Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2022/ДШМ/07

 

 

 

 

 

Д.Ч-ад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Б.Сувд-Эрдэнэ,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай,

Шүүгдэгч Д.Ч /цахимаар/

Нарийн бичгийн дарга З.Анхбаяр нарыг оролцуулан,

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж, шүүгч Т.Батжаргал, шүүгч Ж.Дэлгэрмөрөн нарын бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 373 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Ч, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нарын гомдлоор Д.Чад холбогдох эрүүгийн 1934003570211 дугаартай хэргийг 2021 оны 12 сарын 10-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,

 

Шүүгдэгч Д.Ч нь 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бүрд 3 дугаар багийн нутаг “Өвөр шаварт” гэх газар Д.Бтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний гаран тус газар хутгалж алсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн Прокурорын газраас Д.Чад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Чыг “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Чыг 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 хэсэгт зааснаар Д.Чад оногдуулсан 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Чын цагдан хоригдсон 183 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

 

Шүүгдэгч Д.Чад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, шүүгдэгч Д.Чын ял эдлэх хугацааг 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолж,

 

Шүүгдэгч Д.Чаас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дах хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн нэг ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.Ч, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нар давж заалдах гомдолдоо: ...яллагдагч Д.Чыг 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр амь хохирогч Д.Бтэй хувийн таарамжгүйн улмаас түүний гаран тус газар хутгалж алсан гэмт буруутайд тооцож шүүхээс найман жилийн хорих ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх давж заалдах шатны шүүхийн магадлалын заалтыг биелүүлээгүй шийдвэрлэсэн. Амь хохирогчид хугацаа алдаж хагалгаанд оруулсан гэх агуулга бүхий хүсэлтийг шалгаж шийдвэрлэсэнгүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд талийгаач Гэмтэл согог судлалын үндэсний төвд шөнийн дөрвөн цагт очиж 9:15 минут хүртэл ямар ч эмчилгээ хийгээгүй байж байгаад 10:10 минутад хагалгаанд орсон байна. Үүнийг гэрч Дуламсүрэн, Чинбаатар нар гэрчилдэг. Хагалгаанд оруулсан эмч Б.Янжиндулам хагалгаа амжилттай болж амь насыг нь аварсан тухай мэдүүлдэг. Талийгаачийг хот руу авч явсан эмч Бат-Орших явах замдаа цус алдаагүй Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүлээлгэн өгсөн байна. Иймд хэргийг хянан үзэж хэргийн зүйлчлэлийг үнэн зөв тогтоож эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Сувд-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 373 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж гарсан тул хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Ч, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Б.Баярмагнай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийн зүйлчлэл зөв хийгдсэн. Мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн зүйл байхгүй байна. Иймд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 373 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /цахимаар/ оролцсон шүүгдэгч Д.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах гомдлоо дэмжиж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзлээ.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй гарсан байна.

 

Д.Чад холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-т зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд буюу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон байна.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж цуглуулж, бэхжүүлэн уг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасны дагуу шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр үнэлж хэргийг шийдвэрлэсэн байна.

 

Шүүгдэгч Д.Ч нь 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бүрд 3 дугаар багийн нутаг Өвөр шаварт гэх газар Д.Бтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний гаран тус газар хутгалж зүүн мөрийг нь гүн хатгаснаас болж суганы тараагуур, хураагуур том судас, мэдрэлийн багцыг гэмтээсэн шарх учруулан улмаар Д.Бийг хурц цус алдалтад оруулж алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Болдын: “2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 10 цагийн үед ажил дээрээ байж байтал миний төрсөн ах Д.Эрдэнэболд над руу хөдөөнөөс утсаар залгаад Д.Б ах чинь хутгалуулаад эмнэлэг рүү явсан байна гэж хэлсэн.  ...Тэгэхээр нь 10 цагийн үед гэмтлийн эмнэлэг дээр яваад очтол манай ах хагалгаанд орчихсон байсан. Хагалгаа их удаан хийгдсэн ба 14 цагийн үед дуусаад хагалгаанаас сэхээний тасаг руу ороод эрчимт эмчилгээний тасагт бие нь тэнхрэхгүй ухаан ороогүй байж байгаад нас барсан. Миний талийгаач ахыг талийгаач ахын эхнэр Д.Дуламсүрэнгийн төрсөн ах Д.Ч нь хутгалсан гэдгийг мэдсэн. ... Гомдолтой байна хэрэг үйлдсэн хүнд хуулийн дагуу арга хэмжээ авч шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэх зүйл бол байхгүй энэ хүнээс аваад байх юм байхгүй, буяны ажлаа өөрсдөө сайхан хийж гүйцэтгээд болсон тул хохирол мөнгө нэхэмжлэхгүй.” гэх /хх-н 18-19 тал/,

 

Гэрч А.Түвшинтөгсийн: “...Намайг очиход Б гэрийнхээ орны урд газар ухаантай хэвтэж байсан. Б ахын хэвтэж байсан газар нэлээн цус гарсан байсан. ...Намайг гэрт оронгуут шууд хамт өргөөд машинд оруулсан. Гэрээсээ гараад замдаа бас юу ч хэлэлгүй явсан. Намайг очиход ухаантай, бас эхнэртэйгээ юм яриад байсан. Ч ах байгаагүй. Би очоод Ч ах хаана байгаа юм бэ гэж асуухад гараад явсан гэж Дууяа эгч хэлж байсан. ...Би тэдний хоорондын харилцааны талаар мэдэхгүй. Миний мэдэхээр Ч ах Б ахын гэрт хоёр жилийн өмнөөс амьдардаг болсон. Тэд нартай хамт байдаггүй болохоор маргаж мууддаг талаар нь мэдэхгүй байна.” гэх /хх-н 20-21 тал/,

 

Гэрч Д.Дуламсүрэнгийн: “2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 22 цагийн үед миний нөхөр Б бид хоёр унтаж байсан. Ах Ч зурагт үзээд сууж байсан. Нэг сэрсэн манай нөхрийг ах Ч бензин авчирч өгөхгүй явсан, явуулсан гээд уурлаад байсан, нөхөр Б “битгий хуц чи” гэж хэрэлдэж байсан. Тэгээд ах Ч нөхөр Бийг цохисон чинь Б ах Чыг хөлөөрөө тийрсэн.  Тэгсэн би сайн хараагүй нэг юмаар хатгах шиг болсон. Тэгээд цус гараад Аймгийн эмнэлэг явж эмнэлгээс Улаанбаатар хот руу үзүүл гээд явуулсан. Нөхөр нэг шил архи, нэг пиво л уусан тэгээд сайн мэдэхгүй байна, согтуу байсан. Ч ах бас согтуу байсан. Хутга юм уу хайч байсныг хараагүй зүүн гарынх нь булчин гэмтсэн байсан сайн хараагүй.” гэх мэдүүлэг /хх-н 22-23 тал/,

 

Гэрч Д.Чинбаатарын: “...2019 оны 5 дугаар сарын 13-ны орой 23 цагийн үед гэртээ байж байтал миний 99507166 дугаарын утас руу манай эгч Дуламсүрэн залгаад Ч ах чинь Батбилгийг хутгалчихлаа цус алдаад байна гээд уйлаад ярьсан. Тэгээд би шууд төрсөн эгч Цэцэгээгийн хамтаар Баян-Өнжүүл сумын Өвөршавартай гэх газар руу гэр рүү нь шөнө явсан. Тэгээд гэрт нь очиж амжилгүйгээр саахалтын Түвшин гэх залуутай Б ахыг өөдөөс машинтай Дуламсүрэн эгч аваад ирсэн. Тэгээд би өөрийнхөө машинд сэлгэж суугаад Төв Аймгийн нэгдсэн эмнэлэгт авчирсан. Би хэргийн газар бол очоогүй. Юунаас болсон талаар Дуламсүрэн эгчээс асуугаагүй, сандраад эмнэлэг явсан. Тэгээд Улаанбаатар хотын ГССҮТ-рүү эмнэлгээс авчраад 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 16 цагийн үед нас барсан.” гэх /хх-н 30-32 тал/,

 

Гэрч Г.Гантулгын өгсөн: “Би 2019 оны 5 дугаар сарын 14-ний шөнө Б гэх хүн эмчилгээ хийгээгүй үзлэг хийсэн. Үзлэгээр өвчтөн ухаантай ярьж байсан. Согтолттой байсан зүүн талын гарын бугалганы дээд ар гадна хэсэгт 2,5 см орчим шархтай, зүүн талын цээжний ар хажуу хэсэг шархтай байсан. Тухайн үед өвчтөний бие хэвийн, зүүн гар бүхэлдээ хүйтэн, мэдрэлгүй байсан. Онош нь зүүн гарын шарх, судас мэдрэлийн багц гэмтсэн байсан. Төв Аймгийн нэгдсэн эмнэлгээр эмчилгээ хийх боломжгүй, яаралтай судас залгах мэс ажилбар хийх гэхээр мэс заслын эмчилгээг төгс хийж гүйцэтгэх боломжгүй тул ГССҮТ-д шилжүүлэхээр шийдсэн. Тухайн үед өвчтөн согтуу, бөөлжис ихтэй байсан тул унтуулахад хүндрэлтэй, мөн техник болон нарийн мэргэжлийн эмч шаардлагатай байсан. Тухайн шарх нь гадна талдаа биш доод дотор талдаа олон тооны судсаар гэмтсэн гэмтэл учруулсан байсан.” гэх /хх-н 36-37 тал/,

 

Гэрч Д.Дарьсүрэнгийн: “Би 2019 оны 5 дугаар сарын 14-ний шөнө 02 цаг 30 мин-д Төв Аймгийн Баян-Өнжүүл сумаас ирлээ гэсэн Д.Б гэх хүний биед үзлэг хийсэн.  Үзлэг хийхэд согтолт ихтэй, асуултад хариулж байсан ба зүүн талын гарын мөр хэсэгт боолттой, боолтоор цус нэвчсэн байсан. Д.Бийн даралт 100/70, зүрхний цохилт 100/19 байсан.  Хамт ирсэн хүмүүсийн үгээр Төв аймгийн Баян-Өнжүүл суманд 22 цагийн үед хутгаар хутгалуулсан, цус их гарсан гэж байсан.  Өөрөө асуултад хариулж байсан ба цусны эзлэхүүнийг нэмэх болон цус тогтоох зорилгоор тариа 2 литр 500 гр дуслаар, шарх цэвэрлэгээ хийсэн ба зүүн гар мэдээгүй болсон байсан. Шархыг цэгцлэх зорилгоор  гарын арьс дээр дөрвөн  оёдол тавиад эрэмбэ ашиглахын хуудсаа бөглөх гээд байж байхад тухайн хүн бөөлжсөн, бөөлжсөний дараа тухайн хүний оёдол тавьсан гарын шархнаас цус олгойдож гарсан ба дахин шархыг задалж шалгаад гэмтэл нь  маш гүндээ үүссэн 3 см шархаар  цэгцлэх боломжгүй байсан. Шархыг цэгцлэх боломжгүй байсан тул шархыг битүүлээд шарханд ахин 4 оёдол тавьсан. Уг оёдлыг тавьснаас хойш цус их гарах нь намдсан ба огт цус тогтоогүй байсан ба би гэмтлийн эмч Гантулгыг дуудаж өвчтөнийг үзүүлсэн Гантулга эмч шархыг нь шалгаад гэмтлийн эмнэлэгт шилжүүлэх шаардлагатай гээд өвчтөнг 04 цагт эмнэлгийн машинаар авч явсан.  Зүүн гарын мөр орчмоор цус гарч гэмтсэн өөрөө согтуу байсан тул шархандаа оёдол тавиулахгүй эсэргүүцэж байсан. Судас залгах эмчилгээ шаардлагатай байсан аймгийн эмнэлгийн гар сарвууны эмч хийдэг ба уг эмч нь ГССҮТ-д байдаг манай эмнэлэгт хагалгаа хийх багаж, тоног төхөөрөмж байхгүй учир нь төв байгууллага руу шилжүүлдэг.” гэх /хх-н 38-40 тал/,

 

Гэрч Б.Янжинлхамын: “Би 2019 оны 5 дугаар сарын 14-ний өглөөний үзлэгээр 09 цаг 05 минутад Д.Б гэх хүний биед үзлэг хийсэн. Үзлэгээр тухайн өвчтөний биед зүүн мөрний доод хэсэгт хутгаар хатгагдсан шархтай, зүүн гарын бугалганы дотор талаар хөхөрч няцарсан, зүүн гар нэлэнхүйдээ хөхөлбөр хүйтэн, мэдээ мэдэгдэхүүн алдагдсан, шууны артерт судасны лугшилт тодорхойлогдохгүй, сарвуу хүйтэн, хөшингө байсан нь том судасны гэмтлийн шинж байсан учраас яаралтай журмаар мэс засалд оруулах шийдвэрийг гаргаж өвчтөний ар гэртэй уулзан хагалгаа хийх талаар танилцуулан зөвшөөрөл авсан..., венийн судсыг залгаж оёсон ба венийн судас цусаар дүүрч урсгал нь сэргэсэн. Хутганы гадна талаас орсон шархыг шалгаж цус тогтоолт хийсэн шархны хөндийг ариун уусмалаар угааж, цэвэрлээд урсгуур орхиод шархыг хаасан. Хагалгааг 12 цаг 10 минутад дуусгаж өвчтөнд боолт хийж хагалгааг дуусгасан.” гэх /хх-н 196-197 тал/,

 

Гэрч Г.Бат-Оргилын өгсөн: “...өвчтөний биеийн байдал хэвийн, даралт тогтвортой, ухаан санаа хэвийн байсан ба архи уусан согтуу байсан. Би явж байх замдаа өвчтөнд натри дуслаар сэлбэж гэмтлийн хүлээн авах дээр хүлээлгэн өгсөн. Юм ярьж асуухад хариулж байсан ба орчинд харьцаатай байсан. Би явж байх замдаа даралт пүлсийг нь хянаад явж байсан ба хэвийн байсан.” гэх /хх-н 198 тал/,

 

Яллагдагч Д.Чын: “...Би зурагт үзэж сууж байтал хүргэн сэрсэн тэгээд намайг нэг өшиглөсөн тэгэхээр нь би зөрүүлээд нэг удаа алгадаад, чи гавьяа байгуулсан юм шиг согтуу ирчхээд бензин авчрахгүй яасан юм, хүн өдөржингөө явган алхуулчхаад гэж хэлсэн. Тэгээд бид хоёр барилцаж аваад хэсэг хугацаанд хоорондоо ноцолдсон.  Миний бугалга, хавирга хэсгээр юмаар зураад байх шиг байхаар нь хартал гарт нь хутга байх шиг байхаар нь хартал гарт нь хутга байх шиг байсан.  Би гартай нь ноцолдоод дээр нь дарж хэвттэл, тийрээд би гэрийн үүд руу ойчсон.  Намайг босож ирэхэд зүүн бугалгаа гараараа дарчихсан гараас цус гараад байна гэсэн. Тэгээд эхнэр нь сэрээд босож ирээд намайг загнаад юу болоод байгаа гэсэн, бид хоёр өмнө нь маргалдаж муудалцаж байгаагүй, ямар нэгэн өс хонзонгийн асуудал байхгүй, би гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, харамсаж байна, харамсаад ч барахгүй байна.” гэх /хх-н 114-117 тал/ мэдүүлгүүд,

 

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 71 тоот цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн “1.2. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр зүүн бугалгад тараагуур, хураагуур судас гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн бугалгад цус хуралт, нуруунд шарх, зулгаралт, дух, баруун хацарт зулгаралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо 3.8. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн болон мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4. Талийгаач нь зүүн бугалганы хураагуур, тараагуур судас гэмтээсэн шархны улмаас хурц цус алдалтад орж нас баржээ. 5. Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 6.7. Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй болно.” гэх /хх-н 80-82 тал/,

 

Шүүх Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн №3030 тоот: “1. Шинжилгээнд ирүүлсэн шар эрээн өнгийн хивсэн дээр хүний цус илэрсэн. Энэ нь АВО системээр В /III/ бүлгийн харьяалалтай байна.” гэх /хх-н 44-45 тал/,

 

Шүүх Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн №3037 тоот: “1. Шинжилгээнд ирүүлсэн хар саарал өнгийн дотуур өмд, хар ногоон өнгийн даавуун өмд, судалтай хөх өнгийн дотоож, шаргал өнгийн дээлэн дээр хүний цус илэрсэн. 2. Хар саарал өнгийн дотуур өмд, хар ногоон өнгийн даавуун өмд, шаргал өнгийн дээлэн дээрх цус нь АВО системээр В /III/ бүлгийн харьяалалтай байна. 3. Судалтай хөх өнгийн дотоожин дээр цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна.” гэх /хх-н 54-55 тал/,

 

Шүүх Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн №2744 тоот: “1. Шинжилгээнд ирүүлсэн цайвар бор нударгатай дээлэнд 305 мм, 50 мм, хар өмдөнд 205 мм татах чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ ханзралтууд байна. Мөн цайвар бор өнгийн нударгатай дээлэнд 15 мм хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлт байна. Түүнчлэн хар өмдөнд 60 мм татах чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ урагдалт байна. Харин цайвар бор нударгатай дээлэнд 25х30 мм, хар өмдөнд 9х8 мм хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр эдэлгээний явцад гарсан хуучин гогдолтууд байна. 2. Бусад хувцаснууд гэмтэлгүй байна.” гэх /хх-н 56-57 тал/,

 

Шүүх Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн №3039 тоот: “1. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн хагархай 12 см иштэй, 25 см урттай хутган дээр хүний цус илэрсэн. Энэ нь АВО системээр В /III/ бүлгийн харьяалалтай байна.” гэх /хх-н 64-65 тал/,

 

Шүүх Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн №2758 тоот: “...2. иймд шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн бариултай хутганы ажлын хэсэгт хөвөн ширхэгт материал, цайвар бор нударгатай дээлийн материал хөвөн ширхэгт материалын сэмэрдэсүүд нь өнгө, диаметрийн хэмжээ, гадаргуугийн үзүүлэлт зэргээр тохирч байгаа нь уг хутгаар үүссэн байна.” гэх /хх- 68 тал/,

 

Шүүх Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн №3298 тоот: “1. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн бариултай хутга нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Хар өнгийн бариултай хутган дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо нэг эрэгтэй хүний цус байна.” гэх /хх-н 75 тал/,

 

Шүүх Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн нэмэлт шинжилгээний №17 тоот: “1. Талийгаач Д.Бт эмнэлгийн эмчилгээ үйлчилгээ хугацаа алдалгүй, зохих журмын дагуу хийгдсэн байна. 2. Талийгаач Д.Бийн биед үүссэн гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай гэмтэл.” гэх /хх-н 163 тал/,

 

Шүүх Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн шинжилгээний №711 тоот: “1. Талийгаачид зүүн мөрний гүн хатгагдсан шархны улмаас суганы тараагуур, хураагуур том судас, мэдрэлийн багцыг гэмтээсэн шарх гэмтэл учирчээ. 2. Талийгаач нь зүүн суганы тараагуур, хураагуур судас гэмтээсэн шархны улмаас хурц цус алдалтад орж нас баржээ. 3. Эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор үзүүлсэн байна. 4. Эмнэлгийн тусламж үйлчилгээг тухай бүрд нь цаг хугацаанд нь үзүүлсэн боловч амь нас аврах боломжгүй байжээ.” гэх /2хх-н 76-82 тал/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын №754 тоот: “1. Д.Ч нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 2. Д.Ч нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 3. Д.Ч нь өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. 4. Д.Ч нь өөрийнхөө үйлдлийг ухамсарлан ойлгох чадвартай байна. 5. Д.Ч нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 6. Д.Ч нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.” гэх /хх-н 155-156 тал/ дүгнэлтүүд,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 02 тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 3-5, 6-14 тал/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-н 15 тал/, эд мөрийн баримтыг хураан авах тухай санал /хх-н 16 тал/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 121 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 124 тал/, шүүх сэтгэц эмгэг судлалын 754 тоот дүгнэлт /хх-н 155-156 тал/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Прокуророос Д.Чын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд ирүүлснийг шүүх хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнээд шүүгдэгч Д.Чыг хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд тохирсон байна.

 

 Уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгч Д.Чын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзсан нь үндэслэлтэй болжээ.

 

Шүүгдэгч Д.Ч түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нар “...хэргийг хянан үзэж хэргийн зүйлчлэлийг үнэн зөв тогтоож Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэсэн утгатай давж заалдах гомдол гаргажээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг санаатай алах”, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д заасан “Хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах “ гэмт хэргүүд нь гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилго, мөн хохирогч уг гэмтлийн улмаас үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалан бусад хүндрэл үүсч нас барсан зэрэг шинжээрээ хоорондоо ялгагдана.

 

“Хүнийг санаатай алах” гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг ба гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд энэ үед үхэлд шууд хүргэсэн буюу хэсэг хугацааны дараа амь нас хохирсон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлдөггүй.

 

Шүүгдэгч Д.Чын хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас уг гэмтлээс шалтгаалан бусад хүндрэл үүсч амь хохирогч Д.Б нас барсан гэх нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларч бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

 

Харин Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 71 тоот цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн /хх-н 80-82/, Шүүх Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн нэмэлт шинжилгээний №17 тоот /хх-н 163/, Шүүх Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн шинжилгээний №711 тоот /2хх-н 76-82/ дүгнэлтүүдээр шүүгдэгч Д.Ч нь амь хохирогч Д.Бийг хутгалж зүүн мөрийг нь гүн хатгаснаас болж суганы тараагуур, хураагуур том судас, мэдрэлийн багцыг гэмтээсэн шарх учирч улмаар амь хохирогч Д.Б хурц цус алдалтад орж нас барсан, эмнэлгийн тусламж үйлчилгээг тухай бүрд нь цаг хугацаанд нь үзүүлсэн боловч амь насыг нь аврах боломжгүй байсан нь тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Д.Ч түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Улсын яллагчаас “Шүүгдэгч Д.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 18 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал, ... гаргаж мэтгэлцэв” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар прокурор санал гаргасныг шүүх дээрх хуульд заагаагүй хэмжээгээр буюу 18 жил гэж техникийн шинжтэй алдаа гаргасныг цаашид анхаарах шаардлагатай гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 373 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүгдэгч Д.Ч, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нарын гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Чын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 113 /нэг зуун арван гурав/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Т.ЭНХМАА        

 

                   ШҮҮГЧИД                                             М.МӨНХДАВАА

 

                                                                                 Р.МӨНХ-ЭРДЭНЭ