Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2022/ДШМ/10

 

 

 

 

Ц.Аэд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор Э.Уранчимэг,

            Хохирогч Ц.С, түүний өмгөөлөгч Ш.Оюумаа /цахим сүлжээгээр/,

            Шүүгдэгч Ц.А, түүний өмгөөлөгч Ж.Энх-Амгалан,

Нарийн бичгийн дарга З.Анхбаяр нарыг оролцуулан,

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1347 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Уранчимэгийн бичсэн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 тоот эсэргүүцлээр Ц.Аэд холбогдох эрүүгийн 2134000000245 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн,

 

Ц.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 06 дугаар сарын 05-ны орой Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань баг Суварга толгой гэх газар Ц.Стай маргалдаж улмаар түүний биед халдаж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн Прокурорын газраас Ц.Аэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүх хуралдаанд талуудын гаргасан тайлбар, мэтгэлцээн, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Ш.Оюумаа шүүх миний үйлчлүүлэгчийн эрүүл мэндэд гадна, дотно болон дотор эрхтний бүх хэсэгт учирсан гэмтлийг хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтээр нэг хүний цохилтоос үүсэх боломжгүй байхад ганцхан Ц.Аийг яллаж байгаад гомдолтой байна гэж мэтгэлцсэн.

 

Хохирогч Ц.Сын өгсөн “...маргалдаад тал талаас цохисон тэгээд би унаад босож ирээгүй. Хоёр дүү нь лөв өшиглөсөн. Хоёр гурван хөл орж ирж өшиглөсөн...” гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Мөнхбаатарын өгсөн “...тэнд ямар ч муудалцсан юм намайг жалга руу бие засах гээд явахад болоогүй. Хүмүүс шуугилдаад эхлэхээр нь эргээд хартал машины гэрэл асаалттай хүмүүс муудалцаад байхаар нь очтол Ц.С хэвтчихсэн хүмүүс өшиглөөд байхаар нь наад талд байгаа хүнийг татахад Ц.А байсан. Ц.Аийн мөрнөөс татахад Ц.А эргээд өшиглөсөн. Тэгэхээр нь Ц.Аийн дүү Ц.Алтантуяа бид хоёр дээр нь хаагаад хэвтсэн. Ц.Сыг тал талаас нь өшиглөж байсан. Бид хоёрыг энэ хэд орхиод явахаар нь Ц.Сыг хоёулаа явъя гээд татахад ямар ч ухаангүй байсан..., ...эмнэлэг, цагдаатай гэрт нь очиход эдгээр хүмүүс намайг шууд танихгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би та нар яахаараа ингэдэг юм хүн алчихлаа цагдаа сэргийлэхээр явна гэж хэлтэл цагдаа намайг гарч бай гэсэн. Би Баянчандмань сумын цагдааг танихгүй. Тухайн үед дарга нь байсан байна лээ. Тухайн үед би Ц.Алтантуяа, Ц.А хоёр дүү нь Ц.А ахын эхнэр байсан. Тухайн үед хоёр дүүгийнх нь нэрийг мэддэггүй байж байгаад сүүлд мэддэг болсон Ц.Алтанбагана, Ц.Алтангадас гэж. Ц.Сыг миний харсанаар Ц.А, Ц.Алтангадас нар зодсон, туранхайдуу нь. Хоёр дүү нь ихэр юм билээ. Надаас мэдүүлэг аваад нэрийг нь хольж солилоо нэрээ андуураад байна гээд байцаагч хэлэхээр нь нүүрэлдээд энэ биш гэдгийг хэлсэн. Мотоциклтой сүүлд ирсэн тэгээд ч Ц.Алтанбагана нь угаасаа уудаггүй юм билээ. Ц.Алтангадас нь анхнаасаа бид нартай уугаад миний хажууд ирчихээд миний чихэнд дүү нь сумандаа эвгүй ш дээ та асуухгүй юу гээд байсан. Тэгэхээр нь би хэлж байсан “энэ дүү чинь арай жоохон юм биш үү” гэхэд насанд хүрсэн 22 настай цэрэгт яваад ирсэн гэж хэлж байсан” гэх,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 599 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Хохирогч Ц.Сын эрүүл мэндэд хэвлийн хөндийн битүү гэмтэл, элэгний урагдал няцрал, цөсний хүүдийн няцрал, хэвлийн хөндийн цус хуралдалт, цээжний зүүн талын 6, 7, 8 дугаар хавирга, сээрний 11, 12 дугаар нугалам хугарал, баруун нүдний дээд зовхи, эрүү, баруун бугалга, баруун шуу, хэвлий, нуруу, баруун зүүн гуя, баруун өвдөгний цус хуралт, зулгаралт гэмтлүүд тогтоогджээ.” гэх,

 

Гэрч Б.Мөнхбаатарын өгсөн: “...зодоон болох үед Ц.Алтанбагана, Ц.Алтангадас хоёр хоёулаа байсан. Ц.Сыг Ц.А зодоод байсан, дундуур нь нэг эрэгтэй дүү нь 2 удаа өшиглөсөн. Ц.Сыг Ц.Алтангадас миний харснаар гэдэс рүү нь 2 удаа өшиглөсөн. Ц.Алтангадас нь Ц.Алтанбаганыг бодвол туханхай хүүхэд байсан...” гэх мэдүүлгүүдээр Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй гэж үзэн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг Төв аймгийн прокурорын газарт буцаан шийдвэрлэжээ.

 

Прокурор Э.Уранчимэг бичсэн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 тоот эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүх хуралдаанд талуудын гаргасан тайлбар, мэтгэлцээн, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж дүгнээд хэрэгт ямар ажиллагаа хийх талаар тодорхой тусгаагүй хэргийг прокурорт буцаасан нь ойлгомжгүй байна.

 

Учир нь: Эрүүгийн хэрэгт авагдсан хохирогч Ц.Сын мэдүүлэг, гэрч О.Мөнхбаатар, Б.Мөнхзул, Ц.Алтантуяа, Ц.Алтанбагана, С.Ундрах нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №4944 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн нэмэлт материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №599 дугаартай дүгнэлт, гэрч Ц.Алтантуяа, Б.Мөнхбаатар нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл, гэрч Б.Мөнхбаатар, Ц.Алтанбагана нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл, гэрч Б.Мөнхбаатарын таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар яллагдагч Ц.А нь хохирогч Ц.Сын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухай шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой байна.

 

Мөн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1347 дугаартай шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Э.Уранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй. Ц.Аийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрлэх бүрэн боломжтой. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

 

Хохирогч Ц.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний биед нэг хүний үйлдлийн улмаас ийм хүнд гэмтэл учирсан хэмээн үзэж байгаад гомдолтой байна гэв.

 

Хохирогч Ц.Сын өмгөөлөгч Ш.Оюумаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокуророос зөвхөн Ц.Аийн үйлдлийн улмаас хохирогчид энэ олон тооны битүү болон няцарсан гэмтэл учирсан гэж үзсэнтэй санал нийлэхгүй байна. Мөрдөн байцаалтын шатанд хэт нэг талыг барьж өмгөөлөгч миний зүгээс гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй орхигдуулан мөн хохирогч талаас гарган өгсөн зарим нотлох баримтуудыг алга болгосон. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Ц.Аийн өмгөөлөгч Ж.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Энэ хэрэг хохирогчийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн гарсан байдаг. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч талаас гаргасан хүсэлтүүдийг бүгдийг нь бүрэн дүүрэн хангасан байхад хэргийн зүйлчлэлийг заавал хүндрүүлэн зүйлчлүүлэх гээд байгааг гайхаж байна. Прокурорын эсэргүүцэл үндэслэл бүхий бичигдсэн тул анхан шатны шүүхийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурор Э.Уранчимэгийн бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруутай хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог.

 

Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоож байхаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ба шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэн тухайн гэмт хэрэг болсон цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдал, болж өнгөрсөн жинхэнэ нөхцөлийг тогтоодог.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван тавдугаар бүлэгт хэргийн оролцогч нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах тухай хүсэлтийг шүүх, прокурор мөрдөгчид гаргах эрхтэй ба уг хүсэлтийг нь эрх бүхий албан тушаалтан хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэж байхаар хуульчилсан.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Сын өмгөөлөгч Ш.Оюумаагаас хавтаст хэргийн материалтай танилцахдаа буюу 2021 оны 08 дугаар сарын 19, 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрүүдэд “...хохирогчийг бүлэглэн зодсон байх магадлал өндөр байх тул сайн шалгаж өгнө үү, мөн Ц.Аийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү...” гэх[1] хүсэлтүүдийг гаргасан байдаг.

 

Гэтэл мөрдөгч болон прокурорын тогтоолуудаар уг хүсэлтүүдийн “...таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү...” гэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж[2], “...бүлэглэн зодсон байх магадлал өндөр байна...” гэх хэсгийг нь огт шийдвэрлэлгүй орхигдуулсан нь буруу байх бөгөөд энэ нь хуулиар олгогдсон хэргийн оролцогчийн эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэрт гомдлоо гарган шийдвэрлүүлэх эрхийг хязгаарласан, цаашид шүүхээс гарах шийдвэрт ч сөргөөр нөлөөлж болохуйц нөхцөл байдалд хүргэсэн байна.

 

Түүнчлэн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан шинжлэн судалж үзвэл мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд заасан /Гэмт хэрэгт хамтран оролцох/-ыг бүрэн гүйцэд шалган тогтоогоогүй байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид “...хохирогч Ц.С, гэрч Б.Мөнхбаатар нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 599 дугаартай шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаас үзвэл мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2-т заасан “...гэмт хэргийг хэн үйлдсэн...” хэмээн дурдсан нөхцөл байдлыг зайлшгүй шалган тогтоох шаардлагатай гэж үзнэ.

 

Дээр дурдагдсан мөрдөн байцаалтын шатанд гаргасан хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа болон хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн алдаа зөрчлүүдийг шүүхээс залруулан нөхөн гүйцэтгэх хууль зүйн боломжгүй тул хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Э.Уранчимэгийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1347 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хяналтын прокурор Э.Уранчимэгийн бичсэн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ                                                 Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

                        ШҮҮГЧИД                                                   Т.ЭНХМАА

 

 

                                                                                    М.МӨНХДАВАА

 

 

 

[1] ХХ-ийн 99, 146-р тал

[2] ХХ-ийн 102, 106-р тал