Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2024/02174

 

2024 оны 05 сарын 15 өдөр Дугаар 183/ШШ2024/02174 Улаанбаатар хот

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 2.......... байрлах, Т ХХК РД:..........-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, .............тоотод байрлах, Ц ХХК РД:.............-д холбогдох,

 

54.245.023 төгрөг гаргуулах үндсэн, гэрээний үүрэг зөрчсөны улмаас учирсан хохиролд 109.191.788 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Х  нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Т  ХХК-ийн захирал Д.Х  би Ц  ХХК-иас 54.245.023 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба миний хувьд нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хэргийн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа учир хэргийг хэлэлцлгүйгээр нэхэмжэлийг буцаан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг эргүүлэн олгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т ХХК нь 54.245.023 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Ц ХХК-д холбогдуулан шүүхэд гаргажээ.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч Т  ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэлийг буцааж, улсын тэмдэгтийн хураамжийг эгүүлэн өгнө үү гэх хүсэлт гаргасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т Харин нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэх, эсхүл нэхэмжлэлийг буцаана. Нэхэмжлэлийг буцаасан тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.6-д Энэ хуулийн 100.2-т заасны дагуу нэхэмжлэлийг шүүх буцаасан бол улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлого болгоно гэж зохицуулсан, нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтээ ирүүлсэн тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн нэхэмжлэлийг буцааж, улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох хүсэлтийг хангахаас татгалзах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 429.176 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Хариуцагч Ц  ХХК-ийн гэрээний үүрэг зөрчсний улмаас учирсан хохирол 109.191.788 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд үндсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсан тул хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 117 дугаар зүйлийн 117.1, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Т  ХХК-ийн нэхэмжлэлтэй Ц  ХХК-д холбогдох 54.245.023 төгрөг гаргуулах үндсэн, гэрээний үүрэг зөрчсөны улмаас учирсан хохиролд 109.191.788 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хариуцагч Ц   ХХК-ийн гэрээний үүрэг зөрчсний улмаас учирсан хохирол 109.191.788 төгрөг Таширын хүрээ ХХК-иас гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Т  ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 429.176 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц  ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 703.908 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, Ц   ХХК-нд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО