Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 170

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэнг суулган, улсын яллагч Б.Догмиддорж, шүүгдэгч Д.Сандагдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;  

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Иөншөөбү одонгоо овогт Дорждэрэмийн Сандагдоржид холбогдох эрүүгийн 1721002080108 дугаартай хэргийг 2017 оны 10 сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 1959 оны 07 сарын 11-ний өдөр төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэрийн хүүхдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р баг Өгөөмөрийн 1-6 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй, бие эрүүл Иөншөөбү одонгоо овогт Дорждэрэмийн Сандагдорж.   /РД:ЖЭ 59071174/,  

Шүүгдэгч Д.Сандагдорж нь 2017 оны 09 сарын 29-ний өдөр 17 цагийн орчимд Дорнод аймаг Хэрлэн сумын 1-р багт байрлах багийн ажлын албаны урд талын замд “Пажеро” маркийн 73-98 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, саад, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” мөн дүрмийн 7 дугаар бүлгийн 7.16Е-д заасан “Чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал болон таксины зогсоол дээр буцаж эргэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас М.Зоригтбаатарын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/   

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг  шинжлэн судлав.

Шүүгдэгч Дорждэрэмийн Сандагдорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 10 сарын 29-ний орой 17 цаг орчим өнгөрч байхад Бунханы тэнд байдаг автобусны буудлаас машинтайгаа эргэж байгаад мотоцикльтой хүнийг мөргөж унагасан. Тэр хүн зүгээр гээд явах гэж байхад нь би эмнэлэгт очиж үзүүл гэмтэл учирсан байх гээд эмнэлэг ороод үзүүлсэн. Тэгээд хүлээн авах дээр үзүүлж байхад цагдаа дуудсан байсан гэжээ.

Хохирогч Мижиддоржийн Зоригтбаатар мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Би өөрийн эзэмшлийн 43-66 ДОЗ улсын дугаартай Даюун маркийн мотоцикльтойгоо 2017 оны 09 сарын 29-ний орой 16 цаг өнгөрч байхад Төмөр зам руу хүнтэй уулзахаар ганцаараа явж байгаад Хэрлэн сумын 1-р багт байрлах багийн ажлын албаны урд талын төв зам дээр баруунаас зүүн чиглэлтэй явж байсан. Харин миний урд талд Пажеро маркийн 73-98 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл автобусны зогсоол руу орж хүн буулгах гэж байгаа юм шиг машинаа дарж эргэхээр нь хажуугаар өнгөрөх гэж байхад тухайн машин гэнэт урдуур орж ирэхээр нь би тормос дарж амжилгүй тухайн машины бөгсөн хэсгийг мөргөөд зогссон. Миний зүүн гарын шуу хэсэг эвгүй болоод янгинаж өвдөөд байхаар нь бариачид үзүүлнэ эндээ тохирьё гэж тэр машины жолоочид хэлэхэд, таньтай тохирохгүй цагдаад өгнө гээд цагдаад мэдэгдсэн. Д.Сандагдорж надад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй” гэжээ. /хх-ийн 22-25/     

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-14/

Зам тээврийн осол дээр тогтоосон акт, ослын схем зураглал, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд /хх-ийн 15-20/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 сарын 02-ны өдрийн 579 тоот дүгнэлтэд

1. М.Зоригтбаатарын биед зүүн шуу ясны хугарал, цээжинд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар тогтоогдсон зүүн шуу ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр, 2.4.1-д зааснаар цээжний зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, хацарны цус хуралт гэмтлүүд нь бүрдэл байдлаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ /хх-ийн 28/

Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн дүгнэлт /хх-ийн 32/

Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн Засаг даргын шүүгдэгч Д.Сандагдоржийн талаархи тодорхойлолт / хх-ийн 23/

Урьд нь ял шийтгээгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.  

 Шүүгдэгч Д.Сандагдоржийг хүний  эрүүл мэндэд  хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтын талаар:        

Шүүгдэгч Д.Сандагдорж нь 2017 оны 09 сарын 29-ний өдөр 17 цагийн орчимд Дорнод аймаг Хэрлэн сумын 1-р багт байрлах багийн ажлын албаны урд талын замд “Пажеро” маркийн 73-98 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, саад, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” мөн дүрмийн 7 дугаар бүлгийн 7.16Е-д заасан “Чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал болон таксины зогсоол дээр буцаж эргэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас М.Зоригтбаатарын эрүүл мэндэд нь зүүн шуу ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Д.Сандагдоржийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж өгсөн “...би 2017 оны 09 сарын 29-ний өдөр 17 цагийн орчимд өөрийн эзэмшлийн Тоёото Пажеро маркийн 73-98 ДОА улсын дугаартай авто машинтайгаа Хэрлэн сумын 1-р цэцэрлэгээс дүүгийн хоёр бага насны хүүхдийг аваад гэр рүүгээ аймгийн төв замаар зүүн тийш явж байхад Хэрлэн сумын 1-р багийн ажлын байрны урд талд явж 11-р сургуулиас хүүхэд авахаар болоод замын урд хэсгийн автобусны буудлын зогсоол руу орж буцаж эргэх үйлдэл хийхэд баруун талаас чигээрээ явж байсан мотоцикльтой хүн ирээд машиныг маань мөргөчихсөн....би хохирогч Зоригтбаатарт эмчилгээний зардалд бэлэн 100000 төгрөг өгсөн. Мөн эвдэрсэн мотоциклийнх нь хянах самбар, урд талын их гэрэл, крило, банк, баруун талын тольны суурь зэргийг шинээр сольж өгч байгаа...би өөрийнхөө гэм буруугаа ойлгож байгаа. Хохирлыг хүлээн зөвшөөрч байгаа учир бүрэн төлсөн” гэх  мэдүүлэг /хх-ийн 36-37/, түүний мэдүүлгийг давхар нотолсон хохирогч М.Зоригтбаатар мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Би өөрийн эзэмшлийн 43-66 ДОЗ улсын дугаартай Даюун маркийн мотоцикльтойгоо 2017 оны 09 сарын 29-ний орой 16 цаг өнгөрч байхад Төмөр зам руу хүнтэй уулзахаар ганцаараа явж байгаад Хэрлэн сумын 1-р багт байрлах багийн ажлын албаны урд талын төв зам дээр баруунаас зүүн чиглэлтэй явж байсан. Харин миний урд талд Пажеро маркийн 73-98 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл автобусны зогсоол руу орж хүн буулгах гэж байгаа юм шиг машинаа дарж эргэхээр нь хажуугаар өнгөрөх гэж байхад тухайн машин гэнэт урдуур орж ирэхээр нь би тормос дарж амжилгүй тухайн машины бөгсөн хэсгийг мөргөөд зогссон. Миний зүүн гарын шуу хэсэг эвгүй болоод янгинаж өвдөөд байхаар нь бариачид үзүүлнэ эндээ тохирьё гэж тэр машины жолоочид хэлэхэд, таньтай тохирохгүй цагдаад өгнө гээд цагдаад мэдэгдсэн. Д.Сандагдорж надад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 22-25/,  Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-14/,  Зам тээврийн осол дээр тогтоосон акт, ослын схем зураглал, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд /хх-ийн 15-20/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 сарын 02-ны өдрийн 579 тоот дүгнэлтэд М.Зоригтбаатарын биед зүүн шуу ясны хугарал, цээжинд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар тогтоогдсон зүүн шуу ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр, 2.4.1-д зааснаар цээжний зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, хацарны цус хуралт гэмтлүүд нь бүрдэл байдлаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ /хх-ийн 28/, Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн дүгнэлт болон бусад хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.        

Шүүгдэгч Д.Сандагдоржид холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзлээ.  

 Шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач  холбогдолтой, хуульд заасан журмын дагуу авагдсан гэж үзсэн тул шүүгдэгч Д.Сандагдоржийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.   

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нотлох баримтын талаар:     

Шүүгдэгч Д.Сандагдоржийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 сарын 02-ны өдрийн 579 тоот дүгнэлт, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, ослын схем зураглал, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Сандагдорж нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.  

Шүүгдэгч Д.Сандагдорж нь мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргийнхээ  гэм бурууг  хүлээн зөвшөөрч, Дорнод аймгийн Прокурорын газраас санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасныг  Прокурорын газраас шүүгдэгч Д.Сандагдоржид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь хууль зөрчөөгүй байна.

Мөн шүүгдэгч Д.Сандагдорж нь  “шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө  өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүгдэгч нь өөрөө, өөрийгөө өмгөөлөх талаар зохицуулсан тул өмгөөлөгчгүй оролцуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Д.Сандагдорж нь торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хүсэлт гаргасаныг хүлээн авч шүүгдэгчийн  орлогын боломжийг харгалзан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд  хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна гэж үзэв.   

 Хохирогч М.Зоригтбаатар нь шүүгдэгч Д.Сандагдоржоос хохирлоо бүрэн авсан, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй,битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, бичгийн баримтаар ирсэн ЖЭ59071174 регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхний лавлагааны хуулбар, АЯ 0280466 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй байна.    

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:       

 

1. Шүүгдэгч Иөншөөбү одонгоо овогт Дорждэрэмийн Сандагдоржийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Дорждэрэмийн Сандагдоржийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.     

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч Д.Сандагдоржийн орлогын боломжийг харгалзан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Д.Сандагдорж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, бичгийн баримтаар ирсэн ЖЭ 59071174 регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхний лавлагааны хуулбар, АЯ 0280466 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг буцаан олгосугай.      

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Сандагдоржид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.   

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл Прокурор, даад шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг  гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ