Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2024/01415

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 01 өдөр Дугаар 183/ШШ2024/01415 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг,  дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, өөрийн байранд байрлах ******* ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг,  дүгээр хороо, Арцатын ам, Гарден сити  дугаар байрны  тоот хаягт оршин суух, Д овогт, Т.Э, /РД: /,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг,  дүгээр хороо, Арцатын ам, Гарден сити  дугаар байрны  тоот хаягт оршин суух, Ө овогт, Б. Э нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 53 177 448 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шинэжаргал нар оролцов. Хариуцагч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр тэдний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тус банк нь зээлдэгч *******,******* нартай 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 2141002264 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан, 50 000 000 төгрөгийг сарын 2 хувь, жилийн 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон. Зээлдэгч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй эргэн төлөлтийн хуваарийг 2022 оны 12 дугаар 27-ны өдрөөс эхлэн хугацаа хэтрүүлж, зөрчил үүсгэсэн. Банкнаас гэрээний зөрчлийг арилгах хугацаа тогтоож, удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч үр дүн гараагүй. Зээлдэгч *******,******* нар нь зээлийн гэрээний дагуу 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээл 43 207 691 төгрөг, үндсэн хүү 8 964 639 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 436 907 төгрөг, хуримтлагдсан хүү 568 210 төгрөг, нийт 53 177 448 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг хариуцагч нараас гаргуулж, барьцаа хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын ам /17100/, наадамчдын зам гудамж ******* байр, ******* тоот хаягт бүртгэлтэй, 108,5 м.кв талбайтай, дөрвөн өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү... гэв.

 

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022.07.29-ний өдрийн 2141002264 дугаар зээлийн болон барьцааны гэрээ, барьцаалбар, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, мемориалын баримт, зээл хүсэгчийн анкет, *******ийн оршин суугаа хаягийн лавлагаа, зээлийн дансны хуулга, зээлдэгч *******т хүргүүлсэн мэдэгдэл, зээлдэгчээс гаргасан хүсэлт, эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагч нараас шүүхэд хариу тайлбар, баримт гаргаагүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...зээлдэгч нар 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2141002264 дугаар зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул үндсэн зээл 43 207 691 төгрөг, үндсэн хүү 8 964 639 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 436 907 төгрөг, хуримтлагдсан хүү 568 210 төгрөг, нийт 53 177 448 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй... гэж тайлбарлав.

 

3. Хариуцагч*******, ******* нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тухай ямар нэг тайлбарыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

4. Хэрэгт авагдсан баримтаар, зохигчид 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2141002264 дугаар зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч ******* ХХК нь зээлдэгч*******, ******* нарт 50 000 000 төгрөгийг өрхийн хэрэглээний зориулалтаар жилийн 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлүүлэх, зээлдэгч нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүг төлөхөөр, зээлийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцжээ. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын ам /17100/, наадамчдын зам гудамж ******* байр, ******* тоот хаягт бүртгэлтэй, 108,5 м.кв талбайтай, дөрвөн өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан мөн өдөр барьцааны гэрээ байгуулсан байна.

 

5. Дээрх зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 156 дугаар зүйлийн 156.1, 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлага хангасан, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т заасанд нийцсэн хүчин төгөлдөр гэрээнүүд байна.

 

6. Зээлийн болон барьцааны гэрээнд заасан үүргээ зээлдэгч, зээлдүүлэгч, барьцаалагч, барьцаалуулагч биелүүлэх үүрэгтэй. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх, хэрэв гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

7. Зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгч *******т олгосон болох нь хэрэгт авагдсан мемориалын баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

 

8. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй талаар, хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 452 дугаар зүйлийн 452.1-т тус тус зээлдүүлэгчээс олгох зээл хүүтэй байж болохоор, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээгээр нэмэгдүүлсэн хүүг талууд гэрээгээр тохиролцож болохоор, зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд тохиролцсон нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байхаар тус тус зохицуулсан.

 

9. Нэхэмжлэгч нь 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2141002264 дугаар зээлийн гэрээний дагуу хариуцагч нараас үндсэн зээл 43 207 691 төгрөг, үндсэн хүү 8 964 639 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 436 907 төгрөг, нийт 52 609 238 төгрөгийг шаардах эрхтэй. Харин хуримтлагдсан хүү гэж 568 210 төгрөгийн шаардлага нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасанд нийцэхгүй юм.

 

10. Иймд хариуцагч*******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 52 609 238 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 568 210 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

11. Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1-д Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах хугацаа болсон, эсхүл үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэх эрхтэй болсон үеэс буюу хуульд заасан бусад тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах үүрэгтэй, 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус зааснаар хариуцагч*******, ******* нар нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдийг худалдан борлуулах замаар хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах зүйтэй.

 

12. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч*******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 52 609 238 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 568 210 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус зааснаар хариуцагч хариуцагч*******, ******* нар шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын ам /17100/, наадамчдын зам гудамж ******* байр, ******* тоот хаягт бүртгэлтэй, 108,5 м.кв талбайтай, дөрвөн өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 494 038 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамж 491 197 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ