Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 1874

 

 

 

 

 

 

 

 

 

Б ХК , Б.Д , Б.О

нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2019/01517 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б ХК , Б.Д , Б.Онарын нэхэмжлэлтэй, Хариуцагч “Бигмайнд бюлдинг” ХХК болон П.Х, П.Хнарт холбогдох

Гуравдагч этгээд “Жинхэнэ-Уянга” ХХК

 

Төсөл худалдах, худалдан авах, төслийн эрх шилжүүлэх гэрээ цуцалснаас учирсан хохирол газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийн эзэмших, өмчлөх эрхийг шилжүүлэн авах, төсөлтэй холбоотой актаар хүлээлгэн өгсөн баримт бичгүүд гаргуулах, хохирол 9 167 610 000 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй, гэрээний дагуу шилжүүлсэн 1 205 000 000 төгрөг, 615 322 ам.доллар гаргуулах, төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой гарсан зардал, хохиролд 5 728 487 738 төгрөг, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Гэрэлт хотхоны 17/5, 17/7 дугаар байрыг П.Хад буцаан шилжүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй, 17/6 тоот хаус, 25 дугаар байрны 51 тоот орон сууц, гараашийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн бие даасан шаардлагатай иргэний хэргийг,

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д ,

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.Ич,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, Ц.М, Ц.Ж,

Хариуцагч нарын өмгөөлөгч Л.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч Н.Ич шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэр Б ХК -ийн эдэлбэр газарт барих орон сууцны Солонго хороолол төсөл нь Засгийн газрын 100 мянган айл, орон сууц хөтөлбөрийн хүрээнд Шинэ бүтээн байгуулалт Нийслэлийн Засаг даргын зорилтот хөтөлбөрт хамрагдах болж Засгийн газрын 2011 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 149 тоот, 2013 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 118 тоот тогтоол гарч төсөл хэрэгжих болсон. Энэ төслийг худалдах, худалдан авах, төслийн эрх шилжүүлэх талаар “Бигмайнд бюлдинг” ХХК-ийн захирал П.Х, П.Хнартай харилцан тохиролцож 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “Төсөл худалдах, худалдан авах, төслийн эрх шилжүүлэх гэрээ” байгуулсан. Гэрээ нь 2017 он хүртэл хэрэгжих ёстой байсан ч хугацаандаа хүрээгүй. Талууд гэрээ хийснээр нэхэмжлэгч газар болон газар дээр байсан бүх үл хөдлөх хөрөнгөө шилжүүлэн өгч, хөрөнгө хүлээлцсэн тухай акт үйлдсэн. Нөгөө тал төслийн гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой төлбөрийг графикийн дагуу төлөх ёстой байсныхаа дагуу төлбөрөө төлж эхэлсэн. Гэтэл 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр “Бигмайнд бюлдинг” ХХК гэрээнээс татгалзах тухайгаа бичгээр мэдэгдсэн. Гэрээ цуцалсантай холбоотой дараах 4 шаардлага гаргасан. Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутагт орших 94 200 м.кв газар эзэмших эрхийг Б ХК -д шилжүүлэн олгох, дээрх газарт байгаа худалдаа үйлчилгээний зориулалттай, нураагаагүй 1221 м.кв талбай бүхий корпус, үйлдвэрийн зориулалттай 648 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, хагас нураагдсан 930 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийг шилжүүлэн гэрчилгээг буцаан авах, төсөл худалдах, худалдан авах гэрээний дагуу хариуцагч талд шилжүүлсэн Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах үл хөдлөх эд хөрөнгүүдийн болон төсөлтэй холбоотой бүх баримт бичиг, тамга тэмдэг, техник хэрэгслийг хариуцагч талаас гаргуулах, төсөл худалдах, худалдан авах гэрээний дагуу гэрчилгээтэй 11 ширхэг, гэрчилгээгүй 7 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө байгаагаас хариуцагч тал 15 ширхэг үл хөдлөх хөрөнгийг бүрэн нураасан, үлдсэн нураагаагүй үлдсэн, хагас нураагдсан гэх барилгын үнийг хасаад 6 352 185 000 төгрөгийг хариуцагч талаас гаргуулах шаардлага байна. 4 дэх шаардлагын хувьд Б ХК  нь энэ гэрээг хийхдээ өмнөх түрээслэгч нартай байгуулсан байсан гэрээгээ цуцалж, төлбөр тооцоог дуусгаж үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлж өгсөн. Өөрөөр хэлбэл, олох байсан орлогоороо хохирсон тул 625 219 000 төгрөгийг 4.4 жилээр тооцоход 2 750 964 000 төгрөгийг олох ёстой байсан орлого гэж нэхэмжилж байна. Хариуцагч төсөл худалдах, худалдан авах гэрээний дагуу Гэрэлт хотхоны 17/6 тоот байрлах хаус өгсөн. Уг хаус нь хүн амьдрах нөхцөлгүй мөөгөнцөрдсөн, дээвэр нь нурсан байсан тул засвар хийсэн зардал 64 460 567 төгрөг, нийт 9 167 610 000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэж нэхэмжилж байна. Иймд гэрээ цуцалснаас учирсан хохирлыг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч, түүний өмгөөлөгч Э.Сугар-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас 94 200 м.кв бүхий газар эзэмших эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэх, нураагдаагүй үлдсэн 3 барилгын үл хөдлөх гэрчилгээг буцааж шилжүүлэх, гэрээгээр 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 20 ширхэг бичиг баримт, тамгыг буцааж өгөхөд татгалзал байхгүй, зарим бичиг баримтын хувьд хуулбар үнэн дарагдсан байдлаар хүлээж авсан тул энэ хэлбэрээр нь буцаан өгөхөд татгалзал байхгүй. Харин 4 дэх шаардлагын тухайд зөвшөөрөхгүй. Талуудын хооронд гэрээ байгуулагдсан, Б ХК -ийн ТУЗ-ын хурал хийгдсэн бөгөөд эдгээр барилгууд нь сүүлийн 5 жил ашиглаагүй, дахин ашиглах боломжгүй, төвийн шугамд холбогдоогүй, 1950-1960 оны үед баригдсан барилгууд байгаа талаар яригдсан. Үл хөдлөх хөрөнгийн үнийг 110 000 000 төгрөгөөр үнэлээд “Бигмайнд бюлдинг” ХХК-д хүлээлгэн өгөхөд татгалзах зүйлгүй. Талууд 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлэх талаар шийдсэн боловч өмчлөх эрхийн гэрчилгээ нь бараг жилийн дараа гарсан. Нэхэмжлэгч ямар нэгэн эрхийн доголдолгүй бичиг баримт хүлээлгэн өгөх ёстой байсан. Газраар 2 төмөр зам дайран өнгөрдөг. Нэг нь бүтэн төмөр зам орсон, бас хагас төмөр зам орсон. Дулааны шугам оруулах талаар ярилцаж байсан ч улсын төсвөөр бүрэн санхүүжүүлэх боломжгүй гэсэн тул “Бигмайнд бюлдинг” ХХК бүрэн санхүүжүүлсэн. Газар дээр ашиглах боломжгүй саад болж байгаа зүйл нь ОБЕГ-ийн агуулахтай холбоотой орц гарцын асуудал, хэсэг бүлэг этгээд гарааш барьсан асуудал байдаг. Эдгээр асуудлыг шийдэж өгөхийг нэхэмжлэгч талд хандсан ч шийдэж өгөөгүй. Төмөр замыг бүрэн нүүлгэх боломжгүй, 2016 оноос “Бигмайнд бюлдинг” ХХК нь газар шорооны ажлаа хийж эхэлсэн ч нэхэмжлэгч тал ямар ч санаачлага гаргаагүй, холбогдох асуудалд арга хэмжээ авч шийдвэрлээгүй. Мөн 7 тэрбум гаруй төгрөгийг үнэлгээний тайлангийн хавсралт 2-ыг үндэслэн нэхэмжилж байгаа боловч ийм хэмжээний мөнгөний талаар огт заагаагүй. “МЧД” ХХК нь 2013 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс мөн оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хооронд үнэлгээний ажил хийж, тайлангаа гаргасан. Тухайн үед үнэлгээ хийгдсэн бол яагаад хэрэгт авагдаагүй, 2013 онд үнэлгээ хийсэн бол хариуцагчид танилцуулаагүй юм бэ гэсэн асуудал байгаа. “МЧД” ХХК-ийн тайланд тамга тэмдэг дарагдаагүй, дараа нь нөхөн хийсэн гэдэг, тамга нь 2 өөр нэг нь “МЧД” ХХК нь худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэй, нөгөө “МЧД” ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийх эрхтэй, 2 өөр регистрийн дугаартай, 2 өөр тамга байсан. Хуульд зааснаар бол улсын бүртгэлд нэг компани 1 л тамга, регистрийн дугаартай байх ёстой. Улсын бүртгэлийн лавлагаа авахад уг компани нь 2016 онд байгуулагдсан байсан. Гэтэл 2013, 2014 онд үнэлгээ хийгээд тайлан гаргаад байгаа нь эргэлзээтэй байна. Дээрх баримтуудаас үнэлгээний тайланг хуулийн дагуу хийгдээгүй гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэгчийн шаардаад байгаа 6 гаруй тэрбум төгрөг нь нотлох баримтын шаардлага хангаагүй, үндэслэл нь эргэлзээтэй байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй. Үл хөдлөх эд хөрөнгөө түрээслэн орлого олдог байсан гэж төлбөр нэхэмжилсэн. Гэтэл ТУЗ-ийн хуралдаан дээр сүүлийн 5 жил тухайн үл хөдлөх эд хөрөнгийг ашиглаагүй талаар яригдсан байдаг. Санхүүгийн зохицуулах хороо, татварын байгууллагад төлсөн төлбөр, татварын тайланг үзэхэд үүнтэй холбоотой баримт байхгүй. Төрийн өмчийн хорооны 2007 оны тогтоолын 1 дүгээр хавсралтаар 1 м.кв түрээсийн үнийг тогтоосон ч 2016 онд цуцалсан. Ингээд 4.4 жилийн орлого нэхэмжилж байгааг мөн хүлээн зөвшөөрөхгүй. Дараагийн шаардлага буюу засвар хийсэн гэх төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй. Манайхаас загварын байрыг нэхэмжлэгч талд хүлээлгэн өгсөн нь үнэн шууд ороод амьдрах боломжтой байсан. Тэрнээс биш нэхэмжлэгч талын яриад байгаа шиг гараашийн хаалга солих, плита наах гэх мэт засвар хийх шаардлага байгаагүй. Манайхаас нэхэмжлэгчийн шаардлагаас 1, 2, 3 гэсэн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Харин 4 дүгээр шаардлагын хувьд бүрэн хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч эрхийн ямар нэгэн доголдолгүй эд хөрөнгө хүлээлгэн өгөх ёстой, үүргээ гүйцэтгээгүй, засан сайжруулах арга хэмжээ аваагүй тул манайх гэрээ цуцлах албан бичиг өгсөн. Хариуцагч гэрээний үүрэг гүйцэтгэсэнтэй холбогдох төлсөн мөнгөө Б.Д , Б.Онарт төгрөгөөр болон доллараар шилжүүлсэн. Иймд 1 205 672 000 төгрөг, 627 000 ам.долларыг гаргуулж өгнө үү. Ашиглах боломжгүй болсон барилгыг буулгаад тухайн газарт дулааны дэд бүтцийн ажил эхлүүлсэн нь Б ХК -д ашигтай нөхцөл байдал болсон. Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Гэрэлт хотхоны 17/5 тоот, 17/6 тоот, 17/7 тоот байрууд, 25 дугаар байрны 51 тоот байр, гарааш шилжүүлж өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 17/6 тоот, 25 дугаар байрны 51 тоот байр, гараашийг гуравдагч этгээд “Жинхэнэ Уянга” ХХК-д олгуулж өгнө үү гэж өөрчилсөн. Харин 17/5, 17/7 дугаар байрыг П.Хад буцаан олгуулж өгнө үү. Гэрээ болон төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой “Бигмайнд бюлдинг” ХХК-иас багагүй зардал гарсан, санхүүгийн бүхий л тооцоо, нотлох баримтыг хэрэгт өгсөн. Хөрөнгийн үнэлгээний компанитай гэрээ хийж холбогдох үнийг тогтоосон. Дулааны шугам сүлжээг татахад 1 088 014 204 төгрөг, “Өртөө харуул” ХХК-иар хамгаалалтын ажил гүйцэтгүүлсний зардал, кран худалдах авсан, зураг төсөл хийлгэх, түлшний зардал, ажилчдын цалингийн зардал, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн зардал, зураг төсөл хийлгэсэн зардал, геодезийн судалгаа хийлгэсэн зардал гээд нийт 5 728 487 738 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч мөн тодруулсан. 1-р шаардлагын хувьд 1 205 000 000 төгрөг, 627 000 ам.долларыг Б.Д , Б.Онарт шилжүүлсэн тул гаргуулах нь талууд гэрээгээ цуцалж байгаа бол өгсөн, авснаа буцаана. 2-р шаардлагын хувьд түр хугацаагаар ашиглуулж байсан гээд байна. Гэрэлт хотхоны хаусуудыг жинхэнэ эзэмшигчид буцаан өгөх гэсэн байна. Өндөр үнээр өгсөн эдгээр хаусыг буцаан өгөхөд татгалзахгүй. харин өгөхдөө хийсэн засварын зардлаа хасаж тооцно.  3-р шаардлагын хувьд зардал буюу хохирол нэхэмжилсэн. Ямар учраас 5 тэрбум төгрөг нэхээд байгаа нь тодорхойгүй, үндэслэлээ бичээгүй байсан, одоо тайлбараа хэлж байна. Тэгэхээр нэгэнт төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой хийгдсэн ажил, төсөл хэрэгжүүлсэн учир төрийн эрх бүхий байгууллагын санхүүжүүлэлтээр хийгдсэн ажил байсан. Төслөөр хийгдсэн байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоно. Сөрөг нэхэмжлэлийн энэ шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Жинхэнэ Уянга” ХХК-ийн өмгөөлөгч П.Сэлэнгэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэгчид холбогдуулан Гэрэлт хотхоны 17/6 тоот хаус, 25 дугаар байрны 51 тоот орон сууц, гараашийн хамт Б.Д , Б.Онарын хууль бус эзэмшлээс гаргуулах шаардлага гаргасан. 25 дугаар байрны 51 тоотын хувьд 2018 оноос “Жинхэнэ Уянга” ХХК өмчлөгч болсон. Нэхэмжлэгч нар энэ байртай холбоотой шаардлагыг өмнө нь Хан-Уул дүүргийн шүүхэд гаргасан. Өнөөдөр мөн л бие даасан шаардлагаараа өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан. Эдгээр үл хөдлөх эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн баримт байхгүй бөгөөд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй тул 17/6 тоот хаус, 25 дугаар байрны 51 тоот орон сууц, гарааш гэсэн үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч бие даасан шаардлагад гаргасан тайлбартаа: Орон сууцны төсөл хэрэгжүүлэх ажлыг 2013 оны гэрээний дагуу хийсэн. Төслийн эрх шилжүүлэх талаар талууд тохиролцоод төлбөрийн зарим хэсгийг өөрийн үл хөдлөх эд хөрөнгөөрөө төлөхөөр тохиролцоод 17/6 тоот хаус, 25 дугаар байрны 51 тоот орон сууц, гарааш гэсэн үл хөдлөх эд хөрөнгийг өгсөн. Үүнийгээ “Жинхэнэ Уянга” ХХК нэрээр хүлээлгэн өгч акт үйлдсэн. Гэтэл гуравдагч этгээд 2018 онд өмчлөгч болсон гэж байна. Хууль бусаар ашиглаж байгаа зүйл байхгүй, гэрээний дагуу төлбөртөө тооцож шилжүүлсэн. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай зарим хэсэг нь гуравдагч этгээдийн гаргасан шаардлагатай давхцаж байгаа. Тиймээс буцаан шилжүүлэх ёстой хөрөнгийг өгөхөд татгалзахгүй, гэхдээ хууль бус эзэмшиж байгаа зүйл байхгүй. Нэгэнт буцаан өгч байгаа тул нүүлгэн гаргах шаардлага байхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Бигмайнд бюлдинг” ХХК, П.Хангал, П.Х нараас 5 637 019 900 төгрөг гаргуулж Б ХК , Б.Д , Б.Онарт, Б ХК , Б.Д , Б.Онараас 2 219 314 647 төгрөг гаргуулж “Бигмайнд бюлдинг” ХХК, П.Хангал, П.Х нарт тус тус олгож,

-“Бигмайнд бюлдинг” ХХК-ийн өмчлөлд улсын бүртгэлийн Ү-2205016698 дугаарт бүртгэгдсэн 648 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, Ү-2205016693 дугаарт бүртгэгдсэн 1221 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, Ү-2205011650 дугаарт бүртгэгдсэн 1248 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Б ХК -ийн өмчлөлд шилжүүлэхийг,

-“Бигмайнд бюлдинг” ХХК-ийн газар эзэмших эрхийн 000303707 тоот гэрчилгээтэй, Баянгол дүүргийн 20-р хорооны 94 254 м.кв газрыг Б ХК -д шилжүүлэхийг,

-“Бигмайнд бюлдинг” ХХК-иас 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдөр актаар хүлээлцсэн Солонго хорооллын -цахилгааны техникийн нөхцөл №03/2008, цахилгааны техникийн нөхцөл №686/2008, цахилгааны техникийн нөхцөл №322/2008, төслийн тамга /эх хувь/, газрын геологи, байгаль орчин, хот байгуулалтын үнэлэлт, дүгнэлт, техник эдийн засгийн үзүүлэлт, төслийн давуу талууд, төслийн товч танилцуулга, төслийг дэмжих захирамж, төслийн хэрэгжилтийн тухай НЗД Батбаяр, төслийн тухай НЗД Мөнхбаяр, төслийн тухай БГДЗД Цогтбаатар, бланкны загвар, sky network гадна холбооны угсралтын ажлын төсөв, 2х1000 квт дэд өртөөний зураг, гадна дулаан, дулааны механик зураг, гадна цахилгаан хангамж, гадна гэрэлтүүлгийн зураг, гадна дулаан, дулааны механик зураг 2, 2х630 кв-ын дэд өртөө зураг, 10 кв-ын хуваарилах байгууламж, гадна ус, ариутгах татуургын шугамын ажлын зураг 20 ширхэг баримтуудыг хүлээн авсан хэлбэрээр Б ХК -д шилжүүлэхийг тус тус даалгаж,

-Б.Д , Б.Онараас улсын бүртгэлийн Ү-2206018037 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Гэрэлт хотхоны 17/6 тоот, аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-2206018029 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Гэрэлт хотхоны 17/5, Ү-2206018035 дугаарт бүртгэгдсэн 17/7 тоот үл хөдлөх эд хөрөнгийг тус тус гаргуулж П.Хад, 

-Б.Д , Б.Онараас улсын бүртгэлийн Ү-2206058817 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Гэрэлт хотхоны 25/5-р байрны 51 тоот аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ү-2206058854 дугаарт бүртгэгдсэн 25/5-р байрны зоорийн давхарын 53 тоот автозогсоолыг гаргуулж “Жинхэнэ-Уянга” ХХК-д тус тус олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 3 530 590 901 төгрөгийн, сөрөг нэхэмжлэлээс 5 728 487 738 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 58 дугаар зүйлийн 58.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 710 000 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн 42 402 403 төгрөг, гуравдагч этгээдээс бие даасан шаардлага гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогот хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б ХК -иас улсын тэмдэгтийн хураамжид 42 286 000 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогот оруулж, хариуцагч “Бигмайнд бюлдинг” ХХК-иас 28 343 049 төгрөг гаргуулж Б ХК -д, Б ХК -иас 11 254 523 төгрөг гаргуулж “Бигмайнд бюлдинг” ХХК-д тус тус олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар “Бигмайнд бюлдинг” ХХК-иас 4 000 000 төгрөг гаргуулж “Золач” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх талуудын хоорондын харилцааны онцлогыг бүрэн гүйцэд ойлгосонгүй. Талуудын хоооронд "Солонго хороолол" төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааны эрхийг шилжүүлсэн юм. Гэтэл шүүх ердийн "авто машин худалдан аваад эвдэлчихээд буцаан өгсөн" тул эд хөрөнгөд учруулсан хохирлыг гаргуулж буй мэтээр хэргийг шийдсэн байна. Засгийн газрын "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийн хүрээнд хамрагдсан "Солонго хороолол" төслийг худалдан авах, төслийг хэрэгжүүлэх эрхийг шилжүүлэн авах юм. Талуудын хооронд 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн "Төсөл худалдах, худалдан авах, төслийн эрх шилжүүлэх гэрээ"-г байгуулсан. Энэхүү гэрээний дагуу манай компани үйл ажиллагаа явуулсан. Энэ гэрээнд заасны дагуу "Солонго хороолол" төсөл хэрэгжүүлэх тул хүссэн ч, хүсээгүй ч Б ХК -ийн өмчлөл эзэмшилд байсан, актлагдсан хуучин байшингуудыг чөлөөлөх байсан. Өөрөөр хэлбэл, манай компани эрх шилжүүлэн аваагүй, нэхэмжлэгч Б ХК  өөрийн боловсруулсан "Солонго хороолол" төслөө хэрэгжүүлээд ажилласан байсан ч тухайн газраа чөлөөлөөд орон сууцаа барих байсан юм. Нэхэмжлэгч Б ХК  анхлан Солонго орон сууцны төсөл боловсруулсан бөгөөд уг төсөлд тухайн газрыг чөлөөлж, орон сууцны хотхон байгуулахаар төлөвлөсөн байсан. Манай компанийн тухайд тухайн төслийг худалдан аваад, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, Б ХК -ийн төсөлд тусгагдсан байсны дагуу орон сууц барих газраа чөлөөлсөн юм. Гэтэл манай энэхүү төсөл хэрэгжүүлж ажилласан манай үйл ажиллагааг "гэм хор учрууулсан үйлдэл"-тэй адилтган үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Гэрээний үр дүнд Б ХК  огт хохироогүй гэж манай талаас үзэж байна. Б ХК  газраа буцаан авсан, 4 жилийн хугацааны газрын төлбөрөө төлүүлсэн, мөн "Солонго хороолол" барих төслөө буцаан авч, холбогдох бичиг баримтыг буцаан аваад хууль ёсны ашиг сонирхлын хувьд хохироогүй.

...Анхан шатны шүүх өмчлөх эрхийн гэрчилгээ бүхий 8 барилгыг 880 000 000 төгрөг, өмчлөх эрхийн гэрчилгээгүй, 1950-1960 оны үеийн актлагдсан, ямар нэгэн үйл ажиллагаа явуулахаа больсон барилгыг 947 500 000 төгрөг, бетонон болон тоосгон хашаа, бетонон болон асфалтан зам, бетонон хөл, агаарын шугам зэргийг 885 092 500 төгрөгөөр тооцож, нийт 2 712 592 500 төгрөгийг манай компаниас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон юм. Гэрээний 11-т “...төслийн эрхийг шилжүүлэн авсанаас хойшхи бүр үүрэг хариуцлагыг өөрөө хүлээхээр тохирсон, өөрөөр хэлбэл тухайн төслийг хэрэгжүүлэх 94 200 м.кв газрыг орон сууцны хороолол байгуулахын тулд чөлөөлөх үүрэг хүлээсэн байгааг анхаарсангүй. Түүнчлэн, 8 үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 880 000 000 төгрөг гэж буруу тооцсон байна. Анхан шатны шүүх манай гаргасан нотлох баримтыг үнэлсэнгүй. Нэгэнт анхан шатны шүүх манай татгалзалын талаар дүгнэлт хийгээгүй. Гэрээнээс татгалзсан, гэрээг цуцалсан талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна.

...Мөн шүүхийн шийдвэрт 4 жил түрээсийн гэрээгээр олох байсан орлого гэж 2 761 800 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Аливаа хууль ёсны орлого нь нотлох баримтаар тогтоогдсоноос гадна орлогын тайланд тусгагдсан, баримтаар нотлогдох ёстой. Түрээсийн орлого олж байсан гэдэг нь 2010-2013 оны санхүүгийн болон татварын тайлангаар нотлогдоогүй болно. Мөн 13 түрээслэгчийн гэрээг цуцлаад тэдэнд буцаан 39 000 000 төгрөг төлсөн гэдэг баримт нь эргэлзээтэй нотлох баримт байна. Хэрэгт авагдсан эргэлзээтэй нотлох баримтыг шүүх нягтлан шалгаагүй, буруу үнэлсэн. Энэ нь хэргийн шийдэлд нөлөөлсөн.Тухайлбал, “МЧД” ХХК 1998 онд үүсгэн байгуулагдсан үйл баримтыг "хөрөнгийн үнэлгээ хийх эрх"-ийг 1998 онд авсан байсан мэтээр буруу дүгнэсэн. Хуулийн этгээд үүсгэн байгуулах, хуулийн тэгээд тусгай зөвшөөрөл авах гэдэг нь 2 өөр ойлголт юм. Хэрэгт "МЧД ХХК" гэдэг нэртэй хуулийн этгээд хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийг авсан гэх ямар ч баримтгүй. Харин 2010 онд Ч.Дарамбазар гэдэг Монгол улсын иргэн болох хувь хүнд "хөрөнгийн үнэлгээ хийх эрх" олгосон байна. Ч.Дарамбазар “МЧД” ХХК-ийн захирлаар ажиллаж байгаа нь уг компанийг тусгай зөвшөөрөлтэй гэж үзэх үндэслэл болохгүй. ...Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн заалтыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрийг зөвтгөн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Б ХК , Б.Д , Б.Онар нь “Бигмайнд бюлдинг” ХХК, П.Х, П.Хнарт холбогдуулан “Төсөл худалдах, худалдан авах, төслийн эрх шилжүүлэх гэрээ” цуцалснаас учирсан хохиролд 9 167 610 000 төгрөг, газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийн эзэмших, өмчлөх эрхийг шилжүүлэн авах, төсөлтэй холбоотой актаар хүлээлгэн өгсөн баримт бичгүүд гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагаас үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шаардлагуудыг зөвшөөрч, харин хохиролд 9 167 610 000 төгрөг төлөхийг эс зөвшөөрч, гэрээний дагуу шилжүүлсэн 1 205 000 000 төгрөг, 615 322 ам.доллар гаргуулах, төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой гарсан зардал, хохиролд 5 728 487 738 төгрөг, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Гэрэлт хотхоны 17/5, 17/7 дугаар байрыг П.Хад буцаан шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Жинхэнэ Уянга” ХХК нь Гэрэлт хотхоны 17/6 тоот хаус, 25/5 дугаар байрны 51 тоот орон сууц, мөн байрны 53 тоот гараашийг нэхэмжлэгч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн бие даасан шаардлага тус тус гарган маргасан байна.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б ХК  нь Монгол Улсын Засгийн газрын 100 мянган айл, орон сууц хөтөлбөрийн хүрээнд Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн газарт орон сууцны Солонго хороолол төслийг хэрэгжүүлэхээр болж Б ХК -ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/06 тоот “Зөвшөөрөл олгох тухай” тогтоолоор компанийн ихэнх хувьцаа эзэмшигч Б.Очбадрах, Б.Д  нарт хариуцагч “Бигмайнд бюлдинг” ХХК-ийн хувьцаа эзэмшигч П.Х, П.Хнарт төслийг худалдах эрхийг олгож, улмаар 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “Төсөл худалдах, худалдан авах, төслийн эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулсан болох нь тогтоогдсон үйл баримт байх бөгөөд талууд энэ асуудлаар маргаагүй байна. /1-хх 11-18, 2-хх 1-7/

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн хэмжээнд хэргийг шийдвэрлэж, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг, бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж чадаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас хохирлыг 2 816 883 832 төгрөгийн хэмжээнд, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хохирлыг 1 754 314 647 төгрөгийн хэмжээнд, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хангахаар тус тус шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Талуудын хооронд “Төсөл худалдах, худалдан авах, төслийн эрх шилжүүлэх гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр Б ХК -ний эзэмшлийн 94 254 м.кв газар, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй 11 барилгыг худалдан авагчийн өмчлөл, эзэмшилд шилжүүлэх, төсөлтэй холбоотой бүх төрлийн зөвшөөрөл, зураг төсөл, эрхийн бичиг, техникийн нөхцөлийг шилжүүлэн өгөх, худалдан авагч төслийг санаачлан эдийн засгийн үнэ цэнэтэй болгосны буюу төслийн эрхийн төлбөр, төсөл хэрэгжих газар, үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрөөс бүрдүүлэхээр харилцан тохиролцож, үл хөдлөх эд хөрөнгийн үнэ болох 1 100 000 000 төгрөгийг 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 400 000 000 төгрөг, 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 350 000 000 төгрөг, 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 350 000 000 төгрөгийг төлөх, төслийн эрхийн төлбөрт 8 284 485 ам.доллар төлөх, үүнээс Хан-уул дүүргийн 11-р хороо, өөрийн өмчлөлийн Гэрэлт хотхоны 3 ширхэг хаусыг 4 594 756 ам.долларт тооцож шилжүүлэх, бусад 3 689 729 ам.долларыг 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн хооронд графикаар төлөхөөр тус тус харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 196 дугаар зүйлийн 196.1.1-д заасантай нийцсэн байна.

Шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “Төсөл худалдах, худалдан авах, төслийн эрх шилжүүлэх гэрээ”-ний үүргээ нэхэмжлэгч Б ХК  биелүүлж 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Солонго хорооллын төслийг, 2013 оны 05 дугаар сарын 17-нд газар, үл хөдлөх эд хөрөнгүүд, Солонго хорооллын бичиг баримтуудын хамт хүлээлгэн өгч  акт үйлдсэн /1-хх 19-28/, хариуцагч “Бигмайнд бюлдинг” ХХК нь төслийн төлбөрт 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 20-ны хооронд нийт 615 322 ам.доллар буюу тухайн тухайн өдрийн төгрөгийн ханшаар тооцож 1 154 314 647 төгрөг, 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд 560 000 000 төгрөг, 40 000 000 төгрөгийг тус тус шилжүүлжээ. / хх 26-29, 2-хх 10-24/

Мөн Б ХК  нь “Бигмайнд бюлдинг” ХХК-тай 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдөр “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” байгуулж, Баянгол дүүргийн 20-р хороонд байрлах орон сууц, контор, агуулах, үйлдвэрлэлийн зориулалттай 000300221 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, нэгж талбар бүхий 108 786 м.кв газраас 94 254 м.кв газрыг шилжүүлэхээр тохирч, нэгж талбарын хил заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг актаар хүлээлгэн өгсөн, улмаар “Бигмайнд бюлдинг” ХХК нь Нийслэлийн өмчийн харилцааны газартай 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн 000303707 тоот гэрчилгээ олгогдсон байна. /6-хх 186-201/

Хариуцагч “Бигмайнд бюлдинг” ХХК нь 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдөр  улсын бүртгэлийн Ү-2205016698, Ү-2205016630, Ү-2205016697, Ү-2205016693, Ү-2205011650, Ү-2205011589, Ү-2205016692, Ү-2205016694, Ү-2205011587, Ү-2205011588, Ү-2205011590 дугаарт бүртгэгдсэн 11 үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсон, төсөл хэрэгжүүлэхтэй холбоотойгоор 8 үл хөдлөх эд хөрөнгийг нурааж, буулгасан үйл баримтын талаар талууд маргаагүй.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч талаас Ү-2205016698, Ү-2205016693, Ү-2205011650 дугаарт бүртгэлтэй буулгаагүй үлдсэн объектийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч Б ХК -ийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг зөвшөөрсөн байна.

Нэхэмжлэгч буулгасан 8 барилгын үнийг 880 000 000 төгрөгөөр үнэлж нэхэмжилснийг хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зөвшөөрсөн тайлбар гаргаж байсан боловч давж заалдах гомдолдоо өмчлөх эрхийн гэрчилгээ бүхий 8 барилгыг 880 000 000 төгрөгөөр үнэлснийг эс зөвшөөрсөн гэсэн үндэслэл заажээ. 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.3, 1.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу 1 үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 110 000 000 төгрөгөөр тохиролцон байх тул анхан шатны шүүх уг үнээр нийт 8 үл хөдлөх хөрөнгийг нийт 880 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. /4-хх 208, 5-хх 1-17/ Энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбоотойгоор хохирол шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч тал хариуцагчаас гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохиролд архив, луут агуулах, төмрийн цехийн барилга, гарааш, авто засварын газар гараашийн хамт, гүний худгийн барилга, уурын зуухны барилга байгууламжийн үнийг 947 500 000 төгрөг, гэрчилгээгүй барилга байгууламжийн үнийг 885 092 500 төгрөг, 13 түрээслэгчтэй байгуулсан гэрээг цуцалсан төлбөрөөс нөхөн төлсөн 39 831 165 төгрөг, гэрээ цуцалсан хохиролд олох байсан орлого 4 жилээр буюу 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаагаар тооцож 2 761 174 800 төгрөг, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Гэрэлт хотхоны 17/6 тоот аялал жуулчлалын зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын засвар үйлчилгээнд гарсан зардалд 64 460 567 төгрөгийг тус тус нэхэмжилжээ. /5-хх 122-123/

Нэхэмжлэгч гэрчилгээтэй барилга байгууламжийн үнэ 947 500 000 төгрөг, гэрчилгээгүй барилга байгууламжийн үнэ 885 092 500 төгрөг болохыг нотлохоор хөрөнгө үнэлгээний “МЧД”-ийн дүгнэлтийг шүүхэд нотлох баримтаар гаргажээ.

Хариуцагч нар нь Хөрөнгийн үнэлгээний “МЧД” ХХК-ийн 2013 онд хийсэн тайланг эс зөвшөөрч, тамга тэмдэг дарагдаагүй, дараа нь нөхөн хийсэн, тамга нь 2 өөр нэг нь “МЧД” ХХК нь худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэй, нөгөө “МЧД” ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийх эрхтэй, 2 өөр регистрийн дугаартай, улсын бүртгэлийн лавлагаагаар тус компани 2016 онд байгуулагдсан, гэтэл 2013, 2014 онд үнэлгээ хийсэн, үнэлгээний тайланг хуулийн дагуу хийгдээгүй, эргэлзээтэй” гэж маргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр дахин шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч 102/ШЗ2018/12535 дугаартай шүүгчийн захирамж гаргасан. /5-хх 170-172, 176-178/

Хөрөнгө үнэлгээний “Золач” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 100/18 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “МЧД” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг үндэслэлтэй гарсан гэж дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн байна. /5-хх188-198/

Дээрх “Золач” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг хариуцагч тал эс зөвшөөрч 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гомдол гаргасныг анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 102/ШЗ2018/17043 дугаартай хангахаас татгалзах тухай шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байна. /6-хх 50-54/

Мөн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр, 05 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч талаас дээрх шинжээчийн дүгнэлтийг эх хувиар нь гаргуулахаар гаргасан хүсэлтүүдийг шүүх 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 102/ШЗ2019/05429 дугаартай, 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 102/ШЗ2019/05551 дугаартай шүүгчийн захирамжуудаар тус тус  хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байгаа нь анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэхгүй юм.

Түүнчлэн, “МЧД” ХХК-ийг хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй эсэх талаарх, улмаар улсын бүртгэлийн гэрчилгээний талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй. Иймд анхан шатны шүүх “Золач” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, хөрөнгө үнэлгээний “МЧД” ХХК-ийн үнэлснээр тооцож хариуцагч талаас архив, луут агуулах, төмрийн цехийн барилга, гарааш, авто засварын газар гараашийн хамт, гүний  худгийн барилга, уурын зуухны барилга зэргийг 947 500 000 төгрөг, бусад байгууламж болох бетонон болон тоосгон хашаа, бетонон болон асьфалтан зам, бетонон хөл, агаарын шугам зэргийг 885 092 500 төгрөгөөр тооцож гаргуулсныг буруутгах боломжгүй юм.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч тал дээрх 13 аж ахуй нэгж байгууллагатай байгуулсан түрээсийн гэрээнүүдийг цуцалсантай холбоотойгоор түрээслэгч нарт төлсөн гэх 39 831 165 төгрөгийг, мөн нэхэмжлэгч Б.Д  нь Гэрэлт хотхоны 17/6 тоот, аялал жуулчлалын зориулалттай барилгыг орон сууцны зориулалтаар ашиглаж, засвар үйлчилгээнд 64 460 567 төгрөгийн зардал гарсан талаарх үйл баримтыг зөв тогтоож, хариуцагч нараас дээрх мөнгөн төлбөрийг хохиролд тооцсон нь үндэслэлтэй байна.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч талаас 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны олох байсан орлогод 2 761 174 800 төгрөгийг тооцож гаргуулсан нь үндэслэлтэй болж чадаагүй байна.

Гэрээний нэг тал үүргээ зөрчсөнөөс Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар олох байсан орлогыг тооцон нэхэмжлэх эрхтэй боловч  нэхэмжлэгч 4 жилийн хугацаанд аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж 2 761 174 800 төгрөг бодитоор олох байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Иймд анхан шатны шүүх хариуцагчаас 2 761 174 800 төгрөгийг гаргаж шийдвэрлэсэн нь буруу болжээ. Энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжтой болно.

Хариуцагч “Бигмайнд бюлдинг” ХХК нь тухайн барилгын дээврийн засварын зардалд 5 500 000 төгрөг шилжүүлсэн талаар нэхэмжлэгч маргаагүй тул хохирлоос хасч тооцон гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. /2-хх 173-182, 5-хх 181/

Иймд гэрээнээс татгалзсантай холбоотойгоор учирсан хохиролд 2 811 883 832 төгрөг/880 000 000 + 947 500 000 + 885 092 000 + 39 831 165 + 64 460 567 – 5 500 000/-ийг гаргуулсан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч нар нь нэхэмжлэгч нарт холбогдуулан  гэрээний дагуу шилжүүлсэн 1 205 000 000 төгрөг, 615 322 ам.доллар гаргуулах, төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой гарсан зардал, хохиролд 5 728 487 738 төгрөг, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Гэрэлт хотхоны 17/5, 17/6, 17/7 дугаар байр, гараашийг төлбөрт тооцон шилжүүлснийг сөрөг нэхэмжлэлээр гаргуулахаар шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Жинхэнэ Уянга” ХХК-д Хан-Уул дүүргийн 11-р хороо, Гэрэлт хотхоны 17/5 дугаар байр, гараашийг олгуулах, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Гэрэлт хотхоны 17/5, 17/7 дугаар байрнуудыг П.Хад буцаан шилжүүлэхийг даалгахаар өөрчилжээ.

Хариуцагч нар нь гэрээ цуцалж байгаа үндэслэлээ “...бичиг баримт нь эрхийн доголдолтой байсан, газраар 2 төмөр зам дайран өнгөрдөг, ОБЕГ-ийн агуулахтай холбоотой орц гарцын асуудал, хэсэг бүлэг этгээд гарааш барьсан асуудал байсан...зэргээс төсөл хэрэгжих боломжгүй болсон” гэж тайлбарлаж байна.

Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үл хөдлөх эд хөрөнгө болон хохирол гаргуулах тухай шаардлагуудын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж зөв шийдвэрлэсэн боловч хариуцагч нараас гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч нараас буцаан гаргуулахаар шийдвэрлэхдээ тооцооллын хувьд алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч “Бигмайнд бюлдинг” ХХК-иас нэхэмжлэгч Б ХК , Б.Д , Б.Онарт 615 322 ам.доллар буюу 1 154 314 647 төгрөг, 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд 560 000 000 төгрөг, 40 000 000 төгрөг, нийт 1 754 314 647 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. /2-хх 10-24, 26-29, 8-хх 47/

Харин 8 дугаар хавтаст хэргийн 223 дугаар талд авагдсан 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн нэхэмжлэгч Б.Д аас хариуцагч “Бигмайнд бюлдинг” ХХК-д хандан “гэрээний дагуу авах 350 000 000 төгрөгөөс 126 000 000 төгрөгийг урьдчилан авах хүсэлт” гаргасан байна. Уг баримтыг үндэслэн хариуцагчаас нэхэмжлэгчид дээрх мөнгийг шилжүүлсэн гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй, энэ талаар бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох нь зүйтэй гэж үзэв.  

Гуравдагч этгээдийн шаардлагын тухайд:

“Жинхэнэ-Уянга” ХХК нь нэхэмжлэгч Б.Д , Б.Онарт холбогдуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Гэрэлт хотхоны 17/6 тоот хаус, 25/5 дугаар байрны 51 тоот орон сууц, гараашийн хамт хууль бус эзэмшлээс чөлөлөөүүлэхийг хүссэн бие даасан шаардлага гаргажээ.

Зохигчдын хооронд байгуулагдсан Солонго хорооллын төсөл худалдах, худалдан авах, төслийн эрх шилжүүлэх гэрээний хүрээнд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Гэрэлт хотхоны 17/6 тоот, аялал жуулчлалын зориулалттай, Ү-2206018029 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө,  хаус, 25/5 дугаар байрны 51 тоот орон сууц, гараашийн хамт худалдан авагч тал төлбөрт тооцон шилжүүлсэн, энэ талаар талууд маргаагүй.

Гэрээ цуцалсантай холбоотойгоор “Жинхэнэ Уянга” ХХК-ийн гаргасан шаардлагыг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн бөгөөд анхан шатны шүүх бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 4 дэх хэсэгт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Гэрэлт хотхоны 17/6 тоот, аялал жуулчлалын зориулалттай, Ү-2206018029 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч нараас гаргуулан хариуцагч П.Хад олгохоор заасан байгааг зөвтгөн өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо “...нэхэмжлэгч Б.Д , Б.Онар нь компанийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш...” гэжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б ХК -ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/07 дугаар тогтоолоор Б ХК -ийн ихэнх хувьцаа эзэмшигч нь Б.Д , Б.Онар болох нь тогтоогдож байна.

Б ХК -ийн дүрмийн 9.1-д “Компаний олонхи хувьцаа эзэмшигчийг компанийн гүйцэтгэх удирдлагаар биечлэн ажиллуулсан тохиолдолд ерөнхий захирлаар, харин гэрээт этгээд ажиллуулсан тохиолдолд гүйцэтгэх захирлаар томилно” гэж заасан байх тул Б.Д , Б.Онарыг нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзнэ./1-хх 8-10, 2-хх 45/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд “нэхэмжлэгч тал анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж дутуу төлсөн байхад анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 102/ШЗ2017/16042 дугаартай шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн, 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 102/ШЗ2018/00636 дугаартай “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх хүртэлх хугацаагаар хойшлуулсан” нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж тайлбарласан ба анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулах асуудлыг өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах журамтай. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах шатны шүүхээс өөрчлөлт оруулж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2019/01517 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...5 637 019 900 төгрөг" гэснийг “...2 811 883 832 төгрөг” гэж, “...2 219 314 647 төгрөг” гэснийг “...1 754 314 647 төгрөг” гэж, “...олгож, гэсний дараа үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 6 355 726 168 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 3 974 173 091 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж нэмж,

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтын 4 дэх хэсгээс “...Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Гэрэлт хотхоны 17/6 тоот, аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-2206018029 дугаарт бүртгэгдсэн” гэснийг хасч,

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтын 5 дахь хэсгийн “...автозогсоолыг гаргуулж Жинхэнэ-Уянга ХХК-д тус тус олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 3 530 590 901 төгрөгийн, сөрөг нэхэмжлэлээс 5 728 487 738 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “...автозогсоол, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Гэрэлт хотхоны 17/6 тоот, аялал жуулчлалын зориулалттай, улсын бүртгэлийн Ү-2206018029 дугаарт бүртгэгдсэн, үл хөдлөх эд хөрөнгийг гаргуулж “Жинхэнэ Уянга” ХХК-д тус тус олгосугай,” гэж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...28 343 049 төгрөг” гэснийг “...14 217 369 төгрөг”, “...11 254 523 төгрөг” гэснийг “...8 929 523 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч П.Хаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 343 050 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талуудад магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

                             ШҮҮГЧИД                                      М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                    Д.ЦОГТСАЙХАН