| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Рашзэвэгийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2134000000361 |
| Дугаар | 2022/ДШМ/14 |
| Огноо | 2022-03-19 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Э.Уранчимэг |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 2022/ДШМ/14
Г., Д.А нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Т.Энхмаа, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Э.Уранчимэг,
Шүүгдэгч Г.гийн өмгөөлөгч М.Өлзийцэцэг,
Нарийн бичгийн дарга З.Анхбаяр нарыг оролцуулан,
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 470 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.гийн өмгөөлөгч М.Өлзийцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Г., Д.А нарт холбогдох эрүүгийн 2134000000361 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн,
Монгол Улсын иргэн,
Шүүгдэгч Г. нь 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Төв аймгийн Цээл сумын Талын хайрхан ... дугаар багийн нутаг Жаргалан хорооллын ... тоотод Д.Аг хүрзээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Д.А нь 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Төв аймгийн Цээл сумын Талын хайрхан .... дугаар багийн нутаг Жаргалан хорооллын .... тоотод Г.г хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Төв аймгийн Прокурорын газраас Г., Д.А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч Г., Д.А нарыг тус бүр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Г.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар,
Шүүгдэгч Д.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун наян цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15 000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А-д шүүхээс оногдуулсан дөрвөн зуун наян цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар, Төв аймгийн Цээл сумын Засаг даргын Тамгын газарт эдлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Доржпүрэвийн Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун наян цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Шүүгдэгч Г., Д.А нарт шүүхээс оногдуулсан торгох болон нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутга, 1 ширхэг төмөр иштэй хүрзийг тус тус устгахыг тус шүүхийн Тамгын газарт хариуцуулж,
Эрүүгийн 2134000000361 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Г., Д.А нар энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, тэднээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж,
Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б, А нарт тус бүр урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Өлзийцэцэг давж заалдах гомдолдоо: 1. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд ..."шүүгдэгч Г. болон түүний өмгөөлөгч М.Өлзийцэцэг, шүүгдэгч Д.А түүний өмгөөлөгч П.Ганбаатар нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ." гэж дүгнэжээ.
Шүүгдэгч Г. нь гэм буруугүй талаар, өмгөөлөгч миний бие түүнийг гэмт хэрэг үйлдээгүй, гэм буруугүй, цагаатгуулах байр суурьтай оролцох талаараа хэлсэн байтал шүүхэд мэдүүлээгүй, яриагүй зүйлийн талаар үндэслэлгүй дүгнэлт хийж байгаа нь шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэж байна.
2. Г.гийн өөрийгөө хамгаалах гэж Аг хүрзээр цохисон үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй, өөрийгөө хамгаалахаар хийсэн үйлдэл буюу аргагүй хамгаалалт гэж үзэж байна.
Г. Аг зодох түүнд гэмтэл учруулах ямар ч санаа зорилго байгаагүй, харин ч хэдхэн минутын өмнө өөрийнх нь хоолойд хутга тулгачихаад, хутга бариад араас дайрсан түүнээс өөрийгөө хамгаалах гэж урдаа харагдсан хүрзийг бариад эргэж хараад түүнийг цохисон. Хэрэв Г. амжиж цохиогүй бол А хутгатай гараараа түүний ар талаас хутгалж, амь насанд нь ч аюул учруулж болох байсан. Араас нь хутга бариад явж байсныг гэрч Б.Дамдинсүрэн мэдүүлдэг бол гэрч Зоригбат...Амараа ...Базарааг эхэлж хэрүүлээр өдөөд байсан гэж мөн мэдүүлдэг...
Гэрчүүдийн дээрх мэдүүлгээс хэний буруутай үйлдэл, хэний довтолгооноос болж энэ хэрэг гарсан гэдэг нь тодорхой харагдаж байна. Хутгатай хүн араас нь гүйгээд ирэхээр хэн ч өөрийгөө хамгаалах үйлдэл хийх нь ойлгомжтой юм.
Аргагүй хамгаалалт нь тухайн үед довтолгоон эхэлж буй нь илэрхий болсон аюултай шинжтэй хариу хамгаалалт хийхгүй л бол эргэж буцашгүй, шууд аюул учрах нөхцөл байдалд хийгддэг. Өөрөөр хэлбэл гэмт халдлага нэгэнт эхэлсэн, аюул занал бодитой болж, хамгаалалтыг хойшлуулж болохгүй болсон буюу аргагүйдсэн тэр үед аргагүй хамгаалалт хийгдсэн бол гэмт хэрэгт тооцохгүй Г. нь Д.Агийн эхлүүлсэн довтолгооныг няцаах, таслан зогсоох явцад түүнд гэм хор учруулсан гэж үзэж байна.
Иймд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021/ШТЦ/470 дугаартай шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан "Дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох зөрүүтэй" гэх үндэслэлээр өөрчлөлт оруулж, Г.д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 4.1 зүйлийн 1 дэх хэсэг, 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэг зааснаар цагаатгаж өгнө үү гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Э.Уранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Г. аргагүй хамгаалалт хийсэн гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддоггүй. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Г.гийн өмгөөлөгч М.Өлзийцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Аргагүй хамгаалалт хийсэн нь гэрч нарын мэдүүлгээр нотлогддог. Гэм буруугүйгээр бусдад хохирол учруулсан. Гомдлоо дэмжиж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Г., Д.А нарт холбогдох эрүүгийн 2134000000361 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.гийн өмгөөлөгч М.Өлзийцэцэгийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч Г., Д.А нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-т зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд буюу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон байна.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж цуглуулж, бэхжүүлэн уг нотлох баримтуудыг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр үнэлж хэргийг шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч Г.гийн 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Төв аймгийн Цээл сумын Талын хайрхан .... дугаар багийн нутаг Жаргалан хорооллын .... тоотод Д.Аг хүрзээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Д.Агийн 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Төв аймгийн Цээл сумын Талын хайрхан .... дугаар багийн нутаг Жаргалан хорооллын .... тоотод Г.г хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
- гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 хуудас/,
- шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 8744 дугаартай “...Агийн биед зүүн бугалганы цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун мөр, хүзүү, зүүн тохойн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй...” /хх-ийн 61-62 хуудас/,
- шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 8751 дугаартай “..Г.гийн биед зүүн гуянд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонгид нөлөөлөхгүй...” /хх-ийн 56-57 дугаар хуудас/ гэх дүгнэлтүүд,
- хохирогч Д.Агийн “...2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Мөнхөөг хайгаад ...Базараагийн хашаанд яваад очтол Базараа байж байхаар нь Мөнхөө хаана байгаа вэ гэж асуухад би яаж мэддэг юм пизда минь гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би та юм яриад байгаа юм бэ гэсэн чинь яаж л бол яаж л харьцана шүү дээ буугаад ир гэж хэлсэн. Базараа машинаасаа буугаад цаашаа алхаж байхаар нь би араас нь алхсан. Базараа урдаа байсан төмөр иштэй хүрзээ аваад миний баруун талын дал болон зүүн талын гарын арын булчин, тохой хэсэг рүү цохисон. Тэгэнгүүт нь би хүрзнээс нь барьж авахад намайг боож унагаагаад дээр суучхаад байхаар нь ...би түрийнд байсан хутгаа гаргаж ирээд Базараагийн зүүн талын гуянд нь дүрчихсэн. Тэгээд би Базараад үхлээ шүү дээ гэж хэлж байж Базараа босохоор нь би машиндаа суугаад яваад өгсөн...” /хх-ийн 24-26 хуудас/ гэх,
- хохирогч Г.гийн “...2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 13 цагийн үед Д.А ...согтуу ирээд цувдайг чинь цувуулна гээд хутга гаргаж ирээд машин дотор сууж байхад хоолойд хутга тулгаж байхад Атараа ирээд салгахад Амараагаас хутгыг нь салгах гээд ноцолдоод чадаагүй. Атараа Амарааг машинд нь жолооны ард суулгаад би зорчигчийн талын хаалганы хажууд зогсож байхад надад архи, ундаа өгчхөөд ах ёстой уучлаарай гээд байж байснаа миний нүүр рүү нулимсан. Тэгээд би Амараа чи яагаад байгаа юм бэ гэж хэлээд өөрийнхөө машины урдуур тойроод алхаж байтал Амараа гартаа хутга барьчихсан араас гүйж байсан. Би ард талд байсан хүрзээ аваад Амарааг хоёр цохисон тэгээд бид хоёр ноцолдоод эхэлсэн. Ноцолдож байхад миний гуя руу цохиод авах шиг болсон. Тэгэхээр нь Амараагийн хутга барьсан гарыг гараараа дараад Атарааг дуудаад хутгыг нь авхуулсан. Амараагийн гарыг хоолойн дээгүүр нь дараад байж байхад ахаа одоо больё гэж хэлэхээр нь тавьтал машиндаа суугаад яваад өгсөн. Явсных нь дараа гуяа дарж үзтэл зүгээр байх шиг байсан. Би машиндаа суугаад цагдаа руу хөдлөх гэж байхад машины хаалга цус болчихсон байхаар нь өмдөө тайлаад үзтэл хутгалчихсан байсан...” /хх-ийн 17-19 хуудас/ гэх,
- гэрч Б.Дамдинсүрэнгийн “...2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 14 цагийн үед би блокоор хашаа өрж байхад нийвий гагнаасаараа салчихсан юм. Тэгээд би Базарааг нийвийнд яваад ирээч гэж хэлсэн. Нэг залуу Базараатай машины цаана муудалцаж байхыг харсан. Чи яахаараа намайг пизда гэдэг юм гээд хэрэлдээд байсан. Би тэрэгтэй шавраа дуусгачихаад Атараад тэргээ өгчихөөд гэр рүү ороод цай уучхаад ирье гээд явж байхад Базараа алхаад явж байсан араас нь залуу нь явж байсан. Би гэр рүү ороод цайгаа уучхаад гараад ирсэн чинь Атараа цаанаас хутгыг нь барьчихсан Базараад өгөх гээд явж байсан. Базараа машиныхаа хажууд гуянаас нь цус гарчихсан зогсож байхаар нь гайгүй юу гэж асуухад гайгүй гэж хэлсэн. Нөгөө залуу чинь хаашаа явсан юм гэж асуухад Атараа хүн хутгалчихсан юм чинь зугтах байлгүй дээ гэж хэлсэн. Базараа машиндаа суугаад төв рүү хөдөлсөн...” /хх-ийн 42-43 хуудас/ гэх,
- гэрч Ш.Атарсайханы “...2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 14 цагийн үед би шавар зуурч байхад Д.Амараа ...ирээд Г.тай уулзаж байхыг харсан. Буцаад ажлаа хийж байтал Д.Амараа, Г. нар муудалцаж байхаар нь очиж салгаад одоо болио нэг нутгийн хүмүүс байж битгий маргалд гээд Д.Амарааг машинд нь суулгаж өгсөн. Тэгээд буцаж очоод ажлаа хийсэн. Төд удалгүй Г. намайг дуудаад энэ хутгыг нь аваадах гэж надад хэлсэн. Би очоод хутгыг нь аваад ус хийдэг контейнер доор хийсэн. Д.Амараа удалгүй яваад өгсөн. Би г зүгээр үү гэж асуухад зүгээр гэж хэлсэн. Би д нуусан хутгаа гаргаж өгөөд ажлаа хийх гээд явж байтал миний хөл нэг л сонин байна гэж хэлээд өмдөө тайлаад харсан чинь дүрчихсэн байхаар нь машинаа унаад эмнэлэг явсан. Би буцаад ажлаа хийсэн...” /хх-ийн 46-49 хуудас/ гэх,
- гэрч Б.Зоригбатын “...2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 14 цагийн үед Амараа ... ирсэн. Базарааг эхэлж хэрүүлээр өдөөд байх шиг байсан. Тэр үед би блокоор хашаа өрөөд явж байсан. Төд удалгүй Амараа машинаа асаагаад яваад өгсөн. Базараа машинаа унаад төв хөдлөөд явснаа буцаж ирээд Атараатай уулзсан Атараа сая ирсэн залуу Базарааг хутгалсан байна гэж хэлэхээр нь Базарааг хутгалсан байна гэдгийг мэдсэн...” /хх-ийн 38-39 хуудас/ гэх,
- гэрч Б.Амгалангийн “...хэсэг газрын үзлэгт нуруу болон цээжээр хөхөрч няцарсан, хөлийн зүүн гуяндаа хутгалуулсан ил шархтай, шархны гүн 2.5 см, өргөн 6.5 см байсан. Өвчтөнд өвдөлт намдаах, даралт бууруулах, тархин дахь хүчилтөрөгчийн хангамж буурснаас болж хүчилтөрөгчийн эмчилгээ хийж, шарханд цэвэрлэгээ хийж, оёдол тавьж, боолт хийсэн. Нийтдээ 8 оёдол тавигдсан. Үрэвслийн эсрэг антибиотик, өвдөлт намдаах эм бичиж өгсөн...” /хх ийн 52-53 хуудас/ гэх мэдүүлгүүд болон шүүгдэгч Г., Д.А нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 32-40 хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогджээ.
Прокуророос шүүгдэгч Г., Д.А нарын гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн үйл баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь үндэслэлтэй бөгөөд хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г., Д.А нарт тус тус оногдуулсан эрүүгийн хариуцлага нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ба Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Шүүх гэм буруутайд тооцсон шийдвэрийнхээ үндэслэлийг танилцуулсны дараа шүүгдэгч нарт Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх үед шүүгдэгч Г.гийн өмгөөлөгч М.Өлзийцэцэг нь шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар санал гаргаагүй тул анхан шатны шүүх шүүгдэгч Г. болон түүний өмгөөлөгч М.Өлзийцэцэг, шүүгдэгч Д.А болон түүний өмгөөлөгч П.Ганбаатар нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй гэж дүгнэсэн байна.
Шүүгдэгч Г.гийн өмгөөлөгч М.Өлзийцэцэг “Г. өөр рүү нь Д.Агийн эхлүүлсэн довтолгооныг няцаах, таслан зогсоох явцад түүнд гэм хор учруулж аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэж байгаа тул Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021/ШТЦ/470 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Г.д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 4.1 зүйлийн 1 дэх хэсэг, 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэг зааснаар цагаатгаж өгнө үү” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдлыг хуульчилсан. Уг бүлгийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан. Мөн зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар “Аливаа хүн мэргэжил, тусгай бэлтгэл, албан ажлын байдал, аюултай довтолгооноос зайлсхийх, бусдаас тусламж авахаар хандах боломжтой байсан эсэхээс үл хамааран аргагүй хамгаалалт хийх эрхтэй. Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоон төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй.”
Шүүгдэгч Г.гийн өмгөөлөгч М.Өлзийцэцэг нь давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Д.А гартаа хутгатай, араас нь гүйгээд ирэхээр Г. өөрийгөө хамгаалах үйлдэл хийж хүрзээр цохисон” гэх боловч хэрэгт авагдсан гэрч Б.Зоригбат, Б.Дамдинсүрэн, Ш.Атарсайхан нарын мэдүүлгээр Д.А нь бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус довтолгоо эхэлсэн гэдэг нь нотлогдохгүй байна.
Харин хэргийн үйл баримтаар 2021 оны 09 сарын 09-ний өдөр Төв аймгийн Цээл сумын Талын хайрхан 2 дугаар багийн нутаг Жаргалан хорооллын 400-403 тоотод Г.гийнд Д.А нь Мөнхөө гэгчийг хайж очсон, улмаар хэл амаар доромжиллоо гэдэг шалтгаанаар хоорондоо маргалдан Г. нь Д.Аг хүрзээр цохиж, газар унагаан ноцолдож байх явцад Д.А нь Г.гийн зүүн гуянд хутгалсан болох нь тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл Г. нь ямар нэгэн довтолгоон эхлээгүй, эхлэх гэж байгаа нь тодорхойгүй байхад Д.Аг хүрзээр цохиж унагаан, ноцолдож дээр нь гарч суусны дараа Д.А хутга гаргаж түүнийг хутгалсан байх тул Р.гийн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцох боломжгүй байна.
Иймд шүүгдэгч Г.гийн өмгөөлөгч М.Өлзийцэцэгийн гаргасан “Г.д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо тодорхойлох хэсэгт хохирогч Д.Агийн баримтаар нэхэмжилсэн 457 266 төгрөгөөс 193 700 төгрөгийг хангаж, үлдэх 263 566 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Г.гийн шүүгдэгч Д.Агаас баримтаар 1 026 810 нэхэмжилснээс 967 617 төгрөгийг хангаж, үлдэх 59 193 төгрөгийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэсэн боловч шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дээрх хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг хангасан талаарх шийдвэрээ тусгаагүй нь буруу байна.
Мөн хохирогч Д.А нь шүүгдэгч Г.гаас баримтаар 457 266 төгрөгийн хохирол нэхэмжилсэн /хх-н 171-175/, уг баримтуудад гэрлийн шил, тамхи, Wellaton үсний будаг, хүнсний бүтээгдэхүүн, шатахууны баримтуудыг хавсаргасан байх ба эдгээрийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх боломжгүй байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, хохирогч Д.Агийн нэхэмжилсэн 457 266 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 470 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Агаас 967 617 /есөн зуун жаран долоон мянга зургаан зуун арван долоо/ төгрөгийг гаргуулж Төв аймгийн Цээл сумын 4-р баг Сүүл буга-т хаягт оршин суух хохирогч Г.д олгож, хохирогч Г.гийн илүү нэхэмжилсэн 59.193 /тавин есөн мянга нэг зуун ерэн гурав/ төгрөгийг, хохирогч Д.Агийн нэхэмжилсэн 457 266 /дөрвөн зуун тавин долоон мянга хоёр зуун жаран зургаа/ төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж нэмэлт заалт оруулан, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9-12 хүртэлх дугаарлалтыг 9-13 гэж өөрчлөн дугаарлаж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээн, шүүгдэгч Г.гийн өмгөөлөгч М.Өлзийцэцэгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА
ШҮҮГЧИД Т.ЭНХМАА
Р.МӨНХ-ЭРДЭНЭ