Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2022/ДШМ/06

 

 

 

 

 

 

 

 

Э.Бд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

            Яллагдагчийн өмгөөлөгч О.Санчирбал /цахим сүлжээгээр/

Нарийн бичгийн дарга З.Анхбаяр нарыг оролцуулан,

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1325 дугаар шүүгчийн захирамжтай Э.Бд холбогдох эрүүгийн 1834001490138 дугаартай эрүүгийн хэргийг Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхбатын бичсэн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 03 тоот эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн,

 

Э.Б нь Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг “Дэл жимбэгэр” гэх газраас 2018 оны 01 дүгээр сарын 20-ноос 2018 оны 02 дугаар сарын 10-ны хооронд үргэлжилсэн удаагийн үйлдлээр Т.Эын эзэмшлийн малаас 13 тооны ямаа, 18 тооны хонь нийт 31 тооны бог мал хулгайлж 2.920.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн Прокурорын газраас Э.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...яллагдагч шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлт, мөрдөн байцаалт дууссаны дараа хавтаст хэргийн материалтай танилцах эрхтэй... зааснаар гомдол гаргах эрхийг зөрчсөн байна...” гэж үзэн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг Төв аймгийн прокурорын газарт буцаажээ.

 

Прокурор Г.Энхбат 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 03 тоот эсэргүүцэлдээ: Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “...Яллагдагч шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлт, мөрдөн байцаалт дууссаны дараа хавтаст хэрэгтэй танилцах эрхтэй...” гэх заалтыг зөрчиж гомдол гаргах эрхийг нь хязгаарласан гэж дүгнэн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн.

 

Прокуророос “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон прокурорын яллах дүгнэлтэд 3 тооны ямаа, түүний үнийн зөрүү харагдаж байгаа хэдий боловч энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйл, хэсэг, заалтыг өөрчлөх, нэмэлт оруулах хууль зүйн үндэслэл болохгүй юм” гэж үзэн тус аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичиж, шүүхээс эсэргүүцлийн уг заалтыг хүлээж аваагүй тул “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол”-д нэмэлт өөрчлөлт оруулж, тогтоолыг яллагдагчид танилцуулан, хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

 

Хэрэгт тодорхой мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй, шинжээч томилж дүгнэлт гаргуулаагүй тул оролцогчдын эрхийг зөрчсөн гэж үзэн хэргийг прокурорт буцааж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Иймд анхан шатны шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1325 дугаар захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичив гэжээ.

 

 

 

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагчийн өмгөөлөгч О.Санчирбал гаргасан саналдаа: Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 80 дүгээр магадлалаар гэмт хэргээс учирсан хохирлын хэм хэмжээг нарийвчлан тогтоох нь зүйтэй гэж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Гэтэл прокурор зөвхөн яллагдагчаар татах тогтоолд нэмэлт оруулан өмгөөлөгчийг оролцуулахгүйгээр яллагдагчид яллах дүгнэлт гардуулан хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, оролцогчийн эрхийг хязгаарласан үйлдэл болсон байх тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хяналтын прокурор Г.Энхбатын бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзлээ.

 

Прокурорын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 1884001490138 дугаар тогтоолоор “Э.Б нь Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг Дэл жимбэгэр гэх газраас 2018 оны 01 дүгээр сараас 02 дугаар сарын хооронд Т.Э-ын хоттой хонин сүрэг болон бэлчээрт байсан хонин сүргээс нь 10 тооны ямаа, 18 тооны хонийг хулгайлсан” гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татан эрүүгийн хэрэг үүсгэжээ.[1]

 

Төв аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгаас Э.Бат-Эрдэнийн үйлдсэн гэх дээрх гэмт хэргийн талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг мөрдөн байцаалтаар нотлон тогтоосон гэж үзэн мөн хуулийн 32.1 дүгээр зүйлд заасны дагуу хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналаа прокурорын газарт гаргажээ.[2]

 

Прокуророос хэргийг хүлээн авч Э.Б нь хохирогч Т.Э-ын 2.920.000 төгрөгийн үнэ бүхий 13 тооны ямаа, 18 тооны хонийг хулгайлсан гэж 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 34/А дугаар яллах дүгнэлт үйлдсэн нь түүнийг яллагдагчаар татсан тогтоолтой илт зөрүүтэй болсон байдаг.[3]

 

Энэ нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг бүрэн гүйцэд тогтоож чадаагүй, үүнийг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй хэмээн үзэж Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 81 дүгээр магадлалаар[4] “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлд заасны дагуу яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулж тогтоол үйлдэх ажиллагааг явуулах...”-аар хэргийг прокурорын газарт буцаасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Уг магадлалын дагуу прокуророос 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 68 дугаар тогтоолоор[5] Э.Бд Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 1834001490138 дугаар тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах замаар дээрх алдаа зөрчлийг зөвтгөн хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулалгүйгээр дахин яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан гэж буруутгах хууль зүйн боломжгүй байна.

 

Учир нь: Прокуророос зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулж уг өөрчлөлтөө яллагдагчид танилцуулан гарын үсэг зуруулсан байх ба хэрэгт дахин шинжээч томилсон тогтоол үйлдэж шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй зэрэг өөр нэмэлт мөрдөн байцаалтын ямар нэгэн ажиллагаа хийгээгүй байх тул шүүгчийн захирамжид дурдагдсан “...хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулаагүй...” гэх үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах үндэслэлгүй ба үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлд заасан яллагдагчийн эрхийг хязгаарласан үйлдэл гэж үзэхгүй юм.

 

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч ханган, Э.Бд холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бусад нотлох баримтуудыг шүүгч тал бүрээс нь нягт нямбай, бодит байдлаар хянан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасны дагуу хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоон, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн хэр хэмжээг тооцон шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх яллагдагч Э.Б-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.1-т заасны дагуу шүүхэд шилжүүлээгүй атлаа хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасан шүүгчийн захирамждаа “шүүгдэгч” гэх нэр томьёог хэрэглэсэн нь буруу болохыг дурдав.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1325 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Э.Б-д холбогдох эрүүгийн 1834001490138 тоот хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүхэд очтол яллагдагч Э.Б-д урьд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                        ШҮҮГЧИД                                                   Т.ЭНХМАА

 

                                                                                    М.МӨНХДАВАА

 

 

 

[1] хх-ийн 1-р хавтас 67-70-р тал

[2] хх-ийн 2-р хавтас 152-р тал

[3] хх-ийн 2-р хавтас 153-159-р тал

[4] хх-ийн 3-р хавтас 29-32-р тал

[5] хх-ийн 3-р хавтас 37-38-р тал