Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2024/02599

 

 

 

 

 

 

 

 

2024 05 13

101/ШШ2024/02599

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** тоот хаягт оршин суух ******* овогт *******ын ******* /рд:*******/-ын гаргасан,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, *** тоот хаягт байрлах ******* /рд:*******/-нд холбогдох 5,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.*******, өмгөөлөгч *******, нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

Миний бие өөрийн эзэмшлийн Хово маркийн улсын дугаартай 25 тонны даацтай автомашинаар тээвэр хийж амьдралаа залгуулдаг. Би, 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Хово жолооч нарын цахим группээс Замын ажилд Хово машин түрээсэлж авна, од замын ажилд, эндээс түлш хийнэ, очоод урьдчилгаа 2,000,000.00 төгрөг өгнө гэсэн зарын дагуу гэж хүнтэй ярьж 1 /нэг/ сард 10,000,000.00 төгрөгөөр автомашиныг түрээслэхээр тохирсон бөгөөд тэрээр намайг өөрөөсөө шатахуунаа хийж ирээд шатахууныхаа мөнгийг урьдчилгаа 2,000,000.00 төгрөгийн хамт аваарай гэсэн.

Ингээд миний бие аймгаас аймгаас зүүн тийш 70 км зайд байрлах -ийн ажлын талбарт очиход ажил нь эхлээгүй, маргааш, нөгөөдрөөс санхүүжилт орно, та хүлээж бай гэхээр нь ажил эхлэхийг 5 /тав/ хоног хүлээсэн. Гэвч тус компани надад өгөх ёстой байсан урьдчилгаа 2,000,000.00 төгрөгийг өгөөгүй, баяр наадмын дараа урьдчилгаа мөнгө өгье, наадам өнгөртөл бүгдээрээ хот орцгооё гээд намайг ажилчдынхаа хамт аваад хот руу буцсан.  

Тэгээд улсын баяр наадмын дараагаар 2023 оны 07 дугаар 13-ны өдөр ерөнхий инженер рүү залгаж асуухад намайг авч явна гэчихээд орхиод аймаг руу явсан байсан бөгөөд мөнгө орж иртэл хүлээж бай, дуудна гэхээр нь хүлээж байгаад 08 дугаар сарын 01-ний өдөр аймаг явж -ийн ажлын талбарт очиход ерөнхий инженер нь мөнгө орж ирдэггүй, ажилчдынхаа цалинг өгч чадахгүй байна гэмэн. Тэгээд ерөнхий инженер болон механик нар надад сул зогсолтын мөнгө гэж 5,000,000.00 төгрөгийг 2023 оны 09 дүгээр 01-ний өдрийн дотор /НӨАТ-гүй/ өгөхөөр тохироод миний бие автомашинаа аваад хот руу буцсан юм.

Би, аймгаас гэр рүүгээ буцах байснаа больж энэ компанид итгэж аймаг руу очсон, автомашинаа үлдээж хугацаа алдсан. Эдгээр хугацаанд өөр ажил хийсэн бол үүнэс илүү мөнгө олох боломж надад байсан боловч ажлыг нь хийж өгөх гээд очоод автомашинаа үлдээгээд сар гаруй болсон юм чинь ажлыг нь эхэлчихвэл хийгээд өгье гэж сэтгэл гаргасан.

Түүнээс хойш хариуцагч компанийн инженер нь болон нар миний утсыг авахаа больж, таны мөнгийг урьдчилгаа орж ирэхээр нь өгнө гэдэг боловч өгөхгүй өдий хүрээд байна. Бид нарын ярьж тохирсноор бол миний бие өөрийнхөө автомашинаар ажил хийж өгөх ёстой байсан. Иймд, хариуцагчаас 5,000,000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:

1.  Улсын тэмдэгтийн хураамжид 94,950.00 төгрөг төлсөн баримт,

2.  Баянзүрх дүүргийн 40 дүгэээр хорооны засаг даргын тодорхойлолт,

3.  Тооцоо барагдуулах гэрээ,

Хариуцагчийн өгсөн нотлох баримт,

1.  -ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хувь,

2.  Шүүхэд төлөөлөх итгэмжлэл,

3.  Хариу тайлбар,

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт,

1.  Үзлэг хийсэн тэмдэглэл,

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.            Нэхэмжлэгч Ч.*******аас хариуцагч *******-нд холбогдуулан 5,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүссэн байна. Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, нэхэмжлэгчийн тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүхээс 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчийг тус шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн тоот захирамжийн дагуу албадан шүүхэд ирүүлж, улмаар нэхэмжлэлийн хувийг 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан.

Ингээд уг хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр товлосон боловч хариуцагч нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

2.            Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тэрээр хариуцагч *******-ийн цахим орчин дахь зар мэдээний дагуу тус компанитай холбогдож аймагт замын газар шорооны ажил хийхээр харилцан тохиролцсон ажээ.

Тодруулбал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үзлэг хийсэн баримтаар Хово жолооч нарын нэгдэх групп болон Хово өөрөө буулгагч тээврийн ажлын зар, Хово шаланз хөлөглөгчид зэрэг зарын цахим сайтад Батжаргал , гэсэн хүмүүс аймагт замын ажил хийхэд автомашин хөлслөх талаар зар мэдээ тавьсан үйл баримт тогтоогдсон.

3.            Түүнчлэн хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Ч.******* болон хариуцагч *******-ийг төлөөлж Т.Батжаргал нар 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Хово маркийн тоот улсын дугаартай автомашин 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийг дуустал хугацаанд сул зогссон тул 5,000,000.00 төгрөгийн тооцоог 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр барагдуулна гэсэн утгатай гэрээ байгуулсан байна.

Энэхүү гэрээг байгуулсан талуудын нэр, холбоо барих утасны дугаар зэргийг үзлэг хийсэн дээр дурдсан цахим зарын сайтуудтай харьцуулан судлахад хово автомашин хөлслөх зар тавьсан хүний утасны дугаартай тохирч байна. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 359.2-т Энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно гэж тус тус заасан.

Тайлбарлавал, нэхэмжлэгч Ч.*******ын тайлбараар тэрээр хариуцагч *******-тай тохирч замын газар шорооны ажлыг хово маркийн автомашинаар хийж гүйцэтгэх үүргийг хүлээсэн нь хөлсөөр ажиллах гэрээний эрх, үүргийн шинжтэй харилцаа байна. Иймд, зохигчдын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 359 дүгээр зүйлийн 359.1-д тус тус зааснаар хүчин төгөлдөр хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж дүгнэв.

4.            Тус хуулийн 360 дугаар зүйлийн 360.1-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө гэж заажээ. Өөрөөр хэлбэл, хөлсөөр ажиллах гэрээний дагуу нэхэмжлэгч нь тохирсон ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэх бөгөөд ажил гүйцэтгэх гэрээний нэгэн адил ажлын үр дүн буюу шинээр тодорхой төрлийн зүйлийг бий болгох бус үйл ажиллагаа /ажил үйлчилгээ/ нь өөрөө гэрээний зүйл байдаг тул хөлсөөр ажиллагч этгээд үүргээ зохих ёсоор биелүүлснээр тэрээр ажиллуулагчаас хөлс шаардах эрх үүсдэг.

Гэтэл нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тэрээр ямар нэгэн ажлыг хийж гүйцэтгээгүй боловч хариуцагч нь өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас сул зогсолт хийсэн учир үүнийг ажилласантай адилтган 5,000,000.00 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр тохирсон гэж тайлбарласан.

5.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж, 72.3-д Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж тус тус заажээ.

Гэтэл хариуцагч ******* нь нэхэмжлэлийн хувийг 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбарыг өгөөгүй ба шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Энэ тохиолдолд хариуцагч компанийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зааснаар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

Иймд, шүүхээс дээр дурдсаныг нэгтгэн дүгнээд хариуцагчаас 5,000,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 94,950.00 төгрөгийг төлсөн ба нэгэнт шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1.            Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг үндэслэн хариуцагч -иас 5,000,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.*******т олгосугай.

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 94,950.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

 

                                  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ