Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2017/ШЦТ/074

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч П.Д даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.С,

Орчуулагч А.Е,

Улсын яллагч Х.Ө,

Шүүгдэгч өмгөөлөгч Т.К,

Шүүгдэгч өмгөөлөгч Х.Б,

Шүүгдэгч О, Е нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О, Е нарт холбогдох 1713000130020  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

          1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, О, яс үндэс казах, 1980 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Б суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, ээж, 1 дүүгийн хамт Баян-Өлгий аймгийн Ө сумын ***дүгээр багт оршин суудаг,

          2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Е, яс үндэс казах, 1984 оны 07 дугар сарын 26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, эхнэр, 2 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгйин Ө сумын **дүгээр багт оршин суудаг,

            Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О, Е нар нь архи ууж согтуурсан үедээ хоорондоо маргалдан харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О, Е нар нь 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 05-ны өдөр шилжих шөнө 00 цагийн үед Баян-Өлгий аймгийн Ө сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт архи уун согтуурсан үедээ хоорондоо маргалдан харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:  

 

Шүүгдэгч О мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 19 цагийн үед гүүний айраг уучихаад эгчийнхээ гэрт харихаар гүүрний цаана байдаг тэжээлийн фондын хажуунаас мотоцикль такси авсан юм. ...Гэртээ харьчихаад дахин эгчийн гэрт ирээд машинаа асаах гэтэл аккумьлятор байхгүй байхаар нь Ж эгчээс машины аккумьлятор яасан талаар асуухад сая 3 залуу ирээд таксины мөнгө өгөөгүй гэж хэлээд аваад явчихлаа гэж хэлсэн юм. Уг таксины жолоочийг гадна талаас нь таньдаг бөгөөд аккумьлятороо авахаар Еын гэрийн гадаа очтол Е, таксины жолооч болон миний танихгүй залуутай гурвуулаа зогсож байсан. Очоод аккумьлятороо асуутал намайг тал талаас өшиглөөд тэгээд би ухаан алдсан байсан. ...Бид харилцан зодолдож бие биедээ хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Бид хоорондоо эвлэрсэн, одоо ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Е мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...К.О бид хоёр хоорондоо маргалдаж, улмаар харилцан зодолдсон маань үнэн. Миний бие өөрийнхөө хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. К.О-тай сайн дураараа эвлэрч, К.О-д учруулсан хохирлыг бүрэн барагдуулж өгсөн. К.О-ны зүгээс надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтын шатанд Е хохирогчоор өгсөн: “...Х.Х бид хоёр манай гэрт ирээд сууж байхад 00 цагийн үед О манай гэрт ирж хэрүүл гаргаж эхэлсэн. Энэ үед Оыг гадаа дагуулж гарсан. Энэ үед О чулуу аваад миний зүүн талын нүүр, хөмсөг, хүзүүний ар хэсэг буюу дагз хэсэг тус тус нэг удаа цохисон. Энэ үед миний хөмсөг нь язарч, цус гарсан. Харин О-ны гарт байсан чулууг Х булаагаад авсан. Би гэрт ороход О миний араас дагаж ороод дахин зодох гээд надтай зуралдаж барилцаж авсан. Энэ үед миний төрсөн ах Хуат, бэргэн Астаган нар ирсэн бөгөөд ах Хуат, бэргэн эгч Астаган, Х нар салгаж авсан. Тэгж байхад цагдаа ирээд О, Х, бид гуравыг Цагдаагийн газарт авч ирж согтолтын зэрэг тодорхойлж эрүүлжүүлсэн...” гэх мэдүүлэг,

          Гэрч А: “...Манай хадам дүү Т.Е-ын өвлийн байшин, манай байшин нэг хашаанд байдаг. 2017 оны 07 дугаар сарын 04-ний 00 цаг болж байхад хадам дүү Е-ын эхнэр Г манай гэрт орж ирээд О, Е хоёр хоорондоо зодолдоод байна. Салгах гэсэн чинь хүч өгөхгүй байна гэхээр нь манай нөхөр бид хоёр хадам дүү Е-ын гэрт очсон. Бид хоёр очиход хадам дүү Е-ын нүүр нь цус болсон зүүн талын хөмсөг нь задарсан, цус гарсан байдалтай байсан бөгөөд О, Е хоёр нэг нэгийгээ заамдаж барьсан, нэг нэг рүүгээ орилж байсан...” гэх мэдүүлэг,     

           Гэрч Х: “...Е бид хоёр Еын гэрт ирээд сууж байхад 00 цагийн үед намайг зодсон залуу Еын гэрт ирсэн. Тэр залуу Етай шууд зодолдоод эхэлсэн. Би тухайн үед тэр хоёр яагаад зодолдсон талаар ойлгоогүй. Тэр хоёр зодолдоод байхаар нь Еын ах бид хоёр тэр хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг,

           Гэрч Г: “...Нэг удалгүй манай нөхөр гэрт орж ирсэн ба түүний араас нөгөө үл таних залуу орж ирсэн. Манай нөхөр гэрт орж ирэхэд зүүн талын хөмсөг орчим хэсэг нь язарч цус гарсан байдалтай орж ирсэн. Манай нөхөр, нөгөө залуу хоёр гэрт орсны дараа нэг нэг рүүгээ дайрч орилж байхаар нь би нэг хашаанд байдаг хадам ах Хуатын гэрт очиж, хадам ах Хуат, хадам ахын эхнэр Астаган хоёрт хэлсэн. Тэгээд тэр хоёр манайд ирж манай нөхөр болон үл таних залуу хоёрыг салгаж авсан. Тэгж байхад удалгүй цагдаа ирж манай нөхөр, манай нөхөртэй зодолдсон залуу, Х гурвыг аваад явсан...” гэх мэдүүлэг,

           Гэрч Х:  “...2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 23-00 цагийн үед байсан байх төрсөн дүү Т.Еын эхнэр бэргэн М.Г манайд ирж, “Е, О хоёр хоорондоо зодолдоод байна. Салгах гэсэн чинь хүч өгөхгүй байна” гэхээр нь манай эхнэр бид хоёр дүү Еын гэрт очсон. Бид хоёр очиход дүү Еын нүүр нь цус болсон зүүн талын хөмсөг нь язарч, цус гарсан байдалтай байсан бөгөөд О, Е хоёр нэг нэгнийгээ заамдаж барьсан, нэг нэгрүүгээ орилж байсан. О, Е  хоёрыг манай эхнэр, Еын найз Х бид гурав салгасан боловч орилж, нэг нэг рүүгээ дайраад байхаар нь манай эхнэр цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг,

Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 240 дугаартай “...1. Иргэн Т.Ерханатын зүүн талын нүдний дээд, доод зовхи бүхэлд нь улаан ягаан өнгийн цус хуралттай, зүүн хөмсөг, толгойн дагзны хэсэгт зулгарсан зулгаралт, дээд уруулын дотор талд язарсан шарх зэрэг гэмтэл учирсан байна... 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын              2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамраана...” гэх шинжээчийн дүгнэлт,

Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 241 дугаартай “...1. Иргэн К.Оы нүүрний зүүн талын хэсэг, нуруу, ууц, бүсэлхийн хэсэгт олон тооны бор өнгийн тав тогтсон зулгарсан зулгаралт, баруун талын бугалганы дотор талд хөх ягаан өнгийн цус хуралт зэрэг гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 2. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамраана...” гэх шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нар нь өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч О, Е нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

 

  1. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч О, Е нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэх нь зүйтэй байна.

            Иймд шүүгдэгч О, Е нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын хөнгөн ял болох торгох ялыг сонгон, хуульд заасан ялын бага хэмжээгээр буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

            Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 /нэг мянга/ төгрөгтэй тэнцэх ба 450 нэгж нь 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгтэй тэнцэх юм.

            Шүүх шүүгдэгч нарын эрхэлсэн тодорхой ажилгүй, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан 450000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч О, Е нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

Шүүгдэгч О, Е нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт шүүхэд ирүүлсэн шүүгдэгч нарын хувийн бичиг баримтыг өөрт нь буцаан олгох нь зүйтэй байна. 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч О-ийн  эзэмшлийн Баян-Өлгий аймгийн Ө сумын 4 дүгээр багт байрлалтай 600 м.кв газар, шүүгдэгч Е-ийн эзэмшлийн Баян-Өлгий аймгийн Ө сумын 9 дүгээр багт байрлалтай 637 м.кв газрыг тус тус битүүмжилсэн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 5/05 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.    

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Е өмгөөлөгч бичгийн баримтаар гаргаж шүүгдэгч Е-ийн хувийн байдлыг тодорхойлсон 2 хуудас материал өгснийг хэрэгт хадгалавал зохино.

Уг гэмт хэргийн улмаас шүүгдэгч нар нь бие биедээ төлөх хохирол төлбөргүй  шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

 

  1. Шүүгдэгч О, Е нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О, Е нарыг 450 “дөрвөн зуун тавь” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О, Е нарт оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О, Е нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
  5. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Е өмгөөлөгчийн бичгийн баримтаар гаргаж шүүгдэгч Е-ийн хувийн байдлыг тодорхойлсон 2 хуудас материалыг хэрэгт хадгалсугай.
  6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О, Е нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч О-ийн  эзэмшлийн Баян-Өлгий аймгийн Ө сумын *** дүгээр багт байрлалтай 600 м.кв газар, шүүгдэгч Е-ийн эзэмшлийн Баян-Өлгий аймгийн Ө сумын *** дүгээр багт байрлалтай 637 м.кв газрыг тус тус битүүмжилсэн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 5/05 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
  9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч О-ны В-*****дугаар бүхий эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, шүүгдэгч Е-ийн В-00907234 дугаар бүхий эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, иргэний цахим үнэмлэх зэргийг тус тус өөрт нь буцаан олгосугай.
  10.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.Д