Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 275

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б-Л овогт Н-ийн Ж-д холбогдох эрүүгийн 201724000311 дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Ж.Энхжаргал /тээвэр/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б-, шүүгдэгч Н.Ж-, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 03 дугаар сарын 06-нд Говь-Алтай аймгийн Биндэр суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Олл Топ Майнд” ХХК-д техникч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо ***** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б-Л овогт Н-ийн Ж

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Н.Ж- нь 2017 оны 05 дугаар сарын 08-ны 21 цаг 50 минутын үед Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, 118 дугаар сургуулийн урд замд Toyota Prius-11 маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.М-ыг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

                                                   

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Ж-ын өгсөн: 

“...Мөрдөн байцаалтын шатанд холбогдсон хэргийн талаар болсон асуудлыг үнэн зөв мэдүүлсэн. Миний хувьд шүүх хуралдаанд нэмж ярих зүйл байхгүй байна. Тухайн осол болох үед би Toyota Prius-11 маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ойролцоогоор 60 км/цагийн хурдтай, ажлаа тараад, эхнэртэйгээ гэртээ харихаар, ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш, замын зорчих хэсгийн 3-р эгнээгээр явж байсан. Архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй. Зам гэрэлтүүлэгтэй, үзэгдэх орчин чөлөөтэй байсан. 118 дугаар сургуулийн урд замд явж байхад гэнэт нэг хүн машины урдуур урдаасаа хойшоо явж байгаа байдалтай ороод ирсэн, тормос гишгээд 2-р эгнээрүү шилжих хөдөлгөөн хийсэн боловч явган хүнийг мөргөсөн. Тэгээд 102, 103 өөрийнхөө утсаар дуудсан. Түргэний эмч ирж үзээд хохирогчийг нас барсан байна гэсэн.

Хохирол төлбөрийн хувьд Даатгалын байгууллагаас мөнгө гаргуулаад, машинаа зараад нэхэмжилсэн төлбөрийг бүрэн барагдуулсан. Талийгаачийн оршуулгын зардалд нийт 12.200.000 төгрөг төлсөн. Өөрийн гэм бурууд маргахгүй, хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчийг хараад тоормос гишгэсэн, зогсоох боломж байгаагүй. Тоормос гишгэснээс хойш ойролцоогоор 3-4 метр яваад мөргөсөн. Тухайн үед гадаа бүрэнхий болсон байсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Цаашид ийм асуудал гаргахгүй...” гэсэн мэдүүлэг,

 

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б-оос шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би амь хохирогч Д.М-ын хүү нь юм. Төрсөн эцгийгээ замын ослоор алдсанд маш их харамсаж гашуудаж байна. Хүний амь нас хохирч хэмжээлшгүй их гарз хохирол учирсан. Эцэг, эх хоёр маань хоёулаа тусдаа амьдардаг юм. Аав маань 54 настай, ажил эрхэлдэг, 3 дугаар цахилгаан станцад ажилладаг байсан. Тухайн үед Монгол улсад Эрчим хүчний байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн ой болж байсан бөгөөд Буянт-Ухаа спорт цогцолборт ойн арга хэмжээний хүрээнд эрчим хүчний салбарын нийт байгууллагуудын хооронд уралдаан тэмцээн зохион байгуулагдаж, аав маань 3 дугаар Цахилгаан станцыг төлөөлөн зохион байгуулагч, шүүгчээр ажилласан юм билээ. Тэр тэмцээнд байгууллагынх нь баг тамирчид алтан медаль аваад, баяраа тэмдэглээд архи уусан гэж байсан. Хэдий хэр хэмжээтэй уусныг нь мэдэхгүй. Аав маань хууч өвчин байхгүй, бие эрүүл, өөрөө спортоор хичээллэдэг хүн байсан. Аавыг өнгөрсний дараа ажлынх нь газрын хүмүүсээс асуухад “бид нар архи уусан, гэрт нь хүргээд өгье гэхэд ойрхон, бага хүүгийндээ очино гээд машинаас буугаад үлдсэн” гэж хэлсэн. Манай гэр ***** байранд байдаг болохоор манайд очихоор явсан байх.  Тэгээд манай гэр лүү ч яваагүй, өөрийнхөө гэр лүүгээ явж байгаад осолд орсон байсан. Осолд орсон газрыг нь харахад гэр лүүгээ явж байсан байгаа юм. Ээж, аав хоёр Яармагт амьдардаг юм.

Тухайн өдөр орой 23:00 цаг өнгөрч байхад ээж над руу яриад аавынх нь утас холбогдохгүй байна гэж хэлсэн. Тэгээд бид нар утас руу нь байн байн залгаж байсан. Гэтэл Замын цагдаагаас манай ээж рүү ярьж хэлсэн байсан. Тэгээд шууд Шүүх эмнэлэг дээр очсон. Одоо ээж маань  надтай хамт амьдарч байгаа, аавыг өнгөрснөөс хойш сэтгэл санаагаар их унасан. Зам ослын байдлыг хараагүй болохоор яаж осол хэрэг гарсныг мэдэхгүй юм. Оршуулгын зардалтай холбоотой бүх баримтыг хэрэгт гаргаж өгсөн. Нэхэмжилсэн хохирол төлбөрийг Н.Ж- бүрэн барагдуулсан. Зам тээврийн осол хэрэг нь санамсар болгоомжгүй гардаг. Санаатайгаар үйлдээгүй, санаатай хүн мөргөсөн биш, амьдрах гэж байгаа энэ залууг шоронд битгий ороосой л гэж хүсэж байна. Хохирогчийн талаас  өөр нэмж нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 201724000311 дугаартай хэргээс:

 

1. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай Тээврийн прокурорын тогтоол /хэргийн 1х/,

 

2. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 11-19х/,

 

3. Цогцсонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 20-24х/,

 

4. ШШҮХ-ийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 968 тоот дүгнэлтэд:

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош:

1/ Авто осол: Тархины эдийн дагз суурь хэсгийг хамарсан аалзан бүрхүүлийн тархмал цус харвалт, тархины гүүрийн хэсэгт тархины эдийн няцрал, бага тархины тархмал аалзан бүрхүүлийн цус харвалт, суурь яс баруун чамархайн ар хэсгээс дагзны төвгөр, зүүн чулуулаг хүрсэн, нөгөө салаа нь баруун чулуулагийн урд хэсгээр турк эмээл дайрч зүүн чулуулагийн урд хэсгээс дагз руу чиглэсэн нийлмэл хугарал, зүүн уушигны цус харвалт, баруун 2-р хавирганы хугарал, хуйханд цус хуралт, духанд шарх, хуйх, зүүн хацар, зүүн шуу, баруун ташаа, зүүн өвдөг, зүүн шилбэ, баруун өвдөг, баруун шилбэнд зулгаралт, Хүнд гэргийн согтолт:,

Дүгнэлт:

1. Талийгаачийн цогцост дээрх оношинд тусгагдсан гэмтэл тогтоогдлоо.

2.4. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна.

Дээрх гэмтлүүд нь хүний хүчнээс давсан үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн учир гэмтлийн дараалал тогтоох боломжгүй. Талийгаач нь дээрх гэмтлийн улмаас нас баржээ.

3. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

5. Нас барсан цаг хугацааг шүүх эмнэлгийн анхны үзлэгээр тогтооно.

6. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ.

7. Талийгаач нь О/I/ бүлгийн цустай байна гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хэргийн 66-68х/, 

 

5. ШШҮХ-ийн химийн шинжээчийн 2017 оны 05 сарын 11-ний өдрийн 4806 тоот дүгнэлтэд:

1.  Шинжилгээнд ирүүлсэн “А-968” гэж хаягласан Д.М-ын гэх цусанд 3,8 промилли, шээсэнд 3,7 промилли спиртийн агууламж  илэрсэн. гэсэн дүгнэлт /хэргийн 89х/, 

 

6. Замын Цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 242 тоот дүгнэлт:

1. Т.Приус-11 маркийн **** улсын дугаартай автомашины жолооч Нацагдорж овогтой Н.Ж- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, фото зураг дээр ямар нэг тоормосны мөр байхгүй байх тул Т.Приус-11 маркийн **** улсын дугаартай автомашины хурдыг тодорхойлох боломжгүй байна.

3. Явган зорчигч, талийгаач Д.М- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна.”:, 3.9. Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: в/ ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх: г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. гэсэн дүгнэлт /хэргийн 87-88х/,

 

7. Шүүгдэгч Н.Ж-ын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

“...2017 оны 05 дугаар сарын 08-ны орой 21 цаг 50 минутын орчим Хан-Уул дүүргийн нутаг 8-р хороо, Яармагийн 118-р сургуулийн баруун урд замд Хаан банкны лизингийн гэрээтэй, эхнэр С.У-ын эзэмшилд байдаг, сувдан цагаан өнгөтэй, Тоёота Приус-11 маркийн, **** улсын дугаартай автомашиныг жолоодон, кабиндаа эхнэр С.У-ын хамтаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй, ажлаа тараад гэрлүүгээ харихаар ойролцоогоор 60-70 орчим км/ц-н хурдтай, замын гуравдугаар эгнээгээр явж байсан. Гэтэл баруунаасаа зүүн чиглэлтэй явдаг замаас урдаасаа хойш чиглэлтэй явган хүний гарцгүй хэсгээс гэнэт миний машины урдуур нэг хүн гүйгээд гараад ирсэн. Би тэр хүнийг ойролцоогоор 2 метр орчим зайнаас хараад, шууд автомашиныхаа жолооны хүрдийг баруун гар талруугаа дараад, хоёрдугаар эгнээ рүү ортол нөгөө хүний биеийнх нь зүүн ташаа орчим мөргөсөн.

Тэр үед нөгөө мөргүүлсэн хүн явган хүний зам дээр унасан. Би осол болсон газраас 4 метр орчим яваад автомашинаа зогсоосон. Тэгээд би автомашинаасаа буугаад шууд цагдаагийн 102-т, түргэн тусламжийн 103-т өөрийнхөө утсаар дуудлага өгсөн. Удалгүй цагдаа, түргэний машинууд ирээд, түргэний эмч хохирогчийг үзээд “нас барсан байна” гээд аваад явсан. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй. Тухайн үед гадаа үзэгдэх орчин харанхуй, харин машины гэрэлд харахад чөлөөтэй, асфальтан зам, шулуун, тэгш, хальтиргаагүй, явган хүний гарц, явган хүний замтай, гэрэл дохио байхгүй, суурингийн доторх, гэрэлтүүлэгтэй, эсрэг хөдөлгөөнтэй, 6 эгнээ зам байсан.

Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, 60-70 км/цагийн хурдтай явж байсан байх. Миний унаж явсан машинд ямар нэгэн гэмтэл байгаагүй. 12.200.000 төгрөг оршуулгын зардалд өгсөн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 102-104х/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Н.Ж-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв. 

 

Шүүгдэгч  Н.Ж- нь 2017 оны 05 дугаар сарын 08-ны 21 цаг 50 минутын үед Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, 118 дугаар сургуулийн урд замд Toyota Prius-11 маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.М-ыг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 11-19х/,

- “Талийгаачийн цогцост дээрх оношинд тусгагдсан гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна, дээрх гэмтлүүд нь хүний хүчнээс давтан үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн учир гэмтлийн дараалал тогтоох боломжгүй, талийгаач нь дээрх гэмтлийн улмаас нас баржээ, талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй, нас барсан цаг хугацааг шүүх эмнэлгийн анхны үзлэгээр тогтооно, талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ, талийгаач нь О/I/ бүлгийн цустай байна.” гэсэн ШШҮХ-ийн шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 968 тоот дүгнэлт /хэргийн 66-68х/,

- “Т.Приус-11 маркийн **** улсын дугаартай автомашины жолооч Нацагдорж овогтой Н.Ж- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэсэн Замын Цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 242 тоот дүгнэлт /хэргийн 87-88х/, Нас барсны бүртгэлийн ***** дугаартай гэрчилгээ /хэргийн 35, 37х/, шүүгдэгч Н.Ж-ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Амь хохирогчийн цогцосноос авсан цусанд 3,8 промилли, шээсэнд 3,7 промилли спиртийн агууламж  илэрсэн, Д.М- нь осолд орох үед хүнд зэргийн согтолттой байсан нь хэрэгт авагдсан Шүүх эмнэлгийн шинжээчийн 968, химийн шинжээчийн 4806 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон, мөн хохирогч нь осолд орох үедээ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ замын зорчих хэсгээр явах, саатах, явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарах, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйхийг хориглосон Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. дэх хэсэг, мөн дүрмийн 3.9 дэх хэсгийн “г, в” заалтыг зөрчсөн зохих буруутай байдал тогтоогдсон.  

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Н.Ж-ын гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул түүнийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн тухайд:

 

Дээрх зам тээврийн осол хэргийн улмаас хүний амь нас хохирсон нь гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хохирол болох бөгөөд амь хохирогчийг оршуулахтай холбоотой гарсан бусад зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт тооцогдоно.

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус заасан.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс талийгаачийг оршуулахтай холбогдсон зардлын баримтуудыг хэрэгт гаргаж /хэргийн 50-58х/ 10.536.210 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нөхөн төлж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 12.200.000 төгрөг төлсөн, энэ талаар хохирогч болон шүүгдэгч хэн аль нь илэрхийлж /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/, шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б-оос “...Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. ... Санаатайгаар үйлдсэн биш, санаатай мөргөсөн биш, амьдрах гэж байгаа залууг шоронд битгий ороосой гэж хүсэж байна...” гэж мэдүүлсэн зэргээс шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт тооцон гаргуулах хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Н.Ж-ынг Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх нэгэнт тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл үүссэн.

 

Зам тээврийн ослын хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь  мөн хуулийн тусгай ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч Н.Ж- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулсан, тухайн осол хэрэгт хохирогчийн зохих буруутай байдал тогтоогдсон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүх шүүгдэгч Н.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан хэрэглэх боломжтой гэж дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Н.Ж-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тоолж, хэрэгт хавсарган ирүүлсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №1013928 дугаартай үнэмлэх баримтыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх бичиг баримтын хамтаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад үүрэг болгож шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч Н.Ж- нь цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөр байхгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б- нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурьдах нь зүйтэй.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                              

 

                                                    ТОГТООХ нь:

 

1. Б-Л овогт Н-ийн Н.Ж-ынг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөнөөс хүний амь нас хохироосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Н.Ж-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Ж-д мөн хуулийн тусгай 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж,  хянан харгалзсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар Н.Ж- нь хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх” албадлагын арга хэмжээ авч, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Н.Ж-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №1013928 дугаартай үнэмлэх баримтыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх бичиг баримтын хамтаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Соронзонболдод үүрэг болгосугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Н.Ж- нь гэм хорын хохиролд хохирогчийн төлөөлөгч М.Б-д 12.200.000 /арван хоёр сая хоёр зуун мянга/ төгрөг нөхөн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус тэмдэглэсүгэй.

 

6. Энэ хэрэгт Н.Ж- цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тэнсэгдсэн ялтан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Н.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             С.БАЗАРХАНД