| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 183/2022/01026/И |
| Дугаар | 183/ШШ2024/02216 |
| Огноо | 2024-05-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 183/ШШ2024/02216
2024 оны 05 сарын 20 өдөр Дугаар 183/ШШ2024/02216 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, ........... оршин суух, М овогт О-ийн Ц /РД:............../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, .............тоотод оршин суух, Э-ын А /РД:............/-д холбогдох
9.200.000 төгрөг гаргуулах үндсэн, 1.920.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Ц , нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч О.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын иргэн О.Ц болон нөхөр Б.Т бид нар Сэлэнгэ аймгийн Ерөө суманд өвсний хадлангийн ажил хийж амьдардаг. 2020 оноос хойш тээврийн жолооч Э.А-ыг таньдаг болсон. Бидний бэлтгэсэн өвсийг худалдан авч бусдад дамжуулан зардаг байсан. Манай гэрээр ирээд бидний хүүхэд шиг л хоол унд идээд хамаг ачаагаа ачуулаад явдаг байсан. Бид ч хүүхэд шигээ бодоод тусалдаг байсан. Ингээд Э.А нь айлаас өвс худалдан авах гэсэн чинь мөнгө хүрдэггүй та 2 мөнгө зээлээч гэж гуйсан тэгэхээр нь би сумынхаа төрийн банкнаас 6.000.000 төгрөгний малчины зээл аваад түүнээсээ 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 2.900.000 төгрөгөөр 2 удаа Э.А-ны Хаан банкны ........... данс руу шилжүүлэн өгсөн. Мөн 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 400.000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 530.000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 2.000.000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 09- ний өдөр 1.300.000 төгрөгийг тус тус өөрийн данснаас шилжүүлэн өгч зээлүүлсэн. Надад эргүүлэн 800.000 төгрөгийг өгсөн. Өөр юуч өгөөгүй өнөөдрийг хүртэл утсаа авахгүй, бидний дугаарыг блоклоод зугтаад алга болсон. Э.А нь Волва маркийн 0000 улсын дугаартай тээврийн жолооч атлаа настай хүмүүсийг хуурч маш их хохироож байна. Арга буюу Улаанбаатар хотод ирж шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Хариуцагч Э.А нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2.000.000 төгрөг өгсөн тул 9.200.000 төгрөгөөс 2.000.000 төгрөгийг хасаж, 7.200.000 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд Э. А-аас нийт 7.200.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Э.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 2019 оны хавар н.Т , О.Ц гэдэг 2 хүнтэй тэдний өвс боогчийг хөлсөлж, өвсөө боолгож танилцсан. Намар нь тэднийхээс өвс худалдан авч борлуулдаг болсон. 2020 оны З дугаар сарын 28-ны өдөр 800.000 төгрөг өгсөн гэдэг нь тэднийх Малчны зээл авах гэж байгаа чи 5.000.000 цуг зээлж аваад машиныхаа өрийг хаавал хаа гэсэн тэгээд 3 дугаар сарын 28-ны өдөр надруу 2.900.000-р 2 удаа шилжүүлсэн. Илүү 800.000-г шилжүүлчлээ буцаагаад явуулчих гээд би буцааж шилжүүлсэн байгаа. Би О.Ц , н.Т гэдэг 2 хүнийг хуурч мэхлэн, залилсан зүйл байхгүй ээ. Би 2020 оны намар хадлан тэжээл бэлтгэх үед нь сар гаран ажилд нь тусалж, тээвэрт нь явж өгсөн. Өнгөрсөн буюу 2021 оны намар би өөрөө аавтайгаа хамт Хөтөлд хадлан тэжээл бэлтгэсэн болохоор энэ 2 хүний хадланд тусалж, тээвэрт нь явж чадаагүй юмаа. Өвс тээвэрлэж өгөхгүй бол 5.000.000-өө нэхэмжилж шүүхэд өгөх болно гэж надруу мессеж бичиж сүрдүүлж байсан. Манай аав руу хүртэл залгаж хэл амаар доромжилсон. О.Ц н.Ту гэдэг 2 хүн намайг миний хүү гэдэг байсан болохоор сайн хүмүүс л гэж бодож ажилд нь тусалж, тээвэрт нь явж, тэднийхаар орж гарч, мөнгөний хэрэг гарчлаа гэх болгонд нь шилжүүлж өгдөг байсан. О.Ц гэдэг хүн өөрийнхөө өгсөн мөнгийг л бичсэн болохоос надаас авсан мөнгөө ер бичээгүй байна. Би энэ хүний 0000000000 дансруу 6.510.000 төгрөгийг, манай эхнэр 1.100.000 төгрөг, манай аав 70.000 нийтдээ 7.680.000 шилжүүлсэн байгаа. О.Цэ , н.Т 2-оос өвс авч шилжүүлэхдээ Ханд өвс үнэ гэж бичиж шилжүүлдэг байсан. Харин надаас мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд би шилжүүлэхэд нь н.Хандаа эгч бичиж шилжүүлдэг байсан нь миний дансны хуулга нотлох болно гэжээ.
3. Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Э.Э миний бие хариуцагч О-гийн Ц 2020 оны 01 дүгээр 12-ны өдөр Хаан банкны ........... тоот дансанд н.Хандаа гэх гүйлгээний утгаар 100.000 төгрөг, хариуцагчийн Хаан банкны ...........тоот дансанд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр н.Ха гэх гүйлгээний утгаар 150.000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр н.Ха гэх гүйлгээний утгаар 30.000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр н.Х эгч гэх гүйлгээний утгаар 100.000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр н.Ханд 324 гэх гүйлгээний утгаар 100.000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 04-ны өдөр н.Ханд эгч гэх гүйлгээний утгаар 150.000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр н.Ханд эгч гэх гүйлгээний утгаар 500.000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр н.Ханд эгч гэх гүйлгээний утгаар 500.000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 09-ны өдөр н.Атараас гэх гүйлгээний утгаар 70.000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр н.Хандаа эгч гэх гүйлгээний утгаар 100.000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр н.Хандаа эгч гэх гүйлгээний утгаар 50.000 төгрөгийг болон өөрийн аав болох С.Э-ын Хаан банкны ........... тоот данснаас н.Атараа гэх гүйлгээний нэр утгаар 70.000 төгрөг зэрэг нийт 1.920.000 төгрөгийг зээлж байсан. Иймд хариуцагч О.Цэр-ас 1.920.000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
3. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, 2020.01.01-2020.12.31-ний өдрийн дансны хуулга, 2020.01.03-2022.06.02-ны өдрийн зээлийн дансны харилцагчийн хуулга, 2020.01.01-2020.12.31-ний өдрийн дансны хуулга, чат, мессеж зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
Хариуцагчаас: 2019.09.01-2021.12.31-ний өдрийн дансны хуулга, 2019.09.01-2020.09.30-ны өдрийн дансны хуулга, 2021.02.08-ны өдрийн дансны хуулга, 2021.05.17-ны өдрийн дансны хуулга, 2022.06.15-ны өдрийн итгэмжлэл, 2022.09.06-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2021.02.08-ны өдрийн дансны хуулга, 2021.05.17-ны өдрийн дансны хуулга зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүх: Нэхэмжлэгчийн хүсэлтээр Б.Т, Б.Т, Б.Бнараас гэрчийн мэдүүлсэн авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
О.Ц зээл 9.200.000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг Э.А-д холбогдуулан гаргасан бөгөөд хариуцагч зээл 1.920.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч хариуцагчид 9.200.000 төгрөгийг зээлсэн гэх бөгөөд О.Ц-ын Хаан банкны дансны хуулгаар 5622058787 данс руу 2020.03.28-нд 5.800.000 төгрөг, 2020.04.04-нд 400.000 төгрөг, 2020.04.09-нд 530.000 төгрөг 2020.09.12-нд 2.000.000 төгрөг, 2020.10.20-нд 1.300.000 төгрөг, нийт 10.030.000 төгрөг шилжүүлсэн, 5622058787 дугаар данс нь хариуцагч Э.А-ных болох нь түүний Хаан банкны дансны хуулгаар тогтоогдож байна.
Хариуцагч Э.А н нэхэмжлэгч О.Ц-ад 2020 оны 3 сарын 28-ны өдөр 800.000 төгрөгийг буцаан шилжүүлсэн, тэрээр нэхэмжлэгчээс зээлүүлж байсан гэх мөнгө нь өвсний мөнгө түүнээс би зээлж аваагүй гэж маргасан.
Хариуцагч Э.А-д нэхэмжлэлийг 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр гардуулсан, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх үүргийг тайлбарласан. Тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбар гаргасан боловч уг шаардлагыг үгүйсгэж байгаагаа баримтаар нотолж чадаагүй.
Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ мөнгө хэрэгтэй байна гэхээр нь зээлсэн, түүнээс өвсний үнэ биш гэх бөгөөд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Б.Т-гаас гэрчийн мэдүүлэг авахад Э.А-д өвс худалдах үеэр таньдаг болсон. 2020 онд зээлээр өвс авсан, Бараг мөнгө өгдөггүй. Би О.Ц-тай байнга хамтарч өвс бэлддэг байсан, Э.А одоо хүртэл зээлээр авсан өвснийхөө мөнгийг өгөөгүй.. гэх мэдүүлэг, Б.Т-ын О.Ц хүмүүсийн бэлтгэсэн өвсийг худалдан аваад Э.А-д зардаг, Э.Атарсайхан цаашаагаа Улаанбаатар хот болон бусад аймгуудад худалдаг. Миний хувьд 2020 онд 150 боодол өвс хийгээд О.Ц-д зарсан, О.Ц Э.А-д дамжуулж зарсан. Зээлээр өгсөн үү, мөнгө хэд хувааж өгсөн талаар сайн мэдэхгүй гэх мэдүүлэг, Б.Б-ы О.Ц-тай нэг нутгийн хүмүүс, Э.А-ыг зүс танина, Э.А 2020 онд өвс зээлээр аваад Улаанбаатар хот орж борлуулчихаад 3, 4 хоногийн дараа мөнгө шилжүүлнэ гэсэн. Атраа өвсний мөнгө гэж 2 удаагийн гүйлгээрээ шилжүүлсэн, өвсний мөнгөнөөс 700.000 төгрөг дутуу байгаа одоо болтол аваагүй гэх мэдүүлэг өгчээ.
Хариуцагч Э.А мөнгө зээлж аваагүй гэх тайлбар гаргах боловч түүний тайлбар гэрч Б.Т, Б.Т, Б.Б нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.
Мөн тэрээр шүүхэд 1.920.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд 2022 оны 9 сарын 13-ны өдрөөс хойш зарлагдсан шүүх хуралдаанд зарлагдсан 4 удаагийн шүүх хуралдаанд нэг ч удаа ирээгүй, Л.Б өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцуулсан боловч түүний өмгөөлөгч 3 удаа шүүх хуралдаан давхардсан гэх шалтгаанаар шүүхэд ирээгүй, 2024.04.19-ний өдөр Л.Ба-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй болно.
Нэхэмжлэгч нь 9.200.000 төгрөг нэхэмжилснээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2.000.000 төгрөг төлсөн тул үлдэгдэл 7.200.000 төгрөг гаргуулах нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохир-аас 7.200.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.Ц-ад олгож шийдвэрлэв.
Хариуцагч Э.А 1.920.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч түүний дансны хуулгаар энэ мөнгө нь зээл үү, өвсний мөнгө үү гэдэг нь тогтоогдохгүй байна.
Мөн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага дэмжиж ирээгүй, түүний дансны хуулгаар 1.920.000 төгрөг гаргуулах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй тул түүний сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 11:00 цагт товлосон шүүх хуралдааны товыг хариуцагч Э.А, түүний өмгөөлөгч Л.Б нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д заасны дагуу мэдэгдсэн бөгөөд хариуцагч Орос улсад явж байгаа гэх, өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй, хариуцагч, түүний өмгөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 2022 оноос хойш саад учруулж байгааг дурдах нь зүйтэй.
Хариуцагчийн хүндэтгэн үзэх шалтгаанаа нотлохоор ирүүлсэн түүний гадаад паспортын хуулгаар түүнийг шүүхэд хүндэтгэн үзэх шалтгаантайгаа ирээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.А-наас 162.150 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.Ц-ад олгож, Э.Ат-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч Э.А-анаас 7.200.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Ц-д олгож, Э.А-ны 1.920.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар О.Ц-ын шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.А-аас 162.150 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.Ц-д олгож, Э.А-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО