Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашравдангийн Халиуна |
Хэргийн индекс | 128/2020/0072/З |
Дугаар | 128/ШШ2020/0527 |
Огноо | 2020-08-25 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 128/ШШ2020/0527
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Харчин овогт Бямбажавын Мөнхбат /РД: СЩ67011916/,
Хариуцагч: Цагдаагийн ерөнхий газрын дарга,
Гуравдагч этгээд: Алтангэрэлийн Бат-Амгалан /Эргүүл хамгаалалтын газрын Захиргааны удирдлагын хэлтсийн дарга/,
Нэхэмжлэлийн шаардлага: Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/934, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/67 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Цагдаагийн ерөнхий газрын Эргүүл хамгаалалтын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, цагдаагийн хурандаа цол сэргээх, 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Мөнхбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Өнөржаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Онон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Мөнхбат миний бие нь 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Төрийн албаны зөвлөлд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/934 дугаар тушаалыг хүчингүй болгож, хурандаа цол сэргээх, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай гомдлыг гаргасан болно.
Төрийн албаны зөвлөл Б.Мөнхбат миний гаргасан гомдлыг хянаад 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/60 дугаартай албан бичгийг Цагдаагийн ерөнхий газрын даргад хүргүүлсэн байдаг. Уг албан бичигт ... 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/934 дугаартай тушаалыг хянан үзэн хүчингүй болгож, 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Төрийн албаны зөвлөлд хариу ирүүлнэ үү. гэжээ.
2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/60 дугаартай албан бичгийн хариуг Цагдаагийн ерөнхий газраас ирүүлсэн эсэхийг лавлахад ирүүлээгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-д заасны дагуу өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаж байна.
Миний бие нь 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр ээлжийн амралтаа эдэлж байхад Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт шалгалтын хэлтсийн байцаагч, цагдаагийн хурандаа В.Отгонбаяр Эргүүл хамгаалалтын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнхбат миний ажлыг шалгаж дүгнээд 2019 оны 10 сарын 03-ны өдөр дуудаж Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.3 дахь хэсэгт зааснаар албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах гэж байгааг урьдчилан сонсгох ажиллагааг хийсэн. Гэтэл албан тушаал бууруулах тухай сонсгох ажиллагааны тэмдэглэлд дурдсан үндэслэлийг дахин Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/934 дугаар тушаалын үндэслэлд дурдсан байна. Б.Мөнхбат миний бие нь 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн сонсгох ажиллагааны дараа албан тушаал бууруулж байгаа шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухайгаа бичгээр тайлбар бичиж өгсөн бөгөөд үүнээс хойш надад албан тушаал бууруулсан талаар ямар нэг тушаал гардуулаагүй. Харин 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/934 дугаар тушаалаар албанаас халж, цагдаагийн хурандаа цол хураасан тухай мэдэгдлийг танилцуулсан болно.
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/934 дугаар тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байх дараах үндэслэлүүд байна. Үүнд:
Энэ ажилласан 37 хоногийн 4 хоногийг улсын баяр наадмын хамгаалалтад Хүй долоон худагт ажилласан. Үлдсэн хоногуудад өдөр тутмын үйл ажиллагаа болон архив албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт бэлтгэх ажлын хэсгийг ахалж, тус газрын бичиг баримтыг заавар дүрэм журмын дагуу эмхэлж цэгцлэх ажлыг зохион байгуулж, хийсэн ажлаа нэг бүрчлэн тоочиж танилцуулгыг Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдал хамгаалах албаны дэд дарга бөгөөд Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа М.Отгонбаярын нэр дээр 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 134 ба/1399 тоот албан бичгээр хүргүүлж ажилласан.
2019 оны тус хэлтсийн гүйцэтгэлийн төлөвлөгөөтэй танилцаж хариуцсан чиглэлээр ажил арга хэмжээ тусгаагүй, төлөвлөгөөний биелэлтийг бодитой бус тооцсон нь Төрийн албаны тухай хуулийн 37.1.13-д заасан албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийг хангах гэснийг зөрчсөн гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь Эргүүл хамгаалалтын газрын 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө 1 жилийн хугацаатайгаар жил бүрийн оны эхэнд батлагдсан байдаг. Харин хэлтсүүдийн төлөвлөгөө газрын төлөвлөгөөнд заагдсан ажлуудыг тодотгож сар бүр хийх ажлаа төлөвлөж, биелэлт үр дүнг тооцож газрын даргад танилцуулж ажилладаг. Захиргаа удирдлагын хэлтсийн даргаар томилогдон 2019 оны 05 дугаар сарын 02-нд очиход өмнө нь ажиллаж байсан цагдаагийн хурандаа н.Ганбаяр төлөвлөгөө гаргаж батлуулсан байсан бөгөөд миний хувьд 5 дугаар сарын биелэлтийг нь гаргасан. 2019 оны 6, 7 дугаар сарын төлөвлөгөө, биелэлтийг гаргасан. 2019 оны 8, 9 дүгээр саруудад ээлжийн амралттай байсан тул тухайн саруудын төлөвлөгөө, биелэлтийг Захиргаа удирдлагын хэлтсийн даргын үүргийг орлон гүйцэтгэгч цагдаагийн хошууч С.Булган гаргасан байна.
Төрийн албаны тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу уг журмыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2019 оны 47 дугаар тушаалаар баталсныг Цагдаагийн ерөнхий газрын Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Гантулга 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 5а/5212 тоот албан бичгээр ирүүлсэн байна. Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу батлагдсан журмын дагуу хяналт шалгалт хийх эрх зүйн орчин бүрдсэн байхад уг журмыг баримтлаагүй болно.
Цагдаагийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д Цагдаагийн байгууллагын дотоод албаны дүрмийг хэрэгжүүлэх код 101 журмын 101.6 заалтыг зөрчиж алба хаагчдын түргэн цугларалтын схем, хаягийн бүртгэлийг шинэчлээгүй гэснийг мөн хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь Б.Мөнхбат миний бие нь томилогдож очоод 2019 оны 05 дугаар сарын 10-нд хаягийн бүртгэл, түргэн цугларалтын схемийг шинэчлэн гаргаж баталсан байна. Тус хэлтсээс 4 алба хаагч 7, 8, 9 дүгээр саруудад шилжсэн байна. Энэ үед би ээлжийн амралттай байсан.
Тусгай хэрэгсэл тавьж олгох бүртгэх журам код 236 журмын 236.5.2 заалтыг зөрчсөн гэж заасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь тус газрын галт зэвсгийн хөдөлгөөн дээрх журмын дагуу газрын дарга, дэд дарга нар танилцаад тушаалаар гаргаж бүртгэл хөтөлж хяналт тавьдаг. Зэвсгийн мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч М.Өлзийбаатарын ажилтай танилцаж, агуулахын эмх цэгц, галт зэвсгийн хадгалалт хамгаалалт, бүртгэл хөтлөлтийг шалгахад хэвийн байсан. Газрын жижүүрийн тусгай хэрэгслийн хөдөлгөөн хоногийн нөхцөл байдлын мэдээнд тусгаж газрын дарга, дэд дарга, Захиргаа удирдлагын хэлтсийн дарга нар өдөр тутам хяналт тавьж ажилладаг. Одоогийн байдлаар ямар нэгэн эрсдэл, зөрчил дутагдал гараагүй.
Эргүүл хамгаалалтын газрын хагас жилийн тооллогын комиссыг миний бие ахалж, барилга байшин, эд аж ахуй, галт зэвсэг, тусгай хэрэгсэл, хөрөнгийн тооллогыг зохион байгуулж, эвдрэл гэмтэл, элэгдэл хорогдол, ашиглалтын шаардлага хангахгүй эд зүйлсийн жагсаалтыг гаргаж газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж саналаа Цагдаагийн ерөнхий газрын Санхүү аж ахуйн албанд хүргүүлж шийдвэрлэсэн.
Рекорд маркийн цохигч төмөр хугарсан 4ш хийн гар бууны тухайд бол харуулын 12 постонд ашиглагддаг манайд дансаар 30 байдаг. Харуулын алба хаагч ээлж хүлээлцэхдээ хийн буугаа шалгахад хайлшаар хийсэн цохигч хугарсан байсныг нь нөөцөөсөө сольж ашиглуулж байсан Актлах шаардлагагүй тул цохигч төмрийг захиалгаар хийлгэсэн байгаа.
Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 1.3.2 ноцтой зөрчил гэж Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамд тус бүр тодорхойлон заасан, цагдаагийн албаны нэр хүндийг гутаах, эд хөрөнгийн хохирол учруулах зэргээр эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг санаатай буй болгосон, энэ дүрэмд заасан зөрчлийг сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй үед 2 буюу түүнээс дээш зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй байна гэж тодорхойлсон. Мөн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.4-д Ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн албан хаагчийг Цагдаагийн албаны тухай хуулийн 82.1.1-д заасны дагуу албанаас хална гэж заасан. Б.Мөнхбат миний бие нь Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэм хэмжээг баримтлан ажиллаж байсан ноцтой зөрчил гаргаж байгаагүй болно.
Иймд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/934 дугаар тушаалыг хүчингүй болгож, хуучин албан тушаалд эгүүлэн томилуулах, цагдаагийн хурандаа цол сэргээх, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлсэн шаардлагадаа: Тус шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/67 тоот тушаалын 1 дэх заалтаар 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/934 дугаартай тушаалд өөрчлөлт оруулсан байна. Үүнээс үзэхэд сахилгын шийтгэл оногдуулах тушаалын үндэслэл өөрчлөгдөөгүй, харин сахилгын шийтгэл оногдуулсан хэлбэрт өөрчлөлт оруулсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/934, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/67 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, хурандаа цол сэргээх, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх гэж нэмэгдүүлж байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Цагдаагийн ерөнхий газрын Хяналт шалгалт, дотоод аудитын хэлтсээс Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл, хамгаалалтын газрын Захиргааны удирдлагын болон Төрийн хамгаалалтын хэлтсийн үйл ажиллагаанд 2019 оны 9 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд хэсэгчилсэн шалгалтыг явуулсан.
Шалгалтаар Эргүүл, хамгаалалтын газрын Захиргааны удирдлагын хэлтсийн үйл ажиллагаанд дор дурдсан зөрчил, дутагдал илэрсэн бөгөөд энэ нь тус хэлтсийн даргаар ажиллаж байсан нэхэмжлэгчийн үйл ажиллагаатай холбоотой гэж дүгнэсэн. Үүнд:
2. Тус газрын жижүүрийн ахлах офицерууд, санхүү, хангамжийн болон сэтгэл зүйчийн өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж, үүрэг, ажлын чиглэл өгөөгүй хариуцсан нэгжийн алба хаагчдын сахилга, ёс зүйг сайжруулах, ажлын хариуцлагыг дээшлүүлэх талаар ажил зохион байгуулаагүй нь Төрийн албаны тухай хуулийн 37.1.13-д заасан албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах", Цагдаагийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 ... цагдаагийн байгууллагын удирдах албан тушаалтан нь эрх хэмжээнийхээ хүрээнд тухайн байгууллагын алба хаагч, ажилтны өдөр тутмын ажилд хяналт тавьж, хууль тогтоомж, цагдаагийн албан хаагчийн ёс зүй, сахилга, хүний эрх, эрх чөлөөг зөрчихөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээ авна", 68 дугаар зүйлийн 68.1. "Цагдаагийн албан хаагч нь Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг эрх үүргийг хэрэгжүүлнэ, Албан тушаалын тодорхойлолт"- ын гуравдугаар зорилтын 3.2, дөрөвдүгээр зорилтын 4.2, зургаадугаар зорилтын 6.1, 6.2, 6.4-т заасан үндсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм"-ийн 2.1.1. Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, хэм хэмжээний эрх зүйн акт, дээд шатны байгууллага, албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг ёсчлон биелүүлж, захирах, захирагдах ёсны зарчмыг баримтална гэснийг биелүүлээгүй.
З.Нэхэмжлэгч нь Захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд томилогдсоноос хойш Дотоодын цэргийн штабын хашаанд байрлах байгууллагын галт зэвсэг, тусгай хэрэгсэл хадгалах байр болон тус газрын жижүүрийн өрөөний бэлэн байдлын сейфэнд буй галт зэвсэг, тусгай хэрэгслийн хадгалалт, хамгаалалт, хөдөлгөөн, аюулгүй байдалтай танилцаагүй, ашиглагдах боломжгүй 4 ширхэг хийн гар бууг шийдвэрлэх арга хэмжээ аваагүй нь Цагдаагийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь заалт "... цагдаагийн байгууллагын удирдах албан тушаалтан нь эрх хэмжээнийхээ хүрээнд тухайн байгууллагын алба хаагч, ажилтны өдөр тутмын ажилд хяналт тавьж, хууль тогтоомж, цагдаагийн алба хаагчийн ёс зүй, сахилга, хүний эрх, эрх чөлөөг зөрчихөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээ авна", албан тушаалын тодорхойлолтын нэгдүгээр зорилтын 1.2, зургаадугаар зорилтын 6.4, долоодугаар зорилтын 7.1, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам /код-235/-ын 235.3.3, 235.3.4 дэх заалтыг хэрэгжүүлээгүй,
4. Захиргааны удирдлагын хэлтсийн албан хаагчдын түргэн цугларалтын схем, хаягийн бүртгэлийг шинэчлээгүй, цэргийн байнгын тэтгэвэрт гарсан, шилжин томилогдсон зэрэг 4 алба хаагчийн бүртгэлийг хасаж, шинээр томилогдсон алба хаагчдын хаягийг бүртгэлжүүлээгүй нь Цагдаагийн байгууллагын дотоод албаны дүрмийг хэрэгжүүлэх /код 101/ журам-ын 101.6 1 дэх хэсгийн в, 101.6.1 д дэх заалтыг тус тус зөрчсөн;
5.Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар тус хэлтэст энэ оны 09 дүгээр сарын 10-ны өдөр шинээр томилогдсон эргүүл, хамгаалалт, зөрчил шалган шийдвэрлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ш.Батболдод албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийн талаар зааварчилга, зөвлөмж, ажлын чиглэл өгөөгүйгээс уг албан хаагч зөрчил шалган шийдвэрлэх ажлын талаар ямар нэгэн ойлголтгүй, хариуцсан чиглэлээр ажил, арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй байгаа нь Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дасан зохицох /код 944/ журам- ын 944.6.1 в, 944.6.1 дэх хэсгийн ж заалтыг тус тус хэрэгжүүлж ажиллаагүй байна.
Мөн Төрийн албаны тухай хуулийн 37.1.8 дахь хэсэгт заасан өөрийн мэдлэг чадвараа байнга хөгжүүлж, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх үндсэн үүрэг, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлэх, урьд гаргасан зөрчлөө давтан гаргахгүй байх чиглэлээр өөртөө дүгнэлт хийж, санал, санаачилга гарган ажиллаагүй, хариуцсан ажлын төлөвлөлт, гүйцэтгэлээ Эргүүл, хамгаалалтын газрын даргад биечлэн танилцуулж ажиллаагүйгээс алба хаагчдын ажлын уялдаа, үр дүнд сөргөөр нөлөөлж байна.
Нэхэмжлэгч нь дээрх байдлаар хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан зорилт, чиг үүргээ хэрэгжүүлэх талаар санаачилга гарган ажиллаагүй нь урьд гаргасан зөрчил дутагдалдаа дүгнэлт хийгээгүй байна. Дээрх шалгалтын дүнг Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэхээр нэхэмжлэгчийг хуралд биеэр оролцох талаар удаа дараа урьдчилан мэдэгдсэн боловч хуралд оролцохоос татгалзаж, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд ирээгүй байна.
Шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал, нэхэмжлэгчийн дээрх үйлдэл нь хариуцсан албан хаагч, ажилтны өдөр тутмын ажилд тавих хяналтыг сулруулж, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангалтгүй биелүүлсэн, удирдах албан тушаалтны хууль ёсны шийдвэр, үүрэг даалгавар, тушаалыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, Цагдаагийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэг, Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 2.1.1, 2.1.2-д заасныг тус тус зөрчсөн гэж үзэж, Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн Б.Мөнхбатыг Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1 дэх заалтыг баримтлан албанаас халж, цагдаагийн хурандаа цолыг хураасан.
Нэхэмжлэгч нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан бөгөөд мөн зөвлөлөөс 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/60 дугаартай албан бичгээр Б.Мөнхбатыг ажлаас халсан маргаан бүхий захиргааны актыг үндэслэлгүй гэж үзсэн тул Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/67 дугаар тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны Б/934 дүгээр тушаалын заалтад өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийг Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл, хамгаалалтын газрын Шүүгч, шүүх хуралдааны аюулгүй байдлыг хангах тасгийн даргаар томилсон болно.
Мөн Төрийн албаны зөвлөл Б.Мөнхбатад сахилгын шийтгэл оногдуулсан захиргааны актыг ийнхүү дүгнэхдээ Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм-ийн 13.5 дахь хэсэг, 13.11 дэх хэсэг, 13.17 дахь хэсэгт тус тус заасан зөрчилд цагдаагийн албанаас халах шийтгэл оногдуулахаар заагаагүй байна гэж үзжээ. Өөрөөр хэлбэл шалгалтаар Б.Мөнхбатад холбогдох зөрчил тогтоогдоогүй бус, түүнд оногдуулсан хариуцлага нь гаргасан зөрчилд тохироогүй гэж дүгнэсэн байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар нэхэмжлэгч Б.Мөнхбатын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд А.Бат-Амгалан шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Шүүхийн шийдвэрийг хүндэтгэнэ. Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд миний зүгээс татгалзах зүйлгүй болно. Миний хувьд ажлын шаардлагаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Миний эзгүйд шүүх хуралдаанаар асуудлыг шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Мөнхбат нь түүнийг цагдаагийн албанаас халж, цагдаагийн хурандаа цолыг хураасан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/934 дүгээр тушаалыг болон уг тушаалд өөрчлөлт оруулж, албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/67 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Цагдаагийн ерөнхий газрын Эргүүл хамгаалалтын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, цагдаагийн хурандаа цолыг сэргээлгэх, 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэл гаргажээ. Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн дээрх шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Цагдаагийн ерөнхий газрын Хяналт шалгалт, дотоод аудитын хэлтсээс Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл, хамгаалалтын газрын Захиргааны удирдлагын болон Төрийн хамгаалалтын хэлтсийн үйл ажиллагаанд 2019 оны 9 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд хэсэгчилсэн шалгалтыг явуулж, шалгалтаар Захиргаа удирдлагын хэлтсийн үйл ажиллагаанд илэрсэн дутагдал нь хариуцсан албан хаагч, ажилтны өдөр тутмын ажилд тавих хяналтыг сулруулж, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангалтгүй биелүүлсэн, удирдах албан тушаалтны хууль ёсны шийдвэр, үүрэг даалгавар, тушаалыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй Захиргааны удирдлагын хэлтсийн даргын үйл ажиллагаанаас хамааралтай гэж үзээд Захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнхбатыг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, Цагдаагийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 2.1.1, 2.1.2 заалтыг зөрчсөн үндэслэлээр Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/934 дүгээр тушаалаар Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-д зааснаар цагдаагийн албанаас халж, цагдаагийн хурандаа цолыг хураасан байна.
Нэхэмжлэгчийн гомдлоор Төрийн албаны зөвлөлөөс дээрх шийдвэрийг хянаад 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 01/60 тоотоор зөрчил гэж үзсэн асуудал нь халах ноцтой зөрчил гэж үзэх үндэслэлгүй гээд тушаалаа хянан үзэж, хүчингүй болгож хариу ирүүлэх-ийг мэдэгдсэн, энэ дагуу Б.Мөнхбатыг албанаас халж, цолыг хураасан Б/934 дүгээр тушаалд өөрчлөлт оруулж 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн Б/67 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.Мөнхбатыг Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.3-т зааснаар албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл, хамгаалалтын газрын Шүүгч, шүүх хуралдааны аюулгүй байдлыг хангах тасгийн даргаар томилсон байдаг. Тэрээр 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тухайн томилогдсон албан тушаалд ажиллаагүй байна.
1. Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдал, түүнд нэхэмжлэгчийг буруутгасан үндэслэлийн талаар:
Шалгалт явуулсан дүнгийн тухай 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн танилцуулга, маргаан бүхий тушаалуудын үндэслэлээс үзвэл шалгалтаар 1/ албаны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд уялдуулж газрын тухайн оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг гаргаагүй, үг, агуулгын зөрөөгүй шууд хуулбарласан, 2/ Тус газрын жижүүрийн ахлах офицерууд, санхүү, хангамжийн болон сэтгэл зүйчийн өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж, үүрэг, ажлын чиглэл өгөөгүй, биелэлтийг тооцож, ажлын үр дүнд үнэлэлт өгөх ажлыг орхигдуулсан, хариуцсан нэгжийн алба хаагчдын сахилга, ёс зүйг сайжруулах, ажлын хариуцлагыг дээшлүүлэх талаар ажил зохион байгуулаагүй, 3/ галт зэвсэг, тусгай хэрэгсэл хадгалах байр болон тус газрын жижүүрийн өрөөний бэлэн байдлын сейфэнд буй галт зэвсэг, тусгай хэрэгслийн хадгалалт, хамгаалалт, хөдөлгөөн, аюулгүй байдалтай танилцаагүй, 4 ширхэг хийн гар буу ашиглагдах боломжгүй болсон байхад шийдвэрлэх арга хэмжээ аваагүй, 4/ хэлтсийн албан хаагчдын түргэн цугларалтын схем, хаягийн бүртгэлийг шинэчлээгүй, цэргийн байнгын тэтгэвэрт гарсан, шилжин томилогдсон зэрэг 4 алба хаагчийн бүртгэлийг хасаагүй, шинээр томилогдсон алба хаагчдын хаягийг бүртгэлжүүлээгүй, 5/ шинээр томилогдсон алба хаагчдад албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийн талаар зааварчилга, зөвлөмж, ажлын чиглэл өгөөгүйгээс уг албан хаагч хариуцсан чиглэлээр ажил, арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй зөрчлүүд илэрсэн, үүнд Захиргааны удирдлагын хэлтсийн даргыг хариуцсан алба хаагч, ажилтны өдөр тутмын ажилд тавих хяналтыг сулруулж, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангалтгүй биелүүлсэн, удирдах албан тушаалтны хууль ёсны шийдвэр, үүрэг даалгавар, тушаалыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй ажлаа зохион байгуулж, идэвх зүтгэл гарган ажиллаагүй гэж буруутгаж, түүнд сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болгожээ.
Тодруулбал, албаны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд уялдуулж газрын тухайн оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг гаргаагүй, үг, агуулгын зөрөөгүй шууд хуулбарласан нь Цагдаагийн байгууллагын ажлыг төлөвлөх /код 108/ журам-ын 108.2.7, 108.2.8-д заасан шаардлагыг хангаагүй, албан тушаалын тодорхойлолтын нэгдүгээр зорилтын 1.1 дэх хэсэгт заасан ...төлөвлөгөөний хэрэгжилтийг байгууллагын хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг төлөвлөн зохион байгуулж биелэлт, үр дүнг тооцох, үнэлгээ, шинжилгээ хийх үндсэн чиг үүрэг, Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2.1.2 ...цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмыг сахин мөрдөх гэсэн заалтыг зөрчсөн, алба хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж, үүрэг, ажлын чиглэл өгөөгүй, хариуцсан нэгжийн алба хаагчдын сахилга, ёс зүйг сайжруулах, ажлын хариуцлагыг дээшлүүлэх талаар ажил зохион байгуулаагүй нь Төрийн албаны тухай хуулийн 37.1.13-д заасан албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах", Цагдаагийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 ... цагдаагийн байгууллагын удирдах албан тушаалтан нь эрх хэмжээнийхээ хүрээнд тухайн байгууллагын алба хаагч, ажилтны өдөр тутмын ажилд хяналт тавьж, хууль тогтоомж, цагдаагийн албан хаагчийн ёс зүй, сахилга, хүний эрх, эрх чөлөөг зөрчихөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээ авна", 68 дугаар зүйлийн 68.1. "Цагдаагийн албан хаагч нь Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг эрх үүргийг хэрэгжүүлнэ, албан тушаалын тодорхойлолтын гуравдугаар зорилтын 3.2, дөрөвдүгээр зорилтын 4.2, зургаадугаар зорилтын 6.1, 6.2, 6.4-т заасан үндсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.1.1. Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, хэм хэмжээний эрх зүйн акт, дээд шатны байгууллага, албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг ёсчлон биелүүлж, захирах, захирагдах ёсны зарчмыг баримтална гэснийг биелүүлээгүй, галт зэвсэг, тусгай хэрэгсэл хадгалах байр болон тус газрын жижүүрийн өрөөний бэлэн байдлын сейфэнд буй галт зэвсэг, тусгай хэрэгслийн хадгалалт, хамгаалалт, хөдөлгөөн, аюулгүй байдалтай танилцаагүй, ашиглагдах боломжгүй 4 ширхэг хийн гар бууг шийдвэрлэх арга хэмжээ аваагүй нь мөн Цагдаагийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь заалтыг, албан тушаалын тодорхойлолтын нэгдүгээр зорилтын 1.2, зургаадугаар зорилтын 6.4, долоодугаар зорилтын 7.1, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам /код-235/-ын 235.3.3, 235.3.4 дэх заалтыг хэрэгжүүлээгүй, албан хаагчдын түргэн цугларалтын схем, хаягийн бүртгэлийг шинэчлээгүй нь Цагдаагийн байгууллагын дотоод албаны дүрмийг хэрэгжүүлэх /код 101/ журам-ын 101.6 1 дэх хэсгийн в, 101.6.1 д дэх заалтыг зөрчсөн, шинээр томилогдсон албан хаагчид албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийн талаар зааварчилга, зөвлөмж, ажлын чиглэл өгөөгүй нь Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дасан зохицох /код 944/ журам- ын 944.6.1 в, 944.6.1 дэх хэсгийн ж заалтыг зөрчсөн, Төрийн албаны тухай хуулийн 37.1.8-д заасан өөрийн мэдлэг чадвараа байнга хөгжүүлж, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх үндсэн үүрэг, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлэх, урьд гаргасан зөрчлөө давтан гаргахгүй байх чиглэлээр өөртөө дүгнэлт хийж, санал, санаачилга гарган ажиллаагүй, хариуцсан ажлын төлөвлөлт, гүйцэтгэлээ Эргүүл, хамгаалалтын газрын даргад биечлэн танилцуулж ажиллаагүйгээс алба хаагчдын ажлын уялдаа, үр дүнд сөргөөр нөлөөлсөн гэж буруутгажээ.
Нэхэмжлэгч нь томилогдсоноос 4 сар 23 хоногийн дараа миний ажлыг шалгасан нь Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам 111 код буюу 111.4.14 / тухайн албан тушаалд ажилласнаас хойш 6 сарын дараа ажлын гүйцэтгэл үйл ажиллагааны үр дүнг нь тооцож, үнэлж, дүгнэнэ/ гэснийг зөрчсөн, ажлын 99 хоногоос 37 хоног л ажилласан, өвчтэй, чөлөөтэй, ээлжийн амралттай байсан, эзгүйд болсон асуудлыг хамаатуулсан, 2019 оны 05 дугаар сарын 02-нд томилогдоход хэлтсийн төлөвлөгөө батлагдсан байсан, 5 дугаар сарын биелэлтийг нь 6, 7 дугаар сарын төлөвлөгөө, биелэлтийг гаргасан, Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах, ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлэх, хариуцлага хүлээлгэх журам-ыг баримтлаагүй, 05 дугаар сарын 10-нд хаягийн бүртгэл, түргэн цугларалтын схемийг шинэчлэн баталсан, ээлжийн амралттай байхад 7, 8, 9 дүгээр саруудад 4 алба хаагч шилжсэн, зэвсгийн мэргэжилтний ажилтай танилцаж, агуулахын эмх цэгц, галт зэвсгийн хадгалалт хамгаалалт, бүртгэл хөтлөлтийг шалгахад хэвийн байсан. Харуулын постонд ашиглагддаг Рекорд маркийн хийн гар буу дансаар 30 байдаг. Харуулын алба хаагч ээлж хүлээлцэхдээ хийн буугаа шалгахад хайлшаар хийсэн цохигч хугарсан байсныг нь нөөцөөсөө сольж ашиглуулж байсан. Актлах шаардлагагүй тул цохигч төмрийг сүүлд захиалгаар хийлгэсэн. Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 1.3.2-т заасан ноцтой зөрчил гаргаагүй гэж маргажээ.
Ажлын цагийн бүртгэл, ээлжийн амралтын мэдэгдлээс үзэхэд нэхэмжлэгч нь 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Эргүүл, хамгаалалтын газрын Захиргааны удирдлагын хэлтсийн даргаар томилогдсоноос хойш хэлтсийн үйл ажиллагаанд шалгалт хийх хүртэл 4 сар 25 хоног ажиллахаас 38 хоног ажилласан, бусад хугацаанд ээлжийн амралттай, өвчтэй, чөлөөтэй /тухайлбал 5 дугаар сарын 03, 06-нд ажилласан, 5 дугаар сарын 07-нд чөлөөтэй, 5 дугаар сарын 08-наас 6 дугаар сарын 05-ыг дуустал ажилласан, 6 дугаар сарын 6 наас 21-нийг дуустал ээлжийн амралттай, 6 дугаар сарын 24-нөөс 7 дугаар сарын 03-ныг дуустал ажилласан, 7 дугаар сарын 04-нөөс 05-ныг дуустал ээлжийн амралттай, 7 дугаар сарын 08-наас 18-ныг дуустал ажилласан, 7 дугаар сарын 22-ноос 8 дугаар сарын 23-ныг дуустал ээлжийн амралттай, 8 дугаар сарын 26-наас 27-нд ажилласан, 8 дугаар сарын 28-наас 9 дүгээр сарын 09-нийг дуустал өвчтэй, 9 дүгээр сарын 10-наас 9 дүгээр сарын 24-нийг дуустал ээлжийн амралттай, 9 дүгээр сарын 25, 26-нд шалгалт ирсэн, 9 дүгээр сарын 27, 30-нд ээлжийн амралттай, 10 дугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 04-нийг дуустал ажилласан, 10 дугаар сарын 07-ноос 10 дугаар сарын 16-ныг дуустал өвчтэй, 10 дугаар сарын 17-ноос хойш ажилласан/ байсан бөгөөд түүний ажлын гүйцэтгэлийг үнэлээгүй, Цагдаагийн ерөнхий газрын Хяналт шалгалт, дотоод аудитын хэлтсээс нэгжийн үйл ажиллагаанд буюу Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл, хамгаалалтын газрын Захиргааны удирдлагын хэлтсийн үйл ажиллагаанд хэсэгчилсэн шалгалт хийсэн тул Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам /111 код/-ын 111.4.14-ийг зөрчөөгүй, Төрийн албаны тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх үнэлгээ хийгдээгүй, энэ талаарх Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах, ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлэх, хариуцлага хүлээлгэх журам хамаарахгүй.
Нэхэмжлэгч нь төрийн тусгай албан хаагчийн хувьд түүний эрх зүйн байдал Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар уг хуулиас гадна Цагдаагийн албаны тухай хууль, тогтоомжоор зохицуулагдах бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлээр төрийн жинхэнэ албан хаагчийн хүлээх нийтлэг үүргийг, уг үүргийг зөрчвөл сахилгын шийтгэл хүлээлгэхийг 48 дугаар зүйлд заасны дээр, Цагдаагийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д цагдаагийн байгууллагын удирдах албан тушаалтан нь эрх хэмжээнийхээ хүрээнд тухайн байгууллагын алба хаагч, ажилтны өдөр тутмын ажилд хяналт тавьж, хууль тогтоомж, цагдаагийн алба хаагчийн ёс зүй, сахилга, хүний эрх, эрх чөлөөг зөрчихөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээ авахыг үүрэг болгосон, 68 дугаар зүйлийн 68.1-д зааснаар Цагдаагийн алба хаагч нь Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг эрх, үүргийг хэрэгжүүлэх ба 81 дүгээр зүйлийн 81.3, 81.4-т цагдаагийн алба хаагч нь Төрийн албаны тухай хууль болон цагдаагийн алба хаагчийн ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн нь сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болохоор, 82 дугаар зүйлийн 82.1.1-д өргөсөн тангараг, ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн тохиолдолд цагдаагийн албанаас халахаар заажээ.
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/129 дүгээр тушаалаар Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийг баталсан, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.1.1-д хууль тогтоомж, хэм, хэмжээний акт, дээд шатны байгууллага, албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг ёсчлон биелүүлж, захирах, захирагдах ёсны зарчмыг баримтлах, 2.1.2-т нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээ болон цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмыг сахин мөрдөх, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 13.5-д удирдах албан тушаалтны хууль ёсны шийдвэр, үүрэг даалгавар, тушаалыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй, 13.11-д алба хаагчдын өдөр тутмын ажилд хяналт тавих үүргээ биелүүлээгүй, 13.17-д дээд шатны байгууллага, албан тушаалтны хуульд нийцсэн үүрэг даалгавар, шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах талаар албан тушаалын тодорхойлолтод заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн бол сахилгын шийтгэл хүлээлгэхээр байна.
Шалгалтын дүнгээр хэлтсийн дарга Б.Мөнхбатыг удирдлагад нь хамаарах нэгжийн өдөр тутмын ажилд тавих хяналтыг сулруулсан, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангалтгүй биелүүлсэн, удирдах албан тушаалтны хууль ёсны шийдвэр, үүрэг даалгавар, тушаалыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй гэж үзсэнийг нэхэмжлэгч тайлбараараа болон нотлох баримтаар няцаагаагүй, өөрөөр хэлбэл албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангалттай биелүүлсэн болохоо нотлоогүй, харин томилогдсоноос хойших ихэнх хугацаанд өвчтэй, чөлөөтэй, ээлжийн амралттай байсан гэх шалтгаан нь хэлтсийн ажил хангалтгүй шалгагдсаныг зөвтгөх үндэслэл болохгүй.
Шалгалтаар галт зэвсэг, тусгай хэрэгсэл хадгалах байр болон тус газрын жижүүрийн өрөөний бэлэн байдлын сейфэнд буй галт зэвсэг, тусгай хэрэгслийн хадгалалт, хамгаалалт, хөдөлгөөн, аюулгүй байдалтай танилцаагүй, цохигч төмөр хугарснаас ашиглах боломжгүй болсон хийн бууг хэрхэхийг шийдвэрлээгүй зөрчил илэрсэн нь Эргүүл хамгаалалтын газрын галт зэвсэг, тусгай хэрэгсэл хариуцсан мэргэжилтэн М.Өлзийбаатарын гэрчээр шүүх хуралдаанд өгсөн 2019 оны 8 дугаар сард 2 бууны цохигч төмөр хугарсан байсан, өмнө нь 2 бууны цохигч төмөр хугарсан байсан, нөөцөд агуулахад байгаа бууны цохигч төмрийг сольж тавиад харуулын үүрэг гүйцэтгүүлдэг, сольсон буу нь шалгалтаар эвдрэлтэй агуулахад байсан, агуулахаас хийн бууг сольж хийсэн бүртгэл байхгүй, няравт шаардах хуудас бичээгүй, агуулахаас бууг солиход Эргүүл хамгаалалтын газрын даргын зөвшөөрлөөр сольсон, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга тухайн үед ажиллаагүй, сүүлд цохигч төмрийг захиалгаар хийлгэсэн гэх мэдүүлгээр тогтоогдож байна. Хэдийгээр Эргүүл хамгаалалтын газрын хоногийн нөхцөл байдлын мэдээнд галт зэвсэг хүлээлцсэн тэмдэглэл хэсэгт Рекорд маркийн 10 ширхэг хийн гар бууг хүлээлцсэн бүртгэлтэй, харуулын үүрэг гүйцэтгэхэд ашиглагдаж буй хийн гар буу нь хэвийн ашиглалтад байгаа ч цохигч төмөр эвдэрснээс сольсон эвдрэлтэй гар буу хэрхэх нь шийдвэрлэгдээгүй агуулахад байсныг Цагдаагийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 алба хаагч, ажилтны өдөр тутмын ажилд хяналт тавьж, асуудлыг тухай бүр шийдвэрлэх, албан тушаалын тодорхойлолтын зургаадугаар зорилтын 6.4, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам /код-235/-ын 235.3.3, 235.3.4-т заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзсэнийг буруутгахааргүй байна.
Учир нь албан тушаалын тодорхойлолтоос үзвэл Захиргааны удирдлагын хэлтсийн дарга нь зургаадугаар зорилтын 6.4-т зэвсэг техник, тусгай хэрэгслийн засвар үйлчилгээ, хадгалалт, хамгаалалт, зарцуулалтын байдалд хяналт тавих, хангалтыг зохион байгуулах, төсөв холбогдох зардлыг шийдвэрлүүлэх чиг үүрэгтэй бол дэд дарга нь 1 дүгээр зорилтын 1.2-т харуул хамгаалалтын ажлыг төлөвлөх, хэрэгжүүлэх, биелэлт, үр дүнг тооцох, харуул хамгаалалт болон зэвсэг, тусгай хэрэгсэл, холбоо, мэдээлэл хариуцсан алба хаагчдыг удирдлагаар хангах, үүрэг чиглэл өгөх, гүйцэтгэлд хяналт тавих чиг үүрэгтэй байна. Тиймээс зэвсэг, тусгай хэрэгслийн засвар үйлчилгээ, хадгалалт хамгаалалт, зарцуулалт хангалт, тэдгээрийн төсөв, зардлыг шийдвэрлүүлээгүй хэмээн Захиргааны удирдлагын хэлтсийн даргыг буруутгасан нь үндэслэлтэй байна.
Захиргааны удирдлагын хэлтсийн 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө нэхэмжлэгчийг хэлтсийн даргын албан тушаалд томилогдохоос өмнө гарсан байсан тул төлөвлөгөөг албаны төлөвлөгөөнд нийцүүлж гаргасан эсэх, хуулбарласан эсэхэд нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй бөгөөд тэрээр хэлтсийн 7 дугаар сарын гүйцэтгэлийн төлөвлөгөөг болон 6, 7 дугаар сарын төлөвлөгөөний биелэлтийг хянасан, түүний хянасан 7 дугаар сарын төлөвлөгөөг Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөтэй харьцуулан судлахад үг үсэг, агуулгын зөрүүгүй хуулбарласан гэх байдал тогтоогдохгүй, хүний нөөц, сургалт, соён гэгээрүүлэх ажлын, эргүүл хамгаалалт, аюулгүй байдлыг хангах ажлын, сэтгэл зүй эмнэлгийн тусламж үйлчилгээний чиглэлээр, галт зэвсэг тусгай хэрэгсэл, холбоо мэдээллийн чиглэлээр, санхүү, аж ахуйн ажлын, архив бичиг хэргийн чиглэлээр ажил арга хэмжээ тухайн сард хийгдэхээр төлөвлөсөн, энэ нь албаны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгасан ажил, арга хэмжээний хүрээнд байна.
Иймд албаны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд уялдуулж газрын тухайн оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг гаргаагүй, үг, агуулгын зөрөөгүй шууд хуулбарласан нь Цагдаагийн байгууллагын ажлыг төлөвлөх /код 108/ журам-ын 108.2.7, 108.2.8-д заасан шаардлагыг хангаагүй, албан тушаалын тодорхойлолтын нэгдүгээр зорилтын 1.1 дэх хэсэгт заасан ...төлөвлөгөөний хэрэгжилтийг байгууллагын хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг төлөвлөн зохион байгуулж биелэлт, үр дүнг тооцох, үнэлгээ, шинжилгээ хийх үндсэн чиг үүрэг, Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2.1.2 ...цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмыг сахин мөрдөх гэсэн заалтыг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
Хэлтсийн сарын үйл ажиллагааны төлөвлөгөөнд хүний нөөц, сургалт, соён гэгээрүүлэх ажлын чиглэлээр 6 дугаар сард сахилга ёс зүйн зөвлөгөөн зохион байгуулах бэлтгэл хангах, алба хаагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх соён гэгээрүүлэх ажлын хүрээнд гадны байгууллагаас яриа, лекц уншуулах ажлыг зохион байгуулах-аар, 7 дугаар сард сахилга ёс зүйн зөвлөлийн ажлыг эрчимжүүлэх зөрчил заагдсан алба хаагчдад зөвлөмж хүргүүлэх, шинээр томилогдсон алба хаагчдад хариуцсан нэгжийн хэлтсээс хүмүүжүүлэгч, багш томилуулах ажилд хяналт тавих, дасан зохицох хөтөлбөрийг хэрэгжүүлэх, зөв хэвшил, хандлага арга хэмжээний хүрээнд амьдралын зөв хэв маяг сэдвээр сургалт зохион байгуулах, стрессгүй өдөр-ийн хүрээнд ахлах сэтгэл зүйч стрессийг даван туулах сэдвээр сургалт зохион байгуулах-аар, 8 дугаар сард мөн адил арга хэмжээ төлөвлөсөн, 6, 7, 8 дугаар сарын төлөвлөгөөний биелэлтээс харахад дээрх ажил, арга хэмжээнүүдийг х/а Б.Энхбат, х/ч С.Булган, д/ч Ө.Уранчимэг нар хариуцан зохион байгуулж алба хаагчдыг хамруулсан байна.
Захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан тушаалын тодорхойлолтод зааснаар тэрээр хууль тогтоомж, тушаал шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулах, хяналт тавих, биелэлт үр дүнг тооцох, хууль сахиулах чиглэлээр баримтлах бодлого чиглэл зорилт тодорхойлоход удирдлагад туслах, алба хаагчдын үүрэг гүйцэтгэх нөхцөл, ажлын байрны орчинг сайжруулах, хүний нөөцийг зөв төлөвлөх, нөхөн хангах, бие бүрэлдэхүүнийг сургах, мэргэшүүлэх сургалтын баазыг бэхжүүлж, сургалтыг зохион байгуулах, алба хаагчдын эрүүл мэнд, аюулгүй байдал, ашиг сонирхлыг хамгаалах, сэтгэл зүйн байдалд тандалт судалгаа хийх, соён гэгээрүүлэх, сахилга болон ёс зүйн дүрмийг мөрдүүлж, хяналт тавих, хариуцлагыг сайжруулах, сахилга, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, архив албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд тогтоосон заавар стандартыг мөрдүүлэх, өмч хөрөнгө, зэвсэг техник, тусгай хэрэгслийн хангалт, засвар үйлчилгээ, хадгалалт хамгаалалт зарцуулалтын байдалд хяналт тавих, төсөвлөж шийдвэрлүүлэх үндсэн чиг үүрэгтэй ч дээрх чиг үүргүүдийн зөвхөн 1 хэсэг болох архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт бэлтгэх ажлын хэсэгт ажилласан, өөрөөр тухайлан хийж гүйцэтгэсэн, зохион байгуулсан ажил арга хэмжээний талаар тайлбарлан маргаагүй, нотлоогүй болно.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг ажлын байрны тодорхойлолтод заасан дээрх чиг үүргүүдийг өдөр тутамд хэрэгжүүлэх, төлөвлөгөөнд тусган авч хэрэгжүүлэх чиглэлээр санаачилга гарган ажилласан гэх баримт үгүй, хариуцсан нэгжийн алба хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж, үүрэг, ажлын чиглэл өгөөгүй, биелэлтийг тооцож, ажлын үр дүнд үнэлэлт өгөх ажлыг орхигдуулсан, алба хаагчдын сахилга, ёс зүйг сайжруулах, ажлын хариуцлагыг дээшлүүлэх талаар ажил зохион байгуулаагүй, шинээр томилогдсон алба хаагчдад ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн талаар зааварчилга зөвлөмж, ажлын чиглэл өгөөгүй хэмээн буруутгасан нь үндэслэлтэй байна. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 37.1.13-д заасан албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах", Цагдаагийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 ... цагдаагийн байгууллагын удирдах албан тушаалтан нь эрх хэмжээнийхээ хүрээнд тухайн байгууллагын алба хаагч, ажилтны өдөр тутмын ажилд хяналт тавьж, хууль тогтоомж, цагдаагийн албан хаагчийн ёс зүй, сахилга, хүний эрх, эрх чөлөөг зөрчихөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээ авна", 68 дугаар зүйлийн 68.1. "Цагдаагийн албан хаагч нь Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг эрх үүргийг хэрэгжүүлнэ, албан тушаалын тодорхойлолтын гуравдугаар зорилтын 3.2, дөрөвдүгээр зорилтын 4.2, зургаадугаар зорилтын 6.1, 6.2, 6.4-т заасан үндсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.1.1. Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, хэм хэмжээний эрх зүйн акт, дээд шатны байгууллага, албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг ёсчлон биелүүлж, захирах, захирагдах ёсны зарчмыг баримтална гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болжээ.
Нэхэмжлэгч нь 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын даргын Б/295 дугаар сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан тушаалаас албан тушаал буурч Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл, хамгаалалтын газрын Захиргааны удирдлагын хэлтсийн даргаар томилогдсон ч дээрх байдлаар хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан зорилт, чиг үүргээ хэрэгжүүлэх талаар санаачилга гарган ажиллаагүй, урьд гаргасан зөрчил дутагдалдаа дүгнэлт хийгээгүй гэж хариуцагч дүгнэснийг буруутгахааргүй байна.
2. Актын хууль зүйн үндэслэлийн талаар:
Захиргааны удирдлагын хэлтэст шалгалтаар илэрсэн дээрх зөрчил дутагдал нь хэлтсийн дарга удирдлагад нь хамаарах нэгжийн өдөр тутмын ажилд тавих хяналтыг сулруулсан, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангалтгүй биелүүлсэн-ээс шалтгаалсан хэмээх үндэслэлээр Хяналт шалгалт, дотоод аудитын хэлтсээс шалгалтын дүнг танилцуулахдаа түүнд албан тушаал бууруулах сахилгын шийтгэл хүлээлгэх санал оруулсан, нэхэмжлэгчид 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.3 дахь хэсэгт зааснаар албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэж буй талаар сонсгох ажиллагааг хийсэн, даргын зөвлөлийн хурлаас албан тушаал бууруулах сахилгын шийтгэл хүлээлгэхээр шийдвэрлэсэн атал Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/934 дүгээр тушаалаар Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-д заасныг баримтлан албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл хэмээн сонсгох ажиллагаа хийсэн тэдгээр зөрчлөө үндэслэл болгож цагдаагийн албанаас халж, цагдаагийн хурандаа цолыг хураасан нь үндэслэлгүй, зөрчлийн шинж байдалд тохироогүй, энэ талаар Төрийн албаны зөвлөл мөн дүгнэсэн байдаг.
Өөрөөр хэлбэл Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-д зааснаар албанаас халах, цол хураах үндэслэлийн талаар нэхэмжлэгчид тайлбар гаргах оролцоог хангах сонсох ажиллагаа хийгээгүй, 82.1.1-д зааснаар албанаас халах өргөсөн тангараг, ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлийг шалгаж тогтоогоогүй байна.
Иймд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/934 дүгээр дээр дүгнэснээр хуульд нийцээгүй тушаалаар цагдаагийн албанаас халж, цагдаагийн хурандаа цолыг хураасан шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоож, энэ хууль бус шийдвэрийн үр дагавар болох ажилгүй байсан 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш тушаалд өөрчлөлт оруулсан 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл хугацааны цалинг урьд ажиллаж байсан Цагдаагийн ерөнхий газрын Эргүүл хамгаалалтын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалын цалингийн хэмжээгээр тооцон гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна. Захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалын 2019 оны 11, 12 дугаар сарын үндсэн цалинг 918,318 төгрөгөөр, 2020 оны 01 дүгээр сарын цалинг 991,783 төгрөгөөр, ажилласан хугацааны, цолны, онцгой албаны нэмэгдлүүдийг тооцон, нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар суутган 2019 оны 11 дүгээр сард ажлын 8, 12 дугаар сард ажлын 22, 2020 оны 01 дүгээр сард ажлын 15 хоногийн цалин нийт 3,013,472 төгрөгийг гаргуулж олгуулахаар шийдвэрлэлээ. Энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/67 дугаар тушаалаар нөхөн тооцохоор шийдвэрлэсний дээр цагдаагийн хурандаа цолыг сэргээсэн байдаг.
Хэдийгээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/934 дүгээр тушаалын хувьд хүчингүй болгуулах хэмээн тодорхойлсон ч шүүхэд хандан нэхэмжлэл гаргах үед уг тушаалд өөрчлөлт оруулсан, тушаалыг өөрчилсөн ч нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдсон ашиг сонирхол байгаа тул шүүх энэхүү хууль бус тушаалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т зааснаар хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.
Харин Цагдаагийн ерөнхий газрын дарга дээрх тушаалд 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/67 дугаар тушаалаар өөрчлөлт оруулж албан тушаал бууруулсан сахилгын шийтгэл хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, зөрчлийн шинж байдалд тохироогүй гэх үндэслэл тогтоогдохгүй, мөн сонсгох ажиллагаанд танилцуулсантай нийцэж байна.
Түүнчлэн өмнөх шийдвэртээ өөрчлөлт оруулж, албан тушаал бууруулах сахилгын шийтгэл хүлээлгэх болсон талаараа 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдэх сонсгох ажиллагааг утсаар хийж, тайлбарыг авсан, тэрээр албан тушаал бууруулах шийдвэрийг мөн адил хүлээн зөвшөөрөхгүй болохоо илэрхийлсэн, мөн 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/67 дугаар тушаалыг 01 дүгээр сарын 24-ний өдөр утсаар мэдэгдэж, гардуулсан байх тул шийдвэр гаргахаасаа өмнө болон шийдвэрээ мэдэгдэх ажиллагааг хийжээ.
Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.4-т зааснаар гомдлыг хянан шалгах эрх бүхий этгээд болох Төрийн албаны зөвлөлөөс Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/934 дүгээр тушаалыг хянаад хууль зүйн үндэслэлгүй, зөрчлийн шинж байдалд тохироогүй гэж дүгнэснээр Цагдаагийн ерөнхий газрын дарга тушаалдаа өөрчлөлт оруулсан нь эрх хэмжээний хүрээнд байна. Өөрөөр хэлбэл гомдлыг шийдвэрлэх эрхтэй Төрийн албаны зөвлөл ч тэр, шүүх ч тэр захиргааны /цагдаагийн байгууллага нь гүйцэтгэх чиг үүргийн хувьд төрийн тусгай алба хэдий ч алба хаагчдыг томилох, чөлөөлөх, хүний нөөцтэй холбоотой шийдвэрийнхээ хувьд захиргааны байгууллагатай адилтган үзнэ/ байгууллагын гаргасан шийдвэрийн, тухайлбал дээрх тушаалуудын хууль зүйн үндэслэлтэй эсэхийг хянахаас биш ямар шийдвэр гаргахыг заах байдлаар шийдвэр гаргах хуулиар олгогдсон эрх хэмжээнд нь халдах ёсгүй.
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/67 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл ийнхүү тогтоогдохгүй байх тул 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс хойших ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх шаардлагыг хангах үндэслэлгүй юм.
Нөгөөтэйгөөр Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/67 дугаар тушаалаар албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, албан тушаалыг бууруулан түүнийг Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл, хамгаалалтын газрын Шүүгч, шүүх хуралдааны аюулгүй байдлыг хангах тасгийн даргаар томилсон, өөрөөр хэлбэл ажил олгогч ажлын байраар хангаж, албан тушаалд томилсон байхад томилогдсон албан тушаалд нэхэмжлэгч нь ажиллаагүй тул хууль бусаар халагдсанаас ажилгүй байсан хугацааны цалин олгох ойлголт үүсэхгүйн дээр нэхэмжлэгч томилсон албан тушаалд ажилласан тохиолдолд цалингаас гадна тухайн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүрэг ажил олгогчид үүснэ, мөн тэдгээрийг шаардах эрх нэхэмжлэгчид үүснэ.
Төрийн алба, тэр дундаа хууль сахиулах төрийн тусгай чиг үүргийн байгууллагын үйл ажиллагаа тасралтгүй байх ёстой бөгөөд нэхэмжлэгч нь томилсон албан тушаалд ажиллаагүй нь удирдах албан тушаалтны үүрэг даалгаврыг биелүүлээгүй, албан тушаалын чиг үүргээ хэрэгжүүлээгүй, захирах, захирагдах ёс, өргөсөн тангаргаа зөрчсөн гэж үзэх үндэслэл болох ба сахилгын шийтгэлээр бууруулан томилсон албан тушаалд ажиллах нь уг шийдвэртэй маргах эрхийг хязгаарлахгүйн дээр албан тушаал бууруулсан шийдвэрийг зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болохгүй юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.3, 106.3.13 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 37 дугаар зүйлийн 37.1.13, Цагдаагийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 68 дугаар зүйлийн 68.1, 81 дүгээр зүйлийн 81.2, 81.3, 81.4.3, 82 дугаар зүйлийн 82.1.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/934 дүгээр тушаалын цагдаагийн хурандаа Б.Мөнхбатыг Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1 дэх заалтыг баримтлан албанаас халж, цагдаагийн хурандаа цолыг хураасан хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож, 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх 3 сар 8 хоногийн цалинг гаргуулан олгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/67 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Цагдаагийн ерөнхий газрын Эргүүл хамгаалалтын газрын Захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс хойших хугацааны цалинг гаргуулах, энэ хугацааны нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХАЛИУНА