| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Рашзэвэгийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 1834004790196 |
| Дугаар | 2022/ДШМ/09 |
| Огноо | 2022-02-11 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | М.Гансувд |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 2022/ДШМ/09
Б.Мд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Т.Энхмаа, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор М.Гансувд,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай /цахимаар/,
Шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Л.Бурмаа,
Нарийн бичгийн дарга З.Анхбаяр нарыг оролцуулан,
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/446 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Л.Бурмаа нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Мд холбогдох 1834004790196 дугаартай 3 хавтас бүхий эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн,
Шүүгдэгч Б.М нь 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 17.00-18.00 цагийн орчим Төв аймгийн Борнуур сумын 4 дүгээр багийн нутаг Шавартын ам гэх газар байрлах асфальтан зам дээр .... ДАР улсын дугаартай Соната-7 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.б-д зааснаар хүлээсэн “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” үүргээ биелүүлээгүйн улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Э.Б нь арын суудалд сууж явахдаа тээврийн хэрэгслийн баруун талын хойд хаалгаар үсэрч зам дээр унан , амь насыг нь хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн хуулийн тусгай 10.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/446 дугаар шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч Б.М-г хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-г 4 жил /дөрөв/ 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан 4 /дөрөв/ жил, 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй Хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.М цагдан хоригдсон 299 хоног /хоёр зуун ерэн ес/-ийг эдлэх ялд нь оруулан тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2, 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-эс 8.000.000 төгрөг гаргуулан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Бямбасүрэнд олгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4, 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий сиди 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт нь хавсаргаж, эд мөрийн баримтаар ирсэн Samsung9+ маркийн гар утсыг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бямбасүрэнд, .... ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг /эд мөрийн баримтаар хураан авсан тогтоолгүй/ хууль ёсны эзэмшигч Б.Мд тус тус буцаан олгож,
Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Б.Мд урд авсан бусдын баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний ял эдлэх хугацааг 2021 оны 12 сарын 03-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.М давж заалдах гомдолдоо: Б.М миний бие 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 446 дугаартай таслан шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жил 10 сарын хорих ялаар шийтгэгдэж, одоо тус аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны харьяа цагдан хорих байранд хоригдож байна.
Би өөрийн эхнэр, 2 хүүхдийнхээ эх болох эхнэр Б нь нас барсанд эмгэнэн гашуудаж өнөөдрийг хүрсэн боловч энэ байдлаа илэрхийлэх чадвар муу /мөрдөгч, прокурорын асуултыг бүрэн ойлгож, хариулт өгч чадалгүй/ байдлаасаа болж хууль, шүүхийн өмнө гэм буруугаа ойлгоогүй, гэмшээгүй мэтээр ойлгогдож байгаадаа харамсаж байна.
Бид хамтран амьдарч 2 хүүхдийн эцэг эх болсон боловч амьдралын явцад хоорондоо маргалдах, таарч тохирохгүй байснаас тухай үед тусдаа амьдарч байсан. Би ээж, аав, дүү нарынхаа хамт эхнэр Б прокурорын яллах дүгнэлт болон шүүхийн шийтгэх тогтоолд мэдүүлэгт дурдагдсан гэрч Эрдэнэ-Очиртой дотно харилцаатай байсан бөгөөд тэр үедээ 2 хүүхдээ очиж эргэхээр Төв аймаг явж байх үед уг үйл явдал болсон.
Эхнэр Б нь машины арын суудалд сууж явахдаа утсаараа байнга мессеж бичиж явсан ба энэ нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон. Мөрдөгч, прокурор ч түүнийг уурандаа намайг чадах гэж дотно харилцаатай байсан Эрдэнэ-Очир гэгчид бичсэн мессежийг яллах нотлох баримт болгосон байдаг.
Би тээврийн хэрэгсэл жолоодож явсан хүн, эмэгтэй хүнийг, тэр тусмаа өөрийн эхнэр 2 хүүхдийнхээ эхийг зодож сэтгэл санааны хүнд байдалд оруулаагүй, тийм хүмүүжил надад байхгүй.
Би энэ явдлаас хойш асуудлаа шийдвэрлүүлэх гэж явсаар ажлаасаа гарч, тогтвортой ажил эрхлээгүй, миний өмч болох машиныг цагдаагийн газраас битүүмжилж одоо болтол өгөөгүй байгаа тул прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсан төрсөн хүү М Анар-Од, Н.Гэрэлт-Од нарын 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 09 сар хүртэл талийгаачийн ээж Бямбасүрэнгийн асрамжид байх хугацаанд тэдэнд зарцуулагдах байсан тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зардал болох 8 сая төгрөгийг прокурорын болон анхан шатны шүүх хурал болохоос өмнө өгч чадаагүй болно.
Би цаашид 2 хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх үүргээсээ чөлөөлөгдөхгүй гэдгээ сайтар ухамсарлан ойлгож байгаа бөгөөд эхнэр Бн амь нас хохирсон явдалд буруутай гэдгээ ойлгон гэмшиж байна. Миний ээж аав тэтгэврийн хүмүүс, надаас өөр ажил хийж туслах хүн байхгүй болно.
Иймд надад холбогдох хэргийг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасны дагуу Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү. Хохирлыг давж заалдах хурал болохоос өмнө төлөх болно гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Бурмаа давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүх шүүгдэгч Б.М хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйл ийн 1 дэх хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жил, 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн байна.
Б.М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид оршуулганы зардал болон тэжээгчээ алдсан тэтгэмжийн зөрүү нийт 21 000 000 /хорин нэгэн сая/ төгрөг төлж барагдуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэдгээ давж заалдах гомдолдоо илэрхийлсэн байна.
Шүүгдэгч Б.М үйлдсэн гэмт хэрэг нь 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр үйлдэгдсэн. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт заасан хууль үйлчлэх цаг, хугацаа, хүрээнд хамаарч байна.
Иймд шүүгдэгч Б.М гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 ,12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт зааснаар хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Гансувд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.М, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Бурмаа нарын гаргасан давж заалдах гомдлыг хүчингүй болгон, Төв аймаг дахь сумд дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 446 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Б /цахимаар/ гаргасан тайлбартаа: Хохирогчийн хуулт ёсны төлөөлөгч анхан шатны шүүх хуралдааны дараа 8 000 000 төгрөг авсан талаараа хэлсэн. Өөр тайлбаргүй гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Бурмаа гаргасан саналдаа: Б.М гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн. Түүний үйлдсэн хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээнд хамаарч байгаа тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 ,12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт зааснаар хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.М гаргасан тайлбартаа: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Мд холбогдох эрүүгийн 1834004790196 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Бурмаа нарын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий гараагүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг нь ойролцоо төрлийн гэмт хэргээс ялгагдах шинж нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж заасан. Харин санаатай гэмт хэргийн тухайд гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай болохыг урьдаас мэдсээр атлаа хүсэж хийсэн, эсхүл тэр хор уршигт зориуд хүргэсэн байдгаараа дээрх гэм буруугийн болгоомжгүй хэлбэрүүдээс ялгагддаг.
Анхан шатны шүүх шүүгдэгч “Б.М нь Дарханаас Төв аймгийн Борнуур сумын 4 дүгээр багийн нутаг Шавартын ам гэх газрын асфальтан замд .... ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан гэр бүлийн харилцаатай Бг сэтгэл санааны хямралтай, хамт явах дургүй байгааг нь мэдсээр байж хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт Захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.4,б-д зааснаар хүлээсэн “хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, үүргээ биелүүлээгүйн улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Э.Б унаж амь насыг нь хохироосон” гэж хэргийн үйл баримтын талаар үндэслэлгүй дүгнэлт хийн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль, захиргааны хэм хэмжээний актаас бүрдэнэ.”, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Замын хөдөлгөөний дүрмийг Засгийн газар батална.” гэж заажээ.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуультай нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг МУ-ын Засгийн газрын тогтоолоор баталж мөрддөг. Гэтэл прокуророос шүүгдэгч Б.М-д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүй хохироох” гэмт хэргээр зүйлчлэхдээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг баримтлаагүй атлаа уг хуульд нийцүүлэн гаргасан МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.б-д зааснаар хүлээсэн “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” үүргээ биелүүлээгүй гэсэн заалтыг баримталсан, 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 17.00-18.00 цагийн орчим Төв аймгийн Борнуур сумын 4 дүгээр багийн нутаг Шавартын ам гэх газар байрлах асфальтан зам дээр .... ДАР улсын дугаартай Соната-7 маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Э.Б нь арын суудалд сууж явахдаа тээврийн хэрэгслийн баруун талын хойд хаалгаар үсэрч зам дээр унан , амь насыг нь хохирсон хэргийн үйл баримтад 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр МУ-ын Засгийн газрын 239 дүгээр тогтоолоор батлагдаж мөрдөгдсөн “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийн 3.4.б-д дэх заалтыг баримталж зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Б.М Замын хөдөлгөөний дүрмийн 3.4,б-д зааснаар хүлээсэн “ хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтыг зөрчсөн нь амь хохирогч Э.Бгийн үхлийн шалтгаан болсон гэдэг нь нотлогдоогүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгчийн болгоомжгүй үйлдэл амь хохирогч Э.Бгийн үхлийн хооронд шалтгаант холбоо байхгүй байна.
Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 сарын 18-ны өдрийн 93 дугаартай магадлалаар Б.М үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1-т заасан хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн ямар идэвхтэй үйлдэл байгаа, эсхүл өөр гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэхийг нарийвчлан шалган тогтоож, хэргийг зүйлчилж ирүүлэх шаардлагатай гэж үзэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон хэргийг прокурорт буцаажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5-д заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ гэснийг зөрчиж мөрдөн байцаалтын шатанд давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг бүрэн хийлгүйгээр хэрэглэх ёсгүй хууль хэрэглэн хэргийн зүйлчлэлийг өөрчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцаахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгон прокурорт буцаасан тул шүүгдэгч Б.М, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Бурмаа нарын гаргасан давж заалдах гомдлын талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/446 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Төв аймгийн прокурорын газарт буцаасугай.
2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА
ШҮҮГЧИД Т.ЭНХМАА
Р.МӨНХ-ЭРДЭНЭ