Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 1873

 

 

 

 

 

 

 

 

 

М ББСБ ХХК -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2019/02470 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч М ББСБ ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Б , Х ХХК-д тус тус холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 304 985 169 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг,

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Оюун-Эрдэнэ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: П.Алтанчимэг,

Хариуцагч: Х ХХК-ийн өмгөөлөгч А.Ариунаа,

Хариуцагч Д.Б ын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Мөнгөншагай,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч М ББСБ ХХКшүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б  нь М ББСБ ХХК -иас 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 160 000 000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, 1 жилийн 48 хувийн хүүтэй зээлж авсан ба зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.8 болон гэрээний хавсралтад зааснаар зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 21-ний өдөр төлөх хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчсөн байна. М ББСБ ХХК  нь зээлдэгчтэй удаа дараа уулзалт хийсэн бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 3, 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрүүдэд мэдэгдэл гардуулсан. Одоо үндсэн зээлийн үлдэгдэл 141 594 378 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 138 942 014 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 24 448 776 төгрөг, нийт 304 985 169 төгрөгийг Д.Б оос гаргуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо 13221 Дүнжингаравын гудамж 10/15-7 тоотод байршилтай, 196 метр квадрат талбайтай, аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Б ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б  нь М ББСБ ХХК -тай 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулаад 160 000 000 төгрөгийг Хаан банкны дансаар хүлээж авсан. Д.Б  тодорхой хөрөнгө оруулалт хийж ашиг олох, хамтын ажиллагаагаа дэмжих үүднээс энэхүү зээлийг авсан. Зээл авсанаас хойш нийт 30 605 500 төгрөгийг төлсөн байгаа, үүнийг банк бус санхүүгийн байгууллагаас өгсөн хүүний тооцоололтой тулгаж харахаар үндсэн зээл болон хүүнээс ялгамжтай байдлаар хассан тооцоолол хэрэгт байгаа. Д.Б  дээрх тооцооллыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Дээрх төлбөр бол үндсэн зээлээс хасагдах боломжтой, төлбөрүүд бол шилжүүлсэн баримтыг төлбөрийн зориулалт дээр хүү, төлбөр гэдэг нь тодорхой харагддаггүй.Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд төлбөр төлөх дарааллыг тогтоогоогүй тул үндсэн төлбөрөөс хасч тооцох боломжтой. Ингэснээр хүү болон нэмэгдүүлсэн хүүнд өөрчлөлт орно, хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Х ХХК-ийн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М ББСБ ХХК  нь Д.Б ын зээлсэн 160 000 000 төгрөг, хүү, нэмэгдүүлсэн хүү гээд 304 000 000 төгрөгийг Х ХХК-ийн өмчийн хөрөнгөөр хангуулахыг зөвшөөрөхгүй. Д.Б  нь Ч.Батбаярын багын найз бөгөөд Д.Б  ирээд манайх хаус хотхон барьж байгаа, санхүүжилтгүйгээс барилга зогсчихлоо, үл хөдлөхөө барьцаалаад өг гэсэн байдаг.Түүний найз болон өөрөө санхүүгийн хувьд хүнд байсан тул эргээд туслах байх гэсэн үүднээс итгэмжлэл хийж өгсөн байдаг бөгөөд энэхүү итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд заасан шаардлага хангахгүй байна. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.2-т нягтлан бодогч нь гарын үсэг зурсан байна гэж заасан байгаа. Энэ аж ахуйн нэгж нь нягтлан бодогчтой байгаа Ч.Батбаяр нь компанийнхаа эзэмшлийн хөрөнгийг нягтландаа мэдэгдэлгүй итгэмжлэл өгсөн. Д.Б  1 сарын дараа зээлийг төлөөд барьцаа хөрөнгийг чөлөөлж өгнө гэсэн амлалт өгсөн боловч 6 дугаар сарын 21-ний өдөр зээл авсан хэрнээ өнөөдрийг хүртэл хөрөнгийг чөлөөлөөгүй тул хуурч мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэж байна. Итгэмжлэл нь өөрөө эхнээсээ хуулийн шаардлага хангаагүй тул барьцааны гэрээ ч бас хүчин төгөлдөр бус болно. Х ХХК-иас Д.Б од өгсөн итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус болгоод барьцааны гэрээг бас хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: 1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Болдоос 304 985 169 төгрөгийг гаргуулан М ББСБ ХХК -д олгож, барьцааны хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо 13221 Дүнжингаравын гудамж 10/15-7 тоотод байршилтай, 196 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс үүргийг гүйцэтгэлийг хангуулах тухай М ББСБ ХХК -ийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 911 025 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б оос 1 682 875 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ББСБ ХХК -д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюун-Эрдэнэ давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадсангүй. Шүүх барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ үл хөдлөх хөрөнгийг бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах зэрэг эрхийг олгосон итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.2-т заасан хуулийн этгээдийн эд хөрөнгийг хүлээн авах, бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэлд эрх баригчаас гадна нягтлан бодогч гарын үсэг зурна гэсэн шаардлагыг хангаагүй гэж дүгнэсэн. Д.Б од олгосон итгэмжлэлийг 254 дугаартай нотариатч нь хууль тогтоомжид нийцсэн үйлдэл хийж итгэмжлэл гэрчилсэн байна. Мөн анхан шатны шүүхэд Д.Б од олгосон итгэмжлэл болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байдаг. Ийнхүү хуулийн хүчин төгөлдөр захирамж байсаар байтал сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт хийж, итгэмжлэл болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй, ойлгомжгүй болсон. Учир нь сөрөг нэхэмжлэлд дурдсан шаардлагыг шийдвэрлэж байгаа нь дээрх хүчин төгөлдөр шүүгчийн захирамжийг шууд үгүйсгэсэн байдал үүсч байгаа. ...Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж,барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Д.Б , “Манго капитал" ББСБ ХХК нарын хооронд байгуулсан 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээнд захирал Ли Ху Жүүн болон зээлийн эдийн засагч Б.Лхагвасүрэн нар гарын үсэг зурсан байна. "Манго капитал" ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Халтар овогтой Бямбажавыг гүйцэтгэх захирлаар томилсон байна. Хавтаст хэрэгт Ли Ху Жүүний итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн бүртгэл байдаггүй. Энэ нь Компанийн тухай хуульд 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт "Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна" гэж заасны дагуу Ли Ху Жүүн-д олгосон эрх хэрэгт авагдаагүй байна. Иймд тус зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хууль зөрчиж хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна.

Д.Б  нь М ББСБ ХХК -тай 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ЗП 7/0015 дугаартай зээлийн гэрээ байгуулан 160 000 000 төгрөгийг Хаан банкны дансаар хүлээж авсан. Зээл авсанаас хойш нийт 30 605 500 төгрөгийг төлсөн ба үүнтэй ч нэхэмжлэгч маргадаггүй бөгөөд тус зээлийн гэрээнд төлбөр төлөх дарааллыг тогтоогоогүй тул үндсэн төлбөрөөс хасч тооцох боломжтой. Зээлийн гэрээг төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан учир тус гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иймд зээлийн гэрээний хүү болон нэмэгдүүлсэн хүүг Д.Б оос шаардах эрхгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагаас 129 394 500 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдсэн хэсэг болох 175 590 669 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч М ББСБ ХХК  нь хариуцагч Д.Б , Х ХХК-д тус тус холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 304 985 169 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Талууд хоорондоо 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ЗГ17/0015 дугаартай зээлийн болон барьцааны гэрээг тус тус байгуулж, 160 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 1 жилийн 48 хувийн хүүтэйгээр зээлэх, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Х ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, 13221 Дүнжингаравын гудамж 10/15-7 тоот, 196 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн 2204075952 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах талаар харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, зээлийн болон барьцааны гэрээ, зээлийг эргэн төлж байсан баримт зэргээр тогтоогдсон, талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна. /хх 20-26, 31-37/

Шүүх зохигчдын хооронд байгуулсан гэрээний харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээл, түүний хүүг хугацаанд нь төлөх”, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно”, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу хариуцагчаас зээлийн гэрээний үүрэг болох зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй гэж дүгнэн, хариуцагч Д.Б оос 304 985 169 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

            Мөн анхан шатны шүүх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

            Нэхэмжлэгч М ББСБ ХХК  нь 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр зээлдэгч Д.Б той үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, хариуцагч Д.Б  нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх баталгаа болгон Х ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, 13221 Дүнжингаравын гудамж 10/15-7 тоотод байршилтай, 196 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан болох нь барьцааны гэрээ болон улсын бүртгэлийн гэрчилгээ, талуудын тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх 22-28/

            Шүүх дээрх барьцааны гэрээг байгуулахад хариуцагч Х ХХК-ийн захирал Ч.Батбаяраас Д.Б од олгосон итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.2-т заасан шаардлагыг хангаагүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагаас барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.  

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо талуудын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчиж хийсэн хэлцэл гэж үндэслэж байгаа боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид тухайн гэрээг хууль зөрчиж хийгдсэн талаарх асуудлаар мэтгэлцээгүй, энэ талаар талууд тайлбар гаргаагүй, гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотойгоор мэтгэлцэн маргаж байсан байх тул энэ талаарх давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

            Хариуцагч Х ХХК 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан М ББСБ ХХК  болон Д.Б  нарын хооронд  байгуулагдсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай хүсэлт гаргажээ.

            Уг хүсэлтдээ хариуцагч Х ХХК сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа шүүхэд төлөх улсын тэмдэгтийн хураамжийг хойшлуулах талаар хүсэлтээ, нотлох баримтын хамт гаргаж өгсөн байх ба анхан шатны шүүх хариуцагчаас ирүүлсэн баримтууд /хх 102-124/ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй болно.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2019/02470 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М ББСБ ХХК -иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөншагайгаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 035 903 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                               

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                                           М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН