Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 131/ШШ2024/00425

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат би

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн ******* ******* ******* байр 422 тоотод оршин суух, Сүрэн овгийн Мөнхбатын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянхонгор аймгийн ******* ******* ******* ******* оршин суух,  ******* овгийн ******* 1,784,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга: 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Б.******* нь намайг Дорнод аймгийн Халх гол сум руу хөлсөлж, өвсөнд явахдаа 1,800,000 төгрөг данс руу шилжүүлсэн үлдэгдэл мөнгөө араас хийнэ гэж хэлээд үлдсэн.

Би очсон газартаа 740 ширхэг өвс 6000 төгрөгөөр авч, нийт 4,440,000 төгрөг болоод өвсний мөнгөө хийгээрэй гэж утсаар залгаж ярихад утсаа унтраагаад эргэж залгаагүй учир би өвсний мөнгийг гаргаж авсан.

Намайг 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр буцаж байхад Б.******* утсаар залгаад түлшний 2,200,000 төгрөг шилжүүлсэн. Баянхонгор аймагт ирээд өвсөө тоо ширхгээр нь тоолоод Б.******* хүлээлгэн өгсөн. Б.******* өвсөө зараад 4,440,000 төгрөг өгнө гэсэн боловч хэд хоноод 92 ширхэг өвсийг надад өгөх мөнгөнийхөө тал хасагт тооцон өгсөн.

Нэг ширхэг өвсийг нь 18,000 төгрөгөөр зарж, 1,656,000 төгрөг болж үлдэгдэл 2,784,000 төгрөг үлдсэн. Үүнээс хойш дахин алга болж байгаад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 1,000,000 төгрөг дансаар шилжүүлж үлдэгдэл 1,784,000 төгрөгөө өдийг хүртэл өгөхгүй байх тул гаргуулж өгнө үү.

2. Хариу тайлбарын агуулга: Б.******* миний бие М. нэхэмжилсэн 1,784,000 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна. Маргах зүйлгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч М. нэхэмжилсэн 1,784,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрчээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдсон тул М. нэхэмжлэлтэй Б.*******д холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,494 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гээс 21,747 төгрөгийг, улсын орлогоос 21,747 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М. олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч М. 1,784,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,494 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гээс 21,747 төгрөгийг, улсын орлогоос 21,747 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М. олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                              Б.МӨНХБАТ