Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2024/01414

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 01 өдөр Дугаар 183/ШШ2024/01414 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн  дүгээр хороо,  дугаар хороолол, Хатанбаатар Магсаржавын гудамж,  байрны  тоот хаягт оршин суух, И овогт М.Ө-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг,  дугаар хороо, Үйлдвэрчний гудамж  тоот хаяг өөрийн байранд байрлах, З-т холбогдох,

 

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүү гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шинэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие хуучнаар А ХК-д 1999 оноос орлогын оператор, ШТС-ын түгээгч, 2000 оноос тооцооны нягтлан бодогч, 2016 оноос одоогийн ******* ОНӨААТҮГ-ын 1 дүгээр баазад Санхүү бүртгэлийн албаны ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан. Намайг ******* ОНӨААТҮГ-ын захирлын 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Б/604 дүгээр тушаалаар хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ биелүүлэх үедээ ажлын хариуцлага алдсан гэх үндэслэлээр албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь манай 1 дүгээр баазад 155 литр антифриз илүү гарсан дүн гарсан. Түүний 100 литр нь өмнө нь нэг ажилтан хулгайлаад хашаанаас гарах гэж байх үед нь хураан авсан антифриз байдаг. Түүнийг орлогод авах эсэх нь одоог хүртэл шийдэгдээгүй асуудал байгаа. Мөн бусад илүү гарсан, дутсан гэх бараа материал нь зориулалтын хэмжих багаж төхөөрөмжгүйгээс шалтгаалсан. Тушаалд хөдөлмөрийн гэрээний 4.1.1-д хөдөлмөрийн гэрээ болон албан тушаалын тодорхойлолтоор хүлээсэн үүргээ биелүүлэх үедээ ажлын хариуцлага алдан үйлдвэрийн газарт хохирол учруулсан болон үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлсэн бол гэсэн заалтыг үндэслэсэн. Гэтэл миний бие хөдөлмөрийн харилцааны ямар зөрчил гаргасан болох, ямар хохирол учруулсан нь тодорхойгүй, зөрчил гаргаагүй байхад баг бүрдүүлэх нэрийн дор удирдлагын зөвлөгөөнөөр хэлэлцэлгүй арга хэмжээ авч, албан тушаал бууруулж, цалин хассан нь хууль бус юм. Иймд ******* ОНӨААТҮГ-ын захирлын 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Б/ дүгээр сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоон, цалингийн зөрүү гаргуулж өгнө үү... гэв.

 

2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...******* нь 1999 оноос ******* нэг компанид орлогын оператор ажилд орж, 2016 оноос ******* ОНӨААТҮГ-ын 1 дүгээр баазын санхүү бүртгэлийн албаны ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан. Нэхэмжлэгчид ногдуулсан 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Б/604 тоот тушаал хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлага хангасан. Учир нь байгууллагын хэмжээнд 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/ тоот тушаалаар эд хөрөнгийн хагас жилийн тооллогыг хийсэн. Энэ тооллогоос 20 хоногийн дараа буюу 07 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд нэг болон нэг, хоёрдугаар баазуудын тос, тосолгооны бараа материалуудын тооллогыг нэгтгэлийн ерөнхий нягтлан бодогч Мөнгөнтуяа, тооцооны нярав Бадамзул, сэлбэгийн нярав Долгион, аж ахуйн нярав Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэйгээр тоолсон. Тооллогоор нэгдүгээр баазын ажлын хэсгээс 191 литр антифриз илүү гарч, цэнхэр түлш 8 литр дутуу нийт 1 547 100 төгрөгийн шатах тослох материал илүүдсэн. Санхүү бүртгэлийн хэлтсийн хурал 2023 оны 08 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд хуралдаж, илэрсэн зөрчил дутагдлыг хэлэлцсэн. Хуралд нэхэмжлэгч өөрийн биеэр суусан ба илэрсэн зөрчилд холбогдох тайлбарыг хэлсэн. Баазын ахлах нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолтын дагуу нэхэмжлэгч нь өөрийн шууд удирдлагад ажилладаг ажилтнуудын өдөр тутмын ажилд хяналт тавих үүрэгтэй ба тооллогоор илэрсэн зөрчил нь ахлах нягтлан бодогчийн ажил үүрэгтэй шууд хамааралтай. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

3. Нэхэмжлэгчээс Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах хороонд гаргасан гомдол, ******* ОНӨААТҮГ-ын ажилтын үйлвэрчний эвлэлийн хорооны 2023 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн 1/42 тоот албан бичиг, эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсаргасан 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А дугаартай Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, нууц хадгалалтын гэрээг шинэчлэн батлах тухай тушаал, Хөдөлмөрийн дотоод журам, 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Б/604 дугаар М.Ө сахилгын арга хэмжээ тооцох тухай тушаал, ажлын байрны тодорхойлолт эдгээр баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй болно.

Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/12 дугаартай Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, Санхүү бүртгэлийн хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 01 дугаар хурлын тэмдэглэл, Санхүү бүртгэлийн хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 02 дугаар хурлын тэмдэглэл, 1, 2 дугаар баазын тос, тослох материалын тооллого хийсэн тухай танилцуулга, 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн тос тослох материалын тооллого хийхэд гарсан зөрчлийн тайлбар, 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А/65 дугаар Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын ажил олгогчийн гишүүдийг томилох тухай тушаал, 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/46 дугаар Хөдөлмөрийн маргаан таслах комиссын ажил олгогчийн гишүүдийг томилох тухай тушаал, 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Б/604 тоот *******т сахилгын арга хэмжээ тооцох тухай тушаал, 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/72 дугаар Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байгуулах тухай тушаал, З ОНӨААТҮГ-ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1/49 дүгээр Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын үйлдвэрчний эвлэлийн хорооны төлөөлөгчдийг томилох тухай албан бичиг, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, цалингийн карт, итгэмжлэл, эд хөрөнгийн бүртгэлийн тооллогын бүртгэл, 2023 оны эхний хагас жилийн тооллогын илтгэх хуудас, эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...миний бие хөдөлмөрийн харилцааны ямар зөрчил гаргасан болох, ямар хохирол учруулсан нь тодорхойгүй, зөрчил гаргаагүй байхад баг бүрдүүлэх нэрийн дор удирдлагын зөвлөгөөнөөр хэлэлцэлгүй арга хэмжээ авч, албан тушаал бууруулж, цалин хассан нь хууль бус... гэж тайлбарлаж байна.

 

3. Хариуцагч ажил олгогчийн тушаал хуульд нийцсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргав.

 

4. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1. Нэхэмжлэгч ******* нь 1999 оноос ******* нэг компанид орлогын оператор ажилд орж, 2016 оноос ******* ОНӨААТҮГ-ын 1 дүгээр баазын Санхүү бүртгэлийн албаны ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан. Талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаатай талаар зохигчид маргаагүй.

 

4.2. ******* ОНӨААТҮГ-ын захирлын 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Б/604 тоот *******т сахилгын арга хэмжээ тооцох тухай тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1.4, 1.10 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.1.1, Хөдөлмөрийн гэрээний 4.1.1-д заасныг тус тус үндэслэн нэгдүгээр баазын Санхүү бүртгэлийн албаны ахлах нягтлан бодогч Маамахүүгийн Өнөрбаяр нь хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ биелүүлэх үедээ ажлын хариуцлага алдсан тул 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, мөн өдрөөс эхлэн тус баазын эдийн засагчаар томилон хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулахаар шийдвэрлэжээ.

 

4.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтын буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно. Мөн зүйлийн 123.3-т ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр гаргана гэж заасан.

 

4.4. Ажил олгогч буюу хариуцагч нь 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 20-ны өдрүүдэд нэг болон хоёрдугаар баазын тос тосолгооны материалын тооллогыг явуулсан. Уг тооллогоор нэгдүгээр баазад 191 литр антифриз илүү гарч, 8 литр цэнхэр түлш дутсан зөрчил илэрсэн гэж тайлбарлаж байна.

 

4.5. Хэрэгт авагдсан Санхүү бүртгэлийн хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 2 дугаартай хурлын тэмдэглэлд ...тооллогоор 1 дүгээр бааз дээр 155 литр антифриз илүү гарсан энэний 100 хулгай хийсэн хүмүүсийн антифриз орлого авч амжаагүй байсан 55 литр нь илүү гарсан байна... гэж, ерөнхий нягтлан бодогч М.М, тооцооны нягтлан бодогч Д.Б, аж ахуйн нярав Г.Т, сэлбэгийн нярав Я.Д нарын гарын үсэгтэй тооллого хийсэн тухай танилцуулгад ...1 дүгээр бааз антивриз 191 литр илүү, цэнхэр түлш 8 литр дутуу байна. Нийт дүнгээр 1 547 100 төгрөгийн шатах тослох материал илүү байна... гэж илэрсэн зөрчлийг зөрүүтэй тусгажээ.

 

4.6. Түүнчлэн нэгдүгээр баазад хийгдсэн тооллогоор илүү гарсан антифриз гэх тос тосолгооны материалын 100 литр нь урьд хулгайлагдсаныг хураан авсан материал болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна. Харин үлдэх илүү гарсан антифриз 55 литр эсхүл 91 литрийн аль нь болох нь баримтаар эргэлзээгүй тогтоогдоогүйн дээр уг антифризийг ундааны саваар баримжаагаар хэмжиж өгдөг гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй болно.

 

4.7. Ажил олгогч нь ажилтныг ажил үүргээ гүйцэтгэхэд нь шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангах Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.6-д заасан үүргээ биелүүлээгүй гэх үндэслэл зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

4.8. Ажил олгогч нь ажилтан М.Ө хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахдаа гаргасан зөрчлийг баттай шалган тогтоогоогүй, хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар аваагүй, зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзалгүй албан тушаал буруулах сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байх тул ******* ОНӨААТҮГ-ын захирлын 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Б/604 тоот *******т сахилгын арга хэмжээ тооцох тухай тушаал хуульд нийцээгүй гэж дүгнэв.

 

4.9. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т зааснаар *******ыг урьд нь эрхэлж байсан нэгдүгээр баазын Санхүү бүртгэлийн албаны ахлах нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэх нь зүйтэй.

 

4.10. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2-т ажилтныг үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсны улмаас түүний цалин хөлсний хэмжээ буурсан бол түүнд өмнө нь авч байсан дундаж цалин хөлсний зөрүүтэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч олгоно гэж зааснаар цалингийн зөрүү 3 600 000 төгрөгийг хариуцагч ******* ОНӨААТҮГ-аас гаргуулан нэхэмжлэгч *******т олгохоор шийдвэрлэв.

 

4.11. Тухайн нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргааны төрөл тул нэхэмжлэгч хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 142750 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахыг даалгаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2, 127 дугаар зүйлийн 127.2, 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Ө урьд нь эрхэлж байсан нэгдүгээр б Санхүү бүртгэлийн албаны ахлах нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, цалин хөлсний зөрүүтэй тэнцэх хэмжээний олговорт 3 600 000 төгрөгийг хариуцагч З ОНӨААТҮГ-аас гаргуулан нэхэмжлэгч М.Ө олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 142 750 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахыг даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ