Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2184

 

“Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2019/02892 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “Д” ХХК-ийн хариуцагч А.М-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 463 887 705 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т, М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.П шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, М.Т нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн А.М нь манай байгууллагатай 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 2177 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 300 000 000 төгрөгийг 1 сарын 3.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн. Үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулж, А.М, Ш.Т нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Хасбаатарын гудамж, 9/1 дугаартай барилгын 1 тоотод байрлах 218 м.кв талбай бүхий Ү-2205063917 дугаарт бүртгэлтэй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч нь үүргээ ноцтой зөрчсөн тул зээлийн гэрээний 7.1, 7.1.1-д зааснаар гэрээг цуцалж, нэхэмжлэл гаргах үеийн байдлаар үндсэн зээлд 0 төгрөг, хүүнд 35 009 747 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 42 548 төгрөг, нийт 35 052 295 төгрөг төлөөд байна. Зээлдэгч нь 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш зээлийн төлбөр огт төлөөгүй. Зээлээ төлөхийг удаа дараа шаардаж ирсэн боловч үүргээ биелүүлээгүй байна. Иймд үндсэн зээл 300 000 000 төгрөг, зээлийн хүү 110 127 705 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 22 260 000 төгрөг, нийт 432 387 705 төгрөгийг гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэлийг бид анх шүүхэд гаргаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр зээлийн хүүг 14 700 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүг 2 940 000 төгрөг, мөн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр зээлийн хүүг 11 550 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүг 2 310 000 төгрөгөөр тус тус нэмэгдүүлсэн. Иймд үндсэн зээл 300 000 000 төгрөг, хүү 136 377 705 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27 510 000 төгрөг, нийт 463 887 705 төгрөгийг хариуцагч А.М аас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч А.М-ын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Үндсэн зээлийн төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хэрвээ зээлийн төлөлтөөс ямар нэгэн төлбөр хийгээгүй бол нэмэгдүүлсэн хүүг авах боломжтой. Харин миний хувьд тодорхой хэмжээний төлөлтийг хийж байсан. Тиймээс нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн зээлийн хүүг миний хувьд төлөх чадваргүй учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Зээлийг анх надтай хамт өөр хоёр хүн авсан. 300 000 000 төгрөгийг бүхэлд нь би өөрөө зарцуулсан зүйл байхгүй. Банк санхүүгийн байгууллага барьцаа хөрөнгийг тооцож, судалж байгаад авсан байх гэж бодож байна. Миний хувьд барьцаанд байгаа объектыг худалдан борлуулж байгаад л зээлийг төлөх боломжтой. Өөр надад зээлийг төлөх ямар ч боломж байхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-д заасныг баримтлан хариуцагч А.М аас үндсэн зээл 300 000 000 төгрөг, хүүнд 136 377 705 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27 510 000 төгрөг, нийт 463 887 705 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Д” ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, талуудын хооронд байгуулсан 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 00002177 тоот барьцааны гэрээний 3.1, 3.2-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс буюу Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Хасбаатарын гудамж, 9/1 дугаартай барилгын 1 тоотод байрлах 218 м.кв талбай бүхий Ү-2205063917 дугаарт бүртгэлтэй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөнөөс хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 2 863 490 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2 863 490 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч А.М  давж заалдах гомдолдоо:

… Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйл 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй, шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг бөгөөд бидний хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн талаар маргаагүй. 2016 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний дагуу хариуцагч намайг хугацаандаа зээлийн хүүгээ төлөөд явж байхад нэмэгдүүлсэн хүү бодсон, тооцоолол буруу байхад шүүх үүнийг нягтлаагүй, хэт нэг талыг баримтлан шийдвэр гаргасан. “Д” ХХК нь анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлд зээлийн хүү 35 009 747 төгрөг нэмэгдүүлсэн хүү 42 548 төгрөг төлсөн гэж нэхэмжлэл гаргаснаас харахад анхнаасаа шууд нэмэгдүүлсэн хүүг төлөлтөөс суутгасан байна. Нэмэгдүүлсэн хүүг буруу тооцоолж гаргасан 27 510 000 төгрөгийг зөвшөөрөхгүй.

Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч “Д” ХХК нь хариуцагч А.М-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 463 887 705 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч “нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

 

            Хариуцагч А.М  нь нэхэмжлэгч “Д” ХХК-аас 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 00002177 тоот зээлийн гэрээгээр 300 000 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлж, үүргийн гүйцэтгэлийн барьцаанд хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан, зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй, гэрээ хүчин төгөлдөр тул талууд гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд хэн аль нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

 

Зээлдүүлэгчээс 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр гэрээний дагуу 300 000 000 төгрөг шилжүүлснийг зээлдэгч хүлээн авсан баримт хэрэгт авагдсан /хх12/, харин уг зээлээ гэрээний 2.2 дахь заалтаар баталсан хуваарийн дагуу хугацаанд нь төлж барагдуулаагүй, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 463 887 705 төгрөгийн төлбөр хуримтлагдсан болох нь зээлийн эргэн төлөлтийн тооцооллоор тогтоогдож байна.

 

Иймд зээлдүүлэгч нь зээлдэгчээс гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

 

            Зээлдэгч зээлээ хугацаанд нь төлөөгүй тул үндсэн зээл 300 000 000 төгрөгийг хүү 136 377 705 төгрөгийн хамт гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт нийцнэ.

 

Талууд зээлийн гэрээний 2.4-т зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү нэмж төлөхөөр тохирсон тул шүүх нэмэгдүүлсэн хүү 27 510 000 төгрөгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Иймд нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2019/02892 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295 500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Э.ЗОЛЗАЯА

 

                                          ШҮҮГЧИД                                     Д.ЦОГТСАЙХАН

 

А.ОТГОНЦЭЦЭГ