Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
Хэргийн индекс | 138/2023/00683/И |
Дугаар | 101/ШШ2024/02687 |
Огноо | 2024-05-17 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 101/ШШ2024/02687
2024 05 17 | 101/ШШ2024/02687 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** хаягт оршин суух ******* овогт *******ийн ******* /рд:*******/-ын гаргасан,
Хариуцагч: Улаанбаатар хот, *** тоот хаягт оршин суух ******* овогт *******гийн ******* /рд:*******/-д холбогдох 23,932,636.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч Д.******* 2022 оны 06 дугаар сард өөрийн түрээсэлж буй Баянзүрх дүүргийн *** давхарт *** дүгээр лангууг түшиглэж гоо сайхны бараа бүтээгдэхүүн худалдан борлуулах үйл ажиллагааг хамтран эрхэлье, аймагт гоо сайхны бараа худалдан борлуулж байсан туршлага бий, надад хөрөнгө оруулаач, бараа татах гэсэн юм" гэдэг саналыг надад тавьсан юм. Ингээд би, түүний хамтран ажиллах саналыг хүлээн зөвшөөрч бид хоёр тэнцүү хэмжээгээр хөрөнгө оруулалт хийхээр харилцан тохиролцсон ба хамтран ажиллахад гарах зардал, олсон ашгийг хувааж авах, гэхдээ хэн нэгэндээ цалин олгох, авахгүй байхаар тохирсон юм.
Миний зүгээс эхний ээлжинд хариуцагч Д.*******д 3,000,000.00 төгрөгийг 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр бараа татахад зориулж шилжүүлээд үүнээс хойш нийт 27,689,495.00 төгрөгийг хамтран ажиллахад зориулан санхүүжүүлсэн. Би, мөн аавдаа хариуцагч Д.*******ын түрээсэлж буй лангууг засч тохижуулахаар тавилга захиалж хийлгүүлсэн. Миний аавын нэрийг н.******* нь аймагт амьдардаг, тавилгын цех ажиллуулдаг хүн бөгөөд уг лангууг засч тохижуулаад тавилга захиалж хийлгүүлэхэд ойролцоогоор 3,000,000.00 төгрөгийн зардал гаргасан.
Хариуцагч Д.******* нь хамтарч ажиллаж байх хугацаанд цалингүй ажиллаж байгаа учир мөнгө хэрэгтэй байна гээд өөрийн хувийн хэрэгцээндээ зориулан олсон орлогоос мөнгө авч байсан ба дээр дурдсанчлан, цалин олгохгүй ашигтай ажиллаж ашгаа хувааж авахаар тохирсон гэдгийг түүнд сануулж хэлж байсан. Гэтэл тэрээр 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гэнэт аймаг руу буцахаар боллоо гэж хэлээд өөрийн түрээсэлж буй лангууг орхиод явсан.
Үүнийн дараа хариуцагч нь миний хөрөнгө оруулсан мөнгийг буцаан олгохоор сар бүр надад 1,000,000.00 төгрөг өгч байхаар тохирсон ба бид хоёр лангуун дээр бэлэн байсан 8,000,000.00 гаруй төгрөгийн үлдэгдэл барааг хувааж авсан. Бид 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр гоо сайхны лангуу түрээслэн хамтарч ажиллахаар тохиролцсон байсан тул хариуцагч Д.*******ын нэр дээр түрээсийн гэрээ мөн бэлэн бус гүйлгээг хүлээн авах төлбөр тооцоотой холбоотой гэрээг банктай байгуулсан байсан.
Мөн бид хоёр ингэж тохиролцохдоо олсон орлого болон татан авах барааны төлбөрийг 50:50 хувиар хувааж төлөхөөр болсон бөгөөд хамгийн анхны бараа татан авалтыг 3,000,000.00 төгрөгөөр хийсэн. Гэвч хариуцагч Д.******* нь үүнээс хойш бараа татаж авах бүр өөрийн хөрөнгө оруулалтаа оруулахаа больсон ба зөвхөн миний мөнгөөр бараа татсаар байсан. Миний хувьд ажил хийдэггүй болохоор лангуу нь дээр суудаггүй байсан. Ингээд хариуцагч Д.*******ыг явсан цагаас хойш тухайн лангууг хаахаар шийдээд байсан бараагаа 2 хувааж авсан. Хариуцагч нь надад 5,000,000.00 төгрөгийг буцааж төлнө гэсэн боловч эргэж нэг ч төгрөг төлөөгүй.
Одоо миний бие хариуцагчаас тавилгын төлбөрт 1,697,900.00 төгрөг, түрээсийн төлбөрт 2,112,500.00 төгрөг, барааны үнэ 22,177,695.00 төгрөгөөс худалдан борлуулсан орлого 4,285,725.00 төгрөгийг хүлээн авсан бөгөөд хариуцагчийн төлсөн 1,999,900.00 төгрөгийг тус тус хасаад үлдэгдэл 15,892,070.00 төгрөг, нийт 19,702,470.00 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэгч Д.******* бид хоёр ах, дүүсийн хүүхдүүд буюу үеэлүүд юм. Анх бид хоёр 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хамтарч гоо сайхны барааны лангуу ажиллуулж эхэлье гэж ярилцаад нэхэмжлэгч нь 15,000,000.00 төгрөг, миний бие 10,000,000.00 төгрөгийг тус тус гаргаж хамтарч ажиллаж эхэлсэн. Би, тухайн мөнгөөр бараа татаж худалдан борлуулаад орлогын мөнгийг өөртөө авахгүйгээр зөвхөн нэхэмжлэгч руу өдөр бүр шилжүүлдэг байсан.
Ингээд бараа татан авах болохоор нэхэмжлэгч Д.******* нь над руу мөнгө шилжүүлдэг байсан. Сүүлд бид ярилцаад лангуугаа ажиллуулахаа больж, тооцоо нийлэхэд ийм их хэмжээний мөнгөний тооцоо байгаагүй байхад одоо тэрээр надаас ямар үндэслэлээр ийм их хэмжээний мөнгө нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Миний хувьд сөрөг нэхэмжлэл гаргах болно, миний бие мөн адил оруулсан мөнгөөрөө ашиггүй цалингүй 6 сар гаруй хугацаанд ажилласан тул нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:
1. Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хувь,
2. Улсын тэмдэгтийн хураамжид 317,237.00 төгрөг төлсөн баримт,
3. Д.*******ын хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга,
4. Баянзүрх дүүргийн 39 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт,
Хариуцагчийн өгсөн нотлох баримт:
1. Иргэний үнэмлэхийн хуулбар,
2. Хариу тайлбар,
3. Голомт банкны мемориалын баримт,
4. Төлбөр тооцоо барагдуулсан акт,
5. Картаар үйлчлэгч байгууллагатай хамтран ажиллах гэрээ,
6. Түрээсийн гэрээ,
7. Д.*******ын хаан банкны дэлгэрэнгүй хуулга,
Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт:
1. Үзлэг хийсэн тэмдэглэл,
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.*******аас хариуцагч Д.*******д холбогдуулан 23,932,636.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Ингээд нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагчаас тавилгын төлбөрт 1,697,900.00 төгрөг, түрээсийн төлбөрт 2,112,500.00 төгрөг, барааны үнэ 22,177,695.00 төгрөгөөс худалдан борлуулсан орлого 4,285,725.00 төгрөгийг хүлээн авсан бөгөөд хариуцагчийн төлсөн 1,999,900.00 төгрөгийг тус тус хасаад үлдэгдэл 15,892,070.00 төгрөг, нийт 19,702,470.00 төгрөгийг нэхэмжилж байна гэсэн.
Гэвч шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлээс зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар талууд 2022 оны 06 дугаар 01-ний өдөр гоо сайхны бараа бүтээгдэхүүн худалдах зорилгоор түрээсийн талбай түрээслэн хамтран ажиллахаар тохиролцсон байна. Тодруулбал, нэхэмжлэгчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Д.******* нь 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр -тай түрээсийн гэрээ байгуулж *** хаягт байрлах Ц,ийн 1 дүгээр давхарт *** тоот дугаартай *** м.кв талбайг гоо сайхны бүтээгдэхүүн худалдаалах зориулалтаар түрээслэхээр тохирчээ.
Үүнээс гадна хариуцагч Д.******* нь 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр -тай картаар бэлэн үйлчлэгч байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулж худалдан авагч нарын төлсөн төлбөрийг бэлэн бусаар хүлээн авч дансанд төвлөрүүлэх үйлчилгээг авахаар тохирсон байна.
3. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж заасан. Тайлбарлавал, хоёр болон түүнээс дээш тооны иргэн, хуулийн этгээд хамтран ашиг олох, аль эсхүл тодорхой зорилгод хүрэхийн тулд тухайлан хуулийн этгээд буюу компани, нөхөрлөл байгуулахгүйгээр нэгдэж ажиллах үүрэг хүлээнэ.
Өөрөөр хэлбэл, талууд хамтын үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай /хөрөнгийн эх үүсвэр/ хураамжийг бүрдүүлж, түүгээр холбогдох үйл ажиллагаагаа санхүүжүүлэх ба хураамжийг мөнгө, эсхүл тодорхой төрлийн эдийн болон эдийн бус хөрөнгө, түүнчлэн ажил үйлчилгээгээр төлж болох хэдий ч хураамжийн хэлбэрээр өгсөн үйлчилгээ нь хамтын үйл ажиллагааны оролцооноос ялгагдах учиртай.
4. Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар талууд хамтын үйл ажиллагаанд зориулж нэхэмжлэгч нь 22,177,695.00 төгрөг, хариуцагч нь 4,490,000.00 төгрөгийг бараа бүтээгдэхүүн худалдан авах болон талбайн түрээс төлөх зориулалтаар хураамж бүрдүүлсэн бөгөөд хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн Хаан банк ХК дахь тоот данснаас 2022 оны 06 дугаар 08-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд 22,177,965.00 төгрөгийн зарлагын гүйлгээ гарсан ба энэхүү мөнгийг бараа бүтээгдэхүүн худалдан авахад зарцуулсан гэж тайлбарласан.
Мөн шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нэхэмжлэгчийн Хаан банк ХК дахь тоот данснаас 2022 оны 08 дугаар 02-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд бусдад бараа бүтээгдэхүүн худалдан борлуулсны төлбөр гэж 9,820,163.00 төгрөгийн орлого орсон бол 21,074,424.00 төгрөгийг хамтын үйл ажиллагаанд зарцуулсан гэсэн ба нэхэмжлэгчийн тоот данснаас бараа бүтээгдэхүүн худалдан авах зориулалтаар зарцуулсан гэх 22,177,965.00 төгрөгөөс 10,887,300.00 төгрөгийг өөрийн тоот данс руу шилжүүлсэн байна.
5. Гэтэл нэхэмжлэгч Д.*******ын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч Д.******* нь 2022 оны 11 дүгээр сард ажлын шаардлагаар түрээслэж байсан лангуугаа ажиллуулахаас татгалзаж орхиж явсан бөгөөд зохигчид лангуу дээрх үлдэгдэл бараа бүтээгдэхүүнийг тэнцүү хэмжээгээр хувааж авсан боловч төлөгдөөгүй түрээсийн төлбөрийн сацуу хураамжийн хувь хэмжээний талаар маргаан үүссэн гэсэн.
Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.1-д Гэрээнд хамтын үйл ажиллагааны үргэлжлэх хугацааг шууд заагаагүй тохиолдолд гэрээний талууд хамтын үйл ажиллагаанд хохирол учруулахааргүй бол хэдийд ч хамтран ажиллах гэрээнээс гарч болно гэж, 479.3-т Гэрээнд өөрөөр заагаагүй бол аль нэг тал гэрээнээс гарснаар хамтын үйл ажиллагаа дуусгавар болно гэж тус тус заасан.
6. Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тэрбээр 2022 оны 08 дугаар 01-ний өдрөөс Хаан банк ХК-нд тоот данс нээлгэж, бараа бүтээгдэхүүн худалдан борлуулсны орлого болон бараа худалдан авахтай холбоотой төлбөрийг уг данснаас төлдөг байжээ. Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн хариуцагчийн хариу тайлбар, дансны хуулгаар хариуцагч нэь нэхэмжлэгчид буцаан шилжүүлсэн гэх 18,097,794.00 төгрөгөөс нэхэмжлэгч нь 9,820,163.00 төгрөгийг бараа худалдан борлуулан орлого гэж тоот дансанд хүлээн авсан бол мөн хариуцагчаас 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 1,000,000.00 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 3,490,000.00 төгрөгийг дээрх дансанд шилжүүлсэн байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагчийн нэхэмжлэгчид буцаан шилжүүлсэн 18,097,794.00 төгрөг дээр худалдсан барааны төлбөр 4,285,725.00 төгрөг болон 1,999,900.00 төгрөгийг нийлүүлээд 20,595,788.00 төгрөгийг нэхэмжлэгч нь хүлээн авсан байна. Харин нэхэмжлэгч нь 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 1,000,000.00 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 3,490,000.00 төгрөгийг тоот дансанд авсан хэдий ч эдгээрийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаагүй ба 1,930,000.00 төгрөг дээрх дансанд хадгалагдаж байгаагаас гадна зохигчид 6,000,000.00 төгрөгийг бараа бүтээгдэхүүнийг тэнцүү хувааж авчээ.
7. Түүнчлэн нэхэмжлэгчийн тайлбараар нэхэмжлэгч нь хэдийгээр тавилгын төлбөрт 1,697,900.00 төгрөгийг төлбөн боловч өөрөө бодитоор эзэмшин ашиглаж байгаа тул хариуцагчаас тавилгын төлбөрийг шаардах эрхгүй. Нөгөө талаар нэхэмжлэгч нь түрээсийн зардалд 2,112,500.00 төгрөгийг төлсөн хэдий ч үүний 50 хувь буюу 1,056,250.00 төгрөгийг хариуцах нь зүйтэй. Учир нь, зөвхөн хариуцагчийн бараа бүтээгдэхүүнийг худалдах гэж тухайн талбайг түрээслээгүй ба зохигчид хамтран ажилласан тул түрээсийн зардлыг тэнцүү хариуцах нь шударга юм.
Тодруулбал, нэхэмжлэгч нь дансанд үлдсэн 1,930,000.00 төгрөг, бараа бүтээгдэхүүн борлуулсан орлогоос 4,285,725.00 төгрөгөөс гадна 1,999,900.00 төгрөгийг тус тус авсан, 3,000,000.00 төгрөгийн бараа бүтээгдэхүүн авсан байна.
Иймд, нэхэмжлэгч нь хариуцагчаас түрээсийн зардал 2,112,500.00 төгрөгөөс 1,056,250.00 төгрөг, тавилгын зардал 1,697,900.00 төгрөгийг тус тус шаардах эрхгүй ба харин хувь нийлүүлсэн хураамжийн хувьд дандсан үлдсэн 1,930,000.00 төгрөг, хариуцагчийн төлсөн 4,285,725.00 төгрөг болон 1,999,900.0 төгрөг, бэлэн бараа бүтээгдэхүүнээр авсан 3,000,000.00 төгрөг, нийт 11,215,625.00 төгрөгийг авсан бол хариуцагч нь нэхэмжлэгчид түрээсийн төлбөрийн 50 хувь болох 1,056,250.00 төгрөг, хувь нийлүүлсэн хураамжид 10,962,070.00 төгрөг, нийт 12,018,320.00 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.
8. Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11-д Хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцна гэж, мөн 479 дүгээр зүйлийн 479.5-д Гэрээнээс гарахад талуудын дундын хөрөнгө тэдний хүлээсэн нийт үүргийг биелүүлэхэд хүрэлцэхгүй байвал гэрээнээс гарч байгаа тал өөрт ногдох хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг бусдад төлнө гэж, 479.6-д Гэрээнээс гарч байгаа талын үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн үүрэг хэвээр үлдэнэ гэж тус тус заасан.
Энэхүү хэргийг хянан шийдвэрлэхэд хариуцагчийн зүгээс бусдын өмнө хүлээсэн төлбөрийн үүрэг байсан бол төлбөр төлсөн, түүнчлэн бараа бүтээгдэхүүний борлуулалтын орлого, зарлагаас ашиг-алдагдал гарсан эсэх талаар маргаагүй тул нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэгдсэн болохыг үүгээр дурдах нь зүйтэй.
Ингээд шүүхээс дээр дурдсаныг нэгтгэн дүгнээд хариуцагчаас 12,018,320.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,684,150.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 479 дүгээр зүйлийн 479.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч Д.*******аас 12,018,320.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,684,150.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 317,237.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 207,243.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ