Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2022/ДШМ/13

 

 

 

 

 

 

 

Ё.Т-өд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч Н.Энхмаа, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор М.Гансувд,

            Хохирогч Ц.Ч /цахим сүлжээгээр/,

            Шүүгдэгч Ё.Т,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан,

            Нарийн бичгийн дарга З.Анхбаяр нарыг оролцуулан,

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 461 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ё.Тийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалангийн гаргасан давж заалдах гомдлоор Ё.Төд холбогдох эрүүгийн 1934011630688 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн,

 

Ё.Т нь 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баянхангай сумын 1 дүгээр баг Атар 13 гэх газар Улаанбаатараас Арвайхээр орох замын 111 дэх км-н шонгийн ойролцоо байх асфальтан зам дээр Тоёота Пробокс маркийн ... ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 “эсрэг хөдөлгөөний хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж заасныг зөрчсөний улмаас эсрэг урсгалаар замын хөдөлгөөнд оролцож явсан жолооч Д.Болдбаатарын жолоодон явсан Тоёота Пробокс маркийн ... УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийн урдаас мөргөж зам тээврийн осол гарган улмаар зорчигч Ц.Чын эрүүл мэндэд хүнд, Б.Нийн эрүүл мэндэд хөнгөн хохирол бусдад эд материалын хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн Прокурорын газраас Ё.Т-өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Т-ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар шүүгдэгч Ё.Тийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Ё.Тийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолохыг сануулж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Т-өөс 400.600 төгрөг гаргуулж хохирогч Ц.Чд, 850.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Б-т тус тус олгож, хохирогч Ц.Ч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, иргэний нэхэмжлэгч Д.Б-н нэхэмжлэлийн шаардлагаас 7.150.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.8 дугаар зүйлийн 1.9-д зааснаар шүүгдэгч Ё.Төөс шинжээч томилсон зардал 200.000 төгрөгийг гаргуулан Төв аймгийн шүүхийн тамгын газарт олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Ё.Төд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч түүний ял эдлэх хугацааг 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдаж ирсэн 687993 дугаартай жолоочийн үнэмлэхийг харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, 02517237 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгохыг шүүгчийн туслахад даалгаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ё.Тийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан гаргасан давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэж Ё.Тийг гэм буруутайд тооцож тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “...энэ хуулийн 4.1-т заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл төлөхөө илэрхийлсэн байна...” гэж заасан үндсэн шаардлагыг хангаагүй байх тул өмгөөлөгч миний хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж улсын яллагчийн саналыг хүлээн авч Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах үндэслэлгүй байна гэж үзэж шийдвэрлэсэн болно.

 

Ё.Т нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлөхөөр шүүх хуралдаанаас хуульд заасны дагуу завсарлага авах талаар ямар нэг санал хүсэлт гаргаагүй нь тухайн үед шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө төлөхөө шүүх хуралдаан дээр илэрхийлж байсан болохоор заавал завсарлага авахгүйгээр хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан шийдвэрлэх боломжтой гэж үзэж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн юм.

 

Иймээс Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5, 6 дахь хэсэгт заасны дагуу хохирогч нарт олгох хохирол төлбөр болон шүүхийн шинжээчийн зардал зэргийг төлж барагдуулсан байх тул энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хууль болон Өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг өршөөж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Гансувд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээр хохирлоо хэрхэн төлөх талаар хүсэлт гаргаагүй тул шүүх ял оногдуулсан нь үндэслэлтэй байна. Харин давж заалдах шатны шүүхэд хохирогчид хохирлоо бүрэн төлсөн байх тул Ё.Төд оногдуулсан хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд зааснаар өршөөн хэлтрүүлэх боломжтой гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж Ё.Төд оногдуулсан хорих ялыг өршөөн хэлтрүүлж өгнө үү. Шүүгдэгчийн зүгээс хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт анхан шатны шүүхээс тогтоосон хохирлыг бүрэн төлж барагдуулсан байгаа гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /цахим сүлжээгээр/ оролцсон хохирогч Ц.Ч тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдолгүй гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ё.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирлоо барагдуулсан тул Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө шүү. Өмгөөлөгчтэй санал нэг байна гэв.

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдан анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж үзвэл Ё.Т нь 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Баянхангай сумын 1 дүгээр баг, Атар 13 гэх газарт Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн Арвайхээр сум руу явах замын 111 дэх километрийн шонгийн ойролцоо байх асфальтан зам дээр Тоёота Пробокс маркийн .... ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 “...эсрэг хөдөлгөөний хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно...” гэж заасныг зөрчсөний улмаас уг замын эсрэг урсгалаар зорчин замын хөдөлгөөнд оролцон явсан жолооч Д.Болдбаатарын жолоодон явсан Тоёота Пробокс маркийн .... УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийн урдаас нь мөргөж зам тээврийн осол гарган улмаар зорчигч Ц.Чын эрүүл мэндэд хүнд, Б.Нийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх хэргийн үйл баримт нь хохирогч Ц.Чын “...2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр манай сумын Ё.Т гэх хүний Тоёота Пробокс маркийн машинд суугаад жолоочийн эсрэг талын арын суудалд сууж явсан. Хамгаалах бүс зүүгээгүй байсан..., ...Төв аймгийн Атарын гуанз өнгөрч яваад манай машин осолд орсон..., ...юунаас болж осол гарсныг мэдэхгүй байна...” гэх[1],

 

Хохирогч Ч.Нийн “...2019 оны 12 дугаар сарын 12-ны орой Булган аймгийн Гурванбулаг сумаас Улаанбаатар хот руу манай сумын Д.Болдбаатар гэдэг хүний Тоёота Пробокс маркийн машинд суугаад явсан юм..., ...Төв аймгийн Мандал гуанз өнгөрч явж байхад манай машиныг эсрэг урсгалаас ирсэн машин мөргөсөн. Тэгээд би сайн мэдэхгүй байна. Осол болсны дараа машин дээшээ харсан байсан...” гэх[2],

 

Гэрч А.Оюунаагийн “...2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр өөрийн Тоёота Пробокс маркийн тээврийн хэрэгсэлтэй, манай нөхөр Ё.Т жолоо бариад явсан..., ...бид нар Улаанбаатар хотоос 17 цагийн үед гараад Төв аймгийн Атарын гуанз өнгөрөөд явж байгаад их хурдтай машин манай машины миний сууж явсан тал руу мөргөсөн ба манай машин мөргүүлсэн дороо зогссон. Би машинаас буугаад харахад тэр машин дээшээ харчихсан замын урд талд зогсож байсан..., ...манай машиныг хурдтай машин ирж мөргөснөөс болж осол гарсан гэж бодож байна...” гэх[3],

 

Гэрч У.Цэрэнпунцагийн “...2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр манай сумын Ё.Т ахын машинд дайгдаад Эрдэнэсант руу явсан. Улаанбаатараас 17 цагийн үед гараад Атарын гуанз өнгөрч байхад манай машины өөдөөс ирж явсан машинтай мөргөлдсөн Тоёота Пробокс машин дээшээ харчихсан байсан. Тэгэхээр нь би хоёр найзтайгаа хамт машин дотор байсан хүмүүсийг татаж гаргасан...” гэх[4],

 

Гэрч Ц.Билгүүний “...2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Мөнхбаяр, Пунцаг гэх хоёр найзын хамт Эрдэнэсант сум руу явахаар болсон. Тэгээд Эрдэнэсант сумын Ё.Төө ах сум руу явна гэхээр нь машинд нь бид гурав дайгдсан. Машинд Төө ах эхнэр, хоёр хүүхэдтэйгээ, бас Эрдэнэсант сумын Ч эгч хамт явсан. Төв аймгийн Атарын гуанз өнгөрч яваад манай машин өөдөөс ирж явсан машинтай мөргөлдөж осолд орсон...” гэх[5],

 

Гэрч Н.Мөнхболд “...2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр У.Цэрэнпунцаг, Ц.Билгүүн гэх хоёр найзтайгаа хамт Төө ахын машинд дайгдаад Улаанбаатар хотоос гараад 2 цаг орчим яваад Атарын гуанз өнгөрч явж байхад манай машины зүүн хэсэг рүү машин ирээд түс гээд мөргөсөн. Би машинаас буугаад харахад нэг машин дээшээ харчихсан байсан...” гэх[6],

 

Гэрч Д.Эрдэнэцэцэгийн “...2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг сумаас Улаанбаатар хот руу явах гээд манай сумын Д.Болдбаатар гэдэг хүний машинд суугаад явсан..., ...Төв аймгийн Лүн, Атар сумын дунд осолд орсон..., ...би арын голын суудалд сууж явсан, манай машин урсгалаараа явж байхад эсрэг урсгалаас явж байсан машин мушгирч орж ирээд манай машиныг мөргөсөн... гэх[7],

 

Гэрч Д.Мөнхцэцэгийн “...2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр би ач охин М.Мөнгөнсарнайгийн хамт Булган аймгийн Гурванбулаг сумаас Улаанбаатар хот руу явах ажил гараад манай сумын Д.Болдбаатарын Тоёота Пробокс машинд суугаад явсан юм. Манай машин Төв аймгийн Лүн сум өнгөрөөд, Атарын гуанз орох гээд явж байтал эсрэг урсгалаас нэг цагаан машин ирж манай машиныг мөргөөд манай машин осолдож дээшээ харж зогссон...” гэх[8],

 

Насанд хүрээгүй гэрч М.Мөнгөнсарнайгийн “...2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр би Булган аймгийн Гурванбулаг сумаас эмээ Мөнхцэцэгийн хамт Улаанбаатар хот руу машинд суугаад явсан. Замд явж байгаад манай машин осолд орсон...” гэх[9],

 

Иргэний нэхэмжлэгч Д.Болдбаатарын “...2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр манай сумын гурван хүн, нэг хүүхэдтэй хамт миний 27-07 УНД улсын дугаартай Тоёота Пробокс маркийн машинд суугаад Улаанбаатар хот руу 16 цагийн үед хөдөлсөн. Манай машин замдаа Төв аймгийн Лүн сум өнгөрөөд Атарын гуанз орох гээд явж байхад манай урсгал руу гэнэт эсрэг урсгалаас нэг машин орж ирээд манай машиныг мөргөсөн. Тэр машинд мөргүүлээд манай машин дээшээ хараад зогссон...” гэх[10]

 

Шинжээч Г.Цэндсүрэнгийн: “...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт, шинжилгээнд ирүүлсэн 2 тээврийн хэрэгсэлд үүссэн эвдрэл гэмтлүүд зэргээр үндэслээд тээврийн хэрэгслүүд анх мөргөлдсөн гэх А цэг тодорхой харагдаж байна. Тийм учраас 66-73 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь урсгал сөрж  27-07 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсөн байна...” гэх[11]

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №298 дугаартай шинжээчийн “...Б.Нийн биед хамрын нуруу, 2 нүдний дотор булан, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нуруу ба доод хэсгийн зулгаралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, язрал, цус хуралт, 2 шүдний сулрал, баруун, зүүн өвдөгний цус хуралт, хамрын ясны хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй...” гэх[12]

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №339 дугаартай шинжээчийн “...Ц.Чын биед духны яс цөмөрч бяцарсан хугарал, зүүн ухархайн дээд хананаас дотор хана, самалдаг хөндий, баруун суурийн хөндий, суурь яс, баруун чихний суваг, хөхлөг сэртэн рүү үргэлжилсэн хугарал, хамар ясны зүүн талаар доош хоншоорын хөндий, хоншоор яс, хатуу тагнайг хамран үргэлжилсэн хугарал, хугарлын харалдаа зүүн дух хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн духны дэлбэнгийн тархины эдэд няцрал, хатуу хальсны урагдал, духанд шарх, хоёр зовхи, хамрын нуруу, зүүн хацар, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, дээд уруулын дотор салстад цус хуралт, нэг шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөр чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрлээс хамаарна. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна...” гэх[13],

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 03-ний өдрийн №2953 дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн Тоёота Пробокс маркийн 27-07 УНД дугаартай тээврийн хэрэгслийн жолооны механизм ослын өмнө бүрэн, ажиллагаатай, ослын үед зүүн хөндлөн татуурга гулзайж нугасан холбоосоор хугарч салсан эвдрэлтэй. Тормос шингэн дамжуулгатай, АВS системтэй, 4 дугуйн тоормосны эд анги бүрэн, ажиллагааг шалгах боломжгүй.

 

66-73 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооны механизм бүрэн, ослын үед жолооны хүрдний голын суурь хугарсан, зүүн хөндлөн татуурга гулзайсан, нугасан холбоос хугарч салсан эвдрэлтэй. Хүрд цоожтой тул ажиллагааг шалгах боломжгүй. Баруун урд тоормосны хавчигч ажиллана. Битүүмжлэл алдсан тул тоормосны бүрэн ажиллагааг шалгах боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн Тоёота Пробокс маркийн 66-73 ТӨВ, 27-07 УНД дугаартай тээврийн хэрэгслүүдийн зүүн хажуу талаар 30-32 см хэмжээтэй шүргэлцэх хэлбэрээр шулуун байрлалаар мөргөлдсөн байна. Мөргөлдөх үеийн байрлалыг шинжилгээний гэрэл зургийн 189-194-д харуулсан. Шинжилгээнд ирүүлсэн Тоёота Пробокс маркийн, 66-73 ТӨВ, 27-07 УНД дугаартай тээврийн хэрэгслүүд эвдрэл гэмтэлтэй, ММS5011-2009 стандартын шалгуураар ММS4598-2011 стандарт шаардлага хангахгүй тул замын хөдөлгөөнд оролцох боломжгүй. Хойд тэнхлэгийн пүршний доор 3,7 см хэмжээтэй төмөр өндөрлөгөө хийсэн нь хүндийн төвийн өндрийг дээшлүүлж, хөдөлгөөний явцад автомашины хөндлөн тогтворжилт алдуулдаг. Энэ нь ослын үед хүндийн төв дээшилсэнээс мөргөлдөх үед тогтворжилтийг алдуулж онхолдуулсан байх үндэслэлтэй...” гэх[14],

 

Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Болдмандахын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн №01 дугаартай “...хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 27-07 УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Д.Болдбаатар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй гэж үзэв..., ...хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 66-73 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Ё.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэж үзэв..., ...Ё.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 “...эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно...” гэсэн заалтыг зөрчсөн...” гэх[15] дүгнэлтүүд болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл[16], зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэрэг гарсан газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч[17], гэрэл зургийн үзүүлэлтүүд[18] зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, дээр дурдагдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

 

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэм буруу нь санаатай болон болгоомжгүй хэлбэртэй байна” хэмээн заасан ба мөн зүйлийн 3 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.

 

Өөрөөр хэлбэл гэмт этгээд нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг аюултай, хор уршигт хүргэнэ гэдгийг мэдэж, ухамсарлаж байсан атлаа хор уршиг учруулахгүй, хэмээн итгэж найдсан, эсхүл урьдчилан мэдэх боломжтой байсан боловч өөрийнх нь хайхрамжгүй байдлаасаа үүдэн хор уршиг учирсан бол гэм буруутайд тооцохоор заажээ.

 

Дээр дурдсанчлан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрт тооцогддог ба прокуророос Ё.Тийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хор уршгийн шинж чанарт нь тохируулан хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар зүйлчилсэн нь зөв байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх болон бусад бичгийн нотлох баримтуудад тулгуурлан прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Ё.Тийг гэм буруутайд тооцон шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Мөн шүүхээс шүүгдэгч Ё.Тийг гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, нөхөн төлөхөө илэрхийлээгүй учир Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан өршөөлд хамрагдах нөхцөлийг хангаагүй гэж дүгнэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан төрөл, хэмжээний хүрээнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сар хорих ял оногдуулан, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хэргийн бодит байдалтай нийцсэн, Өршөөл үзүүлэх тухай хууль болон Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Ё.Т нь давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан хэлэлцэгдэх явцад өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад учруулсан хохирлоо анхан шатны шүүхээс тогтоосон хэмжээний хүрээнд нөхөн төлсөн байх тул түүнд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялыг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан өршөөн хэлтрүүлж, түүнд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгон суллаж, шийтгэх тогтоолын “Тогтоох нь” хэсгийн холбогдох заалтуудад өөрчлөлт оруулж, энэ талаар бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалангийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Ё.Тийг гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан диспозиц хэм, хэмжээг буруу тайлбарлан хэрэглэсэн, шийтгэх тогтоолын Тогтоох нь хэсгийг дугаар алгасан буруу дугаарласан зэрэг алдаа гаргасан зэргийг шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах замаар зөвтгөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн

1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 461 дүгээр шийтгэх тогтоолын “ТОГТООХ нь” хэсгийн 1 дэх заалтад “...Тийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэснийг

 

“...Шүүгдэгч Тийг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэж,

 

2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Тийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэснийг

 

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т тус тус зааснаар шүүгдэгч Ё.Төд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар оногдуулах үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлсүгэй...” гэж тус тус өөрчилж,

 

3, 4, 9 дүгээр заалтуудыг тус тус хүчингүй болгон,

 

5 дахь заалтад “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Төөс 400.600 төгрөг гаргуулж хохирогч Ц.Чд, 850000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Б-т тус тус олгож, хохирогч Ц.Ч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, иргэний нэхэмжлэгч Д.Б-ын нэхэмжлэлийн шаардлагаас 7.150.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг

 

“...Шүүгдэгч Ё.Т нь энэ тогтоолоор хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, хохирогч Ц.Ч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, иргэний нэхэмжлэгч Д.Б-ын нэхэмжлэлийн шаардлагаас 7.150.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж, 

 

7 дахь заалтаас “...Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Ё.Төд авсан бусдын баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч түүний ял эдлэх хугацааг 2021 оны 12 сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай...” гэснийг

 

“...Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай...” гэж,

 

12 дахь заалтад “...Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ё.Төд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй...” гэснийг

 

“...Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ё.Төд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй...”гэж,

 

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн “1, 2, 3, 4, 5, 6, 7, 9, 10, 11, 12” гэсэн дугаарлалтыг “1, 2, 3, 4, 5, 6, 7, 8” гэж тус тус өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ё.Тийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалангийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч хангасугай.   

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдож байгаа шүүгдэгч Ё.Тийг сулласугай.

 

3. Шүүгдэгч Ё.Т нь 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 72 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Т.ЭНХМАА

 

                   ШҮҮГЧИД                                         Н.ЭНХМАА

 

                                                                             М.МӨНХДАВАА

 

[1] 1хх-ийн 24-26 дугаар тал

[2] 1хх-ийн 19-20, 217-218 дугаар тал

[3] 1хх-ийн 13 дугаар тал

[4] 1хх-ийн 14 дүгээр тал

[5] 1хх-ийн 15 дугаар тал

[6] 1хх-ийн 16 дугаар тал

[7] 1хх-ийн 17-18 дугаар тал

[8] 1хх-ийн 21 дүгээр тал

[9] 1хх-ийн 22 дугаар тал

[10] 1хх-ийн 11 дүгээр тал

[11] 1хх-ийн 198 дугаар тал

[12] 1хх-ийн 31-33 дугаар тал

[13] 1хх-ийн 44-45 дугаар тал

[14] 1хх-ийн 140-190 дүгээр тал

[15] 1хх-ийн 49 дүгээр тал

[16] 1хх-ийн 3 дугаар тал

[17] 1хх-ийн 4-5 дугаар тал

[18] 1хх-ийн 6-10 дугаар тал