Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2017/0632

 

2017 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2017/0632

Улаанбаатар хот



 

Шийдвэрийн нэр


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаар

Нэхэмжлэгч: Б.Г*******

Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар

Гуравдагч этгээд: Э******* ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: ******* дүүрэг 1 дүгээр хороо, гудамж, Г******* цогцолбор орон сууцны хорооллын 103 дугаар байрны 304 тоот 149,35 м.кв талбайтай орон сууц болон мөн байрны хонгил дахь С-37 тоот граашийг тус тус Б.Г*******ын нэр дээр бүртгэхээс татгалзсан дүүргийн бүртгэлийн хэлтсийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгохыг даалгах

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Л*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чингис нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Г******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: Б.Г******* нь Эм энд Жи констракшн ХХК-тай 2008 оны 04-р сарын 09-ны өдөр 77 тоот  Орон сууц  захиалгаар бариулах тухай гэрээг байгуулж ******* дүүрэг Г******* хотхоны 103-р байрны 304 тоот хаягтай 4 өрөө, 149,35 м.кв орон сууц болон авто зогсоолыг авахаар харилцан тохиролцсон. Улмаар Б.Г******* нь 2008 оны 04-р сарын  09-ны өдөр Эм энд  Жи констракшн  ХХК-д гэрээний төлбөр 45,000 мянган ам долларыг, мөн гэрээнд заасны дагуу үлдэгдэл төлбөр 179,025 ам.долларыг 2008 оны 05 сарын 20-ны өдөр төлбөрийг бүрэн төлж  барагдуулсан. Ийнхүү захиалагч Б.Г******* нь гэрээний үүргээ бүрэн биелүүлж  орон сууц, авто зогсоолыг эзэмшин ашиглаж байгаа ба төлбөрийн үлдэгдэлгүй тухай тодорхойлолтыг Эм энд Жи констракшн ХХК-иас авч зохих баримтуудыг бүрдүүлэн, өөрийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээг авахаар ******* дүүргийн Эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст удаа дараа хандан өргөдөл гаргасан.

Монол Улсын Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д Талууд шилжүүлж байгаа  эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийн өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж заасны дагуу дээрх орон сууц, авто зогсоолыг өмчлөх эрх Б.Г******* надад бүрэн шилжсэн. Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээний 4 дүгээр зүүйлийн 4.7-д Уг гэрээний хавсралт 2-т заагдсан нийт үнийн дүнг гүйцэтгэгч талын дансанд шилжүүлсэн тохиолдолд гүйцэтгэгч тал захиалагчид үл хөдлөх эд хөрөнгөтэй холбогдолтой бүх эрхийг шилжүүлэн өгнө гэж заасны дагуу Б.Г******* орон сууц, авто зогсоолыг эзэмшин ашиглаж байна.

Гэвч Эм энд Жи констракшн ХХК-ийн бичгээр өгсөн зөвшөөрөл, хүсэлт болон Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээний дагуу орон сууц, автозогсоолын өмчлөх эрхийг тус тус Б.Г*******ын нэр дээр гаргуулахаар ******* дүүргийн Эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст мэдүүлэг гаргахад ". . . Орон сууцыг бүртгэж Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгох боломжгүй, банк болон БНСУ-ын Х банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй байна, мөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2009 оны 1/6542, 1/9731, 11/13253, 2012 оны 2/4309, 2/5394, 2/10559, 2013 оны 2/2931, 2/2236 дугаар 2014 оны 2/1449 Цагдаагийн ерөнхий газрын Улсын Мөрдөн байцаах газрын 2010 оны 10/5-701 албан тоотоор захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлсэн байх тул өмчлөх эрхийн гэрчилгээг олгох боломжгүй хэмээн хариу хэлж бүртгэхээс үндэслэлгүй татгалзан, иргэний эрхийг хохироож, хууль зөрчиж байна.

Энэ асуудлаар удаа дараа дүүргийн бүртгэлийн хэлтэс болон Оюуны өмч , улсын бүртгэлийн газарт хандсан боловч бие бие рүүгээ явуулж, бүртгэхээс татгалзан, тодорхой шийдвэр гаргахгүй Б.Г******* миний эрхийг ноцтой зөрчин хохироож, хууль бус үйлдэл гаргаж байна.

Иймд Б******* Г******* / регистр: Р*******/ нь ******* дүүргийн 1-р хороо гудамж, Г******* цогцолбор орон сууцны хорооллын 103-р байрны 304 тоот 149,35 м.кв  талбайтай орон сууц болон мөн байрны хонгил дахь С-37 тоот граашийг тус тус Б******* Г******* / регистр Р*******/ нэр дээр бүртгэхээс татгалзсан дүүргийн бүртгэлийн хэлтсийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, улсын бүртгэлийг хийж гэрчилгээ олгохыг ******* дүүргийн Эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст даалгасан шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ******* дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Г******* цогцолбор гудамж 103 дугаар байр 304 тоот 149.35м 2 орон сууц, авто зогсоол хаягт байрлах байрны холбогдох нотлох баримтыг үндэслэн 60 гүйцэтгэлтэйгээр Эм энд Жи констракшнХХК /2823632/-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэсэн байх бөгөөд банк болон БНСУ-н Х банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2009 оны 1/6542, 1/9731, 11/13253, 2012 оны 2/4309, 2/5394, 2/10559, 2013 оны 2/2931, 2/2236 дугаар 2014 оны 2/1449 Цагдаагийн ерөнхий газрын Улсын Мөрдөн Байцаах Газрын 2010 оны 10/5-701 ******* дүүргийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгийн 2011 оны 14и/6/133 албан тоотоор захиран зарцуулах эрхийг нь тус тус түтгэлзүүлсэн байна.

Тухайн орон сууц, граашийг Эм Энд Жи констракшн ХХK нь өөрийн хөрөнгөөр барьж 60%ийн гүйцэтгэлтэй байхад нь эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн. Тухайн орон сууцыг тоот тус бүрээр нь иргэдийн өмчлөлд салгаж бүртгүүлэхийн тулд өмнө нь олгогдсон өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож иргэдийн өмчлөлд салгаж шинээр гэрчилгээ олгодог. Тухайн гэрчилгээ нь мй байгууллагад өнөөдрийн байдлаар ирээгүй байх тул тоот тус бүрээр нь иргэдийн өмчлөлд салгаж шинээр гэрчилгээ олгох боломжгүй байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг улсын бүртгэлийн тухай хууль-ийн 19 дүгээр зүйлийн 19.2-т Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна хэмээн заасан байдаг.

Эм энд Жи констракшн ХХК нь тухайн орон сууц болон граашийн барилгыг барьцаалан банк болон БНСУ-н Х банкнаас зээл авсан бөгөөд тухайн бaрьцаат зээлийн гэрээ нь өнөөдрийн байдлаар албан ёсоор дуусгавар болоогүй байна.

Иймд барьцаалагчдын зөвшөөрөлгүйгээр тухайн орон сууцыг иргэдийн өмчлөлд салгаж бүртгэх боломжгүй юм.

Улсын бүртгэлийн ерөнхий хууль-ийн 18 дугаар зүйлийн 18.1.10, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-т улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын Ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийхийг хориглоно хэмээн заасан байдаг.

Тухайн орон сууцны захиран зарцуулах эрхийг эрх бүхий байгууллагаас удаа дараа түдгэлзүүлсэн байх тул захиран зарцуулах эрхийг сэргээсэн тухай албан бичиг ирээгүй байхад эрхийн улсын бүртгэлд дур мэдэн өөрчлөлт оруулах боломжгүй байна.

Дээрх нөхцөл байдлуудыг хянан үзэхэд Голден Вилл цогцолборын 103 дугаар байрны 304 тоот орон сууц, авто зогсоол нь Эм энд Жи констракшн ХХК-ийн өмчлөлөөс салгаж ирсэн Б.Г*******ын өмчлөлд бүртгэх боломжгүй байна.

Иймд иргэн Б.Г*******ын нэхэмжлэлийг хангахгүй орхиж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү Эм энд Жи констракшн ХХК, банк, БНСУ-ын Х банк нарын хооронд байгуулсан гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг тэргүүн ээлжинд хангуулах эрх бүхий субьект нь БНСУ-н Х банк юм. Тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд Эм энд Жи констракшн ХХК, БНСУ-ын Х банк, банк ХХК-ийг тус тус гуравдагч этгээдээр татан оролцуулж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Эм энд жи констракшн ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Иргэн Б.Г*******ын нэхэмжлэлтэй Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрт холбогдох  захиргааны хэрэгт мй компани гуравдагч этгээдээр оролцож байгаа болно.

Б.Г******* нь Эм энд Жи констракшн ХХК-тай 2008 оны 04-р сарын 09-ны өдөр Орон сууц худалдах худалдан авах тухай гэрээ байгуулсан ба энэхүү гэрээний дагуу 103-р байрны 304 тоот орон сууцны төлбөрөө бүрэн төлсөн байна.

Иймд иргэн Б.Г******* нь мй Эм энд Жи констракшн ХХК-нд ямар нэгэн тооцооны үүрэггүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

Уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд мй компани оролцох шаардлагагүй гэж үзэж байгаа тул биднийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нараас гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч Б.Г*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч тус шүүхэд хандаж ******* дүүрэг 1 дүгээр хороо, гудамж, Г******* цогцолбор орон сууцны хорооллын 103 дугаар байрны 304 тоот 149,35 м.кв талбайтай орон сууц болон мөн байрны хонгил дахь С-37 тоот граашийг тус тус Б.Г*******ын нэр дээр бүртгэхээс татгалзсан дүүргийн бүртгэлийн хэлтсийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгохыг даалгах шаардлага гаргасан, хариуцагч болон гуравдагч этгээдээс бүхэлд нь эс зөвшөөрч мэтгэлцэж байна.

Нэхэмжлэгч Б.Г******* 2008 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 77 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээ-г Э******* ХХК-ийг төлөөлж Ким Ёонг Ки,   банк ХК-ийг төлөөлж Ц.Д нартай ******* дүүрэг Г******* хотхоны 103 дугаар байр, 304 тоотын 149,35 м.кв 4 өрөө байр болон С-37 дугаар автозогсоолыг захиалан бариулахаар байгуулж гэрээний үнийг 100 хувь төлж барагдуулсан байна.

Б.Г******* нь орон сууц болон автозогсоолын өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэхээр 2016 оны 10 дугаар сарын 17 /27/-ны өдөр мэдүүлэг гарган уг мэдүүлэгт Орон сууц захиалгаар бариулах гэрээ, Э******* ХХК-ийн ...төлбөр тооцоо дууссан тухай албан бичиг болон холбогдох бусад баримтыг хавсарган бүртгэлийн байгууллагад хандахад хариуцагч захиргааны байгууллагаас ...уг үл хөдлөх эд хөрөнгийг Э******* ХХК нь банк болон БНСУ-ын Х банкинд барьцаалсан барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй байна...Э******* ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2013 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2/2236 тоот албан бичгээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн...тул бүртгэх боломжгүй гэж үзэн бүртгэхээс татгалзжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар Голден Вилл орон сууцны хотхоны барилгын ажил гүйцэтгэгч- Эм Энд Жи констракшн ХХК нь нэхэмжлэгчийн захиалан бариулсан ******* дүүрэг, Г*******, 103 дугаар байрны 304 тоотын 149,35 м.кв 4 өрөө байр, С-37 дугаар автозогсоолыг 60 хувийн гүйцэтгэлтэйгээр 2006 оны 12 дугаар сарын 18-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаарт өөрийн өмчлөлдөө бүртгүүлсэн, улмаар 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Э******* ХХК нь БНСУ-ын Х банк болон банктай дээр дурдсан үл үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2009 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2/2263 дугаар албан бичгээр /Ү-2/ үл хөдлөх хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг 2009 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн үйл баримтууд тогтоогдсон, нэхэмжлэгч эдгээр үйл баримтын талаар маргахгүй байна.

Үүнээс үзвэл тухайн үл хөдлөх эд хөрөнгүүд нь 2006 онд Э******* ХХК-ийн өмчлөлд бүртгэгдэж тус компани хууль ёсны өмчлөгч болсноор 2007 онд уг үл хөдлөх эд хөрөнгүүдийг Х банк, банкинд барьцаалахаар барьцааны гэрээ байгуулсан, үүнээс хойш буюу 2008 онд нэхэмжлэгч нь Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ байгуулахад нэхэмжлэгч болон банк нь гэрээний талууд болж оролцсон, нэхэмжлэгчийг мэдүүлэг гаргах үед буюу 2016 оны 10 дугаар сарын 17 /27/-ны өдөр гэхэд дээрхи бүртгэл хууль ёсны бөгөөд хүчинтэй байжээ.

Энэ нь тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг бусдын өмчлөлд бүртгэлтэй, мөн бусдад барьцаалагдсан талаар нэхэмжлэгч мэдсэн атлаа өөрөө хүсэж Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан гэж үзэхээр байх тул барьцааны гэрээнд бүртгэгдсэнийг мэдээгүй гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй юм.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохыг баттай нотолсон баримт байхгүй бол, мөн зүйлийн 14.1.9-д заасан мэдүүлэгт дурдсан, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж буца, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараахь зүйлийг хориглоно, 18.1.8-д улсын бүртгэлд өмнө бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох гэж тус тус зааснаас үзвэл хариуцагч захиргааны байгууллагаас мэдүүлгийг буцааж, бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүй хууль зөрчөөгүй гэж шүүх үзлээ.

Түүнчлэн нэхэмжлэгч хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгохоор иргэний хэргийн шүүхэд хандаагүй, ингэснээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь баттай тогтоогдоогүй гэж үзэхээр байх тул ...Э******* ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн тухайн бүртгэл хууль ёсны бөгөөд хүчинтэй...эрх бүхий байгууллагуудаас шилжилт хөдөлгөөн хийхийг хориглосон гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэхээс татгалзсан хариуцагчийн үйлдлийг буруутгах үндэслэлгүй, энэ нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол... мэдүүлгийг хүлээн авахаас татгалз гэж заасантай нийцэж байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.Г*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.9, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8 дах хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Г*******оос Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулж гаргасан ******* дүүрэг 1 дүгээр хороо, гудамж, Г******* цогцолбор орон сууцны хорооллын 103 дугаар байрны 304 тоот 149,35 м.кв талбайтай орон сууц болон мөн байрны хонгил дахь С-37 тоот граашийг тус тус Б.Г*******ын нэр дээр бүртгэхээс татгалзсан дүүргийн бүртгэлийн хэлтсийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                   Н.ДУЛАМСҮРЭН