн зорчих хэсгийн орохыг хориглосон хэсгийг хязгаарлах буюу тээврийн хэрэгслийн зогсоолын хилийг тэмдэглэнэ”, 25. “7.2 тэмдэглэлийг жолооч зогсохын тулд давахаас бусад тохиолдолд 7.1-7.3, 7.14, 7.16.а, б, в тэмдэглэлүүдийг давахыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрсөний улмаас Л.Сжолоодож явсан Toyota Prius маркын ... УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зорчигч Б.Т-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, С.А эрүүл мэндэд хөнгөн хохирол, Л.Х-н эрүүл мэндэд хөнгөн хохирол, Л.С4.220.000 төгрөгийн шууд, 4.889.500 төгрөгийн нийт хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:    

 

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:   

Шүүгдэгч Н.Б нь 2017 оны 7 дугаар сарын 28-ны 12 цаг 10 минутын үед ... 01 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Толгойтын замд Toyota Sprinter маркын ... УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтын 7-гийн 24, 7.1, 25 дахь заалтуудыг зөрсөний улмаас Л.С жолоодож явсан Toyota Prius маркын ... УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зорчигч Б.Т-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            - хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-15-20/,  

- хохирогч Б.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 12 цагийн үед би нөхрийн дүү С-н  машинтай хуриманд явж байсан. Толгойтын гудамж Аавын авто угаалгын газрын хойд зааг дээр баруунааөс зүүн чигт явж байтал эсрэг урсгалаас саарал өнгийн машин гэнэт буцаж эргээд мөргөсөн. Тухайн үед би гэнэт машин эргэж орж ирэхийг хараад хүүхдээ цээжиндээ тэврээд хажуу тийш зайлсхийсэн. Ослын дараа машинаас буугаад дуугарах гэсэн дуу гарахгүй, амьсгаа авч болохгүй байсан. Тэгээд түргэн ирээд гэмтэл орсон, миний 5,6 дугаар хавирга хугарсан, тархи доргисон... гэх мэдүүлэг /хх-25/

            - гэрч Л.Х-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 12 цагийн орчим төрсөн дүү С-н  машинтай бэр эгч, дүү нарынхаа хамт хуриманд явж байсан. Толгойтын замд бид нар баруунаас зүүн чигт явж байсан. Тэгсэн зүүнээс баруун зүг рүү явж байсан машин гэнэт үргэлжилсэн цагаан шугам давж буцаж эргээд орж ирээд бид мөргөлдсөн...гэх мэдүүлэг /хх-35/

            - гэрч Л.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 12 цагийн үед би өөрийн машинтайгаа ах, эгч, дүү нарын хамт хуриманд явж байсан. Би тухайн үед баруунаас зүүн зүг рүү явж байсан чинь эсрэг урсгал болох зүүнээс баруун тийш эргэх чиглэлээс нэг машин үргэлжилсэн цагаан шугамыг давж буцаж эргэх үйлдэл хийж миний явж байсан эгнээ рүү ороод ирсэн, би шууд зогсоох гээд тоормос гишгэж, сигнал өгсөн боловч тэр машиныг мөргөж зогссон...гэх мэдүүлэг /хх-38/

            - насанд хүрээгүй гэрч Г.Э, Х.С нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн... гэнэт түс тас хийсэн. Юу болов гээд хартал миний сууж явсан автомашин нь автомашинтай мөргөлдөөд замын хажуу тал руу гараад зогссон байсан .гэх мэдүүлэг /хх-28, 32/,

            - шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн ....дугаартай:...Б.Т-н биед тархи доргилт, зүүн 5,6-р хавирганы далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ...гэх дүгнэлт /хх-53/

- техникийн шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн №440 дугаартай шинжээчийн:...Т.С принтер маркийн ... УБП улсын дугаартай автомашин жолоодон явсан Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн нэгдүгээр хавсралтын 7: Хэвтээ  тэмдэглэл: 24. Замын хөдөлгөөнд тодорхой горим, журам тогтоох зорилгоор зорчих хэсэг буюу түүний хашлага дээр хийсэн шугам, сум, бичлэг зэрэг хэвтээ тэмдэглэлд хамаарна. Хэвтээ тэмдэглэлийг дангаар нь буюу тэмдэг, гэрлэн дохиотой хослуулан хэрэглэнэ. 7.1 “хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, мөн замын аюул бүхий хэсэгт эгнээний хилийг заах, түүнчлэн зорчих хэсгийн орохыг хориглосон хэсгийг хязгаарлах буюу тээврийн хэрэгслийн зогсоолын хилийг тэмдэглэнэ” 25. “7.2 тэмдэглэлийг жолооч зогсохын тулд давахаас бусад тохиолдолд 7.1-7.3, 7.14, 7.16.а,б,в тэмдэглэлүүдийг давахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй гэж үзэж байна. Хэргийн газрын үзлэгээр тоормосны мөр илрээгүй тул хурдыг тодорхойлох боломжгүй. Т.Приус-20 маркийн ... УНЛ улсын дугаартай автомашин жолоодон явсан Л.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж үндэслэлгүй байна. Хэргийн газрын үзлэгээр тоормосны мөр илрээгүй тул хурдыг тодорхойлох боломжгүй...гэх дүгнэлт /хх-71/

- шүүгдэгч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 12 цаг 10 минутын орчимд ...1 дүгээр хороо Толгойтын замд эхнэр А.П-н эзэмшлийн Toyota Sprinter маркийн ... УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон кабиндаа ганцаараа ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй замын хоёрдугаар эгнээнд явж байгаад аавын авто угаалгын газрын харалдаа ирээд үргэлжилсэн цагаан шугамаар зүүн гар тийш эргээд ортол ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн чиглэлтэй явж байсан Т.Приус 20 маркийн ... УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл тоормос гишгээд зогсож чадалгүй шууд ирээд мөргөсөн. Ослын дараа би авто машинаас буух гэтэл автомашины хаалга нээгдэхгүй байсан. Тэгээд сууж байтал нөгөө автомашины жолооч ирээд хаалга нээж өгсөн. Би машинаас бууж ирээд мөргөлдсөн машины жолоочтой уулзсан. Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-82/ зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

 

   Иймд шүүгдэгч жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.   

   Шүүгдэгч нь хохирогч Б.Т эмчилгээний зардалд 595.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Л.С-т 4.889.500 төгрөг тус тус төлсөн байх тул бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний ар гэрийн амьдрал болон хувийн бусад байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулав.  

Торгох ял оногдуулахад 1 нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар 1000 төгрөгтэй тэнцүүлсэн, мөн оногдуулсан торгох ялыг  шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.     

Тус хэрэгт хураагдан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

Эрх хасах нэмэгдэл ял оногдуулаагүй тул шүүгдэгч Б.Б-н 210473 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг буцаан олгох нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон    

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Б  жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай  хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б 500 нэгжтэй тэнцэх буюу 500.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б. оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.      

4. Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.     

            5. Шүүгдэгч Б.Б 4889500 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг түүнд буцаан олгосугай.

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

            7. Прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

            8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  Б.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.ГАНБААТАР