Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 131/ШШ2024/00414

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат би

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн *******ын, *******, *******, ******* оршин суух, , ******* овгийн ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянхонгор аймаг, *******, *******, *******, ******* оршин суух, ******* овгийн холбогдох зээл 2,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга: 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдөр М. 2,000,000 төгрөгийг хүүхдийнх нь 5247126713 тоот дансаар шилжүүлж, зээлсэн.

Тухайн үедээ 3 сарын хугацаатай хүүтэй мөнгө хэд ч хамаагүй олоод өгөөч гэж өдөр шөнөгүй гэрийн үүдэнд ирж, утас руу залгаад амраахгүй байхаар нь итгээд өгсөн.

Тэгээд 3 сарын дараа мөнгөө авах гэтэл хугацааг нь сунгаад өгөөч гээд гуйгаад байхаар өдийг хүртэл хүлээсэн. Тэгсэн одоо болохоор өгч чадахгүй, боломжгүй гээд маргаан үүсгэж, зүй бусаар доромжлоод өгөхгүй байгаа.

2. Хариу тайлбарын агуулга: Н. миний бие М.Мөнхцэцэгийн нэхэмжилсэн 2,000,000 төгрөгийг төлж барагдуулна. Маргах зүйлгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч М.Мөнхцэцэг нь нэхэмжлэгч Н.ийн нэхэмжилсэн зээл 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрчээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдсон тул Н.ийн нэхэмжлэлтэй М. холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Мөнхцэцэгээс 23,475 төгрөгийг, улсын орлогоос 23,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н.т олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Мөнхцэцэг нь нэхэмжлэгч Н.ийн зээл 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Мөнхцэцэгээс 23,475 төгрөгийг, улсын орлогоос 23,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н.т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                            Б.МӨНХБАТ