Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
Хэргийн индекс | 136/2024/00006/И |
Дугаар | 136/ШШ2024/00112 |
Огноо | 2024-03-13 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 136/ШШ2024/00112
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, ... сум, ....-р баг, .......хороолол ....... тоотод оршин суух Б. овогт Г.Г,
Хариуцагч: Дорноговь аймаг, ....... сум, ....... дугаар баг, .........дугаар байр 2-37 тоотод оршин Б. овогт О.Б,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд оногдох хэсэг 94,594,500 төгрөг тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Г.Г,
Хариуцагч: О.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуунзул,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Г нь О.Б.д холбогдуулан Гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд оногдох хэсэг 94,594,500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Нэхэмжлэгч Г.Г. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Г, О.Б бид гэрлэлтээ цуцлуулж охин Б.Х, хүү Б.Т нарыг эх миний асрамжид үлдээж эцэг О.Б-р тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд одоо энэ нэхэмжлэлээр гэр бүлийн дундын хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулахаар шаардлага гаргуулж шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна.
Бид гэр бүл болсноос хойш
-Дорноговь аймгийн ...... сумын ........ дугаар баг ...........дугаар байр ........ тоотод байрлах орон сууц үнэ 80,626,000 төгрөг,
-Авто машин HARRIER маркийн автомашин үнэ 38,000,000 төгрөг,
Гэрийн тавилгад
-Гал тогооны өрөөний тавилга 800,000 төгрөг
-Хөргөгч 1,200,000 төгрөг
-Духовка 800,000 төгрөг
-Угаалгын машин 400,000 төгрөг
-Ус халаагч /бойлуур/ 400,000 төгрөг
-Буйдан 700,000 төгрөг
-Ширээ сандал 600,000 төгрөг
-Хувцасны шкаф 500,000 төгрөг
-Хувцасны өлгүүр 400,000 төгрөг
-Зурагтны тавиур 250,000 төгрөг
-Хивс 250,000 төгрөг
-Хүүхдийн ор 900,000 төгрөг
-Гэрлийн абжур 300,000 төгрөг нийт 7,500,000 төгрөг зэрэг дундын эд хөрөнгөтэй болсон байна. Бид нэгэнт гэрлэлтээ цуцлуулсан тул гэр бүлийн дундын хөрөнгөөс өөрт болон 2 хүүхдэдээ ногдох хэсгийг гаргуулж авахаар нэхэмжлэл гаргаж байна. Автомашины хувьд бид 2021 онд гэр бүлийн хэрэгцээндээ зориулж худалдан авсан байсан ба бид 2022 оны 07 дугаар сараас таарамжгүй харьцааны улмаас тусдаа амьдарч байх хойгуур О.Б автомашины бичиг баримтыг нь өөрийн үеэл Х.Б гэдэг хүний нэр дээр шилжүүлж одоог хүртэл өөрөө унаж эдэлж байна. Иймд энэ машин бидний гэр бүлийн дундын эд хөрөнгө юм.
Нийт нэхэмжлэлд дурдсан хөрөнгө 126,126,000 төгрөгийн үнийн дүнтэй болж байгаа бөгөөд би өөртөө ногдох хэсэг болон охин Б.Х, хүү Б.Т нарт оногдох хэсэг болох 94,594,500 төгрөгийг О.Б-с нэхэмжилж байх тул гаргуулан өгнө үү.
Машинаа 3 жилийн өмнө хүнд зарсан гээд байна. Одоо хүртэл энэ машинаа унаад л байгаа. Машин нь 30 дугаар байрны гадна байгаа. Гэхдээ тээврийн хэрэгсэл эзэмшигчийн нэр нь Б.Х гэдэг хүн рүү 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шилжсэн байсан. Тухайн үед би нэрээ шилжүүлснийг мэдэхгүй унадаг л байсан. Намайг мөн 3 жилийн өмнө гэрээсээ явсан гээд байна. Би тухайн үед гэртээ байсан. 2023 оны 02 дугаар сар хүртэл гэртээ байж байгаад Солонгос улс руу явсан. Тэр хүртэл тэр машиныг хааяа унадаг байсан. Х гэдэг нь Б-ын ээжийнх нь төрсөн дүүгийнх нь хүүхэд, нэг ёсондоо машинаа үеэлийнхээ нэр дээр шилжүүлээд өөрөө унаад л явж байгаа. Би тухайн гэрээс яагаад явах болсон гэхээр согтуу ирчихээд намайг гэрээсээ хөөгөөд, янз бүрийн үгээр харааж, доромжилдог байсан. Тэрнээс болж би гэрээсээ явсан. 4 сард Солонгосоос ирээд 2 хүүхэдтэйгээ байрандаа амьдарч байсан чинь дахиад л хөөсөн. Чиний юм нэг ч байхгүй, өөрийнхөө юмыг аваад яв гэсэн. Тэгээд би хоёр хүүхэдтэйгээ баймаар байна, хүүхдүүдийнхээ гэрт байна гэсэн чинь хоёр хүүхдээ аваад зайл гэж байсан. Охин руугаа хүртэл өнөөдрөөс эхлээд аавгүй гэж бодож, амьдраарай. Залуус хорооллынхоо залуугаар тэжээлгэж амьдраарай гэсэн байсан. Хүний өмнө хоёр хүүхдээ бодож байна гэж хэлдэг мөртөө яагаад шандад ирэхээрээ гэртээ дуудаж, уулздаггүй юм. Манай бага хүү аавтайгаа уулзмаар байна гэдэг. Би аав, эмээтэйгээ уулз, ярь гэж хэлдэг. Надад тухайн байрнаас хөөгдөөд очих газар байхгүй. Тухайн үед намайг хардаж араас хөөж явж байгаад залуус хорооллоос гарахыг харсан гээд л хардаад гэрээсээ хөөж байгаа. Өөрийн юмаа аваад зайл, би насаараа хөдөлмөрлөж энэ амьдралаа босгосон гэдэг. Тэгвэл би ард нь яг юу хийсэн юм. Ковидын үед ипотекийн зээл царцаагаад зээл төлөөгүй. Манай бага хүүхэд төрөлхийн зүрхний гажигтай болохоор улсаас сар бүр тэтгэмж авдаг. Тэгээд чи өөрийнхөө цалингаар болго, би зээлээ төлөөд мөнгө илүү гарахгүй байна гэдэг. Сүүлийн хоёр жил нөхрийнхөө хэдэн төгрөгийн цалин авч хэдэн төгрөгийн зээл төлдөг гэдгийг нь ч мэдэхгүй. Сүүлд утсыг нь ухаж үзсэн чинь бэт гээд тоглоомд хамаг мөнгөө үрсэн байсан. Цалин нь тэгээд л хүрдэггүй байсан байна лээ. Манай охин мөн ааваасаа нэг удаа гэртээ найзуудыгаа дагуулж очоод төрсөн өдрөө тэмдэглэе, түлхүүрээ өгчих гэсэн чинь үгүй гээд өгөөгүй гэсэн. Тийм байж манай гэрийн түлхүүр өөр танихгүй эмэгтэйд байгаа. Тэр нотолгоо нь миний чатад байгаа. Би сүүлд зодуулах шахан байж түлхүүрээ нэхсэн ч надад өгөөгүй. Намайг очиж газаргүйг мэдсээр байж хөөж явуулчихаад 2, 3 жил хүнтэй явалдсан гээд байгаа. Үнэхээр хүнтэй яв алдсан юм бол яагаад баримт нотолгоо нь хаана байгаа юм. Өөрөө хүүхэдтэйгээ зайл гэж хөөж явуулчихаад одоо болохоор яагаад миний хоёр хүүхдэдээ л өгнө гээд яриад байгаа. Тиймээс би хоёр хүүхдэдээ зориулаа өөрийн нэр дээрх байраа л авмаар байна гэв.
Хариуцагч О.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: О.Б миний бие Г.Г-тай гэрлэж 17 жил амьдрах хугацаанд 2 хүүхэд өсгөн бойжуулсан. Гэр бүлээ тэжээн тэтгэхийн тулд .........үйлдвэрт 2007-2013 оны хооронд уулын мастераас Ил уурхайн нэгдсэн цехийн дарга, 2018 онд БНСАУ-д амьдралаа дээшлүүлэх зорилгоор ажилласан, 2019 оноос одоог хүртэл......ХХК-д ХАБЭА-н инженерээр ажиллаж байна.
Ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалж жилийн 270-2800 хоног орон гэр, үр хүүхдүүдээсээ хол ажиллаж байлаа. Гэр бүл үр хүүхдийнхээ төлөө төвлөрсөн газраас хол орон нутагт удаан хугацаагаар ажиллах хугацаанд гэр бүлийн хүн Г.Гнь ......О-тэй нууцаар гэр бүлийн харилцаа тогтоосон албан ёсны гэр бүлийн баталгаа салгахаас өмнө нь О-ийн гэрт очиж амьдарсан. Шүүхээс 3 сарын эвлэрүүлэн зуучлах хугацаа өгсөн боловч энэ шийдвэрийг үл ойшоож БНСАУ-д аяллаар явж ирээд гэртээ ирэлгүй О-д очиж суусан. Энэ хугацаанд үр хүүхдийнхээ сайн сайхан ирээдүйг бодож хамтран амьдрах саналыг удаа дараа тавьж байсан боловч саналыг үл ойшоож О-тэй гэр бүлийн харилцаа тогтоож өөрийн эдэлж хэрэглэж байсан бүх зүйлээ аваад явсан. О нь урьд нь гэр бүл, үр хүүхэдтэй байж байгаад салсан ганц бие залуу байсан. О нь манай гэр бүлийн амьдралыг салгаж сарниулаад зогсохгүй 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр .......... залуутай 2 машинтай араас дагаж байгаад ирж бүлэгдэн зодсон. Цагдаагийн нүдэн дээр удаа дараа халдаж байсныг цагдаа харж байсан. Эмнэлгийн анхан шатны дүгнэлтээр надад хөнгөн зэргийн гэмтэл үүсч байсан. Дээрх үйлдлээс болж О-д зөрчлийн хуулиар 100,000 төгрөгөөр торгуулж байсан. Би Г-тай амьдралаа холбосон 17 жилийн хугацаанд гэр бүлээс гадуур ямар нэгэн харилцаанд орж байгаагүй, амьдралын төлөө зүтгэж яваа болно. Г- нь надаас гэр бүлийн харилцаа тасалж явахдаа цалингийн зээл 15,000,000 төгрөг, байрны зээл 30,000,000 төгрөг, нийт 45,000,000 төгрөгийн зээл үлдсэн. Дээрх зээлийн төлөх үр хүүхдийн тэтгэмж зардалд миний одоогийн авч байгаа цалин мөнгө хүрэлцэхгүй байгаа. Г.Г-ийн нэхэмжилж байгаа 3 дугаар баг 30 дугаар байр 37 тоот байрыг ......ХХК-д Гал хөдөлмөр хамгааллын инженерээр ажиллаж байхдаа 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр орон сууц захиалгаар барьж худалдах, худалдан авах гэрээний дагуу урьдчилгаа болох 16,770,000 төгрөгийг машин болон хүнээс зээлж С.М-д өгч үлдэгдэл 39,130,000 төгрөгийг ипотекийн зээлээр 20 жилийн хугацаатай төлж байгаа бөгөөд одоо би энэ байрандаа амьдарч байна.
-Toyota HARRIER маркийн машиныг 2022 оны 12 дугаар сарын 22-нд УБТЗ-н туслах машинист Х-д өр зээлийн барьцаанд 20,000,000 төгрөгөөр зарсан тул надад ямар нэгэн тээврийн хэрэгсэл байхгүй.
-Гэрийн тавилгыг ........ ХХК, БНСАУ, ........ХХК-д 2014-2024 оны хооронд ажиллаж байхдаа худалдаж авч ашиглаж байсан. Гэрийн тавилгыг цаашид ашиглахгүй тул татгалзах зүйлгүй.
-2022 оны 08 дугаар сард хөдөө ажиллаж байхдаа 489м2 талбай бүхий......... баг . тоот өмчлөх газрыг уурхайд ажиллаж байхдаа 7,500,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож өөрийн биеэр очих боломжгүй байсан тул Г-г явуулж байсан. Дээрх газрыг худалдаж авч байсан бичиг баримтууд бүрэн байгаа. Дээрх газрыг миний нэр дээр шилжүүлж өгөхийг хүсч байна.
Иргэн Г.Г-н нэхэмжилсэн 126,126,000 төгрөгийг гаргаж өгөх боломжгүй. Миний амьдралыг салгаж сарниулаад одоо амьдарч байгаа орон байрыг нэхэмжилж байгаад гомдолтой байна. Элдэв дарамтыг туулж үр хүүхдийнхээ ирээдүй сайн, сайхны төлөө зүтгэж явна. Иймд хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Машин нэхэмжлээд байх шиг байна, машин нь 3 жилийн өмнө зарагдсан. Одоо өөр зөндөө хүмүүсийн гар дамжсан байгаа. Тухайн үедээ би байр авах гэж зээл авсан байсан. Түүнийгээ төлөх гэж л машиныг зарсан. Байрны хувьд би одоо хүртэл амьдарч байгаа. Байрыг ипотекийн зээлээр авсан, унаж байсан машинаа зарж урьдчилгаа мөнгөө төлсөн. Энэ хүнийг анх бизнес эрхлэхэд бүх мөнгийг нь гаргаж байсан. Одоо ч хүүхдүүдтэйгээ уулзаж чадахгүй, хэцүү л байгаа. Үнэхээр энэ байрыг өгнө гэвэл би хүүхдүүддээ л өгнө. Энэ амьдралд хамгийн их хохирсон нь би болон миний хүүхдүүд л байгаа. Миний хувьд өөр хүнтэй сууж, хамт амьдраад байгаа зүйл байхгүй. Хувийн орон зайд халдаад хүүгээр минь миний утсыг авхуулаад миний чатыг харсан л юм байна лээ. Үнэхээр ийм зүйл яриад байгаа бол миний хүүхдүүдийг надад өгчих. Тэнд өөр хүний харцанд байснаас, эцэгтэйгээ тааваараараа гэртээ байж байг. Би эхний хуралд нь оролцоод, ярьж чадаагүй. Сард 2,000,000 гаран төгрөгийн зээл төлдөг учраас байнгын ажил хийдэг. Түүнээс архидаж, шоудаад байдаггүй. Би хоёр хүүхдээ өгөхгүй, өөр эцгийн гар харуулахгүй гэж тайлбар бичиж өгсөн байсан ч шүүх надгүйгээр бүх асуудлыг шийдвэрлэж хоёр хүүхдийг асрамжийг ээж дээр нь шийдсэн байна лээ. Мөн зарсан машиныг одоо яриад яах уу би унаад байгаа зүйл байхгүй. Энэ байр чинь ипотекийн зээл гээд банкны барьцаанд хэрэв байгаа. Хэрэв энэ зээлээ төлөхгүй бол байрыг чинь банк авдаг. Би байрыг өгөхгүй гэж хэлээгүй, хэрэв өгвөл хоёр хүүхдүүддээ л өгнө. Түүнээс би өөр амьдрал зохиосон хүнд юу гэж байраа өгөх вэ гэжээ.
Нэхэмжлэгчээс 2007 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ..........дугаартай гэрлэлтийн бүртгэлийн хуулбар /хх-3х/, Б овогт Б-ын Т-/РД: ............/-ийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-4х/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-5х/, 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 06 дугаартай Дорноговь аймгийн Авто тээврийн төвийн тодорхойлолт /хх-6х/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх7х/, тээврийн хэрэгслийн өмнөх өмчлөгчийн лавлагаа /хх-8х/, Хас Үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-9-20х,23х,24х,26х/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-21-22х,25/, хариуцагчийн хариу тайлбар /хх-41-42х/, хариуцагчийн Дорноговь аймгийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-43х/, яаралтай тусламжийн хуудас /хх-44х-45х/, 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 20 дугаартай орон сууц захиалгаар барьж худалдах, худалдан авах гэрээ /хх-46-50х/, Дорноговь аймаг, ........ сум, .......... баг ..........гудамж .........тоот 489м 2 газрын гэрчилгээ /хх-51х/, 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн авто тээврийн үндэсний төвийн лавлагаа /хх-53х/, 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа /хх-54х/, хариуцагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-55х/, 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа, Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 505 дугаар шийдвэр зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 81,094,500 төгрөг гаргуулж, 13,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: Бид гэрлэлтээ цуцлуулсан, гэр бүлийн дундын хөрөнгө болох Дорноговь аймгийн ........... сумын ........баг ..........байр ......... тоот орон сууц үнэ 80,626,000 төгрөг, , .......... улсын дугаартай Тоёота хариэр маркийн автомашины үнэ 38,000,000 төгрөг, Гэрийн тавилгад нийт 7,500,000 төгрөгөөс өөрт болон 2 хүүхдэд ногдох хэсэг 94,954,500 төгрөгийг гаргуулна гэж,
3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар татгалзаж тодорхойлж байна. Үүнд: Г нь надаас гэр бүлийн харилцаа тасалж явахдаа цалингийн зээл 15,000,000 төгрөг, байрны зээл 30,000,000 төгрөг, нийт 45,000,000 төгрөгийн зээл үлдсэн. Дээрх зээлийн төлөх үр хүүхдийн тэтгэмж зардалд миний одоогийн авч байгаа цалин мөнгө хүрэлцэхгүй байгаа. Г.Г-ийн нэхэмжилж байгаа ..... баг ....... дугаар байр ........тоот байрыг ........ ХХК-д Гал хөдөлмөр хамгааллын инженерээр ажиллаж байхдаа 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр орон сууц захиалгаар барьж худалдах, худалдан авах гэрээний дагуу урьдчилгаа болох 16,770,000 төгрөгийг машин болон хүнээс зээлж С.М.д өгч үлдэгдэл 39,130,000 төгрөгийг ипотекийн зээлээр 20 жилийн хугацаатай төлж байгаа бөгөөд одоо би энэ байрандаа амьдарч байна.
-Toyota HARRIER маркийн машиныг 2022 оны 12 дугаар сарын 22-нд УБТЗ-н туслах машинист Х.д 20,000,000 төгрөгөөр үнэлж өр зээлийн барьцаанд зарсан тул надад ямар нэгэн тээврийн хэрэгсэл байхгүй.
-Гэрийн тавилгыг ........ ХХК, БНСАУ, ........ ХХК-д 2014-2024 оны хооронд ажиллаж байхдаа худалдаж авч ашиглаж байсан. Гэрийн тавилгыг цаашид ашиглахгүй тул татгалзах зүйлгүй.
Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж татгалзлын үндэслэлээ тодорхойлж байна.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Г.Г, О.Б нар Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 136/ШШ2023/00505 дугаартай шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, охин Б.Х, хүү Б.Т нарыг эх Г.Гн асрамжид үлдээж, О.Б.р тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэжээ.
Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн юм.
Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг гэрлэлт цуцалсны дараа нэхэмжлэгчийн шаардлагаар хувааж болох, маргаан гарсан тохиолдолд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг шүүх тогтоохоор Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1, 130.3 дахь хэсэгт заасан.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Дорноговь аймгийн ...... сумын 3 дугаар баг, .......байр ..........байрлах орон сууц зориулалттай 43 м.кв талбайтай 1 өрөө үл хөдлөх эд хөрөнгө, ........ улсын дугаартай Тоёота хариэр маркийн автомашин, гэрийн тавилга /гал тогооны өрөөний тавилга,хөргөгч, духовка, угаалгын машин, ус халаагч, буйдан, ширээ сандал, хувцасны шкаф, хувцасны өлгүүр, зурагтны тавиур, хивс, хүүхдийн ор, гэрлийн абажур/ зэрэг эд хөрөнгө нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2 дахь хэсэгт заасан гэр бүлийн гишүүний хамтран өмчлөх дундын өмч болох нь талуудын тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-3/, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-23/, Дорноговь аймгийн Авто тээврийн төвийн түүхчилсэн лавлагаа /хх-6-8/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Хариуцагч ....... улсын дугаартай тоёота хариэр маркийн автомашиныг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Б.Х.т гэх хүний эзэмшилд шилжүүлсэн тул энэ тээврийн хэрэгсэл байхгүй гэж, нэхэмжлэгч автомашиныг бусдын эзэмшилд шилжсэн талаар мэдээгүй гэж тайлбарладаг.
Хариуцагч О.Б гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох автомашиныг нэхэмжлэгч Г.Г.д мэдэгдэлгүй бусдын эзэмшилд шилжүүлсэн байх тул Г.Г зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.4 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.
Гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байхаар Иргэний хуулийн 129 дүгээр зүйл 129.2 дахь хэсэгт заасан.
Нэхэмжлэгч Дорноговь аймгийн ...... сумын....... баг .......байр .......тоот орон сууцыг Хас үнэлгээ ХХК-иар 80,626,000 төгрөгөөр үнэлүүлсэн, мөн гэрийн тавилгыг 7,500,000 төгрөгөөр үнэлж шаардлагаа тодорхойлсонд хариуцагч маргаагүй,
харин ... улсын дугаартай Тоёота хариэр маркийн автомашиныг 38,000,000 төгрөгөөр үнэлснийг зөвшөөрөхгүй, 20,000,000 төгрөгөөр зарсан гэж маргаж байна.
Нэхэмжлэгч автомашиныг 38,000,000 төгрөгийн үнэтэй болохыг баримтаар нотлоогүй тул хариуцагч 20,000,000 төгрөгөөр худалдсан гэх тул автомашиныг 20,000,000 төгрөгөөр тооцох нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт гэр бүлийн гишүүн гэдэгт гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг ойлгохоор тодорхойлсон гэр бүлийн нийт гишүүдэд Г.Г, О.Б, охин Б.Х, хүү Б.Тнар хамаарч байх тул гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг 4 гишүүнд тэнцүү хэмжээгээр хуваарилах нь зүйтэй байна.
Нийт гэр бүлийн дундын эд хөрөнгөд Дорноговь аймгийн ...сумын ........ дугаар баг .........байр ........ тоот орон сууц 80,626,000 төгрөг, гэрийн тавилга 7,500,000 төгрөг, 99-......... улсын дугаартай Тоёота хариэр маркийн автомашин 20,000,000 төгрөг нийт 108,126,000 төгрөг, нэг гишүүнд ногдох хөрөнгө 27,031,500 төгрөг болж байна.
Гэрлэгчид гэрлэлтээ цуцалснаас хойш тухайн орон сууцанд О.Б амьдарч байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлага гар бүлийн дундын эд хөрөнгийг мөнгөн дүнгээр гаргуулахаар нэхэмжлэгч шаардсан байх тул нэхэмжлэгч Г.Г, охин Б.Х, хүү Б.Т нарт ногдох 81,094,500 төгрөгийг хариуцагч О.Б.с гаргуулахаар шийдвэрлэж, үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч О.Б.ын өмчлөлд үлдээж шийдвэрлэлээ.
Талууд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө зээлийн үлдэгдэлтэй байгаа, мөн гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд Дорноговь аймгийн ..........сумын . баг ........ гудамж.......... тоот хаягт байрлалтай 4410052808 нэгж талбарын дугаартай 489 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг дурдсан боловч энэ талаар баримтыг гаргаж өгөөгүй, нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй байх тул энэ талаар хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Г.н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 560,792+70,200=630,992 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Б.с 81,094,500 төгрөгийн үнийн дүнгийн улсын тэмдэгтийн хураамж болох 563,422.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Г.д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.3, 128.4, 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан О.Б.с 81,094,500 төгрөг гаргуулж Г.Г. болон охин Б.Х., хүү Б.Т.нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Га.......н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 630,992 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Б.с 563,422,5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Г.д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ
.